| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/02324/И |
| Дугаар | 167 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Сөүлийн 14-52 тоотод оршин суух, Боржигон овогтой Алтангэрэлийн Болорчимэг /РД:ЧК79082167/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Сөүл гудамж, 14-52 тоотод оршин суух, Сул боржигон овогтой Гүнсэнгийн Отгонбаяр /РД:ХБ70050572/-т холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Болорчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Бярзана, хариуцагч Г.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Болорчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Отгонбаяртай 2006 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр том хүү О.Жаяа, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр бага хүү О.Ананд нар төрсөн. Манай нөхөр хамтын амьдралаа эхлүүлж байхад зан харилцааны хувьд асуудалгүй байсан. Сүүлийн үед байнга хэрүүл хийдэг болж, надад гар хүрдэг, харгис араншинтай болсон. Миний бие СЭЗДС-ийн оройн ангид сурдаг байсан. Нөхөр маань гадаад багштай намайг хардаж, зовоодог болсон. Би энэ байдлыг тэвчихгүй 2012 онд шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн үед нөхөр маань буруугаа хүлээж, амлалтын бичиг өгч байсан учраас би нэхэмжлэлээ татан авсан. Тэр үеэс хойш 1 жилийн хугацаанд бидний харилцаа гайгүй байсан. 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр манай нөхөр шинэ жилийн баярын арга хэмжээндээ оролцож, шөний 23 цаг өнгөрөөж гэртээ орж, ирээд бид 3-ыг унтаагүй байна гэж уурлаад, миний нүүрлүү цохиж, хамрыг маань хугалсан. Тухайн үед би бараг ухаан алдаж унасан. Нэг сэрсэн чинь манай том хүү миний цусыг арчаад сууж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Шүүх эмнэлгээр оношоо тогтоолгоход хамар хугарсан байсан. Хамраа 4 удаа татуулж, эмчлүүлсэн. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нөхөр маань надаас нэг ч удаа уучлалт гуйгаагүй. Би нөхрөө бодоод Цагдаагийн газарт өгсөн гомдлоо татаж авсан. Эрүүгийн шүүх хуралдааны дараа би гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Хэрвээ нөхөр маань надаас уучлалт гуйсан бол би 2 хүүхдээ бодоод нөхөртэйгөө эвлэрэх боломжтой байсан. Нөхөр маань 2 хүүгийнхээ нүдэн дээр миний хамрыг хугалж, гэмт үйлдэл хийчихээд өдийг хүртэл худлаа ярьж, өөрийгөө өмөөрч яваа учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байна. Би 2 хүүхдээ хамтад нь өсгөх хүсэлтэй байгаа. Иймээс гэрлэлт цуцлуулах, 2 хүүгээ өөрийнхөө асрамжинд авах, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Сөүлийн 14 дүгээр байр, 52 тоот 2 өрөө байр болон 8 тоот дулаан гаражийн өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн 72-65 УНЛ улсын дугаартай Тоёота Вокси /Toyota Voxy/ маркын автомашиныг Г.Отгонбаярт өөрт нь үлдээхээр шийдсэн тул автомашинаас ногдох хэсгээ гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Отгонбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2 хүүхдийн эцэг болж, энэ айл гэрийг авч явах гэж чадахаараа хөдөлмөрлөсөн. Хэрүүлийн хувьд манай эхнэр эхэлж хэрүүл гаргадаг. Нэг мэдэхэд л амьдралд ийм хэрүүл гарчихсан байдаг. Эхнэрийн маань “сэтгэл санаа нь хэцүү байна. Сэтгэл мэдрэлийн эмчид үзүүлье” гэж ээж аавд нь хүртэл хэлж байсан. Би том хүүгээ өөр дээрээ авах хүсэлтэй байгаа. Миний энэ санал 2 хүүхдийн маань ирээдүйд хэрэгтэй гэж үзэж байна. Орон сууц, гаражийн хувьд энэ 10 гаруй жилийн хугацаанд энэ хөрөнгө мөнгийг би хөдөлмөрлөж, босгосон. Гэсэн хэдий ч “энэ миний хөрөнгө гэж” нэг ч удаа хэрүүл хийж байгаагүй. Нэхэмжлэгч нь энэ байрыг зараад 4/1 хэсгийг надад өгнө гэж ярьдаг. Би өөрийнхөө олон жил хөдөлмөрлөж, босгосон гал голомтыг заруулахгүй. Би том хүүгээ асрамжиндаа аваад байрнаас ногдох 50 хувийг нэхэмжлэгчид болон бага хүүдээ өгөх саналтай байна. Манай байр болон гаражийг 118,880,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгч нь бидний хүүхдийг өмчлөх асуудал байж болохгүй гэж үзэж байна. Санхүүгийн хувьд нэхэмжлэгч нь сарын 500,000 төгрөгийн цалинтай ажилд орсон юм байна. Нэхэмжлэгчийг энэ мөнгөөрөө 2 хүүхдээ тэжээгээд явах боломжгүй гэж үзэж байна. СӨХ-ны төлбөрт 600,000 төгрөг төлөөгүй байгаа гээд СӨХ-ноос над руу залгаж нэхэж байна. Би сардаа 500,000 төгрөгийн хүүхдийн тэтгэлэг төлөөд ч нэхэмжлэгч нь 2 хүүхдийн маань хэрэгцээг хангаад амьдрах боломжгүй гэж үзэж байна. Би 10 гаруй жил хөдөлмөрлөж байж босгосон эд хөрөнгөнийхөө тал хувийг авах нь шударга юм. Манай том хүү Орос сургуульд суралцдаг. Нэхэмжлэгч нь хүүгийн маань хичээл сургуулийг давтуулж, чадахгүй. Иймд миний бие гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Том хүүгээ өөрийн асрамжиндаа авч, байрныхаа 50 хувийг нэхэмжлэгч болон бага хүүдээ өгөх саналтай байна. Бага хүү О.Анандад хуульд заасан журмын дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Болорчимэг нь хариуцагч Г.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205034986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 14 дүгээр байрны 52 тоот 2 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 8 тоот автомашины дулаан зогсоол болон 72-65 УНЛ улсын дугаартай Тоёота Вокси /Toyota Voxy/ маркын автомашинаас хүү О.Жаяа, О.Ананд болон өөрт ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч нь 72-65 УНЛ улсын дугаартай Тоёота Вокси /Toyota Voxy/ маркын автомашинаас хүү О.Жаяа, О.Ананд болон өөрт ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.Болорчимэг, хариуцагч Г.Отгонбаяр нар 2006 онд танилцан хамтран амьдарч, улмаар 2007 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болж, 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү О.Жаяа, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү О.Ананд нарыг төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээ /хэргийн 10 дахь тал/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 13 дахь тал/ зэрэг бичмэл нотлох баримт, зохигчдын гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оны 12 сарын 27-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд талууд цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин нь хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч Г.Отгонбаяр нь 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Анандыг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, харин 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Жаяаг өөрийн асрамжиндаа авна гэж маргаж байх ба үндэслэлээ ... нэхэмжлэгч нь 500,000 төгрөгийн цалинтай тул санхүүгийн хувьд боломжгүй, хүү О.Жаяад орос хэл дээр хичээл давтуулж чадахгүй... гэж тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт... хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэжээ.
2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Жаяа нь одоо 10 настай бөгөөд гэрлэгчдийг тусдаа амьдарсан хугацаанд ээж дүүгийнхээ хамтаар амьдарсан байх ба цаашид эх А.Болорчимэгийн асрамжид үлдэх талаар санал гаргасан байна.
Хариуцагч Г.Отгонбаяр нь 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр эхнэр А.Болорчимэгийг зодож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь 500,000 төгрөгийн цалинтай тул санхүүгийн хувьд боломжгүй, хүү О.Жаяад орос хэл дээр хичээл хийлгэж чадахгүй...гэх тайлбар нь хүү О.Жаяаг эцэг Г.Отгонбаярын асрамжид үлдээх үндэслэл болохгүй гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр гэрлэгчдийн дундаас төрсөн насанд хүрээгүй хүү О.Жаяа, О.Ананд нарыг эх А.Болорчимэгийн асрамжид үлдээж, эцэг Г.Отгонбаяраас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Зохигчид нь хүү О.Жаяагийн хамт улсын бүртгэлийн Ү-2205034986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 14 дүгээр байрны 52 тоот 2 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 8 тоот автомашины дулаан зогсоолыг өмчилдөг байх ба уг эд хөрөнгийг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг, уг эд хөрөнгийг 118,880,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “МЧД” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Харин нэхэмжлэгч нь дээрх эд хөрөнгийг хүү О.Жаяа, хүү О.Ананд болон өөрийнхөө өмчлөлд үлдээж, хариуцагч Г.Отгонбаярт ногдох хэсгийг өгнө гэж, өөрөөр хэлбэл 4 хуваасны 1 хэсгийг хариуцагчид өгнө гэж маргаж байгаа бол нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр хувааж, 50 хувьд ногдох хэсгийг нэхэмжлэгчид мөнгөн хэлбэрээр өгч, уг байрны өмчлөлийг өөртөө авна гэж маргаж байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэжээ.
Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205034986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 14 дүгээр байрны 52 тоот 2 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 8 тоот автомашины дулаан зогсоолыг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “МЧД” ХХК-ийн үнэлгээг үндэслэн нэхэмжлэгч А.Болорчимэгээс 29,720,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Отгонбаярт олгож, улсын бүртгэлийн Ү-2205034986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 14 дүгээр байрны 52 тоот 2 өрөө орон сууц, уг байрны доор байрлах 8 тоот автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Болорчимэг болох хүү О.Жаяа, О.Ананд нарт шилжүүлж шийдвэрлэх нь гэр бүлийн гишүүдийн эрх ашигт нийцнэ гэж шүүх дүгнэв.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх...эрхтэй”. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч 72-65 УНЛ улсын дугаартай Тоёота Вокси /Toyota Voxy/ маркын автомашинаас хүү О.Жаяа, О.Ананд болон өөрт ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт Алтангэрэлийн Болорчимэг, Сул боржигон овогт Гүнсэнгийн Отгонбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 2007 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Жаяа, 2013 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү О.Ананд нарыг эх А.Болорчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү О.Жаяа, О.Ананд нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Отгонбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын бүртгэлийн Ү-2205034986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Сөүлийн гудамж, 14 дүгээр байрны 52 тоот 2 өрөө орон сууц болон уг байрны доор байрлах 8 тоот автомашины дулаан зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгч А.Болорчимэг, хүү О.Жаяа, хүү О.Ананд нарт шилжүүлж, нэхэмжлэгчээс 29,720,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Г.Отгонбаярт олгосугай.
5. Нэхэмжлэгч 72-65 УНЛ улсын дугаартай Тоёота Вокси /Toyota Voxy/ маркын автомашинаас ногдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Отгонбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Болорчимэгт олгосугай.
7.Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА