Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 134/ШШ2017/00024

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруугийн 7-01 тоотод байрлах, Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч /Хуулийн этгээдийн РД:5341469, утас: 99025054/  Д.Эрдэнэтулгын гаргасан хүсэлттэй

 

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Г.Алтансүхийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч  Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Гүрсүрэнгийн Алтансүх нь Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5 800 000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын  хугацаатай авсан. Авсан зээлээ эхний 6 сарын хугацаанд, хугацаанд нь төлж байсан боловч 2016 оны 11 дүгээр сарын 30-наас хойш төлөлгүй, оршин суугаа газраа өөрчлөн сураггүй болсон.  Ээж, аав нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын гудамжны 14-08 тоотод байдаг болохыг тогтоож, холбоо барих гэсэн боловч хүүхдээ ээж, ааваараа харуулаад эхнэртэйгээ хоёулаа Улаанбаатар хотод байгаа гэсэн хариуг өгсөн. Улаанбаатар хотод байгаа хаягийг нь мэдэхгүй гэсэн учраас холбоо барьж чадахгүй байна. Зээлийн хугацаа одоогийн байдлаар 92 хоногийн хугацаа хэтрэлттэй байгаа бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 3 651 771 72 төгрөг, зээлийн хүү 177 188 02  төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 777 02 төгрөг, нотариатын зардал 14 000 төгрөг, нийт 3 845 736 төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд Г.Алтансүхийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэтулга нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Гүрсүрэнгийн Алтансүхийг эрэн сурвалжлуулахаар тус шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

 

Иргэн Г.Алтансүх, Төрийн банк ХХК-ийн салбар Говьсүмбэр аймгийн Баянтал тооцооны төвийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 300100053188 дугаартай барьцаат зээлийн /цалингийн зээл/ буюу 5 800 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлсэн гэрээ байгуулагдан Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан гэрээний үүргийн харилцаа үүсчээ.

 

Гэвч зээлдэгч Г.Алтансүх нь дээрх гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлж барагдуулалгүйгээр, албан ёсны хаягийн шилжүүлэг хийгдээгүй боловч оршин суугаа газраа өөрчлөн, хаана  амьдарч буй нь тодорхойгүй байгаа болох нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 36 дугаартай тодорхойлолт, Чойр хайрхан ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны 13/01/03 тоот тодорхойлолт, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт, Говьсүмбэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Сартуул овогт Гүрсүрэнгийн Алтансүхийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгах нь зүйтэй байна.

 

Г.Алтансүх нь 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ЖЯ92021535 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг, 152-34 тоотод оршин суух албан ёсны хаягтай, 94897896, 95588842 дугаарын утастай, эцэг, эх нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын гудамжны 14-08 тоотод амьдардаг болохыг шүүхийн шийдвэрт дурдлаа.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн хүсэлтийг хангаж,  иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Сартуул овогт Гүрсүрэнгийн Алтансүхийг  эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Алтансүхийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Г.Алтансүх нь 1992 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, ЖЯ92021535 регистрийн дугаартай, Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг 152-34 тоотод албан ёсоор оршин суудаг,  94897896, 95588842 дугаарын утастай, эцэг, эх нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын гудамжны 14-08 тоотод амьдардаг болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Б.НАРАНЧИМЭГ