Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 183/2017/02575/И |
Дугаар | 001/ХТ2018/00799 |
Огноо | 2018-05-17 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 001/ХТ2018/00799
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02368 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар магадлалтай,
“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Н” ХХК, А.А-д холбогдох,
22.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-эрдэнэ, хариуцагч А.А-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч “К” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь “Н” ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1 тоот түрээсийн гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 3 хороо Чингисийн өргөн чөлөө 45А байрны 1 дүгээр давхарт байрлах 186,7 м.кв талбайтай ажлын байрыг зоогийн газрын үйл ажиллагаа явуулахаар 1 сарын 1.500.000 төгрөгийн үнэтэй түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан. Гэрээг “Н” ХХК-ийн нэрээр байгуулсан боловч А.А- зоогийн газрыг биечлэн ажиллуулж, түрээсийн төлбөр тооцоог манай компанитай хийж, тооцоо нийлсэн акт тогтмол үйлдэж байсан. 2016 оны 7 дугаар сараас эхлэн “Н” ХХК нь түрээсийн төлбөрөө төлж чадахгүй хойшлуулж эхэлсэн. 2016 оны эцэс гэхэд 9.000.000 төгрөгийн түрээсийн үлдэгдэлтэй гарсан. Үүнээс хойш 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7.200.000 төгрөгийн түрээсийн төлбөр нэмэгдэж нийт 16.200.000 төгрөг болсон. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 2017 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 1.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2017 оны 7 дугаар сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөр 500.000 төгрөг төлж түрээсийн төлбөрийн үлдэгдэл 14.200.000 төгрөг болсон. хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 24-ны өдөр 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, гэрээгээ цуцалж, байраа хүлээлгэж өгье гэсэн хүсэлт гаргасан. Үүний дагуу манайх саналыг хүлээн авч гэрээг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож байраа хүлээж авсан. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж төлбөр барагдуулах гэрээний хавсралт тооцоо нийлсэн акт дээр хүлээн зөвшөөрсөн боловч төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул “Н” ХХК болон А.А- нараас түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөг, алданги 8.100.000 төгрөг нийт 22.300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Н” ХХК, А.А- нар шүүхэд гаргасан тайлбартаа: Манайх 2016 оны 7 дугаар сараас 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 293 хоног хоногийн түрээсийг алдангийн хамт тооцож 13.543.500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэрээ цуцлах тал дээр нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гэрээг цуцлая гэж хэлсэн. 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдөр бичгээр үйлдэж өгсөн баримт байгаа. 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нарийн бичиг нь дуудаад тооцоо нийлэх акт гэж 22.300.000 төгрөгийн мэдэгдэл өгсөн. Хамгийн сүүлд төлбөр төлөх гэрээ байгуулахад надад өгсөн гэрээн дээр би гарын үсэг зурсан бусад хүмүүс гарын үсэг зураагүй. 22.300.000 төгрөгийг өгөх боломжгүй, алданги төлөхгүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02368 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Н” ХХК /РД:5481759/, Боржигон овогт Алтангэрэлийн Амарсанаа /РД:АЮ69052171/ нараас 21.300.000 /хорин нэгэн сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “К” ХХК /РД:5481759/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н” ХХК, А.А- нараас 264.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/02368 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан Номун хүрдийн эрин ХХК, А.А- нараас түрээсийн гэрээний 17.384.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.916.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын 264.450 гэснийг 244.870 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Хариуцагч талаас алдангийн хэмжээг илт их байна, багасгаж өгөөч хэмээн үндэслэл бүхий хүсэлт давж заалдах шатны шүүхэд гаргаагүй. Мөн нөгөө талаас нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагч нарт маш олон удаа боломж олгож түрээсийн өр төлбөрөө барагдуулахыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээж цаг хугацаагаа алдаж ирснийг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүх алдангийг 50 хувиар багасгаж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, цаг хугацаа хожиж, шударга бус байдлыг өөгшүүлж гэрээний хариуцлагыг буруутай талд ногдуулахгүй байх боломжийг олгож байгаа мэт сэтгэгдэл нэхэмжлэгч талд төрүүлж байна. Нэхэмжлэгч нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хохирч байгааг анхаарч үзэж алдангийг бүрэн 6,368,000 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч нараас 20,568,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйл ажиллагаа явуулж байсан бүх хугацааны түрээс, мөн бүх сарын алданги нийлээд 13.516.500 төгрөг болж байгаа. Гэтэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй хугацааны алдангийг нэмж тооцож нэхэмжлээд байна нь гэрээний үйл ажиллагаа явуулсан хугацааны алдангийг тооцно гэсэн заалтыг зөрчиж байна. Иймд үйл ажиллагаа явуулаагүй 2, 3, 4, 5 сарын түрээс, алданги 3.867.500 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч “Н” ХХК болон А.А- нарт холбогдуулан 22.300.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа түрээсийн төлбөр 14.200.000 төгрөг, алданги 8.100.000 төгрөг гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс 13.543.500 төгрөгийн шаардлагыг зөвшөөрч, үлдэх хэсгээс татгалзжээ.
Зохигчийн хооронд 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан Түрээсийн гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 45а байрны 1 давхрын 186.7 м.кв талбайг зоогийн газрын зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулах, хариуцагч сард 1.500.000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ /хэргийн 7-8 дугаар тал/
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь бус харин түүний тодорхой хэсгийг түрээслэхээр тохирч, гэрээг бичгээр байгуулж, эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасан шаардлагыг хангажээ.
Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээх ба гэрээний 1.3.5, 1.3.6-т зааснаар түрээслэгч сарын төлбөрийг түрээслүүлэгчээс ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн тухайн сарын эхний 5 хоногт багтаан төлөх, төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлөхөөр тохирчээ.
Түрээслэгч төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул түрээслүүлэгч гэрээ цуцлахыг мэдэгдсэн, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 30-ний өдрөөр гэрээг дуусгавар болгохыг хүлээн зөвшөөрчээ /хэргийн 40 дүгээр тал/.
Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 288 дугаар зүйлийн 288.2.3, 221 дүгээр зүйлийн 221.3-т заасныг зөрчөөгүй, энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч гэрээ цуцлах хүртэл хугацааны түрээсийн төлбөр, алданги шаардсан, хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 17-ний өдрөөс хойш гэрээ цуцлах хүртэл хугацааны түрээсийн төлбөр, алдангийг эс зөвшөөрчээ.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.4-т зааснаар түрээслэгч өөрийн буруугаас эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол хөлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй тул хариуцагч гэрээ цуцлах хүртэл хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр энэ хугацааны төлбөр төлөхөөр тохирсон нь тэдгээрийн хооронд хийсэн тооцооны актаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үүргийн биелэлтийн талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан дүгнэлт хийж хариуцагч түрээсийн төлбөрт 14.200.000 төгрөг төлөх үүрэгтэй гэж үзэж, уг шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-т нийцжээ.
Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д заасан, давж заалдах шатны шүүх үндсэн үүргээс тооцсон 6.368.000 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгаж нэхэмжлэлээс 17.384.000 төгрөгийн шаардлагыг хангаж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 262 дугаар магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 65.900 төгрөг, хариуцагчаас 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 77.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ