Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0495

 

                          

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Өсөхбат, улсын яллагч С.Энхням (томилолтоор), шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Т овгийн А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03330 0352 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Т овгийн А.Э, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эх, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 7 дугаар баг Майхантын *** тоотод оршин суудаг, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, регистрийн дугаар: ****, урьд

- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хугацаагаар хорих ял,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн нийтэд тустай ажил хийх ял,

- Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, зургаан сарын сар хорин дөрөв хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, нэмж нэгтгэн 1 жил 1 cap 24 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын өрөөнөөс иргэн Э.М-ын“Nokia-3110” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, мобайл банкны эрхийг нь ашиглаж, түүний “Хаан банк”-ны *** дугаарын данснаас нь нийт 11 удаагийн үйлдлээр 2,406,051 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авч, нийт 2,451,051 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Т овгийн А.Э нь 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рич” зочид буудлын өрөөнөөс иргэн Э.М-ын “Nokia-3110” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, мобайл банкны эрхийг нь ашиглаж, түүний “Хаан банк”-ны *** дугаарын данснаас арван нэгэн удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2,406,051 төгрөгийг бусдын данс руу шилжүүлэн авч, бусдад гар утас болон бэлэн мөнгөний 2,451,051 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир тийм үйлдэл гаргасан, гэм буруу, хохирлын хэмжээн дээр маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Э.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр ажлаасаа чөлөө аваад 09 цагийн үед хамт ажилладаг Э-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах “Элбэг баян” барьцаалан зээлдүүлэх газраас өөрийн гар утсаа авахаар гарсан. Гар утсаа аваад утаснаасаа хүний данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед хамт явж байсан ажлын газрын залуу миний мобайл банкны нууц дугаарыг харсан. Тэгээд бид хоёр өчигдөр нь нойргүй хоносон байсан болохоор тус ломбардын хажууд байрлах “Рич” зочид буудал руу амрахаар орсон. Намайг унтахаас өмнө Э хүнтэй уулзчихаад ирье гэхээр нь би за гээд унтсан. Тэр хойгуур миний мобайл банктай “Nokia” маркийн гар утсыг аваад явчихсан байсан. Маргааш өглөө нь 08 цаг өнгөрч байхад сэрээд утсаа харсан чинь байхгүй байхаар нь өөрийн болон Э-ын утас руу залгаж үзэхэд холбогдохгүй байсан. Тэгэхээр нь Драгон орж иргэний үнэмлэхийн лавлагаа авчхаад Мобиком ороод симээ сэргээлгэхэд дансанд мөнгө байхгүй болчихсон байсан. Хаан банкнаас дансны хуулгаа авахад дансанд байсан 2,710,108 төгрөгийг аваад 3000 төгрөг л үлдээчихсэн байсан. Би Э-той холбоо барихад “би покер тоглоод алдчихлаа, цалин буухаар өгчихье” гэсэн. Тэгэхээр нь би цагдаад өглөө гэсэн чинь утас нь холбогдохоо больчихсон. Би цэвэрлэх байгууламжийн барилга дээр ажиллаж байхдаа хальт мэддэг болсон. Тухайн үед хамт ажиллаж байсан юм. Нэрийг нь мэдэхгүй Б гээд байсан, харин саяхан Э гэдэг нэртэй болохыг нь мэдсэн. ...Би Заамарт байх *** гэх уурхайд ажилладаг байхдаа цалингийн зээл болох 15 сая төгрөг авсан юм. Тэр мөнгөнөөс үлдсэн мөнгө байсан юм. “Nokia” 3110 маркийн дүүгээсээ авсан хар өнгөтэй ямар нэгэн сэв зураасгүй гар утас байсан. ...Дансны хуулгаа харахад 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 10 минутад 150,000 төгрөгийг Э-той хамт явж байхдаа гар утсаа ломбардаас авахаар гүйлгээ хийсэн. Мөн өдрийн 10 цаг 12 минутад 50,000 төгрөгийн гүйлгээг тус ломбардаас бэлэн мөнгө авахдаа хийсэн, мөн 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 18 цаг 32 минутад хийгдсэн 100,000 төгрөгийн гүйлгээг “Рич” зочид буудалд орохдоо идэж уух юм авахдаа хийсэн. Ингээд миний дансанд 2,409,857 төгрөг үлдсэн байсан. Э миний данснаас нийт 11 удаагийн үйлдлээр 2,406,051 төгрөгийг авсан байсан. Би дээрх мөнгийг болон гар утасны үнэ үнэлгээгээр гарсан 45,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24, 29-31 дүгээр хуудас);

3. Гэрч С.А-ийн мэдүүлэг (хх-ийн 56-57 дугаар хуудас), Э.М-ын эзэмшдэг “Хаан банк”-ны 5003663129 дугаарын дансны хуулга (хх-ийн 15 дугаар хуудас),  “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-41 дүгээр хуудас);

4. Шүүгдэгч А.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 93 дугаар хуудас), оршин суугаа газрын тодорхойлол (хх-ийн 52 дугаар хуудас), ял шалгасан хуудас (хх-ийн 47 дугаар хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 67-78 дугаар хуудас);

5. Шүүгдэгч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 09 цагийн үед ажлын залуу М-тай хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элбэг баян” барьцаалан зээлдүүлэх газарт очиж М-ын гар утсыг нь 200,000 төгрөг төлж буцааж авсан. Тэгэхдээ М “Nokia” маркийн гар утасныхаа мобайл банкийг ашиглаж мөнгө шилжүүлсэн бөгөөд нууц кодыг нь би харчихсан. Бид хоёрын нойр хүрээд байсан болохоор тус барьцаалан зээлдүүлэх газрын хойно байсан “Рич” буудалд унтаж амарцгаахаар болоод нэг өрөө авч орсон. Тэгээд өрөөнөөс буцаж гарахдаа М-ын гар утсыг нууцаар аваад “хүнтэй уулзчихаад ирье” гэж хэлээд явсан. Би гар утасных нь мобайл банкийг ашиглаж гадуур наргиж, цэнгэж, ууж идэж явсан. Тэгэхдээ хэчнээн төгрөгийг яг юунд зарцуулснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 85-86 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох “Nokia 3310” загварын гар утсыг 45,000 төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгч мобайл банкийг нь ашиглан 2,406,051 төгрөгийг шилжүүлж авсан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 2,451,051 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч А.Э-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч А.Э нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.Э-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч А.Э-оос 2,451,051 (хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга тавин нэг) төгрөгийг гаргуулан хохирогч Э.М-т олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.Э-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...хэлэх зүйлгүй...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдөөгүй буюу хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн урьд гурван удаа ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч А.Э нь 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдрөөс эхлэн нийт 40 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Т овгийн А.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д нэг жил хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын цагдан хоригдсон 40 (дөч) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-оос 2,451,051 төгрөгийг гаргуулан хохирогч Э.М-т олгосугай.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Э-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Э-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Э-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА