Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/32

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Л.О-н хууль ёсны төлөөлөгч О.У,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н овогт С Б холбогдох эрүүгийн 2017000570023 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-нд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 4 хүүхэд, хадам аавын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 29-01 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх Н овгийн С-ны Б /РД:НМ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 29-1 тоотод хадам аав Л.О-г өвчний учир биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газар гараараа болон хувингаар цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 29-1 тоот гэртээ хадам аав Л.О-г өвчний учир биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, алиманд цус харвалт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 29-1 тоот гэртээ хохирогч буюу хадам аав Л.Отгонбаярыг өвчний учир биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газар гараараа болон хувингаар цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхинд, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Тээвэрчдийн байрны 29-1 тоот гэртээ хохирогч буюу хадам аав Л.О-г өвчний учир биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж нүүрэн тус газар гараараа цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд цус хуралт, алиманд цус харвалт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зодсон нь үнэн. Хүүхдүүдийн хажууд шалдан яваад байсан. Эрүүлдээ хэлээгүй согтуудаа хэлсэн. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хадам аавыгаа шалдан явж байхыг харсан. Тэгээд орой нь найзтайгаа нэг шил архи уучихаад гэртээ ирээд дахин зодсон. Тэгээд маргааш нь юу болсон талаар том охин Ц-с асуусан чинь та өчигдөр өвөөг дахиад зодсон гэж хэлсэн. Тухайн үед айгаад хүүхдүүдийг ээждээ битгий хэлээрэй гэж хэлсэн гэв.

 

1.2. Хохирогч Л.О-н хууль ёсны төлөөлөгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ гэв.

 

1.3. Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтын шатад яллагдагчаар мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 23-ны өглөө гадуур дэлгүүрээр явж байгаад ойр зуурын зүйл аваад 09 цагийн үед гэртээ ирсэн. Тэгээд дуудлагын ус дуудсан. Ус зөөдөг Б гэх ах манайд ус авчирч өгсөн. Б ганц юм уучимаар байна гэхээр дэлгүүр ороод Хараа нэртэй 0.33 литрийн архи авч ирээд Б ахтай хувааж уусан. Б энэ архийг ууж дуусгаад яваад өгсөн. Би гэрээс гараад дэлгүүр явж байгаад Б /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ гэх таньдаг ахтай тааралдсан. Б ах надад 5000 төгрөг байна, ганц юм уух гэсэн юм чамд мөнгө байна уу гэхээр нь өөрөөсөө үлдсэн мөнгийг нь гаргаад дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл нэртэй архи авсан. Тэгээд Б ахын хашаанд очоод нөгөө архиа бид хоёр хувааж уусан. Би Б ахын хашаанаас яаж гарснаа санахгүй байгаа юм. Нэг мэдсэн цагдаагийн хүмүүс ороод ирсэн байсан. Дараа нь эрүүлжүүлэх байранд сэрснээ санаж байгаа юм. Маргааш өглөө нь хадам аавыг зодсон асуудлаар цагдаад эрүүлжүүлэгдсэн гэж мэдсэн. Манай хүүхдүүд хэлэхдээ та өвөөг нүүрсний хувингаар цохисон гэж хэлж байгаа. Би өөрөө санахгүй байгаа юм... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/

...Би хадам аав Л.О-г зодсон асуудлаар шалгагдаж байна. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны орой прокурор дээр байж байгаад 18 цагийн үед гэр лүүгээ явсан. Тухайн өдөр мөн урд нь хадам аав Л.О-г зодсон асуудлаар шалгагдсан хэрэг прокурор луу шилжсэн юм. Би гэр лүүгээ харих замдаа эхнэр У руу утсаар залгаад ярьсан. У би чам руу 10 000 төгрөг шилжүүлчихий, чи хүүхдүүддээ юм аваачиж өг гэж хэлсэн. Тэгээд замаараа дэлгүүр ороод хүүхдүүддээ чипс ундаа зэрэг зүйлүүд аваад хүүхдүүддээ аваачиж өгсөн. Манай гэрт манай 4 хүүхэд хадам Л.О нар байсан. Дэлгүүрээс гэр лүү явж байх замд хөдөөний бололтой дээлтэй согтуу хүн тааралдаад 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд хамт уух хүн олдохгүй байна, хоёулаа энэ архийг уучихий гэсэн юм. Би хүүхдүүддээ авсан юм аа оруулж өгчихөөд аав нь найзтайгаа уулзчихаад ирье гээд гарсан. Тэгээд гэрээс гарч ирээд нөгөө хөдөөний хүнтэйгээ хамт халуун усны баруун талд дутуу баригдсан барилга дотор ороод 0.75 литрийн Ерөөл нэртэй архийг нь хувааж уусан. Тэгээд би тэр хүнээс яаж салсанаа санахгүй байгаа юм. Архи уугаад тасарсан байсан. Маргааш өглөө нь гэрийн гадаа амбаарт унтаж байсан. Өглөө үүр хаяарч байсан. Тэгээд гэрт ороод хүүхдүүдийнхээ хажуугаар ороод унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад босоод ирсэн чинь хадам аав О-н баруун нүд нь хөхрөөд хавдсан байсан. Тэгээд том охин Ц-с хадам аавыг яасан талаар асуухад та шөнө орж ирээд өвөөг зодоод ийм болгосон гэж хэлсэн. Би мах гаргаад хүүхдүүд болон хадам аавдаа хоол хийж өгсөн. Би хүүхдүүд болон хадам аавдаа поошгин дээр унаад ийм болгосон гэж хэлээрэй, ээж чинь ирээд орилж хашгираад унана гэж хэлсэн. Тэгтэл У ажлаасаа орж ирээд арай ч унаад ийм болохгүй гээд ах Э луу залгасан. Ах нь ирээд чи цохисон юм уу гэсэн. Би үгүй гэж хэлсэн. Сүүлдээ хадам ааваас асуугаад байсан чинь Б намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд У-г цагдаа дуудахаа больчих гээд гуйсан. Э ах нь боль гээд болиулсан. Тэгтэл Э-н эхнэр нь намайг загнаад цагдаа дуудсан. Цагдаа ирээд намайг авч яваад үлээлгэж үзэхэд 0.16 гэсэн тоо гарсан. Намайг согтолт хүрээгүй гээд эрүүлжүүлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 134-137 дугаар хуудас/,

 

1.4. Хохирогч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би сар өдрийг нь санахгүй байна. Намайг гадаа нүүрсний амбаарын хажууд байхад Б архи жоохон уусан орж ирээд миний энэ рүү цохисон гээд зүүн талынхаа шанаа хэсэг рүү зааж байв. Мөн намайг цээж рүү өшиглөсөн гэж цээжний дээд хэсгээ зааж үзүүлж байв. Миний нүүрнээс цус гарсан гээд зүүн хөмсөгний дээд хэсгээ зааж үзүүлэв. Би зарим зүйлийг санахгүй байна. /О нь нэг асуултыг олон дахин давтуулж ойлгож байв/... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

...Би хүргэн Б-н гэрт цугтаа амьдардаг юм. Өчигдөр шөнө гэртээ орондоо ороод хэвтэж байтал манай хүргэн Б гаднаас архи уусан согтуу орж ирсэн. Тухайн үед цаг хэд болж байсан талаар мэдэхгүй байна. Б намайг дуудаж босгож ирээд чамайг алчихад яадаг юм бэ гээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Тэгээд баруун талын нүд рүү нэг удаа, мөн баруун  талын чих рүү нэг удаа цохисон. Мөн баруун хөл рүү өшиглөсөн. Би газар унасан чинь миний цээжин дээр хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгээд намайг зодохоо болихоор нь би гэрээс гарах гэсэн гаргахгүй хориод байсан. Манай охин У ажилтай байсан. 4 хүүхэд нь гэртээ байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 113 дугаар хуудас/,

 

1.5. Хохирогч Л.О-н хууль ёсны төлөөлөгч О.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би тухайн өдөр 10 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэртээ ирэхэд манай нөхөр Б гэртээ байхгүй байсан. Гэрт аав О манай 4 хүүхэд байсан. Манай хүүхдүүд 1, 5, 8, 9  настай хүүхдүүд байдаг. Тухайн өдөр цагаан сарын битүүний өдөр байсан юм. Би гадуур дэлгүүрээс юм авах гээд явсан. Би 12 цаг болж байхад гэрээсээ гарсан. Гараад 10 минут болоогүй байхад манай том охин Ц-д утсаар над руу яриад “ээжээ та хурдан ирээ. Аав согтуу өвөөг зодчихлоо” гэсэн. Би гэр лүүгээ ирэх замдаа цагдаа дуудсан. Тэгээд гэртээ ороод ирсэн чинь Б гэрийн зүүн талд гэрээр нэл угаадас асгачихсан сууж байсан. Би Б-д хандаад “юу болоод байгаа юм бэ. Чи яахаараа архи уучихдаг юм бэ” гэсэн чинь “та нарт хамаагүй пиздаанууд минь” гэсэн. Миний араас удаагүй 2 цагдаа орж ирсэн. Б миний хувцасны энгэрээс заамдаад бариад авсан. 2 эмэгтэй цагдаа Б-г салгаж аваад машинаа дуудаад байж байгаад аваад явсан. Манай аав О гадаа гэрийн зүүн талд байдаг 2 модон амбаарын голд нуугдсан байсан. Мөн Ц, Э нар хамт нуугдсан байсныг цагдаа нар оруулж ирсэн. Б-с айгаад нуугдсан байсан. Аавыг харахад зүүн нүдний дээд хөмсөг хэсгээс цус гарсан байсан. Мөн хамраас цус гарсан байсан. Б-г цагдаа аваад явсны дараа эмнэлэг дуудаж аавыг үзүүлсэн. Б Ц Э нарыг зодсон асуудлаар мөн давхар шалгагдаж байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

1.6. Гэрч О.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 04 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Петровис ХХК-нд Шатахуун түгээх станц дээр түгээгчээр 24 цаг үүрэг гүйцэтгэж хоносон. 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр манай нөхөр Б хүүхдүүдээ зодсон асуудлаар шүүхээр баривчлагдаад гарч ирсэн. Тэгээд над руу утсаар ярихаар нь хүүхдүүддээ юм авч өг гээд 10 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд маргааш өглөө ажлаасаа буугаад хуралд суучихаад 10 цагийн үед гэртээ ирсэн. Тэгтэл аав О-н баруун талын нүд хөхөрсөн байсан. Би ааваасаа яасан талаар асуусан чинь газар унасан гэж хэлсэн. Мөн хүүхдүүд өвөө поошиг мөргөж унасан гэж хэлсэн. Б архи уусан байдалтай байсан. Би Э ах руу залгаад өчигдөр манайд ирсэн үү аавын нүд яасан юм бэ гэсэн чинь Э ах намайг 21 цагийн үед очиход аавын нүд зүгээр байсан гэж хэлсэн. Б гэртээ байхгүй байсан гэж надад хэлсэн. Тэгээд Э ах эхнэртэйгээ ирсэн. Э ахын эхнэр аавд хандаад та нүдээ яаснаа надаа хэлчих, би хүнд хэлэхгүй гэсэн чинь хүргэн Б өчигдөр орой архи ууж ирээд намайг зодсон гэж хэлсэн. Хүүхдүүд нь мөн дараа нь хэлэхдээ аав өвөөг зодсон гэж хэлж болохгүй шүү гээд загнаад байхаар бид нар нуусан гэж хэлсэн. Тэгээд цагдаад хандсан. Б-г цагдаа ирээд аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 117 дугаар хуудас/,

 

1.7. Насанд хүрээгүй гэрч Б.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай ээж цагаан сарын юм дэлгүүрээс авах гээд гараад явсны дараа манай аав гаднаас архи уучихсан байдалтай согтуу орж ирсэн. Манай өвөө гэрийн гадаа нүүрс хагалаад сууж байтал аав хашаагаар орж ирэнгүүтээ өвөөд хандан “лалар минь чи орооч, юундаа нүүрстэй ноцолдоод байгаа юм бэ” гэж хэлтэл өвөө аавын өөдөөс “алаач алаач” гэж хэлтэл аав “яадаг юм бэ, чамайг ална” гэж хэлээд аав өвөөгийн толгой руу нь гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд, нүүрсний төмөр хувингаар толгой руу нь цохиод байсан. Тэгэхээр нь би дүү Э-гээ хамт аавыг болиулах гэсэн чинь “лалрууд минь ор” гэж хэлээд эхлээд манай дүү Энэрэлийг хөл рүү нь нэг удаа өшиглөөд дараа нь миний бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд аав өвөөтэй хэрүүл хийгээд байхаар нь би ээж рүү утсаар залгаж хэлсэн. Тэр үед өвөөгийн толгойноос цус гарсан байсан. Тэгээд аав гэртээ орчихоод дүү бид хоёрыг гэртээ орохоор зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд ээжийг иртэл амбаарын завсраар өвөө бид гурав нуугдсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

...Өчигдөр манай аав Б 18 цагийн үед найзтайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд 22 цагийн үед архи уусан согтуу орж ирсэн. Тэгээд өвөө О луу дайраад хүүхдүүдийн хажууд өмд хувцсаа тайлаад гээд баруун чих рүү нэг удаа, баруун нүд рүү 3 удаа гараараа цохисон. Тэгээд баруун хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд дээр суучихаад цохих гээд байсан. Би боль гэсэн чинь болихгүй байсан. Мөн өвөөг цамцны захаар нь хоолойг нь боох гээд байсан. Өвөө өөдөөс нь яаж ч чадахгүй байсан. Өвөө чи дээрээс бос гэсэн чинь аав босохгүй байсан. Аав өвөөгийн гэдсэн дээр суугаад байсан болохоор өвөө өмдөндөө баасан байсан. Өвөө гарах гэсэн аав гаргахгүй хориод байсан. Аав тэгээд өвөөг зодохоо болиод гадаа амбаарт унтахаар гарсан. Аав буцаж орж ирээд “дахиад өвөөг чинь зодчих уу” гэхээр нь “би яах юм бэ” гэсэн чинь буцаад гараад явсан. Маргааш өглөө буюу өнөө өглөө аав орж ирээд өвөөгөө поошгин дээр өнхөрч унаад нүдээ цохисон гэж хэлээрэй, үнэнийг хэлэх юм бол зодно шүү гээд байсан. Аав өглөө орж ирээд зарим зүйлийг нь санахгүй байсан. Заримыг нь санаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 118 дугаар хуудас/,

 

1.8. Насанд хүрээгүй гэрч У.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр манай ээж дэлгүүрээс юм авна гээд гэрээс гараад явсны дараа манай аав гаднаас архи уучихсан согтуу орж ирээд “өвөөг чинь алчих уу” гээд байсан. Тэгээд аав өвөөгийн толгой руу нь гараараа цохиод хөлөөрөө өшиглөөд бас хувингаар зодоод байсан. Тэгэхээр нь эгч Ц бид хоёр аавыг болиулах гэж оролдсон чинь аав манай эгч Ц бид хоёрыг хөлөөрөө өшиглөсөн. Манай 2 жаахан дүү ааваас айгаад орны доогуур орж нуугдсан. Аав эгч бид хоёрыг “Зайл” гээд хөөгөөд байсан болохоор өвөө эгч бид 3 модон амбаарынхаа завсраар орж нуугдсан юм. Тэгээд дараа нь ээж ирээд цагдаа нар ирээд аавыг аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/

...Өчигдөр манай аав Б 18 цагийн үед найзтайгаа уулзана гээд гараад явсан. Тэгээд 22 цагийн үед архи уусан согтуу орж ирсэн. Тэгээд О луу дайраад хүүхдүүдийн хажууд өмд хувцсаа тайлаад гээд баруун чих рүү 1 удаа, баруун нүд рүү 3 удаа гараа цохисон. Тэгээд баруун хөл рүү өшиглөсөн. Тэгээд дээр суучихаад цохих гээд байсан. Манай эгч Ц боль гэсэн чинь болихгүй байсан. Мөн өвөөг цамцны захаар нь хоолойг нь боох гээд байсан. Өвөө өөдөөс нь яаж ч чадахгүй байсан. Өвөө чи дээрээс бос гэсэн чинь босохгүй байсан. Аав өвөөгийн гэдсэн дээр суугаад байсан болохоор өвөө өмдөндөө баасан байсан. Өвөө гарах гэсэн аав гаргахгүй хориод байсан. Аав гайгүй болоод гадаа амбаарт унтаад өгсөн. Маргааш өглөө буюу өнөө өглөө аав орж ирээд өвөөгөө поошгин дээр өнхөрч унаад нүдээ цохисон гэж хэлээрэй, үнэнийг нь хэлэх юм бол зодно шүү гээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас/,

 

1.9. Гэрч Х.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Даралт ихэсдэг, уушигны архаг бронкид өвчний улмаар хяналтанд байдаг. Урьд нь тархинд цус харваад үлдэц гэсэн оношоор хяналтанд байдаг.

О-н хувьд хэл яриа муутай, ойлгоц удаатай. Өөрийгөө илэрхийлэх чадвар султай. Сайн алхаж гишгэж явж чадахгүй, ойрд ирж үзүүлэхгүй байгаа. Ер нь байнгын асаргаанд байх шаардлагатай байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

1.10. Гэрч Н.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Л.О-тай уулзаж байсан. Гэрээр нь ганц нэг удаа очиж байсан. Хамгийн сүүлд хүнсний тусламж өгөхөөр Дэлхийн зөн байгууллагын хүмүүстэй очиж байсан. Биеийн байдал нь нилээн муу, хэл яриа муутай, өөрийгөө илэрхийлэх чадвар султай хүн байсан. Л.О-н хувьд охин У-н асаргаанд байдаг. Асран хамгаалагчаар нь охин У нь тогтоогдсон. Л.О-н хувьд тал цус харвасан хүн учраас охин У-н асрамжинд өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч У.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Өдрийг нь сайн санахгүй байна. 2020 оны 02 дугаар сард санагдаж байна. Би гэрийнхээ гадаа байж байтал Б ирээд 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж ирээд хамт ууя гэхээр нь би ажилтай уухгүй гэсэн. Б аягаа гаргаад ир гээд надад нэг хундага хийж өгчихөөд архиа аваад явсан. Б нилээн согтсон байсан. Б манайхаас гараад хойшоо явсан. Орилоод хашгираад яваад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 64 дугаартай дүгнэлтэд:

- Л.О-н биед зүүн нүдний зовхинд, зүүн шилбэнд цус хуралт, зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 39 дүгээр хуудас/,

 

1.13. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 65 дугаартай дүгнэлтэд:

- Б.Ц-н биед зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтэд:

- У.Энэрэлийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

1.15. Гэрч Д.Г мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өглөө 10 цаг өнгөрч байхад У Э луу яриад аав поошиг мөргөөд унасан гэж байна гэж хэлсэн. Э урд өдөр нь 21 цагийн үед очоод гал хийж өгчихөөд явахад зүгээр байсан гэж хэлсэн. Аав У-н 4 хүүхэдтэй хамт байсан. Б нь байхгүй байсан. У ажилтай байсан гэж хэлсэн. Тэгээд хадам аав дээр яваад очсон чинь баруун нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Хөхрөлтийг харахад битүү цохисон байдалтай шалбарсан зулгарсан зүйл байхгүй байсан. Хадам ааваас асуухад поошиг мөргөсөн гэж надад хэлсэн. Би поошиг мөргөсөн бол шалбарсан байх ёстой, цагдаа дууд гээд У-д хэлсэн чинь Б У-д хандаад миний хайраа битгий цагдаа дуудал даа гээд босоод ирсэн. Намайг нэг удаа уучилчихалдаа гэж хэлсэн. Хадам аав сүүлдээ Б-д зодуулсан талаараа надад хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд Б-г аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 120 дугаар хуудас/,

 

1.16. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 112 дугаартай дүгнэлтэд:

- Л.О-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Учирсан баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ /хх-ийн 125-126 дугаар хуудас/,

 

1.17. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 112 дугаартай нэмэлт дүгнэлтэд:

- Л.О-н биед баруун нүдний зовхинд цус хуралт, алиманд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Учирсан баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа болон нийлсэн ч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ /хх-ийн 131 дүгээр хуудас/,

 

1.18. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-22 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч С.Б-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч С.Б нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, иргэдийн амгалан тайван байдал алдагдуулснаас үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч С.Б-г үргэлжилсэн үйлдлээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч С.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Ц.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Барагтын хувьд манай нөхөртэй хамт ажилладаг байсан. Хүний хувьд даруухан зан чанартай хүн байдаг. Хүнтэй найзалж нөхөрлөхдөө элдэв янзын ааш зан гаргаад байдаггүй. Би архи уусан явж байхыг нь хараагүй. Яриа хөөрөөтэй цайлган зантай залуу байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

2.2. Гэрч И.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Барагтын хувьд хүнд их тусархуу, эрхэлсэн ажилдаа сайн. Хүнтэй эвсэг харилцаатай байдаг. Цагаахан цайлган сэтгэлтэй залуу гэж хувьдаа бодож явдаг. Надтай муухай харьцаж хэрүүл шуугиан хийж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

2.3.  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 71-79 дүгээр хуудас/,

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ЗШ/32 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 84-85 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч С.Б-н өмгөөлөгч Б.Батчимэг нь шүүх хуралдаанд “уг гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь хохирогчийн буруутай үйлдлээс болсон. Өөрөөр хэлбэл хохирогч Л.О нь бага насны хүүхдүүдийн дэргэд нүцгэн шалдан явдаг. Энэ үйлдэлд С.Б нь эмзэглэж уг гэмт хэрэг гарсан байна. Иймээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 цагаас доош дундажлаад тогтоож өгнө үү” гэх санал гаргасныг шүүхээс хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч С.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж тухайн болсон үйл явдлыг санадаггүй талаар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ хэлдэг ба хохирогч Л.О нь тал цус харвасан, эмнэлгийн хяналтанд, мөн охин О.У-н асрамжинд байдаг нь мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтуудаар тогтоогддог ба энэ байдлыг мэдсээр байж Л.О-г “хүүхдүүдийн дэргэд нүцгэн явлаа” гэж хэлж, уг байдлаар шалтаглан түүнийг зодсон үйлдлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзээгүй болно.

Шүүгдэгч С.Б-н хувийн байдалд дүгнэлт хийхэд урьд нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, мөн Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ЗШ/32 дугаартай шийтгэврээр 15 хоногийн баривчлах шийтгэл оногдуулсан ба шүүгдэгч С.Б нь өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийгээгүй байх тул өмгөөлөгч Б.Батчимэгийн хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна.

 

            Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож 256 /хоёр зуун тавин зургаа/ цагийг түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч С.Б-н эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг нийт 464 /дөрвөн зуун жаран дөрөв/ цагийн хугацаагаар тогтоолоо.

 

Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Хохирогч Л.О нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч С.Б-г гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н овогт С-ны Б-г үргэлжилсэн үйлдлээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-н цагдан хоригдсон 32 /гучин хоёр/ хоногийн 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцож 256 /хоёр зуун тавин зургаа/ цагийг түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч С.Б-н эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг нийт 464 /дөрвөн зуун жаран дөрөв/ цагийн хугацаагаар тогтоосугай.

6. Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч С.Б нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Отгонбаяр нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ЭНХМАНДАХ