| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1595/Э |
| Дугаар | 1016 |
| Огноо | 2020-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 1016
2020 06 02 2020/ШЦТ/1016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шинжээч М.Золжаргал, Ч.Эрдэнэболор,
Хохирогч Л.Гантулга, түүний өмгөөлөгч Ц.Амар /ҮД:/2316/,
Шүүгдэгч Ж.Бэ, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /ҮД:0407/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Бэд холбогдох 1906 04766 2080 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1965 оны 11 дүгээр сарын 18-
ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, металлургийн инжинер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 2 дугаар байрны 111 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт тус тус зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Жийн Бэ / /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Ж.Бэ нь 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр архи согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Американ дэнж хотхоны 44 дүгээр байрны 6-72 тоотод иргэн Л.Гантулгын баруун эгэм хэсэгт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Бийн өгсөн: “Би мэдүүлэг өгөхгүй. Бүх юм хуучнаараа өмнөх шүүх хуралдаанд явснаараа байна...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Гантулгын өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бийг “ажил төрөлд жоохон туслаад өгөөч” гэж өөрийн гэртээ дуудсан. Би тэр өдөр жоохон халамцуу байсан. Бэтэй хамт 0.75 литртэй виски ууж дуусгасан. Дахин гарч дэлгүүр ороод 0.75 литртэй архи авсан. Тэгээд Бэтэй хамт суугаад огурцы, хиам зүсэж байсан. Тэгсэн үгийн зөрүүгүй хутгалаад ийм зүйл болсон. Би алчуур бариад доошоо болсон. Бэ “Надад алдаад байх зүйл байхгүй” гээд байж байсан. Төд удалгүй миний гутлыг өмсөн гараад явчихсан байсан. Тэгээд цагдаа сэргийлэх, эмнэлэг дуудсан. Би 7 цаг гаран хагалгаанд орсон. Ар гэрийнхэнийг бүгдийг нь дуудсан байсан. Баруун эгэмний доор хутгаар зүсэгдсэн байсан. Надтай уулзалдахгүй байгаа. “Бие чинь яаж байна” гээд ярьчих боломжтой байсан. Бүхэл бүтэн 8-9 сар холбогдоогүй. Яаж байна гээд хүн утсаар ярьж болно. Америкаас ирсэн 2 тариа хийж цус тогтоосон. Баримтаар 510.000 төгрөг нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Золжаргалын өгсөн: “Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдсон. Венийн судас гэдэг нь хураагуур судаст хамаарна. Л.Гантулыг биед хураагуур судасны зүсэгдэлт шарх гэмтэл тогтоогдсон. Тухайн гэмтсэн шархнаас амь насанд аюултай буюу амь тэнссэн байдал илэрсэн тохиолдолд хүнд гэмтэлд хамаарна. Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл гэдэг нь эгэмний венийн том судас биш эгэмний венийн салаалсан жижигхэн венийн судас байгаа. Тэрийг гэмтээсэн шарх байсан. Тухайн өдрийн цэргийн төв эмнэлгийн мэс заслын тэмдэглэлээс үзэхэд “эгэмний вен буюу эгэмний доорх венийн судасны хана сэмэрч урагдсан байсан тул 2 талаас судсыг барьж цус тогтоов, цус алдсан хэсэгт 5-10 минут даралттай дараад авахад цус тогтсон” гэсэн байгаа. Гантулгын биед учирсан эгэмний вен нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасан шиг гүрээний өөрийнх нь том судас гэмтээгүй, венээс салаалсан жижиг венийн судас гэмтсэн учраас нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д хамаарахгүй. Энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарч байгаа. Венийн том судас биш том судаснаас салаалсан жижиг судас гэмтээсэн тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарч байгаа. Амь насанд аюултай үхэлд хүргэх, хүргэхгүй гэдгийг бид нар хэлж мэдэхгүй. Амь тэнссэн байдалд оруулахаар хэмжээний судас биш гэдэг нь мэс заслын тэмдэглэлээс харагддаг. Хөнгөн гэмтэлтэй хүн эмнэлэгт очиход маш хүнд гэсэн эхний онош тавигдах эсэхийг анх үзлэг хийсэн эмч л үнэлнэ. Би энэ хүнийг анх хүлээж аваагүй. Алдсан цусны хэмжээ истори дээр тусгагдаж бичигдээгүй байсан. Амь тэнссэн байдал, амь насанд аюултай байдал гэж амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа доголдоод энэ гэмтлийн улмаас үхэлд хүргэх байдлыг амь тэнссэн байдал буюу хүнд гэмтлийн шалгуур шинж болгон үзэж байгаа. Гантулга нь тухайн үед ирэхдээ биеийн байдал маш хүнд, арьс алдалт цэвэр чийглэг, артерийн даралт 110, 80, уушги 2 тал цүлцэнгийн амьсгалтай, ухаан санаа орчимдоо харьцаатай гэсэн амьсгал, зүрх судас орчмын талаас тогтвортой шинжтэй амь тэнссэн байдал болон амь насанд аюултай байдал илрээгүй байсан. Их хэмжээний цус алдалтын улмаас амь тэнссэн байдалд орсон тохиолдолд гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг. Энэ хүнд амьсгал, зүрх судас, даралтны талаас амь тэнссэн байдал илрээгүй байсан. Амь насанд аюултай гэмтэл гэдэгт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-н 3.1.7, 3.1.8-д заасан гэмтлүүд хамаарна. Гантулгын биед учирсан гэмтэл ердийн явцаараа үхэлд хүргэх боломжгүй. Шарх нь хаанаас яаж үүссэнийг анх Цэргийн төв эмнэлэгт хүлээж аваад анхны үзсэн эмч истори дээр бичих ёстой. Мэс засдын тэмдэглэд хүзүүний баруун хажуу хэсгээс баруун мөр лүү гэсэн байгаа. Анхны мэс заслын эмч хүлээж аваад орсон, гарсан чиглэл зэргийг нь анхны эмч историдоо бичих ёстой. Дээшээ хавж хатгагдана гэдэг нь босоо байрлалтай, доороос дээш чиглэлтэй байна. Историйн тухайд тэр хэсэг нь байхгүй байна. Гантулгын зүсэгдсэн гээд байгаа судас нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар том судасны гэмтэл биш учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Том судасны гэмтэл биш. Мэс заслын тэмдэглэлд байгаа. Том судасны гэмтэл биш бол гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д заасан гэмтэлд хамаарахгүй. Шархны эхлэл, төгсгөл нь хүзүүний зүүн дээрээс баруун доош чиглэлтэй. Анх хүлээж авсан эмчийн тэмдэглэлээс үзэхэд тийм шинжтэй байгаа. Шархны чиглэл гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй. Жижиг судасны гэмтэл гэж гэмтлийн зэрэг тогтоох журамд байхгүй. Зүсэгдсэн шарх нь эгэмнээс дээш. Эгэмний венийн судас эгэмний доогуур явж байгаа. Эгэмнээс дөнгөж дээшээ гарсан 2 салаа байдаг. Тэрний жижиг салааг гэмтээж хүзүүний баруун хажуу талаар 7-8 сантиметр хавж орсон шарх байсан гэж мэс заслын тэмдэглэлд бичсэн байгаа. Дүгнэлтэд жижиг салаа гэдгийг бичилгүй бичилтийн алдаа гарсан байсан. Хутгалагдсан шархан дээрээс нэмэлт үзлэг хийгээд шархыг тэлсэн байсан. Хүзүүний баруун талаас доошоо эгэм рүүгээ хавж орсон шархтай байна гэсэн байгаа. Дүгнэлтээ бичихдээ энгийн хүнд тайлбарлагдахаар бичиж чадаагүй. Салаа гэдэг үгийг бичээгүй орхигдуулсан. Амь насанд аюултай гэсэн шинжийг агуулаагүй учраас хөнгөн зэрэгт хамаарсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.Эрдэнэболорын өгсөн: “Хагалгааны бичлэг дээр салаа гэмтсэн гэсэн байхад Золжаргал эмч дүгнэлтийнхээ хэсэгт тэрийг орхигдуулсан байсан. Манай комиссийн шинжээч нараас “өмнөх дүгнэлт үндэслэлтэй юу” гэж асуусан байсан учраас өмнөх гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэг нь үндэслэлтэй байсан тул бид нар “урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9773 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан. Бид нараас “судасны нэршил буруу байна уу, зөв байна уу” гэж асуугаагүй. “Дүгнэлт үндэслэлтэй юу” гэдэг дээр гэмтлийн зэргийг хамааруулж хэлж байгаа. Дүгнэлт гаргахдаа салаа судас гэмтсэн гэдгийг мэдэж байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д “том судасны гэмтэл үүнд гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим, эгэмний доорхи тараагуур, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна” гэсэн байна. Энэ гэмтэлд Гантулгын биед учирсан гэмтэл хамаарахгүй. Гол судас болон эгэмний доорх артер венийн бугалга, шуу зэрэг том судаснууд нь өргөн диаметртэй, урсаж байгаа цус нь даралт ихтэй байдаг. Энэ судаснууд нь өөрөө гэмтсэн тохиолдолд тэр даралт ихтэй цус маань маш хүчтэй алдаж даралтын зөрүүний улмаас тэр хүн нас бардаг. Салааны түвшинд даралт бага учраас энэ заалтад хамаарахгүй. Даралт ихтэй том судаснууд шиг хурдан хугацаанд бол биш. Гэхдээ салааны судаснууд даралт ихтэй судаснууд шигээ даралт өгөхгүй цус нь тогтож эдгэдэг учраас амь насанд аюултай гэмтэлд оруулдаггүй. Шинжээчийн дүгнэлтэд салаа гэсэн нэршлийг орхиж бичсэн байсан. Дүгнэлтийг гаргахдаа зөвхөн өмнөх шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгтэй танилцдаггүй. Үнэн байна уу, үгүй юу гэж хагалгааны тэмдэглэлийг нь уншиж үздэг. Хэрэв хаглагааны тэмдэглэлийг уншиж үздэггүй байсан бол “энэ дүгнэлт үндэслэлгүй байна” гэж гарах байсан. Гантулгын биед учирсан гэмтэл нь ердийн явцаараа үхэлд хүргэх гэмтэлд хамаарахгүй. Том судасны урагдалт зүсэгдэлтийг хагалгаа хийж байгаа эмч харахгүй байж болохгүй. Салаа болон том судас 2 харахад л ялгагдана. Хэрвээ том судас буюу венийн эгэмний доорх тараагуур, хураагуур судас тасарсан, урагдсан байдал үүсээд 30 минут болоход ямар байдал үүсэхийг тодорхойлох боломжгүй. Богино хугацаанд цус алдана. Амь насанд аюултай байдал 30 минутын хугацаанд үүсэж болно. Бид нар мэс заслын эмчийн дүгнэлтийг гол болгодог. Нэг тэмдэглэл дээр салаа гэж бичсэн байсан учраас 3.1.8-д хамаарахгүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд. /хх.4-9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гантулгын өгсөн: “... Би 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 44-72 тоотод байх гэртээ өөрийн хуучны танил болох Бэ гэгчийг дуудаж хамт архи уусан юм. Би архи уусан байдалтай байсан юм. Вискиг дөнгөж талаасаа дөнгөж доош ортол уусан байсан. Нэг мэдэхэд миний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байсан бөгөөд хартал Бэ намайг хутгалсан, цус гарч байхаар нь би гараараа дараад доош суусан, энэ үед манай эхнэр орилж Бэд “та манай нөхрийг аллаа” гэж орилж байсан. Бэ нь гартаа хутгаа барьсан чигээрээ “би эхнэрээсээ салсан, өнгөрсөн хүн, намайг гүйцээнэ” гэх мэтээр яриад байсан. Намайг шархаа дараад доош суусан байхад Бэ гараад явсан юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг, /хх.16/,
“Би өмнөх мэдүүлэг дээр нэмж хэлэхэд Бэ бид 2 вискигээ ууж дуусаад хамт манай гэрээс гараад дэлгүүр орж нэг шил 0,75 грамм архи аваад буцан орж ирээд би ширээний голд сууж Ж.Бэ миний урдаас хараад сууж байсан бөгөөд архиа ширээн дээр тавиад сууж байсан. Намайг сууж байхад жижиг өрөөнөөс эхнэр “наад архиа боль” гэхээр нь сандалтайгаа бага зэрэг эргээд эхнэрт хандаж “за за, одоо болилоо” гээд хэлтэл хүзүү хэсэгт жирс гэх мэдрэмж төрөхөөр нь эргээд хартал миний хүзүү хэсгээс цус олгойдож эхэлсэн. Би гараараа цус гарч байгаа хэсгийг дараад харахад Ж.Бэ миний ширээн дээр хиам зүсэж байсан хутгаар миний эгэм хэсэгт зүссэн байсан. Би шархаа дараад коридор хэсэгт сууж байсан. Миний эхнэр хүн дуудахаар гараад явсан хойгуур Ж.Бэ нь манай гэрээс гараад явсан байсан. Эмнэлэгт очоод миний венийн судас тасарсан байна гэж байсан. Цус алдалтыг тогтоогоод 3, 4 дүгээр хорооллоос судасны мэргэжилтэн гээд нэг эмч авчирсан бөгөөд эмч ирэх хугацаанд хоёр талаас нь хавчаад байж байсан юм шиг байна лээ. Ирсэн эмчид нь үнэтэй судас залгадаг зүйл байсан тул нэг ширхэгийг нь 300.000 төгрөгөөр хоёр ширхэгийг авч хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн гэрчээр өгсөн: “... тэднийхээс хэрхэн яаж гарсанаа, тэдний гэрт юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход би эрүүлжүүлэх байранд ухаан орсон. Би эрүүлжүүлэх байрнаас гарах үедээ Л.Гантулгыг хутгалсан талаар мэдсэн. Би өөрийн салсан эхнэрийн охин болох Цолмонгийн 88611777 дугаар луу залгаж “би Гантулгыг хутгалсан гэж байна, би юу ч санахгүй байна” гэж хэлсэн. Манай охин шалгаад цэргийн эмнэлэгт хэвтснийг нь олж мэдээд эхнэртэй нь очиж уулзсан байсан. Л.Гантулга нь урд шөнө хагалгаанд орсон гэж дуулдсан. Би юу ч санахгүй байна...” гэх мэдүүлэг, /хх.57-58/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9773 дугаартай:
“1. Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1178 дугаартай: “... Урьд гаргасан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9773 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дахин дүгнэлт /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Наранбаярын өгсөн: “... Тэр өдөр амралтын өдөр байсан бөгөөд 12:00 цагийн орчим манай нөхөр Л.Гантулгын утас руу Ж.Бэ залгасан бөгөөд тэр үед манай нөхөр ажил хийлгэхээр хүн хайж байсан юм. Урьд өмнө манай нөхөр Ж.Бийг ажил ихтэй үедээ дуудаж ажил хийлгэдэг байсан юм. Би Ж.Бийг ер мэдэхгүй бөгөөд 2-3 удаа нөхрийн ажил дээр харж байсан юм. Манай нөхөр Л.Гантулга, Ж.Бэ гэх хүнийг дуудаад гэрийн хаягаа зааж өгсөн юм. Xэсэг хугацааны дараа манай гэрт Ж.Бэ ирсэн. Манай нөхөр тэр өдөр бага зэрэг пиво уусан байсан бөгөөд Ж.Бэ орж ирээд хамт пиво ууж байгаад манай нөхөр “Л.Гантулга ахтай ойрд уулзаагүй юм чинь ахад нэг шил виски авч өгнө” гээд тэр хоёр 14.00 цагийн орчим хамт дэлгүүр гарсан байсан. Би жижиг өрөөндөө амарч байхад тэр хоёр ахин гарахаар нь босоод харахад нөгөө aвч ирсэн вискигээ уугаад дууссан байхаар нь би энэ хоёр даврах гэж байна гэж бодоод байж байхад тэр хоёр гаднаас нэг шил 0.75 граммын Чингис нэртэй архи авч орж ирээд ширээн дээр тавьсан байсан. Ж.Бэ, Л.Гантулга хоёр ширээнд суугаад намайг жижиг өрөөнд байхад Ж.Бэ нь чанга чанга дуугараад “амьд явах сонирхол алга, алсан ч яадаг юм” гэх мэтээр чанга яриад байсан. Энэ үед манай нөхөр Нараа гэж намайг дуудахаар нь жижиг өрөөнөөс гараад хартал манай нөхөр хүзүү хэсгээ гараараа дарсан, нилэнхүйдээ цус болсон, миний өөдөас босоод ирж байхаар нь би нойлын өрөөнөөс гар нүүрийн алчуур авч өгөөд шархыг нь даруулаад жижиг өрөөний орон дээр суулган эргээд гарч ирэхэд Ж.Бэ гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.59-60/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 723 дугаартай:
“1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9773 тоот дүгнэлтийн 1-р хариултаас бусад нь үндэслэлтэй байна. Учир нь Л.Гантулгын биед баруун эгэмний доорх /Ven.subclavia/ хураагуур судасны дээд салаа болох жижиг хураагуур судас /Ven.transversa.соlli/-г гэмтээсэн нь 011723 дугаартай цэргийн төв эмнэлгийн өвчний түүхийн 2019.08.10-ны өдрийн Мэс заслын тэмдэглэлд ... эгэмний вен ven.subclavia салаа v.trans.colli судасны хана сэмэрч урагдсан байсан тул цус тогтоогч губкаар цус алдсан хэсэгт 5-10 минут даралттай дараад авахад цус алдалт багассан гэж бичигдсэнээр тогтоогдож байна.
2. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.4. Л.Гантулгын биед учирсан гэмтэл нь хүнд гэмтлийн шалгуур шинж болох амь насанд аюултай болон ердийн явцаараа үхэлд хүргэх гэмтэлд хамаарахгүй” гэх дахин дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.Бийн яллагдагчаар өгсөн: “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнөх мэдүүлэгтээ бүгдийг нь ярьсан байгаа тул надад нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн үед Л.Гантулга, түүний эхнэр бид гурав л байсан. Би уусан архиндаа согтоод болсон асуудлыг санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.81-82/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Ж.Бэ нь 2019 оны 08 дугаар сарын 10-ний өдөр архи согтууруулах ундааний зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнж хотхоны 44 дүгээр байрны 6-72 тоотод иргэн Л.Гантулгын баруун эгэм хэсэгт хутгалж, улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Гантулгын өгсөн: “... Нэг мэдэхэд миний зүүн талын эгэм хэсэгт хутгалсан байсан бөгөөд хартал Бэ намайг хутгалсан цус гарч байхаар нь би гараараа дараад доош суусан... Бэ нь гартаа хутгаа барьсан чигээрээ “би эхнэрээсээ салсан, өнгөрсөн хүн, намайг гүйцээнэ” гэх мэтээр яриад байсан...” гэх мэдүүлэг, /хх.16/,
“... Намайг сууж байхад жижиг өрөөнөөс эхнэр “наад архиа боль “гэхээр нь сандалтайгаа бага зэрэг эргээд эхнэрт хандаж “за за, одоо болилоо” гээд хэлтэл хүзүү хэсэгт жирс гэх мэдрэмж төрөхөөр нь эргээд хартал миний хүзүү хэсгээс цус олгойдож эхэлсэн. Би гараараа цус гарч байгаа хэсгийг дараад харахад Ж.Бэ миний ширээн дээр хиам зүсэж байсан хутгаар миний эгэм хэсэгт зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх.17-18/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Золжаргалын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9773 дугаартай:
“1. Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх.19/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1178 дугаартай: “... Урьд гаргасан Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9773 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дахин дүгнэлт /хх.34/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Наранбаярын өгсөн: “... Ж.Бэ нь чанга чанга дуугараад “амьд явах сонирхол алга, алсан ч яадаг юм” гэх мэтээр чанга яриад байсан. Энэ үед манай нөхөр Нараа гэж намайг дуудахаар нь жижиг өрөөнөөс гараад хартал манай нөхөр хүзүү хэсгээ гараараа дарсан, нилэнхүйдээ цус болсон, миний өөдөас босоод ирж байхаар нь би нойлын өрөөнөөс гар нүүрийн алчуур авч өгөөд шархыг нь даруулаад жижиг өрөөний орон дээр суулган эргээд гарч ирэхэд Ж.Бэ гараад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх.59-60/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 723 дугаартай:
“1. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 9773 тоот дүгнэлтийн 1-р хариултаас бусад нь үндэслэлтэй байна. Учир нь Л.Гантулгын биед баруун эгэмний доорх /Ven.subclavia/ хураагуур судасны дээд салаа болох жижиг хураагуур судас /Ven.transversa.соlli/-г гэмтээсэн нь 011723 дугаартай цэргийн төв эмнэлгийн өвчний түүхийн 2019.08.10-ны өдрийн Мэс заслын тэмдэглэлд ... эгэмний вен ven.subclavia салаа v.trans.colli судасны хана сэмэрч урагдсан байсан тул цус тогтоогч губкаар цус алдсан хэсэгт 5-10 минут даралттай дараад авахад цус алдалт багассан гэж бичигдсэнээр тогтоогдож байна.
2. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах шалгуур шинжээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.4. Л.Гантулгын биед учирсан гэмтэл нь хүнд гэмтлийн шалгуур шинж болох амь насанд аюултай болон ердийн явцаараа үхэлд хүргэх гэмтэлд хамаарахгүй” гэх дахин дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Гантулгын өгсөн: “... Бэтэй хамт суугаад огурцы, хиам зүсэж байсан. Тэгсэн үгийн зөрүүгүй хутгалаад ийм зүйл болсон. Би алчуур бариад доошоо болсон. Бэ “Надад алдаад байх зүйл байхгүй” гээд байж байсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Золжаргалын өгсөн: “... Л.Гантулгын биед баруун эгэмний доорх венийн судас гэмтээсэн зүсэгдсэн шарх гэмтэл гэдэг нь эгэмний венийн том судас биш эгэмний венийн салаалсан жижигхэн венийн судас байгаа... Энэ гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулдаг тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарч байгаа... Энэ хүнд амьсгал, зүрх судас, даралтны талаас амь тэнссэн байдал илрээгүй байсан... Гантулгын биед учирсан гэмтэл ердийн явцаараа үхэлд хүргэх боломжгүй... Амь насанд аюултай гэсэн шинжийг агуулаагүй учраас хөнгөн зэрэгт хамаарсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.Эрдэнэболорын өгсөн: “Хагалгааны бичлэг дээр салаа гэмтсэн гэсэн байхад Золжаргал эмч дүгнэлтийнхээ хэсэгт тэрийг орхигдуулсан байсан. Манай комиссын шинжээч нараас “өмнөх дүгнэлт үндэслэлтэй юу” гэж асуусан байсан учраас өмнөх гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэг нь үндэслэлтэй байсан тул бид нар “урьд гаргасан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9773 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гаргасан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй учир хэргийг мөрдөн байцаалтад буцаана уу гэж хохирогч болон түүний өмгөөлөгч хүсч байх боловч хэргийг прокурорт буцаах үндэслэлгүй байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Бэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Ж.Бийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Л.Гантулгын эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 530.198 төгрөгийг шүүгдэгч Ж.Бээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.
Түүнчлэн хохирогч Л.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бээс жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ж.Бийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Ж.Бэд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.Бэд нийтэд тустай ажил хийлгэх ял дээд хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн талаар маргаж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах шаардлагагүй гэж дүгнэлээ.
Ж.Бэд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.
Шүүгдэгч Ж.Бэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад шилжүүлвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Жийн Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бэд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Бэд сануулсугай.
4. Ж.Бэ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Бээс 530.198 төгрөг гаргуулж хохирогч Л.Гантулгад олгосугай.
7. Хохирогч Л.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Ж.Бээс жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР