Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 0024

 

 

              Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, Баянгол гудамж,  1 тоотод оршин суух Иөншөөбү овогт ******* /РД:ДЭ-/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум Номгон 3 дугаар баг, Дэрст булан гэх газар оршин суух Еншөөбү овогт ******* /РД:МФ--/-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхамжав,  хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Долгорсүрэн нар  оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч *******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Б.Лхамжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* нь 1999 онд *******тай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүү Хүслэн төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй учир өөрийн овгоор овоглосон. *******тай зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2004 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Бид Баянтөгстэй ярилцаад хүү Хүслэнгийн ирээдүйг бодож, сайн боловсрол эзэмшүүлэхийн тул хот газар бараадуулж Лхамжав миний бие Хүслэнг өөр дээрээ 2008 оноос авсан. Хүслэн нь 2008 онд Баянгол дүүргийн  Тэргүүний 47 дугаар сургуульд 1б анги, 2013 онд Сонгинохайрхан дүүргийн Буянт ухаа цогцолбор сургуулийн 5б ангид өнөөдрийг хүртэл сурч байна. Хүслэн нь 2012 онд 8 жилийн 47 дугаар сургуулийн аварга, 2015 оноос түрнүкээр хувиараа хичээллэж байгаа. Ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. Өвөл болон зуны амралтаараа ээж, дүү нарын хамт амьдардаг. Миний бие сурч боловсрох хугацаанд нь Хүслэнг өөрийн асрамжинд байлгаж байгаа боловч хууль ёсны асран хамгаалагч биш ээж Баянтөгс нь Хүслэнгийн хууль ёсны асран хамгаалагч юм. Иймд эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******ийн нэхэмжлэлтэй ******* надад холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлтэй танилцаад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие ******* эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь 2001 онд төрсөн хүү Хүслэн бол миний төрсөн хүү мөн гэдэгтэй хариуцагчийн зүгээс маргалдахгүй байна. Харин ******* миний хүү Хүслэнг төрсөн цагаас хойш надтай амьдрахгүй хэмээн салсан бөгөөд 2008 оноос хойш миний хүү Хүслэн Баянтөгсийн эгч Б.Лхамжавын асрамжинд өсөж байгаа юм байна. Тиймээс би өөрийн төрсөн хүү Хүслэнг өөрийн асрамжинд байлгаж сургууль соёлд оруулах хүсэлтэй байна. Иймд шүүх бидний дундаас төрсөн хүү Хүслэнгийн эрх ашгийг хамгаалж ******* миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч маань эцэг тогтоолгох шаардлагын хувьд бол зөвшөөрч байгаа. Хүүхдийн асрамжийн асуудал дээр миний үйлчлүүлэгч хүүхдээ өөрийн асрамжинд авна гэсэн байр суурьтай байдаг. Өнөөдөр шүүх хуралдааны үргэлжлүүлээд хийж байгаа учраас хуулийн хүрээнд би тайлбар хэлнэ гэж бодож байна. *******ын хувьд бол хүүхдээ төрсөн цагаас нь хойш хамт амьдарч байгаад тодорхой шалтгааны улмаас энэ хоёр хүн маань салсан байгаа. Гэхдээ хүүхдээ бол орхиогүй. Хүүхдээ өөрөө авч харж хандах ийм бодолтой байдаг. Хүүхдээ өөр дээрээ авах гэж тодорхой хэмжээнд явсан. Тэгээд хариуцагч маань өөрөө хөдөө малчин учраас тэр болгоныг хаяаад явах боломж байгаагүй. Иймд сүүлийн хэдэн жилүүдэд бол хүүхдээсээ холбоо сураг тасарсан байдаг. Энэ хүүхэд өнөөдөр эцэг, эхийн асрамжинд байх ёстой. Үүнийг бол гэр бүлийн тухай хууль дээр бол зохицуулж өгсөн байдаг. Тэгэхээр өмнөх жилүүдэд хүү Хүслэн нь өөрийн эхийн асрамжинд байгаагүй. Улаанбаатар хотод ээжийн эгч болох Лхамжавтай хамт амьдарч  энэ хүний асрамжинд байдаг юм байна. Нэхэмжлэгч ******* нь Хүслэнгийн төрсөн ээж, хариуцагч *******тай хамтран амьдарч байсан. Энэ хүүхэд 16 жилийн турш ээжийнхээ асрамжинд байсан уу үгүй юу гэдэг бол энэ хэрэгт цугларсан баримтуудад 2008 оноос хойш итгэмжлэгдсэн төлөөлөгч Лхамжав гэдэг хүний асрамжинд байсаар ирсэн нь харагдаж байна. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хүүхдийг  хүмүүжлэх эрх үүргийг заагаад өгсөн байдаг. 26 дугаар зүйлийн 1-д хүүхдийг хүмүүжүүлэх тал дээр эцэг, эх, аль аль нь адил тэгш эрхтэй. Эрх үүргээ хүлээнэ гээд заасан байдаг. Нэгэнт эцэг нь би Хүслэнгийн эцэг мөн гээд хүлээн зөвшөөрсөн байгаа учраас хүүхдийг нь хариуцагч Төмөрбаатарын асрамжинд байлгаж өгнө үү. Хэрэв Хүслэн нь өөрийн ээж Баянтөгстэй өнөөдрийг хүртэл хамт амьдарч ээжийн асрамжинд байдаг бол асрамжийн асуудлыг хүлээн зөвшөөрөх байсан. Гэвч ээжийнхээ асрамжинд байхгүй байгаа учраас энэ хуулийн заалт хүүхдийг асран хамгаалж тэжээн тэтгэх үүргээр нь хангаж биелүүлэх боломжийг олгож хүүхдийг нь миний үйлчлүүлэгч *******ын асрамжид байлгах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Төмөрбаатарын хувьд ээж, өөрийн төрсөн хүүгийн хамт амьдарч байгаа. Төмөрбаатар нь амьдрал ахуй, хүүхдээ тэжээн тэтгэх асуудал дээр ямар нэгэн асуудал байхгүй. Хүүхдээ цаашид өсгөөд тэжээгээд явах бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тодорхойлолт, “ЭнхБуянт Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 337 дугаар Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******гийн төрсний гэрчилгээ, шүүхээс хийсэн ажиллагаа зэрэг бичгийн  нотлох баримтуудыг уншин сонсгож, шинжлэн хэлэлцэв.

                                                     ҮНДЭСЛЭХ  нь :

            Нэхэмжлэгч  ******* нь хүүхдийн эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч ******* нь 2001 оны 03-р сарын 01-ний өдөр төрсөн хүү *******г өөрийн хүү гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч  хүүгээ өөрийн асрамжид авна гэж хүүхдийн асрамжийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

            *******, ******* нар нь 1999 онд танилцаж дотносон улмаар тэдний дундаас 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ******* төрсөн нь *******гийн төрсний гэрчилгээ /х.х-ийн 6-рт/, “ЭнхБуянт Манал” өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхэд эрүүл бойжиж байгаа талаархи тодорхойлолт,/х.х-ийн 3-рт/ зэргээр нотлогдож байна.

            *******, ******* нар 2004 оноос хойш өдийг хүртэл тусдаа амьдарч байгаа ба хүү ******* одоо ээжийнхээ болон ээжийнхээ эгч Б.Лхамжавын асрамжид байгаа нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.          

             Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******г эх *******ийн асрамжинд үлдээж , Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар эцэг   *******аас  тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан *******өд олгох нь зүйтэй.

            Нэхэмжлэгч ******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар *******аас нэг жилийн хугацаанд *******д төлөх тэтгэлэг  1.747.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 43.692 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийн 118.5-д  заасныг удирдлага болгон

 ТОГТООХ  нь:

            1.Гэр бүлийн тухай  хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2-д заасныг баримтлан 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******гийн эцгээр  Еншөөбү овогт *******ыг тогтоосугай.

            2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү *******г эх Иөншөөбү овогт *******ийн асрамжид үлдээсүгэй.

            3.Гэр бүлийн тухай  хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан эцэг *******аас 2001 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн 15 нас 10 сартай хүү *******г сар  бүр тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан  /суралцаж байгаа18/ нас  хүртэл тус тус тэжээн тэтгүүлсүгэй.

            4.Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар ******* тэтгэлэгийг өөрөө захиран зарцуулах эрхтэй болохыг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан  *******өд олгосугай.

            6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс *******ийг чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар *******аас нэг жилийн хугацаанд *******д төлөх тэтгэлэг  1.747.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 43.692 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай

            8.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            10.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.САРАНТУЯА