Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 909

 

Б.Д, С.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор М.Хэрлэнчимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Угийн гаргасан давж заалдах гомдлоор С.У, Б.Д нарт холбогдох 201725012074 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          1. У овогт С.У, 1990 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа үсчингээр ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ____________ оршин суух, ял шийтгэлгүй, /РД: __________________/,

          2. Х овогт  Б.Д, 1985 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын эдийн засаг, менежмент мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа үсчингээр ажиллаж байсан, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт _______________тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ________________/,

          С.У, Б.Д нар нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Наран үсчний газарт хоорондоо үйлчлүүлэгчээ булаацалдан маргалдаж, харилцан зодолдож бие, биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: С.У, Б.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.У, Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Уг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр, Б.Дыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Уд оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Б.Дт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.У, Б.Д нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.У, Б.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, одоогоор С.У бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Даас 43.200 төгрөг гаргуулж, хохирогч С.Уд олгох, хохирогч С.У, Б.Д нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, С.У, Б.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.У гаргасан давж заалдах гомдолдоо: “... Мөрдөн байцаалтад Б.Д нь “... тэргэнцэр дээр байсан самыг аваад С.У руу шидтэл хайч доор нь байсан нь хамт авагдан шидэгдээд нүүрэнд нь оночихсон ...” гэж худал мэдүүлэг өгсөн. Бодит үнэн нь Б.Д намайг хэл амаар доромжилж байгаад эхлээд үсний машинаа эвдэртэл миний толгой руу шидэж, миний толгойг хавдтал цохисон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа нэг талыг барьсан. Учир нь Б.Д миний нүүр лүү үсний том хайч шидэж, зүсэгдээд цус нь тогтохгүй түргэн дуудаж, хэдэн цагийн дараа боолгож байж цусыг нь тогтоосон байхад Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7011 тоот дүгнэлтэд “С.Угийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж нэг талыг барьж буруу дүгнэлт гаргасан. Гэтэл энэ зүссэн сорвийг лазераар арилгахад л 2.000.000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7028 тоот дүгнэлтэд “... Б.Дын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэжээ. Би хатуу мохоо зүйлээр цохих нь битгий хэл өөрөө хэл амаар доромжлуулж, том хар үсний машинаар толгой руугаа хавдтал цохиулж, хурц иртэй хайчаар нүүрээ зүсүүлж байхад ингэж буруу дүгнэлт гаргаж ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулаагүй, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан, мөрдөн байцаагч хэрэгт хамааралтай үсний цустай хайч, үсний машин, фото зураг зэргийг аваагүй. Шүүх хурал болохоос 3 хоногийн өмнө хавтаст хэрэгт миний өгсөн гэрэл зургууд байхгүй байгааг мэдэж Төгс-Эрдэнэ мөрдөн байцаагч руу утсаар ярьтал хууль шинэчлэгдээд зургийг чинь хэрэгт хавсаргахаа мартчихсан байна гэж хэлээд надад өгсөн. Би тэр зургийг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Шүүх нь хэргийн бодит нөхцөл байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөлгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, процессийн алдаа гаргасан, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьж намайг Б.Дт доромжлуулж, зодуулж, бодитоор нүүрэндээ хурц иртэй хайчаар зүсүүлчихээд байхад шүүх шударга шийдвэр гаргахгүй намайг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна ...” гэжээ.

Прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Б.Д нь “Тэргэнцэр дээр байсан самыг аваад С.У руу шидтэл доор нь хайч байж таараад хамт шидэгдээд нүүрэнд нь оночихсон” гэж мэдүүлдэг. Харин С.У нь “үсний машинаа эвдэртэл миний толгой руу шидэж, миний толгойг хавдтал цохьсон” гэж мэдүүлсэн боловч шинжээчийн дүгнэлтээр тархи нь хавдсан гэх зүйл дурдагдаагүй. Тухайн үед шинжээч эмч үзээд С.Угийн биед учирсан гэмтлийг тогтоож, эдгээр гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж үзсэн. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг харахад С.У, Б.Д нар нь нэг байранд хамт ажилладаг. Үйлчлүүлэгчээ булаацалдсанаас болж маргалдсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Б.Д, С.У нар нь харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдсон. Энэ хэрэгт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ажиллагаа явагдаж байгаад 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

С.У, Б.Д нар нь 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Наран” үсчний газарт хоорондоо үйлчлүүлэгчээ булаацалдан маргалдаж, харилцан зодолдож бие, биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч С.Угийн “... 2017 оны 5 дугаар сарын 26-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” үсчний газар ажлаа хийж байгаад хамт ажилладаг Б.Дт “үс засуулах хүн орж ирвэл хэлээрэй, дэлгүүр орчихоод ирье” гээд гарсан. Бид хоёр орж ирсэн хүмүүсээ ээлжилж авдаг бөгөөд тухайн үед хүн орж ирвэл миний авах ээлж байсан учраас би хэлчихээрэй гээд гарсан. Тэгээд дэлгүүр орчихоод буцаад ороод иртэл Б.Д нэг хүний үс засаад байж байсан. Би түүнд “миний ээлж биз дээ, яаж байгаа юм бэ” гэхэд “чамайг дуудах зав байхгүй” гээд намайг хэл амаар доромжилсон. Би өөрийнхөө үсчний сандал дээр суугаад бид хоёр хэрэлдэж байтал тэр уурлаад үс засч байсан үсний машинаа аваад шидэхэд миний толгойд оносон ба уг машин нь газраар нэг тараад унасан. Би яаж байгаа юм бэ гээд босоод иртэл миний үснээс зулгаасан. Би ч гэсэн түүний үснээс зулгаасан. Тэгтэл тавьчих гээд байсан ба түүний бэр дүү Номио ч гэсэн ирээд намайг тавьчих гээд байхаар нь би түүний үснээс тавиад, өөрийнхөө үсийг янзлаад зогсож байтал Б.Д үсний хайч, шингэлгээний хайч, сахалын бритва хутга зэргийг бөөнд нь шидсэн. Тэгтэл үсний хайч нь миний хацарыг оноод язарч, зүсэгдэж цус гарсан. Тэгээд би цагдаа дуудсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж оёдол тавиулсан...” /хх-25-26/,

Хохирогч Б.Дын “... 2017 оны 5 дугаар сарын 26-ны өглөө Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наран” үсчний газар ажлаа хийгээд нэг хүний үс засаад зогсож байтал хажууд суудаг үсчин С.У гаднаас орж ирээд намайг “чи ичээч, шуналтай пизда, цүдийчихээд” гэх зэргээр  хэл амаар доромжилсон. Тэгээд би түүнтэй хэрүүл хийгээд, хүний үс засаад зогсож байтал С.У араас ирээд миний үснээс зулгаачихаад, цаашаа сандал дээрээ очиж суусан. Тэгэхээр нь би хүний үс засаад барьж байсан үсний машинаа шидэхэд залгуурандаа татагдаад С.Угийн хөлний наана газарт унаад эвдэрсэн. Тэгтэл С.У босч ирээд бид хоёр хэн хэнийхээ үснээс зулгаалцсан. Тухайн үед манай дүү Батмөнх, Номин-Эрдэнэ нар байсан болохоор биднийг хоёр тийш салгасан. Тэгээд би С.Угийн үсчний тэргэнцэр дээрээс сам аваад шидсэн чинь үсний хайч хамт баригдаад түүний хацарт нь оносон. Тухайн үед хацарт нь оносныг мэдээгүй, С.У доошоо тонгойсон ба өндийхөд нь хацраас нь цус гарч байсан. Тэгээд цагдаа дуудаад бид нар цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгөөд, шүүх эмнэлэгт үзүүлсэн...” /хх-28-29/ гэх мэдүүлгүүд,

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... С.Угийн биед баруун нүдний доод зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 7011 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-16/,

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “... Б.Дын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 7028 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-17/, С.Угийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-67/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Б.Д, С.У нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс С.У, Б.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Уг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хуульд нийцэж байна.

Харин шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нь харилцан адилгүй, өөрөөр хэлбэл Б.Д нь зэвсэг хэрэглэж С.Угийн биед гэмтэл учруулсан байхад ял шийтгэлийг адил тэнцүү оногдуулсан нь гэм буруугийн хэр хэмжээнд тохироогүй байна.

Давж заалдах шатны шүүхээс Б.Дт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.Угийн “... намайг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй... ” гэснийг “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дыг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй...” гэж,

3 дахь заалтад “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дт оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай...” гэснийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дт оногдуулсан 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор төлөхийг тогтоосугай...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН