Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 43

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч: ******************* нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ************, гэрч ******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ************** өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. 1987 оны 1 дүгээр сараас 1991 он хүртэл Халиун сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор ажилласан боловч хөдөлмөрийн дэвтэр байхгүй болоод шүүхэд хандсан. Би нэгдлийн тракторыг өгч сумын эрчим хүчний моторчиноор 15 жил ажиллаад хүн эмнэлэгт 11 жил ажиллаад 2016 онд биеийн байдлаас болж группт орсон. Би 2 жилийн дараа тэтгэвэрт гарна одооноос ажилласан жилээ баталгаажуулахаар хүсэлт гаргасан юм. Нэгдлээс гараад сумын эрчим хүчинд ажилд орох үеэр нэгдлээс хөдөлмөрийн дэвтрээ аваагүй тэгээд л алга болсон байсан. Мөн миний нэрийг дууддаг ************ нэрээр бүртгэсэн байна. Нэгдлийн трактор барьж байсан цалингийн тодорхойлолтыг архиваас авч өгсөн. Нэгдлийн бусад баримтууд архиваас хайгаад олдохгүй байгаа. Тухайн үед нэгдэлд надаас өөр *********** нэртэй хүн байгаагүй. Би насаараа уран сайханч явсан. Урлаг уран сайханы ажилд оролцоод баярын бичиг, сайшаалын үнэмлэх, диплом зэргийг авч байсан. Түүн дээр хамт олны дууддаг нэрээр *************** гээд бичсэн байхад нь тоолгүй явсан, хожим ийм үр дагавар гарна гэж мэдээгүй. Тиймээс намайг 1987 оны 01 сараас 1991 оны 09 сар хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ********************* нь 1987 оны 01 дүгээр сараас 1991 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаартай ************* гэсэн нэртэй цалингийн лавлагаа, 1987-1990 онуудад авсан *************, *********** гэсэн нэртэй баярын бичиг, диплом, гэрчилгээ, талархал, 1983 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 31979 дугаартай тракторч-машинчийн үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, 34005 дугаартай тракторч-машинчийн үнэмлэхийн анхааруулах талон зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ /хх- 12, 13-20, 24, 23/.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаа болон зарим баярын бичиг, талархал, диплом, гэрчилгээ зэрэг баримтууд дээр ********** гэсэн нэртэй байх бөгөөд нэхэмжлэгч “...намайг дууддаг нэрээр бичиж бүртгэсэн байсан. Надад *********** нэртэй ах, дүү байхгүй, нэгдэлд надтай адилхан нэртэй хүн ажиллаж байгаагүй...” гэж тайлбарлаж, хамт ажиллаж байсан ************* гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан *********** гэрчийн мэдүүлэг авсан ба гэрч нь Халиун сумын Коммунизмийн төлөө нэгдэлд нягтлан бодогчоор ажиллаж байхад нэхэмжлэгч Халиун суманд малчин байгаад цэрэгт явж ирээд нэгдэлд грушикээр ажиллаж байгаад тракторын жолоочийн курст явж жолооч болж ирээд тракторийн жолоочоор ажиллаж байсан талаар мэдүүлж байх боловч ************** хэдийгээс хэдий хүртэлх хугацаанд ажилласан талаар тодорхой зааж мэдүүлээгүй, хамт ажиллаж байсан талаараа мэдүүлсэн болно /хх-шүүх хуралдааны тэмдэглэл/.

Нэхэмжлэгч *********** нь 1960 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн болох нь түүний 18 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар, 14 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,  Халиун сумын 1970 оны иргэний үнэмлэх олголтын бүртгэлд *********** гэр бүлийн гишүүд бүртгэгдсэн, ************ 1960 оны 03 дугаар сарын 28-нд төрсөн тухай Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 63 дугаартай архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна /хх-24-25, 27/.

Нэхэмжлэгч ************* өөрийн эрхэлж байсан ажилтай холбоогүй боловч урлаг уран сайхан, биеийн тамир спортод гаргасан амжилтийг үнэлэн Халиун сумын намын үүр, клубын зөвлөлөөс 1987 оны 02 дугаар сарын 14-ний өдөр олгосон баярын бичиг, Говь-Алтай аймгийн үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1987 оны 08 дугаар сард олгосон диплом, Халиун сумын намын үүр, ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хүүхэд залуучуудын эвлэлийн хорооноос 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон диплом, Шарга сумын намын үүр, ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, хүүхэд залуучуудын эвлэлийн үүрээс 1988 оны 06 дугаар сарын 04-ний өдөр олгосон талархал, Халиун сумын намын үүр, ардын депутатуудын гүйцэтгэх захиргаа, соёлын зөвлөлөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон гэрчилгээ, Аймгийн хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийг удирдах газар, нэгдлийн зөвлөлөөс 1989 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгосон диплом, Говь-Алтай аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлөөс 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон баярын бичиг, Халиун сумын биеийн тамирын хамтлаг, НАА, АҮ-ний төвөөс 1990 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олгосон сайшаалын үнэмлэх зэргээр шагнасан байна /хх-13-20/.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт болох цалингийн талаар гаргасан Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаартай лавлагаа, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн Б.Жавхланбаатарыг Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн захиргаа аж ахуйд 1987 оны 1, 8, 9, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 01, 2, 4, 5, 6, 9, 10, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1990 оны 5, 6, 9, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1991 оны 1, 2, 3, 4, 6, 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг буюу 1987 оны 2-7 дугаар сар, 10 дугаар сар, 1988 оны 3, 7, 8 дугаар сар, 1989 оны 3 дугаар сар, 1990 оны 1-4 дүгээр сар, 7, 8, 10, 11 дүгээр сарууд, 1991 оны 5, 7, 8 дугаар саруудад ажилласан болох нь нотлогдохгүй байх тул энэ хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна /хх-12/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ************* нь 1987 оны 1, 8, 9, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1988 оны 01, 2, 4, 5, 6, 9, 10, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1989 оны 1, 2, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1990 оны 5, 6, 9, 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1991 оны 1, 2, 3, 4, 6, 9 дүгээр сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Коммунизмын төлөө нэгдлийн захиргаа аж ахуйд тракторын жолоочоор ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                     Д.ЯНЖИНДУЛАМ