Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 09

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд суманд оршин суух, иргэн Ч.Б,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын дарга /Б.Б/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Бгийн өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч П.А, Ц.Н, гэрч Т.С,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бүжмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэхэмжлэгч, Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 10  дугаар сарын 10-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар хууль бусаар төрийн албанд 1 жилийн хугацаатайгаар эргэж орох эрхгүйгээр халагдсан. Энэ тушаалыг хүлээн аваад Дорноговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 11-р сарын 02-ны өдөр гомдол гаргасан боловч хариу ирүүлээгүй учир Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Уг тушаалыг хууль зүйн үндэслэлгүй ногдуулсан гэж үзэж байгаагаа дараах байдлаар тайлбарлаж байна.

1.Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг үндэслэжээ. Ингэхдээ “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс шалтгаалж “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн байгаа нь сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцэгдсэн асуудлаар тогтоогдож байх тул гэжээ. Энэ дурьдагдаад байгаа зөрчлийн талаар Замын-Үүд сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг гарч шалгаад 2017 оны 01-р сарын 10-ны өдрийн тайлангаараа 2011 оноос нийт 151 иргэнд 1594349902 төгрөгийн зээл олгогдсоноос:

Цагдаагийн байгууллагад 11 иргэний 325799573 төгрөгийн,

Шүүхээр шийдвэрлүүлэхээр 17 иргэний 103349737 төгрөгийн,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 9 иргэний 204885212 төгрөгийн,

Дансанд 30 иргэний буцаан төлж барагдуулсан 43718556 төгрөг төвлөрсөнийг нийлүүлж тооцоход нийт дүнгээрээ 677034522 төгрөг болж байна. Одоогийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрч доголдсон 55 иргэний 207573078 төгрөгийн зээл шалгаад байна. Шалгалт шийдвэрлэлтийн шатанд яваа төлөгдөөгүй энд дурдагсан 677034522 төгрөгийн зээл дээр төрийн банкинд төлөгдсөн 896156035 төгрөгийг нэмж тооцоход гарсан 1573190557 төгрөгийг, 1594349902 төгрөгийн үндсэн зээлээс хасаж тооцоход 21159345 төгрөгийн зөрүүгийн зөрчил илэрч байна. Санал 2: Мэргэжилтэн Ч.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хариуцлага тооцох... гэснээр,

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Прокурорын газрын 2017 оны 06-р сарын 30-ны өдрийн 5/41 дугаартай “Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулах тухай” мэдэгдлийг Замын-Үүд сумын Засаг даргын орлогч О.Үүрцайх 2017 оны 07-р сарын 18-ны өдөр Засаг даргын тамгын газрын дарга Б:Бд “Асуудлыг холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, хугацаанд нь хариу мэдэгдэх” гэж цохолт хийсэн байна. Энэ мэдэгдлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авч хариуг 2017 оны 07-р сарын 30-ны өдрийн дотор тус Прокурорын газарт бичгээр хүргүүлэх байсан байна.

Эдгээр нотлох баримтуудаас харахад надад авсан сахилгын шийтгэл нь Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, мөн 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн 02 дугаар хурлаар хэлэлцэгдэн тогтоогдож илэрсэн юм биш.

3.Мөн энэ зөрчлийг илрүүлээд Прокурорын мэдэгдлийн дагуу надад 2017 оны 08-р сарын 09-ний өдрийн Б/54 дугаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаатай 19 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, түүнийгээ 2017 оны 09-р сарын 22-ны өдөр цалин бодох үеэр нягтлан А танилцуулсан. Би энэ тушаалтай танилцаад Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын дарга Б.Бд гомдол гаргасан боловч одоог хүртэл надад хариу ирүүлээгүй байна.

Нэг зөрчилд ингэж 2 удаа сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

4.Энэ тушаалыг гаргах үед миний бие 4-5 долоо хоногтой жирэмсэн байсан ба 2017 оны 10-р сарын 05-ны өдөр зулбах гээд байсан учир эмчид үзүүлж хэвтрийн дэглэм сахих эмчийн магадлагааг 2017 оны 10-р сарын 05-ны өдрөөс 2017 оны 10-р сарын 09-ний өдөр хүртэл олгосон байсныг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Бд танилцуулж санхүүд өг гэсний дагуу санхүүд өгсөн. Намайг жирэмсэн гэдгийг мэдсээр байж ажлаас хууль бусаар халж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар...жирэмсэн эмэгтэй, ...ажлаас халахыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.

Ингэж миний төрийн албанд тасралтгүй ажиллах, хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Мөн миний бие нь 2013 оны 01-р сарын 22-ны өдөр ажил хүлээн аваад 2013 оны 09-р сарын 25-ны өдрийн 5/40 дугаартай Тамгын газрын даргын тушаалаар 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл Энэтхэг улсад сургалтад хамрагдсан. Энэ хугацаанд миний оронд ажиллаж байсан мэргэжилтэн хяналт тавих зөвлөл ажил үүргийнхээ хувьд хяналт тавьж зээлийн материалыг хүлээн авч хянаж зээл олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж байсан. Би ажлаа хүлээн аваад зээлээ эргэн төлөөгүй иргэдийг хууль, шүүхийн байгууллагад өгч шийдвэрлүүлсэн.

Иймээс 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн Б/67 дугаартай Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн тушаалд Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг үндэслэсэн байдаг. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт заасны дагуу Засгийн газар тогтооно гэж заасан. 1995 онд гарсан боловч одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Засгийн газрын 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид захиргааны шийтгэл оногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 4 дэх хэсэгт сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна, зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаж нэмэлт тайлбар хийж, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй  гэж журамласан. Гэтэл ингэж танилцуулаагүй 10 дугаар сарын 10-ны өдөр тушаал гаргаад халсан нь үндэслэлгүй юм.

Тушаалын агуулга нь Сум хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь нь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн байгаа нь сумын Засаг даргын удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар хэлэлцэгдсэн асуудлаар тогтоогдож байх тул гэсэн байгаа. Б.Н ажил хүлээлцүүлэхэд ажлын хэсэг байгуулагдаад шалгалт явуулаад зөрчил илэрсэн гэж байна. Б хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр, хэн гэдэг хүнд зээл олгоод энэ нь төлөгдөхгүй байгааг тухайн хурлаар ороод тогтоосон зүйл байдаггүй. Б нэхэмжлэлдээ жирэмсний амралттай байсан оноо дурдсан. Тэр хугацаанд хэн гэдэг хүн хариуцаж, ямар хүн зээл авсан болохыг шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг Б ганцаараа хариуцахгүй, Зөвлөл гэж байдаг, хамтын шийдвэрээр шийддэг асуудал.

Мөн Х, У нарын талаар ярьж байна. Хатантуулын талаарх шүүхийн шийдвэр гарсан. Үүнд нэхэмжлэгч тал Засаг даргын Тамгын газар байдаг. Х өөрийн нэр дээр зээл аваагүй гэдэг нь тухайн шүүхийн шийдвэр гарах үед мэдэгдсэн. Тэрнээс биш энэ яриад байгаа шалгалтаар илэрсэн зүйл биш гэдгийг хэлж байна.

Ууганцэцэгийн хувьд хэрвээ би 11 сая төгрөгийг аваагүй гэж үзсэн бол Засаг даргын Тамгын газарт гаргаж өгсөн тайлбарын дагуу шүүхэд яагаад гэрчийн мэдүүлэг өгөөгүй юм бэ? Энэ талаар мэдүүлэг өгөөгүй учраас шүүх үүнийг үнэлэх боломжгүй юм гэж үзэж байна. Үнэхээр албан ёсны өргөдөл гомдол өгөөд энэ талаар шалгалт явагдаад, үүнийг У Х нар уг зээлийг аваагүй юм байна, энэ өргөдөл гомдлоос болж сахилгын шийтгэл оногдуулсан юм гэж үзэж байгаа бол албан ёсоор үүнийг бүртгэх ёстой байсан. Өмгөөлөгчийн зүгээс үүнийг сүүлд бүрдүүлсэн материал гэж бодож байна. Хэрэв тухайн үед өгсөн бол гомдол, мэдээллийн дэвтэртээ бүртгэж аваад тухайн албан тушаалтанд энэ өргөдөл гомдолтой холбогдуулан шалгалт хийж, нэхэмжлэгчээс тайлбар авч зөрчлийг ингэж илрүүллээ гэж удирдлагын зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцэх байсан байх.

Хариуцагч талаас, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар сонсох ажиллагаа хийгдсэн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэдгийг хэлмээр байна.

Мөн дээрээс нь хариуцагч тал Бг жирэмсэн байхад ажлаас халсан гэдэг дээр тайлбар хэлээгүй байгаа нь жирэмсэн байсныг мэдсэн байсан гэдэг нь харагдаж байна. Үүн дээр хариуцагч тал маргахгүй гэж ойлгож байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/67 тоот тушаалыг хүчингүй болгож, Б урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг зохих ёсоор тооцон гаргуулж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

   Хариуцагч, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33-р зүйлийн 33.5 дахь хэсэгт заасан эрхийн дагуу 2017 оны 10-р сарын 10-ны өдрийн Б/67 дугаартай тушаалыг гаргасан.

Төрийн бодлого шийдвэрийг мөрдүүлж буй зорилго, үүргийг нь харгалзан Сумын Засаг даргын Тамгын газрын худалдаа, үйлдвэр үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгт “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих” журмыг хэрэгжүүлэх чиг үүргийг хариуцуулсантай холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргаар ажиллаж байхдаа хариуцаж байсан ажлыг мэргэжилтэн Б.Н шилжүүлэн улмаар ажлын хэсгийг байгуулж зохих журмын дагуу ажлыг хүлээлцүүлсэн.

Ажил хүлээлцэх шатанд зээлдэгч нартай холбогдох, тулгалт хийх шатанд “Сум хөгжүүлэх сан”-аас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, бусдын нэр дээр зээл авсан зэрэг зөрчлүүд илэрч гарсан асуудлыг Засгийн газрын 1995 оны 97-р тогтоолоор батлагдсан журмын дагуу зохих ажиллагааг хийж улмаар Сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10-р сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэн хариуцлагыг тооцуулахаар шийдвэрлэсний дагуу Төрийн албаны тухай хуулийн 26-р зүйлийн 26.1.3 дахь заалтаар сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм.

Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг олгох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, хяналт тавих, ажлын байрыг нэмэгдүүлэх гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт хангаж ажиллахыг, ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд “Удирдлагыг өөрийн эрхэлсэн асуудлын чиглэлээр шаардлагатай мэдээллээр хангаж, түүний ажил мэргэжил, арга зүй, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх” үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй нь Сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэн тогтоогдсон байдаг.

Тухайн сум хөгжүүлэх сангийн зорилго нь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих байсан. Гэтэл зээлийн зориулалт алдагдаж, тухайн анхан шатны хурлын ажлын хэсэг 2017 оны 01 сард шалгалт хийж, зөрчил илрүүлсэн. Шалгалтаар хариуцлагагүй ажилласан гэдэг тал дээр үнэлгээ дүгнэлт ирсэн. Гэхдээ үүнд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Өөрөөр хэлбэл хянаж шалгах нь зүйтэй, судална гээд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Дараа нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газраас тухайн албан хаагчид сум хөгжүүлэх зээлийн асуудлаар арга хэмжээ ав гэсэн мэдэгдэл  ирсэн. Уг мэдэгдэлд “Төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан Замын-Үүд сумын Засаг дарга М.Б, Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Ч.Б, Төрийн сангийн мэргэжилтэн Ш.С нар нь Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүйн улмаас Д.З, Ц.Б нар нь иргэн М.Н нэр дээр хуурамч төсөл боловсруулж, сум хөгжүүлэх сангаас 25000000 төгрөгийн зээл авч, хувьдаа ашиглах боломжийг олгосон байна. Өөрөөр хэлбэл М.Б, Ч.Б, Ш.С нар нь хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсаны улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна хэмээн зөрчлийг тодорхойлсон дагуу тухайн эрүүгийн хэрэгт гэрчээр тогтоогдсон байсан Ш.С, Ч.Б нарт Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын шийтгэлийг ногдуулж ажилласан. Энэ нь зөвхөн прокурорын мэдэгдэлд дурдсан асуудлаар арга хэмжээ авсан.

Дараа нь Сум хөгжүүлэх сангийн зээлийн асуудлыг худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Н гэдэг хүнд хариуцуулж сум хөгжүүлэх сангийн ажлыг шалгаж хүлээж ав гэж Тамгын газрын даргын тушаалаар ажил хүлээлцэх комисс томилсон, тухайн ажил хүлээлцэх явцад ажлын хэсгээс нэлээд шүүмжлэл гаргасан байдаг. Үүнтэй холбогдуулан сахилгын арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдгийг мэдсэн.

Энэ зээл маань өсөж арвижих ёстой, гэтэл хариуцлагагүй байдлаас болж сум хөгжүүлэх сан ямар ч санхүүгийн эх үүсвэргүй болж, үүнээс хамаарч дараагийн зээл авагч нарыг зээлд хамруулж чадахгүй болсон. 2016 онд Засаг даргын орлогч ажил хүлээж аваад сум хөгжүүлэх сангийн асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ч энэ талаар 2017 оны 01 дүгээр сард гарсан үнэлгээ, дүгнэлтийн дагуу ажлын хэсэг гаргаж Засаг даргын орлогч ахлан ажилласан. Энэ хүнээр ахлуулж сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн асуудал нэлээд шуурхайлж 10 сараас өмнө 40 зээлдэгчийн материалыг шүүх рүү шилжүүлэн шүүхийн шийдвэр гарч зээлийн асуудал арай эрчимжиж эхлэн түүний үндсэн дээр 2017 оны 11 дүгээр сард 120 сая төгрөг бүрдүүлэн түүнээс 8 зээлдэгчид зээл олгосон байгаа.

2017 оны төрийн сангийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавигдсан. Юунаас болоод доголдол үүсч байна гэхээр 2 зөрчлийн асуудал байдгийн нэг нь сум хөгжүүлэх сангийн зээлийн асуудал юм. Сум хөгжүүлэх сангийн зээл журамдаа заасан нөхцлийнхөө дагуу тодорхой эх үүсвэр бүрдүүлээд, зохицуулалт хийх ёстой байтал үүнийг бүрдүүлж чадаагүй байна гэдэг. Миний хувьд Б томилох чөлөөлөх эрхтэй, албан тушаалыг 2016 оны 11 дүгээр сард авсан. Ерөнхийдөө сум хөгжүүлэх сангийн зээл ямар байдалтай байна, зээл олгохдоо ямар журмаар явах талаар тодорхой ойлголт байгаа учраас нөхцөл байдал хүндрэх нь дээ гэдгийг мэдэж байсан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үнэлгээ, дүгнэлт, санхүүгийн хяналт шалгалтаар нэлээд шуугиан тарьсан. Б тодорхой хугацаанд нэг газар хамтарч ажиллаж байсныхаа хувьд надад хүн чанар зулгааж маш их хаацайлж байсан. Хариуцлага тооцох эрх бүхий албан тушаалтны ажилтан нь хэт хариуцлагагүй байдал гаргачихаад тэр нь нотлогдоод байхад хариуцлага тооцохгүй, авахгүй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэсэн дүгнэлтүүд хүртэл ирж байсан.

 Бгээс ажил хүлээлцэхэд түүний ажил ямар төвшинд байсан бэ гэдэг талаар удирдлагын төвшинд яригдсан, мөн зөрчлийн асуудал дээр тодорхой зээлдэгч нарын гараар бичсэн тайлбар гарч байсан. Албан ёсоор ажил хүлээлцэхээс өмнө Х, У гэх хүмүүс надтай ирж уулзсан. Би асуудалд бодитой хандъя гэж үзсэн. Х гэдэг хүн өөрийн нэр дээр гэрээ хийж зээл авсан байдаг. Утсаар дуудаж биечлэн уулзаад зээлийн тал дээр гомдолтой байгаа бол бичгээр тайлбар бич, манай зүгээс асуудлыг шийдэж өгье гэж хэлсэн. Сум хөгжүүлэх сангийн зээлийг хариуцсан хүн ямар хэмжээнд хариуцлага алдсан бэ гэдэг нь харагдсан учраас гаргасан шийдвэр хуульд заасан үндэслэл журмын дагуу байсан гэж үзэж байгаа. Олгосон зээлийн 90 гаруй хувь нь зориулалтын бус зүйлд олгосон зээл байдаг учраас энэ нь түгжрэлд орчихсон, одоог хүртэл эргэн төлөлтгүй, одоогийн байдлаар 8 хүний асуудлыг шийдвэрлэсэн байдаг.

Зээлийн бичиг баримтыг Б үзэж үнэлгээний хороо хянаж үзээд үүнийг эцэслэн шийдвэрлэх ёстой байдаг. Эдгээр хүмүүст олгосон зээл маань үнэлгээний хорооны гишүүдийн хамтын шийдлээр явсан байна уу гэдэг нь эргэлзээтэй, хурлын тэмдэглэл нь дутуу, олдохгүй байдалтай байдаг. Бгээс ажил хүлээлцэж авсан ажлын хэсгийн дүгнэлтээр зарим материал архивт байхгүй гэдгийг танилцуулж байсан.

Түүний жирэмсэн гэдгийг шийдвэр гаргахдаа мэдэж байсан болохоор тухайн үед акт өгч байсан. Сумын Засаг даргын зөвлөлийн хуралдааныг 2017 оны 10-р сарын 04-ний өдөр хийж асуудлыг хэлэлцэн шийдвэрээр гарсан тушаалыг танилцуулах шатанд эмнэлэгийн магадлагааг гаргаж хүргүүлсэн бөгөөд Ч.Бгийн гаргасан зөрчилд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ногдуулсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар заалтыг зөрчсөнд хамаарахгүй болно.

Гаргасан шийдвэр маань хууль зүйн үндэслэлтэй, тухайн албан хаагчтай холбоотой асуудалд  бодитой хандсан. Ямар нэгэн хууль зөрчин шийдвэр гаргаагүй гэв.

   Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад надад сахилгын шийтгэл ногдуулж байна гэсэн байдаг. Бд Прокурорын мэдэгдэлд дурдсанаар Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар хүний итгэлийг эвдэх замаар хууран мэхэлж гэрээний үүргийг халхавчилсан байдлаар хүний итгэлийг эвдэж мөнгө залилсан гэмт хэрэг гарсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ арга хэмжээ авагдсантай холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан байдаг.

Үүний дараа У гэдэг хүн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 8 сая гаруй төгрөгийн зээл авсан боловч уг зээлийг гаргахдаа 11 842 300 төгрөг гэж гэрээ байгуулж гаргасан гээд 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр энэ асуудлыг шалгаж өгөөч гэж тайлбар гаргасан байдаг. Үүнийг харахаар хувийн ашиг сонирхол явж байгаа юм шиг харагдана. Нийтийн албанд хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн зүйл зохицуулалт хөндөгдөж байгаа гэдгийг өмгөөлөгчийн зүгээс хэлэх нь зүйтэй байна. Энэ мэтчилэн Баасансүрэнтэй холбоотой асуудлууд ар араасаа хөвөрч гарсантай холбогдуулан Бг оролцуулан сонсгол ажиллагааны хурлыг хийж, уг хурлаар Б холбогдуулан маш олон тооны зөрчил гарч ирсэн. Үүнтэй холбогдуулан дараагийн сахилгын арга хэмжээг авахгүй бол болохгүй болсон. Төрийн албаны тухай хуулийн 26.3 дахь хэсэгт зааснаар хамгийн хүнд шийтгэлийг оногдуулахаас өөр аргагүй болж Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргаас ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан.

Нэхэмжлэгч нь нэг зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл ногдуулж холбогдох журмыг зөрчсөн гэж тайлбарладаг. Түүний гаргасан зөрчлийг харахад энэ нь нэг зөрчил биш, үргэлжилсэн өөр өөр зөрчил юм.  Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна. Бгийн хувьд ажлаа хийж байсан, ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байсан. Хадгалагдаж байсан албан тушаалтны хувьд өмнөх сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад дараагийн зөрчил илэрсэн учраас арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн. Яагаад гэхээр уг журмыг тушаалын үндэслэх хэсэгт зааж өгсөн. Баримтлах ёстой хууль дүрэм хэм хэмжээг бүгдийг нь баримталсан. Шалгаж тогтоосон байх ёстой бодит үйл явдалд Бг өөрийг нь оролцуулан сонсгол ажиллагааны тэмдэглэл үйлдсэн байх тул энэ арга хэмжээг авсан юм.

Бд холбогдох асуудлын хүрээнд У, Х зэрэг иргэдээс ирж уулзаж өөрийн хүсэл санаа зорилгоо илэрхийлсэн асуудал нь удаа дараагийн Аудит болон Прокурор, бусад хяналт шалгалт хийсэн зүйлүүдээр энэ ажил  хэвийн биш байна гэдэг нь тогтоогдсон учраас үүнд ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах шаардлага тулгарсан байна. Ор үндэслэлгүй зүйл дээр үндэслэлгүй тушаал гаргаагүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Хариуцагчийн өмгөөлөгч П.Аын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Сахилгын шийтгэлийг ногдуулахдаа 2017 оны 01  дүгээр сарын 10-ны өдөр миний үйлдсэн зөрчил илэрсэн байхад хожуу хойно арга хэмжээ авч байгаа нь хууль бус хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн байр сууриас нэхэмжлэлийг бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ажлын хэсэг гаргаж шалгаад 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тайлан гаргаж зээл авсан хүмүүс нь зээлээ төлөөд Замын-Үүд сум хөгжиж байх ёстой байтал 2011 оноос хойш нийт 150 иргэнд 1 594 349 920 төгрөгийн зээл олгосноос эдгээр нь амжилтгүй болж цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн шатанд энэ мөнгөнүүд нь явж байдаг. 

Хэргийн материалд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Илтгэх хуудас” дээр нэхэмжлэгчийн дурдаад байгаа зүйлийг тэмдэглэсэн бөгөөд санал дээр мэргэжилтэн Бг үүрэгт ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцож, өөрт нь танилцуулан иргэдийн хурлын тэргүүлэгч, төлөөлөгч, банкны ажилтны бүрэлдэхүүнтэй зээлийн өр барагдуулах комиссыг тодорхой хугацаагаар байгуулж зээлийн өр барагдах хүртэл ажил гэсэн санал явж байгаа. Гэхдээ үүний дагуу  ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Харин Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн мэдэгдлийн дагуу сахилгын шийтгэл авч 2 сарын хугацаатай цалингийн 19 хувийг хасах арга хэмжээ авсан. Харин 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцээд Бг ажлаас халах талаар шийдвэр гарсан. Энэ хурлаар Б өмнө нь авсан арга хэмжээнээс өөр арга хэмжээ авсан. Өөрөөр хэлбэл 2 сахилгын шийтгэлийг давхардуулж авч байгаа зүйл биш юм. Бг ажиллаж байх явцад У гэдэг хүн 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 11 842 300 төгрөгийн зээлийг авсан гэж дурдаж байгаа боловч би 11 842 300 төгрөгөөс 8 520 300 төгрөгийг авсан, бусдыг нь би аваагүй гэж бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Уийн тайлбараар Б гэдэг хүний ажлын алдаанаас болж ийм байдал гарсан нь харагдана. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа Х гэдэг хүний тайлбар хэрэгт мөн байгаа. Уг тайлбарт зээл авах асуудлыг Хтай хийсэн боловч зээлийн мөнгийг өөр хүнд өгч явуулсан байдаг.

 Ийнхүү сүүлд гарч ирсэн алдаа, дутагдлыг 2017 оны 10 дугаар сарын 04-ний хурлаар хэлэлцээд дараагийн ажлаас чөлөөлөх тушаал гарч байгаа юм. Хэдийгээр жирэмсэн хүнийг ажлаас халж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байгаа ч гэсэн эд мөнгө хариуцсан албан тушаалтан, аж ахуй нэгжийнхээ итгэлийг алдсан үйлдэл эс үйлдэхүй гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болно. Нөгөөх нь хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчих зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож болно гэсэн зохицуулалт байгаа.

Мөн нэхэмжлэлд төрийн албанд тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөх эрхийг ноцтойгоор зөрчиж, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж дурдсан байна. Нотлох баримтаас харахад хавтаст хэргийн 94 дүгээр хуудсанд авагдсан Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Аудитын газраас шалгалт орж алдаа дутагдлыг нь гаргаж байсан байна. Өөрөөр хэлбэл Бг ямар ч гэмгүй байхад сахилгын шийтгэл ногдуулсан зүйл байхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр урьд нь гаргасан зөрчил дээр дараа нь арга хэмжээ авсан гэдэг. Бгийн ажлын байрны тодорхойлолтоос харахад хөдөө аж ахуйтай холбоотой, мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолын дагуу сум хөгжүүлэх сангийн зээлийг олгох ажлыг үр дүнтэй зохион байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх чиг үүрэгтэй хүн байдаг.

 Нэхэмжлэгчийг жирэмсэн гэдэг тал дээр хариуцагч талаас маргаагүй, жирэмсэн байлаа гээд Монгол улсын эдийн засаг, дээрээс нь ажил олгогчдоо эдийн засгийн хохирол учруулж байгаа үйлдэл, эс үйлдэхүй байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байгаа. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

   Гуравдагч этгээд Б.Н шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт: Ч.Бгийн нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

   Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар , Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын 6 дахь заалт, 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 5 дахь хэсгийн 5.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн “...ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг улмаар “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс шалтгаалж “Сум хөгжүүлэх сан”-гаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн байгаа нь...удирдлагын зөвлөлийн...02 дугаар хурлаар хэлэлцэгдсэн асуудлаар тогтоогдсон...” гэх үндэслэлээр тус Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга Ч.Бд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ногдуулжээ.

   Нэхэмжлэгч нь дээрх тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасныг зөрчиж буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл ногдуулсан,...жирэмсэн байхад ажлаас халсан” гэх агуулгаар, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ “...зөрчлийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн...хурлаар хэлэлцэж тогтоосон, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй,...Хөдөлмөрийн тухай хуульд заасан жирэмсэн эмэгтэйг ажлаас халахыг хориглосон заалт нэхэмжлэгчид хамаарахгүй...” гэх агуулгаар тус тус тайлбарлаж байна.

    Нэг. Маргаан бүхий захиргааны актад дурдагдсан,  нэхэмжлэгчийг  “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс “Сум хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй”,  “нийт олгогдсон зээлийн 90 хувь нь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн” гэх нөхцөл байдлуудын тухайд:

   Хариуцагч нь, нэхэмжлэгч Ч.Бд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл болгосон “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ыг /цаашид “журам” гэх/ хэрэгжүүлж ажиллаагүйгээс “Сум хөгжүүлэх сангаас олгогдсон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашиглаагүй, нийт олгогдсон зээлийн 90 хувь нь эргэн төлөлтийн хуваарьт хугацаа хэтэрсэн” гэх нөхцөл байдлуудыг сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэж тогтоосон хэмээн тайлбарладаг.

   Нэхэмжлэгч Ч.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга /цаашид “тасгийн дарга” гэх/-ын албан тушаалд 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс анх томилогдсон үеэсээ эхлэн тус тасгийн Бэлчээрийн менежмент, газар тариалан, хоршоо, жижиг дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтний хариуцан хэрэгжүүлж байсан “Сум хөгжлүүлэх сан”-гийн ажлыг тасгийн даргын үүрэгт ажилтайгаа хамт давхар хариуцан гүйцэтгэх болсон  ба сумын Засаг даргын “Ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлах тухай” 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/25 дугаар захирамжаар  батлагдсан “Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын ажлын байрны тодорхойлолт”-д   түүний хариуцан гүйцэтгэж ирсэн жижиг дунд үйлдвэрийн буюу “Сум хөгжүүлэх сан”-гийн /цаашид “сан” гэх/ үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ажлын байрны чиг үүргийн үндсэн зорилтод оруулан баталгаажуулсан байна.

   Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаар тушаалаар  Сум хөгжүүлэх сангийн ажлыг Мал эмнэлэг, үржлийн тасгийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Б.Н хариуцах болсонтой холбогдуулж сангийн ажлыг хүлээлцэх комисс /цаашид “ажлын хэсэг” гэх/-ыг байгуулсан улмаар тус комисс нэхэмжлэгч Ч.Б хариуцаж байсан “сан”-тай холбоотой ажлыг 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр мэргэжилтэн Б.Нд хүлээлцүүлж тэмдэглэл үйлдсэн, уг тэмдэглэлдээ “сан”-гийн үйл ажиллагааны талаарх “дүгнэлт”-ийг тусгасан , мөн ажил хүлээлцэх явцдаа Засгийн газрын 2011 оны 134, 2016 оны 153 дугаар тогтоолуудын хэрэгжилтийг нягтлан шалгасан талаараа “Нотломж”-оор танилцуулсан  байдаг.

   Сум хөгжүүлэх сангийн ажлыг ийнхүү нэхэмжлэгчээс шилжүүлэн авснаас хойш  буюу 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөл хуралдаж 2 асуудал хэлэлцсэний нэг нь “сан”-гийн үйл ажиллагаатай холбоотой асуудал байсан ба үүний 1-рт нь: сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн Д.Х, Э.У нараас  ирүүлсэн өргөдлийн талаар, 2-рт нь: “сан”-гийн ажлыг хүлээлцүүлсэн ажлын хэсгийн танилцуулгад дурдагдсан асуудлуудын талаар  тус тус хэлэлцжээ .

   Хариуцагч нь, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулах нэг үндэслэлийг сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэн Д.Х, Э.У нарын өргөдөлтэй холбож тайлбарладаг бөгөөд тэрээр уг тайлбартайгаа холбогдуулан Д.Х 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр огноолсон “...сум хөгжүүлэх сангаас өөрийнхөө нэр дээр өөр хүнд тодруулбал, нөхөр болон түүний ах дүүст зээл авч өгсөн, тэдгээр нь тухайн зээлийг төлөхгүй байгаагаас өөрөө хохирч байгаа, мөн зээлийг анх авахдаа төслийнхөнтэй урьдчилаад ярьсан гэж надад хэлсэн” гэх агуулга бүхий өргөдлийг, мөн иргэн Э.У 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөр огноолсон “сум хөгжүүлэх сангаас 8 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл авсан илүү гарсан 3 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийн зээлийг тухайн үеийн төсөл хариуцсан мэргэжилтэн мэднэ, илүү бичигдсэн 3 сая гаруй төгрөгийн зээлийн гэрээний талаар мэдэхгүй” гэх агуулга бүхий тайлбар зэргийг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн  боловч тухайн өргөдлийг захиргааны байгууллага хэзээ, хэрхэн хүлээн авч  бүртгэсэн нь тодорхойгүй улмаар уг өргөдөлд дурдагдсан  асуудлуудыг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй, тухайлбал, Д.Х авсан зээлийг зээлдэгч өөрөө бодитоор аваагүй, түүний нөхөр нь ах дүүгийн хамт зарцуулсан гэх нөхцөл байдал нь нэхэмжлэгч Ч.Б ямар хамааралтай болох, зээлдэгч Э.У огт аваагүй гэх 3 сая гаруй төгрөгийн зээл хэзээ, хаашаа ямар журмаар сум хөгжүүлэх сангийн данснаас гарсан болох, энэ нь Ч.Б хэрхэн холбоотой болох зэргийг эрх бүхий байгууллага /тухайн үед байгуулагдсан байсан “хяналт тавих зөвлөл” болон холбогдох бусад байгууллага/-аар нягтлан шалгуулаагүй зөвхөн удирдлагын зөвлөлийн хурал дээр асууж тодруулснаас өөр ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэгчийг шууд буруутгаж сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийн нэгэнд хамааруулсан нь хэрэгт авагдсан сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлд  “...Засаг дарга Н.А хуралдааныг эхлүүлж: ...зээлдэгч Х өөрөө зээл аваагүй, өмнө нь Б намайг дуугүй бай гэсээр гомдол гаргуулаагүй, одоо энэ зээлийг төлж чадахгүй гээд ирсэн...Энэ асуудлыг нягтлан тодруулая, нарийн мэдээллийг хариуцсан албан тушаалтнуудаас нь тодруулж буруутайд нь хариуцлага тооцох замаар ажил..., ...Б.Н: У дээр 12 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн зээл гарсан. Зээлдэгч өөрөө хэлэхдээ 8 сая л надад хамааралтай гэж байгаа, Н.А: У ирж уулзсан. Энэ мэтчилэн маш олон зөрчилд яригдаад байх юм, ...О.Ү: ...У...Сум хөгжүүлэх сангаас...88502300 төгрөгийг...авсан. 3340000 төгрөгийг тухайн үеийн хариуцсан мэргэжилтэн мэднэ, би...огт мэдэхгүй гэсэн байна, Н.А: ...энд 11 сая гарч ирээд байдаг нь ямар учиртай юм?, Ч.Б: Гэрээ 11 саяараа У дээр хийгдсэн байгаа. Өөр мэдэхгүй” гэх зэргээр тусгагдсан байдал, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Гэрээг Б байгуулдаг...Анхны бичиг баримтыг авдаг,..асуудлыг бүгдийг Б эрхлэн явуулдаг. Тиймээс...Ууганцэцэгт олгосон зээлийн үнийн дүн дээр 3 сая төгрөгөөр өсгөж гэрээ байгуулсан байдаг. У...сэтгэл хөдлөл байснаас юун 11 сая төгрөг ирчихэв гэж анхаарал хандуулаагүй, гэрээгээ нарийн үзээгүй гэж хэлж байсан, Тиймээс Б гэрээ хийсэн учраас түүнтэй холбоотой нь тодорхой...” гэх тайлбар ,  гэрч Д.Хын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд өгсөн мэдүүлэгтээ, Шүүгчийн: Засаг даргын Тамгын газраас таны дээрх өргөдөлтэй холбогдуулаад ямар нэгэн хариу өгсөн үү, өгсөн бол хэзээ ямар хариу өгөв гэх асуултад “Миний гаргасан өргөдөлд хариу өгөөгүй байгаа” хэмээн хариулсан мөн түүний ...Б чиний нэр дээр авчихаар ямар ч асуудалгүй зээл авчихна. Чи өөрийнхөө нэр дээр авч байгаа гээд хэлээрэй гээд байсан. Тэгээд тухайн үед танд /Ч.Б/ хэлээгүй юмаа, ...Төслийн үйл ажиллагаа явуулах байрыг үзэж явсан комиссын гишүүдтэй хамт Б ирсэн...Ц манай салсан нөхрийн эгч байгаа юм,...Төслийн 15 сая төгрөг миний дансанд орсон. Ц  миний картыг авч явж тухайн мөнгийг бүгдийг авсан...“  гэх мэдүүлэг  зэргээр тус тус тогтоогдож байна.

   Нөгөөтэйгүүр дээр дурдсан асуудал /зөрчил/ нь цаг хугацааны хувьд 1-2 жилийн өмнө гарсан тодруулбал,  Д.Хд 2014 онд , Э.Ууганцэцэгт 2015 онд  тус тус зээл олгосон  байгаагаас үзвэл Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын...зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасны дагуу тухайн зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт өнгөрсөн байгааг дурдах нь зүйтэй байна.

   Хэрэгт авагдсан нь  сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл “сан”-гийн ажлыг нэхэмжлэгч Ч.Бс мэргэжилтэн Б.Нд хүлээлцүүлсэн ажлын хэсгийн танилцуулгыг тус удирдлагын зөвлөлийн хуралд тухайн ажлыг хүлээж авсан мэргэжилтэн буюу ажлын хэсгийн гишүүн Б.Н танилцуулахдаа: “Сангаас нийт 151 иргэнд 1.5 тэрбум төгрөгийн зээл олгосон, үүнээс 47 зээлийг төлүүлэхээр шүүхэд хандан шийдвэрлүүлсэн,...эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн 52 зээлдэгч байгаа, мөн хийвэл зохих зах зээлийн судалгааг хийгээгүй, зээлийн баримт бичгийн бүрдэл дутуу, төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүд өөрсдийн ах дүү, хамаатан садандаа зээл олгосон, зээлдэгчдийн дийлэнх нь зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, хугацаа хэтэрсэн, зарим зээлийн материал архивт байхгүй”  зэрэг зөрчил, дутагдал байгаа талаар дурдсан үүнтэй холбогдуулан удирдлагын зөвлөлийн гишүүд санал, бодлоо илэрхийлж холбогдох ажилтнуудаас асууж тодруулан улмаар зарим асуудлыг дахин нягталж хариуг мэдэгдэхийг өөрсдөд нь даалгаж байсан зэргээр тус хурлын ажиллагаа явагдаж эцэст нь нэхэмжлэгч Ч.Бд сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн байна . Нэхэмжлэгч нь энэхүү хурлын тэмдэглэлийг дутуу буюу буруу бичигдсэн  хэмээн маргадаг боловч тэр нь энэхүү маргаанд ач холбогдолгүй бөгөөд улмаар уг тэмдэглэлд тусгагдсан дээрх асуудлуудын талаар  маргаагүй болно.

   “Сан”-гийн ажлыг хүлээлцэх ажлын хэсгийн зүгээс Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хуралд ийнхүү танилцуулснаар илэрч улмаар тухайн хурлаар хэлэлцэж тогтоогдсон гэх дээрх зөрчлүүд нь бүхэлдээ “Сан”-гийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлүүд байх ба уг харилцааг нарийвчлан зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 6.2-д “... журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол ...холбогдох бусад албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ. 

   Мөн дээрх журмын 3.3.2-т сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих чиг үүрэг  бүхий  орон тооны бус Зөвлөлийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр ахлуулан байгуулж ажиллуулахаар, уг зөвлөл нь  журмын 5.3.2-т зааснаар улирал бүр, 5.3.3-т зааснаар аймгийн Засаг даргын Тамгын газрын  жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгжийн хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр, түүнчлэн уг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж  нь  журмын 5.7-д зааснаар жил бүр сангийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэж холбогдох дүн /дүгнэлт/-г зохих байгууллагуудаар хэлэлцүүлэхээр заасан зэргээс үзвэл тухайн харилцаатай  холбоотой зөрчлийг шалган тогтоох эрх бүхий этгээдүүд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас байгуулсан “хяналт тавих зөвлөл” болон аймгийн Засаг даргын Тамгын газрын жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан нэгж мөн хөндлөнгийн аудитын байгууллага байхаар байна.

   Журмын дээрх зохицуулалтуудаас үзвэл  сангийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн тухайд дээр дурдсан эрх бүхий этгээдүүдийн хяналт шалгалтаар тогтоогдсон тохиолдолд холбогдох этгээдэд зохих хариуцлагыг  хүлээлгэхээр байна.

   Гэтэл сум хөгжүүлэх сангийн ажлыг хүлээлцэх явцад зөрчил илэрсэн талаар Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлд танилцуулсан ажлын хэсэг нь дээрх журамд заасан эрх бүхий этгээд биш байх бөгөөд улмаар тус ажлын хэсгийг сангийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийлгэх зорилгоор бус зөвхөн ажил хүлээлцүүлэхээр байгуулсан нь хэрэгт авагдсан Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын “Ажил хүлээлцэх тухай” 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/52 дугаар тушаалд “1.Сум хөгжүүлэх сангийн асуудлыг Б.Н хариуцах болсон тул тус сангийн ажлыг хүлээлцэх комиссыг доорх бүрэлдэхүүнтэй байгуулсугай. 2. Ажил хүлээлцсэн тухайгаа эргэн танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч-д үүрэг болгосугай” гэж тэмдэглэгдсэн байгаагаар тогтоогдож байна .

   Харин тухайн асуудлыг хэлэлцсэн сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хувьд сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/43 дугаар захирамжаар батлагдсан ”Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн ажиллах нийтлэг журам”-д  зааснаар Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын сахилга, хариуцлагын талаар хэлэлцэх түүнчлэн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй албан тушаалтны хариуцлагын талаар байр сууриа илэрхийлж, арга хэмжээ авах үүрэгтэй  этгээд байх тул хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцсэнийг нь буруутгах үндэслэл байхгүй ч ийнхүү хэлэлцсэнийг нь тухайн зөрчлүүдийг шалгаж тогтоосон байна гэж үзэх боломжгүй байна.

   Учир нь хариуцагч нь, ажил хүлээлцэх шатанд зөрчлүүд илэрч уг асуудлыг Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан  “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ын дагуу зохих ажиллагааг хийж, Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хэмээн тайлбартаа дурдсан байдаг боловч үүнийгээ шүүхэд баримтаар нотлоогүй бөгөөд тэрээр уг журмын 4-т заасан “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох” үйл ажиллагааг хэзээ, хэрхэн, яаж явуулсан нь  тогтоогдоогүй болно. Зүй нь тус удирдлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн “төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүд өөрсдийн ах дүү, хамаатан садандаа зээл олгосон, зээлдэгчдийн дийлэнх нь зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, хийвэл зохих зах зээлийн судалгааг хийгээгүй зэрэг зөрчлүүд нь нэхэмжлэгч Ч.Бгээс шууд хамааралтай эсэх тэрээр түүнд ямар оролцоотой болох түүнчлэн бүрдэл дутуу зээлийн баримтууд нь нэхэмжлэгчийн ажиллаж байх үед хамаарч буй эсэх /сум хөгжүүлэх сангийн ажлыг хариуцан ажиллаж байх хугацаандаа 2 удаа буюу нийт 5 сар 25 хоногийн хугацаанд чөлөөтэй байсан/  зэргийг зохих журмын дагуу зайлшгүй шалган тогтоох  шаардлагатай. Гэтэл эдгээрийг шалгаж тогтоолгүйгээр бүхий л зөрчлийг нэхэмжлэгчид хамааруулан тухайн этгээдэд сахилгын шийтгэл ногдуулсан нь захиргааны үйл ажиллагаанд баримтлавал зохих Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй хууль бус үйл ажиллагаа болох нь тогтоогдож байна.

   Мөн тус удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн  “зарим зээлийн материал архивт байхгүй” гэх асуудлыг дахин нягтлан танилцуулахыг холбогдох алба хаагчдад тухайн хурал дээрээс даалгасан  зэргээс үзвэл уг зөрчлийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдсан Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж тогтоосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн ажлын хэсгээс удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулсан зарим асуудлууд тодруулбал, “Нотломж”-ийн 1-7-д дурдагдсан  буюу удирдлагын зөвлөлийн хурлын хамгийн эхэнд танилцуулагдсан зөрчлүүдийн тухайд өмнө нь буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын хэсгийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Илтгэх хуудас”-т  дүгнэгдсэнээр  нэгэнт тогтоогдсон улмаар томилох эрх бүхий этгээдэд 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр цохолт хийснээр илэрч мэдэгдсэн түүнчлэн сум хөгжүүлэх сангийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийсэн Дорноговь аймгийн Засаг даргын даргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас 2016 оны 11-12 дугаар сард явуулсан хяналт шалгалтаар зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн зөрчлийг илрүүлж  улмаар арилгах арга хэмжээ авахыг холбогдох албан тушаалтнуудад даалгаж байсан нь тус тус тогтоогдож байгаагаас үзвэл нэхэмжлэгчийн “тухайн зөрчлүүд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хурлаар хэлэлцэгдэн тогтоогдож илэрсэн юм биш” гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. 

Дээрхээс гадна захиргааны актад тодорхойлон дурдагдсан “зээлдэгчийн нийт зээлийн 90 хувь нь эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн” гэх нөхцөл байдлыг хэзээ илэрч тогтоогдсон талаар хариуцагчаас шүүх хуралдаан дээр тодруулахад “Төрийн сангийн мэдээ хариуцсан мэргэжилтнээс болон Ү даргаар ахлуулсан бүрэлдэхүүнээс 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн судалгаагаар гарч ирсэн” гэж тайлбарлаж байгаагаас  нь үзвэл тухайн асуудалд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах хуульд заасан хугацаа мөн хэтэрсэн болох нь тогтоогдож байна.

   Захиргааны ерөнхий хуулийн 5.4-т “Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ” гэж зааснаар хариуцагч албан тушаалтан нь захиргааны байгууллага болохын хувьд  мөн хуульд заасан зарчим, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулах учиртай. Тухайлбал хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул захиргааны байгууллага тухайн захиргааны актыг гаргахдаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг тухайлан хэрэгжүүлэх үүрэгтэй.

   Хариуцагч нь, шүүх хуралдаанд “дээрх зарчмыг хэрэгжүүлж Засаг даргын дэргэдэх удирдлагын зөвлөлийн хурал дээр нэхэмжлэгчээс холбогдох тайлбарыг нь авах замаар сонсох ажиллагаа явуулсан” хэмээн тайлбарладаг улмаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн хурал дээр сантай холбоотой зөрчлүүдийн талаар хэлэлцэхдээ нэхэмжлэгчээс асуулт асууж, холбогдох хариулт болон тайлбарыг авч байсан нь тогтоогдож байгаа хэдий ч үүнийг нь сонсох ажиллагааг явуулсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь тус хуралдаанаар тухайн зөрчлүүдийг эцэслэн шалгаж тогтоогоогүй, зарим асуудлын тухайд дахин нягтлан тодруулж хариуг мэдэгдэхийг нэхэмжлэгчид үүрэг болгож байсан ч нэхэмжлэгч нь тус хурлын маргаашнаас буюу 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл /маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл/ өвчтэй байсан  учир энэхүү үүргийг биелүүлж баримт материалыг нягтлан үзэж эргэж хариу мэдэгдэх, холбогдох тайлбарыг нэмж гаргаж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага, нэхэмжлэгчид “тухайн хурлаар хэлэлцсэн асуудалтай холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулах шийдвэрийг гаргахаас өмнө нэмэлт тайлбар гаргах, холбогдох баримтыг бүрдүүлэн өгөх” зэргээр Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг бодитоор олголгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

   Хоёр.Нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9 дэх заалтыг зөрчсөн гэх нөхцөл байдлын тухайд:

   Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасныг үндэслэсэн талаараа “...Б тухайн асуудлыг ганцаараа шийддэггүй, Засаг дарга зарим тохиолдолд сангаас зээл олгодог, үнэлгээний хороо бас олгодог. Тэр үед үнэлгээний хорооны гишүүн гэр бүлийн гишүүндээ зээл олгосон асуудал яригдсан. Б яагаад энэ асуудалтай эвлэрээд байдаг юм бэ, ...өөрийнх нь тайлбар дээр би үүнийг дангаараа шийддэгүй, тодорхой албан тушаалтны эцсийн шийдвэрээр ийм байдалд хүрсэн. Дандаа л өг, ...гэдэг учраас зээлийг олгосон гэдэг” гэх тайлбарыг гаргаж байна.

   Нэхэмжлэгчийг сангийн ажлыг хүлээн авах тухайн үед “Сум хөгжүүлэх сан”тай холбоотой харилцааг Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-аар нарийвчлан зохицуулж байсан байх ба уг журмын 3.3-т заасны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг жил бүр шинэчлэн байгуулж ажиллуулж байсан, улмаар нэхэмжлэгч нь “сан”-гийн асуудлыг хариуцан ажиллаж байсныхаа хувьд албан тушаалаараа /жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн,Тасгийн дарга/ тус зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан  байх боловч энэ нь  нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан “Албан тушаалтан хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх” үндэслэлээр шууд буруутгах нөхцөл болохгүй. Харин энэхүү нөхцөл байдлыг мөн зохих журмын дагуу шалган тогтоосон тохиолдолд холбогдох этгээдэд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно. Гэтэл тухайн нөхцөл байдлыг бодит баримтаар шалган тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг тухайн үндэслэлээр шууд буруутгаж байгаа нь хууль бус байна гэж үзлээ.

   Нөгөөтэйгүүр, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ын 3.3.2-т зааснаар сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих  чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулан  ажиллуулах учиртай. Гэтэл захиргааны байгууллага тухайн чиг үүрэг бүхий  зөвлөлийг огт байгуулаагүй байж байгаад 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс анхлан байгуулсан нь хэрэгт авагдсан Замын-Үүд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 04/01 дүгээр тогтоол  болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...Тухайн үед хяналтын хороог байгуулж  ажиллах ёстой байсан ч байгуулж ажиллаагүй. Зээлийн эргэн төлөлтийн асуудал хурцдах үед Ү даргаар ахлуулсан хяналтын зөвлөл байгуулсан...” гэх тайлбараар  тогтоогдож байгаа ба улмаар шинээр байгуулагдсан тус зөвлөлөөс ч сангийн үйл ажиллагаанд зохих журмын дагуу албан ёсоор хяналт шалгалт хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд тухайн орон нутагт тус сангийн үйл ажиллагааг зөвхөн нэг мэргэжилтэнд даатган  явуулж ирсэн, эцэст нь тус сантай холбоотой бүхий л алдаа зөрчлүүдийг зөвхөн тухайн этгээдэд буюу нэхэмжлэгчид хамааруулан улмаар түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болгож байгаа нь  төрийн албанд баримтлавал зохих шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

   Гурав. Нэхэмжлэгчийг жирэмсэн үед ажил, албан тушаалаас нь халсан гэх маргааны тухайд:

   Нэхэмжлэгч Ч.Б нь маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн үед жирэмсэн байсан, улмаар энэхүү нөхцөл байдлыг хариуцагч мэдэж байсан бөгөөд энэ талаар маргаагүй  нь хэрэгт авагдсан “Эмнэлгийн магадлагаа”-нд  бичигдсэн онош, ”Амбулаториор эмчлүүлэгсдийн карт” дахь, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн эмчийн үзлэгийн талаарх тэмдэглэл ,  хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...түүний жирэмсэн гэдгийг шийдвэр гаргахдаа мэдэж байсан болохоор тухайн үед акт өгч байсан...” гэх, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Нэхэмжлэгчийг жирэмсэн гэдэг тал дээр хариуцагч талаас маргаагүй...” гэх тайлбар зэргээр тогтоогдож байна.

   Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна” Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй .../-г/ аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” хэмээн тус тус заажээ.

   Хариуцагч нь Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 5/41 дугаартай “Прокурорын мэдэгдэл”-ийн  дагуу 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Б/54 дугаар тушаалаар  нэхэмжлэгчид “үндсэн цалинг 2 сарын хугацаатай 19 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг ногдуулсан, тухайн шийдвэр хүчин төгөлдөр байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг гаргах тухайн үед сахилгын шийтгэлтэй өөрөөр хэлбэл сахилгын шийтгэлгүйд тооцох хуульд заасан хугацаа өнгөрөөгүй байсан байдаг. /Нэхэмжлэгч нь энэхүү шийдвэртэй холбогдуулан шүүхэд маргаагүй болно/

   Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалт нэхэмжлэгчийн хувьд хамааралгүй тодруулбал, “..Монгол Улсын эдийн засаг, дээрээс нь ажил олгогчдоо эдийн засгийн хохирол учруулж байгаа үйлдэл болж байх тул хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байгаа” хэмээн тайлбарлаж байх боловч нэхэмжлэгчийн хувьд сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдлыг нэгэнт тогтоолгүйгээр түүнд сахилгын шийтгэл ногдуулсан байх тул хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг зөрчсөн гэж үзэв.

   Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулиар тогтоосон зарчим, журмуудыг зөрчсөн улмаар энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус захиргааны акт болох нь тогтоогдож байх тул Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Дөрөв: Ийнхүү Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Ч.Бг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүхээс үзсэн тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн  69 дүгээр зүйлийн 69.1-д  “...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор…/-ыг/ олгоно” гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчид ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг холбогдох журамд заасны дагуу тодорхойлон олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ч.Б нь маргаан бүхий Б/67 дугаар тушаалыг гарснаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажилгүй байсан бөгөөд тэрээр 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс жирэмсний амралт авсан болох нь хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бичсэн, 0258700 номерийн “Жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас”-аар  тогтоогдож байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн...төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ...хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно”, 3 дахь хэсэгт “Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцно” гэж зааснаас үзвэл жирэмсний амралттай байх хугацааны цалин хөлсийг ажиллаж байсан байгууллага нь бус нийгмийн даатгалын сангаас гаргахаар байна.

Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Ч.Бд ажлаас халагдсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс жирэмсний амралт авсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажиллаж байсан байгууллагаас нь гаргуулж олгох үндэслэлтэй байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу түүний дундаж цалин хөлсийг хэрэгт нотлох баримтаар авагдсан цалингийн жагсаалт, нийгмийн даатгалын дэвтэр, холбогдох бусад баримтуудад  үндэслэн тодорхойлж, нийт ажлын 103 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3731356 төгрөгийг холбогдох байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүхээс, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд томилогдсон  Б.Нг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн ч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн тул гуравдагч этгээдийг оролцуулалгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж  шийдвэрлэсэн болно

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4,  26.9, 27 дугаар зүйлийн 27.2.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/67 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.Бг урьд эрхэлж байсан тус аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн даргын  албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Бгийн ажилгүй байсан, ажлын нийт 103 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3731356 төгрөгийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж Ч.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА