| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2020/0029/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/30 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 2020/ШЦТ/30
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Л.И нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Л-н И-д холбогдох эрүүгийн 1917002160033 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 08-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа барилгын мужааны ажил хийдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сум, 3 дугаар баг, Аврагын 6 тоотод албан ёсны хаягтай /Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Цайзын 41а 756 тоотод түр оршин суух/, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Л-н И /РД:СЛ/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Л.И нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 451/422 дугаартай километр шонгийн орчимд өөрийн өмчлөлийн 98-02 ХЭА улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох бололцоотой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам дээр үхсэн байсан адууг дайрч улмаар онхолдож зорчигч Х.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Э.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Л.И нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 451/422 дугаартай километр шонгийн орчимд өөрийн өмчлөлийн Тоёото приус 20 маркийн 98-02 ХЭА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.2-т заасан “Харанхуй үед үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох бололцоотой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй шаардлагатай тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4-т заасан “тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-с хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам дээр үхсэн байсан адууг дайрч улмаар онхолдож зорчигч буюу хохирогч Х.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч буюу хохирогч Э.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Л.И шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2020 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цагийн орчим Замын-Үүд чиглэлээс Улаанбаатар хот руу явж байсан. Шивээговь сумын пост өнгөрөөд явж байх үед өөдөөс хурц гэрэлтэй машин ирж байсан. Тэр машин гэрлээ шилжүүлээгүй. Би 2 удаа гэрлээрээ дохисон. Тухайн үед 90 км цагийн хурдтай явж байсан. Зам дээр бөөн хар зүйл байсан. Машины урд талд тулсан байсан учир жолоогоо баруун дарсан. Жолоодлого авахгүй явж байгаад 2 өнхөрсөн. Тухайн үед хүмүүс орилж, хашгирч байсан. М хажуугийн суудал дээр сууж явсан. Миний суудлын бүс тайлагдахгүй байсан. М машинаас гарч хамт явсан хүмүүсийг бүгдээрээ байгааг надад хэлсэн. Цуг явж байсан машин араас ирж түргэн дуудсан гэв.
1.2. Шүүгдэгч Л.И мөрдөн байцаагчийн шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот орохоор Замын-Үүд сумаас өөрийнхөө 98-02 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 16 цагийн үед хөдөлсөн. Миний машинд М урд суудал дээр, түүний ард харалдаа А, голд Х, баруун хажууд Д суугаад би өөрөө машинаа жолоодоод явж байсан. Шивээговь сум өнгөрөөд давхиж байтал өөдөөс эсрэг урсгалд ирж явсан машины гэрлийн гялбаанд орсон. Тэр машиныг ямар машин байсныг анзаараагүй, жижиг тэрэг л байх шиг байсан. Тэр машинтай зөрөөд өнгөртөл зам дээр адуу хэвтэж байсан. Тэгээд би түүнийг хараад баруун гар тал руугаа дараад зөв талын 2 дугуй уг адууг дайраад харайгаад гарчих шиг болсон. Тэгээд тоормос гишгэсэн боловч машин зогсохгүй явсаар байгаад замаас гарч 2 хөрвөөж онхолдоод баруун хажууд талаараа унасан. Анх бол зам дээр байсан зүйлийг адуу гэдгийг мэдээгүй, нэг бөөн хар юм л тулаад ороод ирсэн. Тухайн үед би 90 орчим км/цагийн хурдтай явж байсан бөгөөд адуу хараад тоормос гишгэж амжаагүй. Гэрлийн гялбаанаас гараад шууд л тулаад ирсэн. Тэгээд баруун гар тал руугаа дараад л харайлгаад гарсан. Үхсэн адуу зам дээр байж байсан. Шинжээчийн дүгнэлтээр миний буруутай үйлдлийн улмаас зорчигч Э.А-н биед хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар хуудас/
1.3. Хохирогч Э.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд манай ажлынхан 2 машинтай гарсан. Урд талын машинд жолоочоор Ц урд талын суудал дээр М, хойд суудал дээр Д, түүний ээж Х нар явсан. Хойд машинд жолоочоор С, урд суудал дээр би, хойд суудал дээр И, Б нар сууж явсан. Тэгээд замдаа хоёр машин зогсож манай ажлынхан бие зассан. Бие зассаны дараа би хойд машинаас урд онхолддог машинд шилжин хойд суудал дээр суусан. Би хойд суудал дээр суугаад утасныхаа чихэвчийг зүүгээд унтаад өгсөн. Тэгээд орой 20 цагийн үед машин 2 тал руугаа дайвалзаад ирсэн чинь машин онхолдсон. Би машины гадна талд хэвтэж байсан. Тэгээд Чойрын эмнэлэгт хүргэгдсэн.
...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний эмчилгээний зардал мөнгийг жолооч Ц бүгдийг нь өгч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 дугаар хуудас/
...Ослоос болж баруун хөлний шилбэний дотор хэсэгт гэмтсэн. Тэр гэмтэл шархлаад одоо эдгээгүй байгаа. Мөн нуруу суухаар өвдөөд удаан алхаж явж чадахгүй байгаа. Бусад гэмтэл бол гайгүй болсон.
...Надад ямар нэгэн санал, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Осол болох үед тээврийн хэрэгсэл жолоодож явсан И миний эмчилгээ, эм тарианы мөнгө төгрөгийг цаг тухай бүрд нь гаргаж өгч үргэлж тусалж дэмжиж бие хаа үзүүлж санаа тавьж ирсэн. Энэ хүнд миний зүгээс ямар нэгэн санал гомдол байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
1.4. Хохирогч Х.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот орохоор Замын-Үүд сумаас 98-02 ХЭА улсын дугаартай Приус-20 маркийн машинтай 16 цагийн үед хөдөлсөн. Хөдлөхөөсөө өмнө би байрлаж байсан буудалдаа нөхөртэйгээ 2-лаа нэг шил архи, 2 лаазтай пиво хувааж уугаад хөдөлсөн. Нөхөр арын машинд явсан. Миний сууж явсан машиныг И өөрөө жолоодоод хажууд урд суудал дээр М, түүний ард харалдаа А, голд нь би, миний баруун талд Д суугаад явж байсан. Би замдаа явж байгаад Шанд өнгөрөөд унтаад өгсөн байсан. Нэг мэдэхэд л Д ээжээ та босоорой гээд уйлаад зогсож байсан. Сэрээд харахад сууж явсан машин хажуу талаараа онхолдчихсон миний баруун чихний араас цус гарчихсан байж байсан. Тэгээд Д намайг машинаас татаж гаргаад миний араас А гарсан. Тэгээд түүний дараа урд талын 2 машины зүүн хойд талын хаалгаар гарсан. Тэгээд түргэн, цагдаа нар ирээд түргэнээр Д А бид 3 Чойрын эмнэлэг дээр ирсэн. Миний баруун чихний ард хэсэг язарсан байсан бөгөөд 8 оёдол тавьсан гэж эмч хэлсэн. Машин хэдэн км цагийн хурдтай явсан, юу мөргөсөн талаар унтаж явсан болохоор мэдэхгүй байна. Осолд орсныхоо дараа цаг харахад 20 цаг өнгөрч байсан санагдаж байна. Хамт явсан хүмүүс зам дээр үхсэн адуу байсныг дайраад замаас гарч онхолдсон гэж ярьцгааж байсан. Миний хувьд осол болох үед унтаж явсан, яг юунаас болж осол гарсныг бол мэдэхгүй байна.
...Миний биеийн байдал зүв зүгээр, эрүүл саруул байна. Шинжилгээ хийлгэсэн хэвийн гэж гарсан. Миний хувьд ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
1.5. Гэрч Х.Д мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэхдээ:
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг өгөрч байхад Ц ахын машинтай манай ээж Х цуг Замын-Үүдэд ажиллаж байсан 2 залуугийн хамт Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд гарсан. Тухайн өдрийн 20 цагийн үед осолд орсон талаараа ээжээс мэдсэн. Би машины хойд суудал дээр сууж явсан болохоор Замын-Үүдээс гараад унтаад өгсөн. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чойр нэгдсэн эмнэлэгт ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
1.6. Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би ер нь бол Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд рүү хувиараа барилгын ажил хийхээр хэдэн хүмүүстэй хамт яваад 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ажлаа дуусгаад Улаанбаатар хот руу Замын-Үүд сумаас 98-02 ХЭА улсын дугаартай И-н эзэмшлийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 16 цагийн үед хөдөлсөн. Машиныг И өөрөө жолоодоод хажууд урд суудал дээр нь би суугаад миний ард харалдаа А, голд Х эгч, нөгөө захад Д суугаад явж байсан. Тэгээд Шивээговь сум өнгөрөөд засмал замаар давхиж байтал эсрэг урсгалд өөдөөс ирж явсан машин гэрлээ шилжүүлэлгүй тулаад ороод ирсэн. Тэгээд гэрлийн гялбаанд ороод машинтай зөрөөд өнгөртөл зам дээр адуу хэвтэж байсан. Жолооч түүнийг хараад хурдаа хасаж амжилгүй сандарсандаа баруун гар тал руугаа дарахад зөв талын 2 дугуй адуун дээгүүр гараад буруу талын 2 дугуйгаараа таллаад явж байгаад замаас баруун гар тал руугаа гараад нилээн явж 2 удаа хөрвөөх шиг болоод хажууд талаараа унаад зогссон байсан. Тухайн үед миний ухаан балартсан байсан бөгөөд сэрэхэд арын суудал дээр сууж явсан 3 хүн машинаас буучихсан байсан. Жолоочийн хамгаалах бүс нь тайлагдахгүй гацчихсан байсан. Тэгээд би машинаас гараад миний дараа жолооч миний араас машинаас гарсан. Миний бодлоор зам дээр үхсэн адуу байх шиг байсан. Тэгээд удалгүй эмнэлэг цагдаа ирээд намайг болон хамт явсан хүмүүсийг эмнэлэг дээр авчирсан. Миний биеийн байдал ерөнхийдөө гайгүй хэвийн байна. Өвдөж зовиурлаж байгаа зүйл байхгүй байна. Тухайн үед хэдэн км цагийн хурдтай явж байсныг анзаарч хараагүй. Замын-Үүдээс гараад явж байхдаа дунджаар 90-100 орчим км цагийн хурдтай явсан. Би болон жолооч хамгаалах бүс зүүсэн байсан. Арын хүмүүс бүс зүүгээгүй байсан байх гэж бодож байна. Жолооч эрүүл, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хамт явсан хүмүүсээс Х эгч Замын-Үүдээс гарахдаа согтуу байсан. Бусад нь эрүүл байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/
1.7. Гэрч Б.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх Сүмбэр сумын 5 дугаар баг, Зуумай гэх газар өвөлжиж байгаа бөгөөд уг газар нь Говьсүмбэр аймгийн төвөөс зүүн урагш 25 км газарт байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай эхнэр Чойрт эмнэлэгт хэвтсэн. Эхнэрээ эргэчихээд орой Чойроос гэртээ хариад хонио хотлуулаад явж байхад манай гэрийн баруун талаар өнгөрдөг Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн засмал зам дээр машин онхолдох шиг болсон. Пад пад гэж дуугараад шороо манараад явчихсан. Тухайн үед би онхолдсон машинаас нэг их холгүй явж байсан. Тэгэхээр нь хонио орхичихоод машин дээр явган яваад очиход жижиг тэрэг хажуу талаараа уначихсан, хүмүүс нь гараад ирчихсэн байж байсан. Юу болсон талаар асуухад адуу мөргөчихлөө, эмнэлэг цагдаад дуудлага өгөх гэсэн юм гээд байгаа газраа надаас асуухаар нь би хэлж өгсөн. Тэгээд манай адуу ойрхон байсан учраас манай адуунаас мөргөчихсөн юм биш байгаа гэж бодоод дайруулсан адуун дээр очиж үзэхэд зам дээр үхчихсэн хээр зүсмийн адуу байсан. Тэр адуу нь манайхаас зүүн урагш нутагладаг Т гэж хүний хээр азарга байсан. Түүнийг би таниад тэднийд очиж хэлсэн. Машин адуу мөргөхийг нь бол хараагүй. Чимээ гарахаар нь л явж очиход машин талаараа ойчсон байсан. Тухайн үед 20 цаг өнгөрч байсан байх. Тухайн үед гадаа харанхуй байсан. Манай гэрийн баруун талаар засмал өнгөрдөг. Манайхаас баруун тийш засмал зам дээр 600 метр зайд байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
1.8. Гэрч Ө.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 17 цагт ажлаасаа буучихаад харьж хоол идчихээд 18 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орохоор өөрийнхөө 45-21 УБХ улсын дугаартай цагаан өнгийн Приус-30 маркийн машинаа унаад ганцаараа 22-р зөрлөгөөс хөдөлсөн. Хөдлөөд засмал зам ороод давхиж байтал гэнэт зам дээр баруунаас зүүн тийш зам хөндлөн чиглэлтэй адуу гараад ирсэн. Тэгэхээр нь тормоз гишгээд зүүн гар тал руу дараад эсрэг урсгалд ороод адууг өнгөрөөтөл дахиад цаанаас нь бор зүсмийн адуу гарч ирээд мөргүүлсэн. Уг адууг мөргөхөд миний хурд саарчихсан байсан учраас адуу миний машины копудан дээр унаад намайг зогсоход цаашаа босоод яваад өгсөн. Тэр үед 70 орчим км цагийн хурдтай явж байсан. Тэгээд би тухайн газарт машинаасаа буугаад копудаа үзэхэд хонхойгоод түгжээ нь барихаа болиод ойр орчмын эд ангиуд нь эдвэрсэн байсан. Мөргүүлсэн бор зүсмийн адуу зүүн тийшээ зам хөндлөн гараад буугаад яваад өгсөн. Зүгээр л буугаад яваад өгсөн. Тэгээд би тэндээс хөдлөөд Чойрт ирээд айлын грашид машинаа тавиад хот явах яаралтай ажил байсан учраас таксигаар хот явсан. Тухайн мөргүүлсэн адуу нь босоод яваад өгөхөөр нь л хөдлөөд явчихсан. Утасны цэнэг дууссан байсан болохоор даатгал, цагдаад мэдэгдэж чадаагүй. Тухайн үед ойр хавьд ямар нэгэн хүн, айл байгаагүй учраас төв бараадъя гэж бодоод машинаа унаад Чойрт ирсэн. Мөн их сандарсан байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Миний мөргөсөн адуу бол бор адуу байсан. Хээр адуу бол биш, яг адууг би хээр адуу мөргөсөн байсан газраас хойш 400-500 орчим метр зайд байх гүүрний урд талын шонгийн орчимд мөргөсөн. Тухайн хээр адуу бол миний мөргөсөн адуунаас нилээн урагш газарт мөргүүлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
...Уг нь адуу өвлийн хүйтэнд цантаад бор адуу шиг харагдсан байж магадгүй. Цагаан бор адуу шиг л харагдсан. Уг адуу миний машинд мөргүүлээд хамар хэсэг дээр нь тогтчихоод буцаад унаад босоод зүүн зүг рүү яваад өгсөн. Тэгээд би бууж машиныхаа копудыг татаж уячихаад машинаа унаад шууд Чойр руу явсан. Дараа нь үзэхэд машины урд талын номерны зарим хэсгүүдэд хээр зүсмийн адууны үс наалдаж үлдсэн байсан. Уг номер нь адуу мөргөж хэлбэр дүрсээ алдсан байсан учраас шинээр солиулсан. Шинээр солиулахад хуучин номерыг нь хураагаад авчихдаг юм билээ. Тэгэхээр тэр адуу бор биш хээр болж таараад байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/
1.9. Гэрч Б.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манайх сүмбэр сумын 5 дугаар баг, Ар шанд гэх газар өвөлжиж байгаа юм. Уг газар нь Чойроос зүүн урагш 30 гаран км зайд байдаг. 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байхад манай баруун талд нутагладаг Д гэх хүн манайд ганцаараа машинтай ирсэн. Тэр ирээд танай азаргыг засмал зам дээр машин дайрчихсан байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр Т бид хоёр засмал зам руу машинтайгаа явж очиход Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 251 дэх километрийн шонгийн орчимд зам дээр манай хээр зүсмийн азаргыг дайрч алсан байсан. Биднийг очиход мөргөсөн хүмүүс нь уг газраа байж байсан бөгөөд цэнхэр өнгийн 98-02 ХЭА улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл хажуу талаараа унасан байдалтай, адуунаас зүүн хойд талд засмал замаас гарч онхолдсон байсан. Адуу машин 2 хоорондоо нилээн зайтай байсан. Дайруулсан хээр азарга нь манай азарга мөн бөгөөд одоо 8 настай азарга байгаа юм. Зөв талын гуян дээрээ буруу харсан хөвчтэй саран тамгатай байсан. Өчигдөр мөргүүлсний дараа очиж үзэхэд тамга нь огт мэдэгдэхээргүй няц дайруулсан байсан. Чихэндээ им байхгүй. Би азаргаа 1 100 000 төгрөгөөр үнэлнэ. Манай нөхөр Т бичиг үсэг сайн мэдэхгүй учраас би мэдүүлэг өгч байгаа юм. Манай адуу өчигдөр өглөө ус уугаад гэрээс баруун хойш гарсан бөгөөд нар шингэхийн өмнөхөн засмал замаас зүүн тийш нэг их холгүй харагдаж байсан. Шөнө зам хөндлөн гарч байгаад л дайруулсан байх гэж бодож байна. Манайх засмал замаас зүүн тийш 6 км зайд нутагладаг бөгөөд адуу өдөр бүр гэрийн гадаа байгаа худаг дээр ирж ус уудаг юм. Шөнө оройн цагаар бол адуугаа хардаггүй, засмал зам руу бол өдрийн цагаар ойртуулдаггүй. Эргүүлээд байдаг. Уг нь манай адуу зам руу гардаггүй юм. Өчигдөр л тийшээ гарчихлаа... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/
1.10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 392 дугаартай дүгнэлтэд:
1. Э.А-н биед баруун талд суурь ясны бага далавч дайрсан шугаман хугарал, хугарлыг харалдаа баруун талын чамархайн дэлбэнгийн хатуу хальсан дээрх цус хураа, баруун нүдний ухархайн доод ханын хоншоорын хөндий рүү, гадна ханын гүн цөмөрсөн хугарал, баруун гайморийн хөндийн бүх хананы дотогш цөмөрсөн хугарал, баруун гайморийн хөндийн цус хуралт, баруун нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун хөмсөгт шарх, баруун өвдөгний үеийн суналт, баруун өвдөг, шилбэ, гуяны зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтлүүд байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Ө.Сарангэрэл гэжээ. /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
1.11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 725 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Дөлгөөний биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Д гэжээ. /хх-ийн 60 дугаар хуудас/,
1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтэд:
1. Х.Х-н биед баруун чихний ар талд няцарсан шарх, баруун чихний ар тал болон доод хэсгээр цус хуралт, баруун гарын 2,3-р хурууны угаар цус хуралт, духны зүүн талд, зүүн гарын алганы хажуу хэсгээр зулгаралт, зүүн гарын бугуй орчим, баруун далны орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Баруун чихний ар талын няцарсан шарх, баруун чихний ар тал болон доод хэсгийн цус хуралт гэмтэл нь нэг үйлчлэлээр үүсэх ба “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Баруун гарын 2,3-р хурууны угийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
5. Духны зүүн талын зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
6. Зүүн гарын алганы хажуу хэсгийн зулгаралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
7. Зүүн гарын бугуй орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
8. Баруун дал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
9. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Б.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 62 дугаар хуудас/,
1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаартай дүгнэлтэд:
1. Л.И-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Б.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 64 дүгээр хуудас/,
1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэд:
1. А.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Б.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 66 дугаар хуудас/,
1.15. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дугаартай дүгнэлтэд:
1. Ө.Э-н биед гэмтэл тогтоогдсонгүй.
Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 68 дугаар хуудас/,
1.16. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 924 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
1.17. Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1105 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 74-75 дугаар хуудас/,
1.18. Шинжээч Д.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Хэрэг бүртгэлтийн 191700216 дугаартай хэрэгт мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Дашдондог 45-21 УБХ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахаар шинжээч томилсон байсан. Тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан. Уг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай компаниар даатгалаас нөхөн төлбөр авах зорилгоор үнэлгээ захиалж хийлгүүлсэн байсан. Тэр үнэлгээ нь манай компаний үнэлгээний программд өмнөх гарч байсан он сараараа хадгалагдсан байсан. Өмнө нь нэгэнт үнэлгээ хийгдсэн байсан учраас тогтоолын дагуу уг үнэлгээний захиалагчийн нэрийг сольж өөрчлөн үнэлгээг гаргасан. Үнэлгээг 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хийсэн талаар үнэлгээн дээр бичигдсэн байгаа. Харин 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэсэн он сар засагдах боломжгүй. Учир нь программд хадгалагдсан байсан он сарыг өөрчлөх боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 76 дугаар хуудас/,
1.19. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай үнэ тогтоох комиссын шийдвэр /хх-ийн 78 дугаар хуудас/,
1.20. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. 98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй.
2. 45-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.5г “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах”, мөн дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Мөргүүлсэн адууны эзэн Б.Н /нөхөр Д.Т/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ, 27.2.з “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
4. Зам тээврийн осол гарсан шалтгаан нь: Мөргүүлсэн адууны эзэн Б.Н /нөхөр Д.Т/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчдоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 27.2.з “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
5. Шинжээчийн явцад асуултанд тусгагдаагүй шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно.
Дүгнэлт гаргасан: Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Д.Билгээ гэжээ. /хх-ийн 80-81 дүгээр хуудас/
1.21. Шинжээч Д.Билгээ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.И нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй. 98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч тохирсон хурдыг сонгон явж байсан бол саадыг зайлах боломж байсан эсэхийг үгүйсгэхгүй.
...Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 18.2.а “өөдөөс яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 м-ээс багагүй зайд” 18.2.б “өөдөөс яваа тээврийн хэрэгслийн жолооч гэрэл шилжүүлэх дохио өгвөл зайн хэмжээг үл харгалзан” 18.2.в “бусад жолоочийн нүдийг гялбуулж болзошгүй тохиолдолд” гэж заажээ. Мөн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” тухайн нөхцөл байдалд ямар байдлаар эсрэг талын жолоочид нөлөөлсөн, ямар хэмжээний тусгалтай гэрэл байсан талаар тогтоох боломжгүй байна.
...Тухайн адуу нь амьд үхсэн байсан эсэхийг техникийн шинжээч тогтоох боломжгүй.
...Зам тээврийн осол гарсан шалтгаан нь мөргүүлсэн адууны эзэн Б.Н /нөхөр Д.Т/ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ, 27.2.з “хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн нь 45-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гарах болсон шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Харин 45-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь МУЗХД-н 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. 3.5.а “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” мөн дүрмийн 3.5.г “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөн нь 98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна. Адууг мөргөсөн гэдгээ мэдсээр байж ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй зам дээр орхиж явсан, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах нь 98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч зам тэврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.
...98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.И нь осол гарах болсон шалтгаан нөхцөл нь 45-21 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч МУЗХД-н 3.5 Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. 3.5.а “тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” мөн дүрмийн 3.5.г “тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөн нь 98-02 ХЭА улсын дугаартай Toyoto Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг зам тээврийн осол гаргахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар хуудас/
1.22. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-15 дугаар хуудас/,
1.23. Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
1.24. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,
1.25. Бичиг баримт хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 30 дугаар хуудас/ зэрэг болно.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.И-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Л.И нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь Б.Н /нөхөр Д.Т/ нь мал, тэжээвэр амьтдыг хариулгагүй орхисноос Тоёота Приус-30 маркийн 45-21 УБХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ө.Энхбаатар нь Б.Н /нөхөр Д.Т/-ийн хариулгагүй орхисон адууг мөргөж ослын талаар зохих байгууллагад мэдэгдээгүй, улмаар шүүгдэгч Л.И нь өөрийн хүрээн дотор хурдаа тохируулж яваагүйгээс зорчих хэсэг дээр байсан үхсэн адууг мөргөснөөс уг зам тээврийн осол гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Л.И-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Л.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Х.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Энэ айлд бэр болоод 5 жил болж түүнээс хойш таньдаг болсон. Төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнд их тусар хуу зантай. Хүүхдэд их хайртай хүн байгаа юм. Чойрт ирвэл манайд л ирдэг... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/
2.2. Гэрч Л.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Л.И нь эхээс 5-лаа айлын 3 дахь хүүхэд. Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн. Дэлгэрхаан сумандаа сургуульд сурч тэндээ өсөж торнисон. Одоо эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Хувиараа барилгын мужааны ажил хийдэг. Тэр ажлаа хийж амьдрал ахуйгаа залгуулдаг. Эхнэр О нь эмнэлэгт үйлчлэгч хийдэг. Амьдрал ахуйн хувьд 2-лаа ажил хөдөлмөр эрхэлдэг боломжийн амьдралтай. Ааш зангийн хувьд даруй төлөв зантай, хүнд их тусар хуу, муу зуршилгүй тийм л хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/
2.3. Шүүгдэгч Л.И, хохирогч Э.А нараас Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 125-126 дугаар хуудас/
2.4. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.И-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Л.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.И-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзэж байна.
Шүүгдэгч Л.И нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.И-н В ангиллын 634876 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар – 419 дүгээр нээлттэй хорих ангид шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.И-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар – 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л-н И-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Л-н И-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.И-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.И-д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг авсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Л.И нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.И-н В ангиллын 634876 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар – 419 дүгээр нээлттэй хорих ангид шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Л.И-д хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар Хэнтий аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар – 419 дүгээр нээлттэй хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.И-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ