Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 00400

 

 

 

 

 

 

 

 

 

“Гацуурт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01542 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Гацуурт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “Алтай констракшн” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 62 550 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Төгсбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Тамир,

Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Мөнхболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

             Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгсбаяр, Х.Номин нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 хороо, Чингисийн өргөн чөлөө-8 хаягт байрлах, “Монгол ТВ” цамхаг буюу хуучнаар “Алтай билдинг” барилгын 1, 7-14 давхрын өмчлөгч нь “Гацуурт” ХХК болно. Тухайн үед “Алтай билдинг” нэртэй байсан тус 14 давхар барилгыг “Алтай констракшн” ХХК нь барьсан бөгөөд улсын комисс 2013 оны 2 сарын 5-ны өдөр хүлээн авч 95/2013 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссийн акт үйлдсэн. Тус барилга нь ашиглалтад орсон цагаас эхлэн ноцтой доголдлууд илэрч эхэлсэн. Ялангуяа түгжээ, нугас нь барихаа больсон цонхнууд нь хүчтэй салхилах үед савагдаж хагарах тохиолдол гарч эхэлсэн. 2013 оны 4 сарын 19-ний өдөр “Алтай констракн” ХХК-тай компаний удирдлагуудын түвшинд уулзаж энэ асуудлаар мөн ярилцсан ба тухайн үед цонхнуудыг мэргэжлийн бригад гаргаж засуулах, шилэн фасадыг солих ажлыг 2013 оны 7 сарын 1-ний дотор дуусгах амлалтыг өгсөн байсан ч зөрчлийг арилгаагүй. Барилгын менежментийг хариуцдаг “Гацуурт пропертис” ХХК-ийн зүгээс 2013 оны 6 сарын 24-ний өдөр №13/034, 2013 оны 8 сарын 29-ний өдөр №12/044, 2014 оны 1 сарын 21-ний өдөр №14/005 тоот албан бичгүүдээр “Алтай констракшн” ХХК-д шаардлага тавьж байсан боловч доривтой арга хэмжээ аваагүй. Иймд тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг “Скай профешн” ХХК-иар тус барилгын шилэн гадаргуунд үзлэг хийлгэсэн ба тус компани нь 2014 оны 6 сарын 4-ний өдрийн 2014/29 тоот дүгнэлт, 2014 оны 8 сарын 27-ны өдрийн №2014/052 тоот дүгнэлтүүдээр шилэн фасад, дотор цонх зэрэг нь шаардлага хангахгүй, цонхны өөрийн жин нь стандарт жингээс хэт хүнд, онгойлтын хэмжээ нь 35 см-ээс ихгүй байх нормоос хэтэрч онгойдог жингийн тооцоогүй нугас суурьлуулсан байгаа нь цонхоо даахгүй унах аюултай болохыг тогтоосон. Мөн 2014 оны 7 сарын 10-ны өдөр БНХАУ-н шилэн фасад үйлдвэрлэл, угсралтын “Жун хан” компаниар үзлэг хийлгэсэн ба цонхнууд нь хэмжээнээс жижиг нугастай, жийрэг резин нь чанар алдсан гэх мэт олон дутагдлаас үүдэн цонхыг нээхэд доош унах магадлалтай болохыг тогтоосон. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа 3 жил байдаг. Тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-д зааснаар барилгын чанарын баталгаат хугацаа гэж барилга гүйцэтгэгч хариуцах хугацааг хэлдэг. Иймд барилгын баталгаат хугацаа нь 2016 оны 2 сарын 15-ны өдөр дуусах юм. Тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т зааснаар барилгын ажил гүйцэтгэгч нь барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй, 15 дугаар зүйлийн 15.1.7-д заасан барилга байгууламжийн хөрөнгө оруулагч, захиалагч нь баталгаат хугацаанд илэрсэн зөрчлийг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу ийнхүү удаа дараа хугацаа тогтоон, шаардлага тавьсан боловч зөрчлийг арилгаагүй болно. “Алтай констракшн” ХХК-ийн хариуцлагагүй байдлын улмаас цонх унах асуудал гарч байгаа ба 2016 оны 2 сарын 14-ний өдрийн байдлаар 92 цонхыг засаж янзлах шаардлагатай болсон. Бусдын амь, бие, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах үүднээс нэхэмжлэгч мэргэжлийн байгууллага хөлслөн тус цонхнуудыг засаж янзлуулах шаардлагатай болсон ба үүнтэй холбогдуулан шилэн фасадны “Мээж клаас” ХХК-ийг сонгосон. Тус компаниар нийт 92 цонхыг засаж янзлуулахад сайн чанарын БНСУ-д үйлдвэрлэсэн материал захиалах шаардлагатай болсон тул нийт засварын ажлын хөлс нь 40 296 ам.доллар буюу өнөөдрийн Монгол банкны ханшаар тооцвол 81 273 577 төгрөгийг барилгын гүйцэтгэгч “Алтай констракшн” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш “Toп фасад монголиа” ХХК-тай гэрээ байгуулан барилгын 92 ширхэг цонхыг засварлан дууссан бөгөөд нийт үнэ нь 62 550 000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нийт 62 550 000 төгрөг болгон багасгаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

      Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа барилгыг ашиглалтад орсон цагаас эхлэн ноцтой доголдлууд илэрч эхэлсэн. Ялангуяа түгжээ нугас барихаа больсон цонхнууд нь хүчтэй салхилах үед савагдаж хагарах тохиолдол гарч эхэлсэн. 2013 оны 04 сарын 19-ний өдөр “Алтай констракшн” ХХК-тай компанийн удирдлагын түвшинд уулзаж энэ асуудлаар ярилцсан ба тухайн үед цонхнуудыг мэргэжлийн бригад гаргаж засуулах, шилэн фасадыг солих ажлыг 2013 оны 7 сарын 1-ний дотор дуусгах амлалтыг өгч байсан ч зөрчлийг арилгаагүй гэжээ. 2013 оны 4 сарын 19-ний өдрийн 2 компаний удирдлагуудын хийсэн уулзалтаар шилэн хананы дулаан тусгаарлалт болон цонх дагаж ус урссан асуудлаар хэлэлцсэн бөгөөд бидний зүгээс энэ талаар шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар “Гацуурт пропертис” ХХК-ийн хариуцсан ажилтныг байлцуулан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүнийхээ дагуу бид мэргэжлийн “Зөв сур” ХХК-иар “Гацуурт” ХХК-ийн эзэмшлийн 7-14-р давхруудын цонхонд шалгалт хийсний үндсэн дээр барилгын ажлын явцад хагарч цуурсан шил болон шаардлагатай цонхны түгжээ, нугас, тээглүүр зэргийг сольж тохиргоо хийн хүлээлгэж өгснийг “Гацуурт пропертис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин өөрийн биеэр хүлээлцэж 2013 оны 9 сарын 18-ны өдөр ажил хүлээлцсэн актанд гарын үсэг зурсан атлаа хийсэн зүйлийг огт хийгээгүй мэтээр "зөрчлийг арилгаагүй" гэж байгаа нь утгагүй хэрэг. Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК нь манай компанитай 2008 оны 6  сарын 25-ны өдөр оффисын барилга захиалгаар барьж гүйцэтгүүлэх тухай №G/A/0609 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр гүйцэтгэгч “Алтай констракшн” ХХК нь Нийслэлийн Сүхбаагар дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 14 давхар оффисын барилгынхаа зоорийн болон 1-р давхарын тодорхой хэсгүүд, 7-14-р давхарыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “Гацуурт” ХХК нь гүйцэтгэгч барилгын ажилтай уялдуулан өөрийн өмчлөлийн 7-14 давхрын барилгын дотор чимэглэл болон бусад гүйцэтгэлийн ажлыг хийх, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Бидний зүгээс 2009 оны 3-р улирал гэхэд барилгын ажлыг зургийн төслийн дагуу гүйцэтгэн 1-6-р давхруудын захиалагч нартаа хүлээлгэн өгөөд байсан бөгөөд 2009 оны 1 сарын 10-ны өдөр “Гацуурт” ХХК-ийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулсныг тус компанийн инженер Б.Одхүү хүлээлцэн тэмдэглэл баримт үйлдсэн байдаг. Гэвч “Гацуурт” ХХК нь гэрээнд заасны дагуу өөрөө хийж гүйцэтгэх ёстой байсан 4-р давхрын дотоод заслын ажил хийгдэж дуусаагүйн улмаас улсын комисс ажиллуулж чадалгүй хүлээгдсээр 2012 оны 12 сард Улсын комисс ажиллаж, 2013 оны 2 сарын 15-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 95/2013 дугаар улсын комиссын акт гарсан. Барилгыг улсын комисс хүлээж аваагүй дээрх хугацаанд хүйтний улиралд барилгад дулаан авах, мөн 1-6-р давхарын бусад захиалагч, түрээслэгчдэд өмчлөх эрхийн гэрчилгээ болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөх боломжгүй байсан нь бидний болоод тэдгээр бусад иргэд, аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд ихээхэн хүндрэл учирч байсан. Иймд эл асуудлаар “Гацуурт” ХХК-ийн удирдлагад удаа дараа албан бичиг хүргүүлж, 7-14-р давхрын дотоод заслын ажлаа хийж дуусгахыг шаардаж байсан боловч дорвитой арга хэмжээ авалгүй хүлээгдсээр байсан тул бид арга буюу барилгын бусад давхруудад дуусаагүй барилгын Улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 3 сарын 17-ны өдрөөр гаргуулж авсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2009 онд барилга угсралтын ажил хэдийн дууссан, бусад захиалагчид нь захиалсан оффисоо хүлээн авч, түүндээ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байтал “Гацуурт” ХХК-ийн өөрсдийнх нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, буруутай байдлаас шалтгаалан барилгыг бүхэлд нь ашиглалтад оруулах ажиллагаа удааширч, нэлээд хожуу 2013 онд улсын комиссын акт гарсныг мэдсээр байж өдгөө барилгын чанарын баталгаат хугацаа дуусаагүй гэх байдлаар төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь заалтад заасны баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч “Алтай констракшн” ХХК-аас 62 550 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс 2016 оны 2 сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 564 318 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Алтай констракшн” ХХК-иас 470 700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Гацуурт” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

                 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тамир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитоор судалж, үйл баримтыг зөв үнэлж дүгнэж чадаагүй, өнгөц үндэслэл муутай дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “Тус барилга нь ашиглалтад орсон цагаас эхлэн ноцтой доголдлууд илэрч эхэлсэн. Ялангуяа түгжээ нугас нь барихаа больсон цонхнууд нь хүчтэй салхилах үед савагдаж хагарах тохиолдол гарч эхэлсэн. 2013 оны 4 сарын 19-ний өдөр "Алтай констракшн" ХХК-тай компанийн удирдлагын түвшинд уулзаж энэ асуудлаар ярилцсан ба тухайн үед цонхнуудыг мэргэжлийн бригад гаргаж засуулах, шилэн фасадыг солих ажлыг 2013 оны 7 сарын 1-ний дотор дуусгах саналыг өгч байсан ч зөрчлийг арилгаагүй” гэжээ. 2013 оны 4 сарын 19-ний өдрийн 2 компанийн удирдлагуудын хийсэн уулзалтаар шилэн хананы дулаан тусгаарлалт болон цонх дагаж ус урссан асуудлаар хэлэлцсэн бөгөөд бидний зүгээс энэ талаар шаардлагатай арга хэмжээг мэргэжлийн байгууллагаар “Гацуурт пропертис” ХХК-ийн хариуцсан ажилтныг байлцуулан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Үүний дагуу бид мэргэжлийн "Зөв сур" ХХК-иар "Гацуурт" ХХК-ийн эзэмшлийн 7-14-р давхруудын цонхонд шалгалт хийсний үндсэн дээр барилгын ажлын явцад хагарч цуурсан шил болон шаардлагатай цонхны түгжээ, нугас, тээглүүр зэргийг сольж, тохиргоо хийн хүлээлгэж өгснийг "Гацуурт пропертис" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Номин өөрийн биеэр хүлээлцэн 2013 оны 9 сарын 18-ны өдөр "ажил хүлээлцсэн акт"-нд гарын үсэг зурсан. Гэтэл үүнээс 2 жил орчмын дараа буюу 2015 оны зун тус компаний ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас онгорхой байсан цонх салхинд савагдан хагарч доош унахдаа бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан байдаг. Эл маргаан нь 3 шатны шүүхээр хянагдаж, "Гацуурт" ХХК-иас хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнээс үүдэн нэхэмжлэгч "Гацуурт" ХХК-ийн зүгээс барилга доголдолтой байсан, зөрчлийг арилгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн зүгээс шилэн фасад, цонх доголдолтой байсан гэх боловч үүнийгээ хөдлөшгүй баримтаар нотолж чадаагүй, шүүхэд нотлох баримтаар "Скай профешн" ХХК. "Актив хийц" ХХК, мөн БНХАУ-ын “Жун хан” гэх компаниудаар дүгнэлт хийлгэсэн боловч эдгээр компаниуд нь ямар үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, эл асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй байж болохуйц компаниуд байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар хөндлөнгийн шинжээч томилуулж, дүгнэлт гаргах хүсэлтээсээ татгалзсан. Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “… хариуцагч “Алтай констракшн” ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн ажлын шилэн фасад, цонхтой холбоотой хэсэг нь гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй, биет байдлын доголдолтой байсан байна гэж үзэх үндэслэлтэй байна" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн, уг хэргийг хэлэлцсэн 2016 оны 12 сарын 13-ны өдрийн 16:00 цагт зарлагдсан шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Мөнхболдын оролцсон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 13:30 минутад эхэлсэн шүүх хуралдаан удааширч /тухайн өдрийн 20:00 цаг хүртэл үргэлжилсэн/, тус шүүх хуралдаанд оролцож амжихааргүй гэнэтийн нөхцөл байдал үүссэн. Миний бие эл байдлыг тайлбарлаж шүүх хуралдааныг боломжит хугацаагаар /1 өдрөөр/ хойшлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг хэрэгсэхгүй орхиж, байлцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдаас "хууль зүйн туслалцаа авах" эрх, цаашлаад талуудын эрх тэгш байдал, оролцоо, мэтгэлцэх зарчмыг зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

                                                                                                                                                  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч “Гацуурт” ХХК нь хариуцагч “Алтай конктракшн” ХХК-д холбогдуулан  ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 62 550 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШЗ2016/07980 дугаар захирамжаар “… нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах” тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх-ийн 213-214 дүгээр тал/

 

Гэвч хариуцагч талыг дээрх нотлох баримтуудтай танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримттай танилцаж, тайлбар өгөх хариуцагчийн өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.3-д заасныг зөрчсөн байна. /хх-ийн 169-209 дүгээр тал/

 

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан” талаар тэмдэглэгдсэн байх боловч уг захирамж хэрэгт бичгийн хэлбэрээр авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Мөн шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2016/00831 дүгээр захирамжаар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дэд бүтцийн хяналтын газрын барилгын техникийн улсын ахлах байцаагч Д.Санжмятавыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-ийн 110-111 дүгээр тал/

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 07/2628 тоот албан бичигт “… Д.Санжмятав нь ажлын байрны тодорхойлолтоор барилгын сантехник, инженерийн байгууламж шугам сүлжээний ажлыг хариуцан ажилладаг бөгөөд дээрхи төрлийн ажилд шинжээчээр ажиллах нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14.1.1-т заасныг зөрчиж байгаа тул тус байцаагчийг шинжээчээр ажиллуулах боломжгүй” гэсэн хариуг шүүхэд ирүүлжээ. /хх-ийн 149 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШЗ2016/05090 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж дүгнэж, шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. /хх-ийн 153-154 дүгээр тал/

 

Учир нь анхан шатны шүүх шинжээч томилуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авсан атлаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар цонх, шилэн фасадтай холбоотой барилгын ажилд дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг шинжээчээр томилоогүйгээс шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан байхад шинжээч томилуулах нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2016/01542 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 470 700 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО                                          

                                                          ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ                                                                                                    

                                                                                                          Г.ДАВААДОРЖ