| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2015/08719/И |
| Дугаар | 121 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 121
2017 оны 01 сарын 05 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00121
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байрны 20 тоотод оршин суух, Алаг адуун овогтой Сэртэвсүрэнгийн Эрдэнэчимэг /РД:ИЭ85021760/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 24А дугаар байрны 10 тоотод оршин суух, Их хотгойд овогтой Тодгэрэлийн Сүхбат /РД:ХИ83011532/,
Хамтран хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 81 тоотод оршин суух, Боржигон овогтой Чойжамцын Энэбиш /РД:ХИ58033109/,
Хамтран хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63б байрны 9 тоотод оршин суух, Хөх чоно овогтой Цогзолмаагийн Төрболд /РД: ЧЕ82121776/,
Хамтран хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, худалдааны гудамж, холбооны 1/20 дугаар байрны 7 тоотод оршин суух, Хүрэн бухт овогтой Жадамбын Өнөржаргал /РД:ХЛ85050601/ нарт холбогдох
Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 20 тоот орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг орон сууцнаас нэхэмжлэгчид болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, хариуцагч Т.Сүхбат, хариуцагчийн өмгөөлөгч Л.Галбадар, хариуцагч Ч.Энэбиш, хариуцагч Ж.Өнөржаргал, хариуцагч Ц.Төрболд нарын өмгөөлөгч Г.Батаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Т.Сүхбаттай 2011 онд танилцаж, 2012 оны 06 дугаар сард гэр бүл болж, 2013 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байдаг. Тухайн үед С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат нар нь аль алин орон сууцгүй байсан бөгөөд С.Эрдэнэчимэгийн ахын байрыг түрээсэлж амьдардаг байсан. 2012 оны 12 дугаар сард С.Эрдэнэчимэг нь жирэмсэн болоод үр зулбасан байдаг. Нэхэмжлэгч нь өөрийн төрсөн ахдаа “бидэнд байрны туслалцаа үзүүлээч” гэж хүсэлт гаргасны дагуу С.Амарсанаа нь хөнгөлөлттэй байр худалдан авах эрхээ С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат нарын гэр бүлийн хамтын амьдралд нь зориулж өгсөн байдаг. 176,713,125 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг 60 хувийн хөнгөлөлттэй худалдан авах эрхийг С.Амарсанаа нь өөрийн дүү С.Эрдэнэчимэг болон түүний нөхөр Т.Сүхбат нарын гэр бүлийн амьдралд зориулж өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь айлын бага хүүхэд бөгөөд С.Амарсанаагийн ганц охин дүү нь учраас нэхэмжлэгчийн гэр бүлийнхэн бүгд дэмжиж, байртай болоход нь хувь нэмэр оруулсан байдаг. Хариуцагч Ч.Энэбиш гуай ч хүүгийнхээ гэр бүлд зориулж, орон байртай болоход нь хөрөнгө оруулж дэмжсэн нь үнэн. Ингээд “Батбүрдэл” ХХК-тай 2012 оны 08 дугаар сард орон сууц захиалгын гэрээ байгуулж, уг орон сууцыг худалдан авсан байдаг. 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг байрны урьдчилгаанд 13,000,000 төгрөг төлсөн байдаг. 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэхэд уг байрны 30 хувийн урьдчилгаа мөнгийг бүрэн төлж гэрээг байгуулсан байдаг. Үлдэгдэл 49,000,000 төгрөгийг төлж, дуусаад 2014 оны 02 дугаар сарын 08-ны өдөр орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан. Т.Сүхбат нь өөрийн эхнэр болон түүний ахаас орон сууц хөнгөлөлттэй худалдан авах эрхийг шилжүүлж авчихаад, өөрийн ээжийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг “Батбүрдэл” ХХК-д гаргасан байдаг бөгөөд уг хүсэлтийн дагуу “Батбүрдэл” ХХК-иас Ч.Энэбиш гуайн нэр дээр уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан байдаг. Иймд Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 20 тоот орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгож, үнэлгээний дагуу уг байрнаас нэхэмжлэгчид болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Т.Сүхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд үргэлж, худал хуурмаг зүйл ярьж, миний нэр төрд халдаж байдгийг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ бидний гэрлэлтийн талаар 2012 оны 6 дугаар сард гэр бүл болсон гэж бичсэн байдаг нь үндэслэлгүй юм. 2013 оны 01 дүгээр сард миний бие өмнөх гэрлэлтээ цуцлуулсан бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр С.Эрдэнэчимэг бид 2 гэрлэлтээ батлуулсан юм. Нэхэмжлэгчийн ах С.Амарсанаа нь МҮОНРТ-д ажилладаг бөгөөд уг байгууллагын ажилчдын байрнаас орон сууц худалдан авах эрх болох 2,3 квотыг өөртөө авчихсан байсан. Уг квотын нэгээр нь С.Амарсанаа нь Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 43 дугаар байрны 25 тоотод өөрийн аав ээждээ байр авч өгсөн байдаг. С.Амарсанаа нь өөрөө байрны зээлтэй байсан учраас уг квотоор байр авахыг надад санал болгосон. Би энэ тухай ээждээ хэлэхэд ээж маань эхэндээ зөвшөөрөхгүй байсан. Ээж маань энэ байрны мөнгийг 100 хувь төлж, авсан. Уг байр тухайн үедээ 72,000,000 төгрөгөөр зарагдаж байсан энгийн стандарттай байр юм. МҮОНРТ-ийн нягтлан бодогч нь өөрөө санхүүгийн тамгаа дарж, 60 хувийн хөнгөлөлттэй гэж хуурамч тодорхойлолт гаргаж, өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 13,000,000 болон 8,198,000 төгрөгийг С.Эрдэнэчимэг төлсөн гэж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ өөрөөр ярьж байна. Орон сууц худалдан авах квотын хувьд С.Амарсанаагаас над руу шилжүүлэх тухай хүсэлт байдаг. С.Амарсанаагаас уг квотыг С.Эрдэнэчимэг рүү шилжүүлсэн тухай хүсэлт нотлох баримт байдаггүй. С.Эрдэнэчимэг нь квотыг намайг байхгүйд хулгайлаад аваад явсан байдаг. Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь анхнаасаа уг байрны өмчлөгч байгаагүй бөгөөд тэрээр өөрийг нь эзгүйд өөрт нь хэлэлгүйгээр намайг ээжийнхээ нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн гэж худал хэлдэг. Нэхэмжлэгч нь С.Амарсанаагаас над руу квот шилжүүлсэн хүсэлтийг “Батбүрдэл” ХХК дээрээс хулгайлаад явсан байдаг. Нэхэмжлэгчийн квот шилжүүлэх хүсэлт хулгайлсан байдлыг манай ээж бичлэг хийж баталгаажуулж, аваад хэрэгт өгсөн байгаа. Нэхэмжлэгч нь С.Амарсанаагаас С.Эрдэнэчимэг рүү квот шилжүүлсэн хүсэлт хуурамчаар нөхөж хийсэн байдаг. Байрны урьдчилгаа төлбөрийн хувьд 13,000,000 төгрөг, 8,198,000 төгрөгөөр 2 удаа нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг төлсөн гэж маргадаг. Гэтэл манай ээж н.Цог гэдэг хүнээс 12,000,000 төгрөг зээлж, өөртөө байсан 1,000,000 төгрөгийг нэмээд 13,000,000 төгрөг болгон байрны урьдчилгаанд өгсөн байдаг. Энэ 13,000,000 төгрөгийг “Батбүрдэл” ХХК-ийн санхүүд би тушаасан бөгөөд мөнгө тушаасан баримт хэрэгт авагдсан байгаа. Дараагийн 8,198,000 төгрөгийн хувьд манай ээж цалингийн зээл аваад байрны урьдчилгаанд төлсөн юм. Ээж маань цалингийн зээл авах хүсэлтдээ ч энэ тухай тодорхой дурдсан байгаа. Гэрчийн мэдүүлэг өгсөн н.Арназул, С.Эрдэнэчимэг бид 3 цуг явж, 8,198,000 төгрөгийг “Батбүрдэл” ХХК-д тушаасан. Байрны үлдэгдэл мөнгийг төлөхийн тулд ээж маань Капитал банкнаас зээл хүссэн. Гэтэл банкнаас ээжийг маань тэтгэврийн насны хүн учраас үндсэн зээлдэгчээр зээл олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Ийм учраас би үндсэн зээлдэгчээр, ээж маань хамтран зээлдэгчээр Капитал банкнаас зээл авч байрны үлдэгдэл 49,000,000 төгрөгийг төлж барагдуулж, дууссан юм. Капитал банкнаас зээлийн тухай баримтууд ирж, хэрэгт авагдсан байгаа бөгөөд уг баримтуудад С.Эрдэнэчимэг хамтран зээлдэгч гэсэн ямар нэгэн баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Энэбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Эрдэнэчимэг гэдэг хүнтэй танилцсанаас хойш миний хүүгийн ааш араншин өөрчлөгдөж, өнгөрсөн 4 жилийн хугацаанд зүрхний өвчтэй болсон. Миний бие мөн адил өнгөрсөн 4 жилийн хугацаанд маш их ядарч байна. Хүүгийн маань шүүх хуралдааны явцад гаргаж байгаа бухимдуу занг уучлаарай. Би өөрийн амьдарч байсан 3 өрөө байраа зараад зуслангийн байшин авах төлөвлөгөөтэйгөөр судалж байсан. Энэ үед хүү маань надад уг байр авахыг санал болгосон. Эхэндээ би хүүгийнхээ хэлсэн саналыг зөвшөөрөөгүй хэдий ч хүү маань дахин дахин санал болгож байсан учраас уг байрыг худалдан авахаар болсон. Хүү маань “С.Эрдэнэчимэгийн ах квотаа зарна гээд байна. Хэрвээ таныг уг байрыг худалдаж авахаар бол квотаа үнэгүй өгье гэж байна” гэж намайг сандаргасан. Би 3 өрөө байраа зараагүй байсан учраас н.Цогоос байрны урьдчилгаа мөнгө 12,000,000 төгрөгийг зээлсэн. “Батбүрдэл” ХХК нь байрны урьдчилгаа 30 хувиа гүйцэт төлж байж, орон сууц захиалгын гэрээгээ хий гэсэн нөхцөл тавьсан. Ингээд би байрны урьдчилгаа мөнгөө гүйцэт төлөх гэж 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр банкнаас цалингийн зээл авсан. Энэ талаар Голомт банкны нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Анхнаасаа уг байр нь зээлэнд хамрагдах эрхгүй байр байсан бөгөөд сүүлд Капитал банктай гэрээ байгуулж, зээлэнд хамрагдах боломжтой болсон. Би Капитал банкнаас зээл авахдаа өөрийнхөө амьдарч байсан 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавьсан. Капитал банк жилийн 1,7 хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд 8,198,000 төгрөгийг тушаах шаардлагатай болсон. Капитал банканд уг мөнгийг тушаалгүй уг банканд данс нээлгэж, мөнгөө байршуулчихаад байж байтал надад зээл өгөх боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Ийм учраас миний хүү Т.Сүхбат 1 дүгээр зээлдэгчээр, би хамтран зээлдэгчээр банкнаас зээл авсан. 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр миний бие “Батбүрдэл” ХХК руу байрны үлдэгдэл төлбөр 49,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2013 оны 08 дугаар сард 3 өрөө байраа зараад зээлийн үлдэгдэл мөнгийг би тушаасан. Ингээд уг байр миний 100 хувийн өмч болсон. Анх уг байрны квотыг олж өгснөөрөө С.Эрдэнэчимэг нь өөрийнхөө байр гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь С.Амарсанаагаас миний хүү Т.Сүхбат рүү квотыг шилжүүлэх хүсэлт гаргасан байсныг “Батбүрдэл” ХХК-иас хулгайлсан байдаг. Дараа нь С.Амарсанаагаас С.Эрдэнэчимэг рүү квот шилжүүлэх хүсэлтийг хуурамчаар үйлдэж, хэрэгт өгсөн байдаг. Бид “Батбүрдэл” ХХК-ийг С.Эрдэнэчимэгтэй ашиг сонирхол нэгтэй гэж үзэж байна. 2013 оны 01 дүгээр сард уг байр ашиглалтанд ороод үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авахад нэхэмжлэгч нь “Энэ байр яагаад танай ээжийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан юм” гэж уурлаж, элдвийн зан гаргаж байсан. Миний хүү С.Эрдэнэчимэгтэй танилцсанаас хойшхи 4 жилийн хугацаанд би олон муу зүйл сонсч амьдарсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн зүйлс бүгд худал бөгөөд 100 хувь биднийг гүжирдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарын өмгөөлөгч Г.Батаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын маргаж байгаа байрны хувьд гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө биш юм. Хуульд заасны дагуу гэрлэгчид гэр бүл болж, гэрлэлтээ батлуулснаас хойш үүссэн эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж үздэг. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байдаг. Гэтэл 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч Ч.Энэбиш нь уг орон сууцны үнийг бүхэлд нь төлж дууссан байдаг. 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Т.Сүхбат өмнөх гэрлэлтээ цуцлуулсан. Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь уг байрыг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж маргадаг ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагч Ч.Энэбиш нь Т.Сүхбат, С.Эрдэнэчимэг нарыг гэрлэлтээ батлуулахаас өмнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны 43 дугаар байрны 20 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан нь тогтоогдоно. 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарч, Ч.Энэбиш нь 100 хувь уг байрны төлбөрийг төлсөн нь үнэн гэсэн албан тоотыг “Батбүрдэл” ХХК-иас Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт явуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарсан юм. Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь байрны урьдчилгаа төлбөрөөс төлсөн гэж маргадаг хэдий ч нэхэмжлэгчийг байрны төлбөр төлсөн гэх нэг ч баримт хэрэгт байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.Галбадар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 43 дугаар байрны 20 тоот байрны өмчлөгчийн асуудлаар зохигчид маргаж, энэ асуудлаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Гэтэл орон сууц хөнгөлөлттэй худалдан авах эрх буюу квотын асуудал маш их яригдаж байна. Квот гэдэг нь тухайн орон сууцыг худалдан авах эрх болохоос баялаг бүтээх ойлголтыг илэрхийлэх ухагдахуун биш учраас энэ нь өмчийн маргаантай огт хамааралгүй юм. Ямар ч байсан уг квот нь С.Амарсанаагаас Ч.Энэбишд шилжээд очсон байдаг. Квот шилжсэн асуудал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг тогтоох асуудалд огт хамаарахгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 126 дугаар зүйл, Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болдог. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд хариуцагч нь өмнөх гэрлэлтээ цуцлуулаагүй байсан байдал нь Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр 9.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэдний гэрлэлт зөрчилдөөнтэй болсон юм. Зохигчдын маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн хувьд хариуцагч нь нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгтэй “гэр бүл” гэдэг хууль зүйн ухагдахуун байхгүй байсан үед үүссэн эд хөрөнгө юм. Иймээс нэхэмжлэгч нь уг байрыг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө гэж маргах шаардлагагүй юм. 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр уг байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байдаг. Анхнаасаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь гарахдаа Ч.Энэбишийн нэр дээр гарсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагдана. Хариуцагч Ч.Энэбиш нь байрны мөнгийг 100 хувь төлсөн учраас түүний нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэсэн албан хүсэлтийг Батбүрдэл ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр явуулсан байдаг бөгөөд энэ тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Улсын Бүртгэлийн Ерөнхий хуульд заасны дагуу эд хөрөнгийн бүртгэл нь үнэн зөв байна гэсний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч Ч.Энэбишийн нэр дээр гарсан байх гэж үзэж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарыг гэрлэснээс хойш хариуцагч Ч.Энэбиш тэдэнтэй хамт амьдарч байгаагүй. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрчийн мэдүүлэг өгсөн н.Арназултай хамтарч байр хөлсөлж, амьдарч байсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь хариуцагч Т.Сүхбат, Ч.Энэбиш, Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарт холбогдуулан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 20 тоот орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг орон сууцнаас нэхэмжлэгчид болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг, хариуцагч Т.Сүхбат нар нь 2012 онд танилцаж, 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэн гэр бүл болж, тэдний дундаас 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр хүү С.Чингүүн төрсөн, гэрлэгчид нь хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, шүүхийн шийдвэр /хх-ийн 18,169,146, 139/ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.Эрдэнэчимэг нь Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43 дугаар байрны 20 тоот, улсын бүртгэлийн Ү-2205053025 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг орон сууцнаас нэхэмжлэгчид болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43 дугаар байрны 20 тоот, улсын бүртгэлийн Ү-2205053025 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг анх “Батбүрдэл” ХХК 2012 оны 05 дугаар сараас 2013 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд барьж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Уг байрыг МҮОНРТ-ийн ажилтан С.Амарсанаа нь хөнгөлөлттэй үнээр захиалан бариулах эрхтэй /квот/ байсан боловч энэ эрхээ 2012 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өөрийн төрсөн дүү С.Эрдэнэчимэгт шилжүүлэх тухай, 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Т.Сүхбатын нэр дээр шилжүүлж гэрээ байгуулах тухай хүсэлтийг “Батбүрдэл” ХХК-д тус тус гаргаснаар“Батбүрдэл” ХХК нь 2012 оны 08 дугаар сарын 31-ны өдөр С.Эрдэнэчимэгтэй “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх” гэрээ байгуулсан байна. 2013 оны 02 дугаар сарын 04-ны өдөр С.Эрдэнэчимэг нь “Батбүрдэл” ХХК-д “...орон сууц захиалгын гэрээг миний нөхөр Т.Сүхбатын нэр дээр шилжүүлж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасны дагуу “Батбүрдэл” ХХК болон Т.Сүхбат нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөр огноолсон “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан. 2014 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Т.Сүхбатаас “Батбүрдэл” ХХК-д “...орон сууц захиалгын гэрээг Ч.Энэбишийн нэр дээр шилжүүлж, өмнөх гэрээг цуцалж өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасны дагуу “Батбүрдэл” ХХК болон Ч.Энэбиш нарын хооронд 2012 оны 08 дугаар сарын 31-ны өдрөөр огноолсон “Орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээ” байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна /хх-ийн 14,85,132,137,173,185-190 тал/.
“Батбүрдэл” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 029 дугаартай “....Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43 дугаар байрны 20 тоот орон сууцны захиалагч Ч.Энэбиш нь нийт төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан тул эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө үү...” гэсэн хүсэлтийн дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газар уг байрны анхны өмчлөгчөөр Ч.Энэбишийг бүртгэж , үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000289891 дугаартай гэрчилгээг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан байна. /хх-ийн 102,104/
Ийнхүү тус байрны хууль ёсны өмчлөгч Ч.Энэбиш нь маргааны зүйл болох байрыг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарт 75,000,000 төгрөгөөр худалдаж, өмчлөгчөөр 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нар бүртгэгджээ. /хх-ийн 103, 113,169/
Өнөөдрийн байдлаар Ц.Төрболд, Ж.Өнөржаргал болон Ч.Энэбиш нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ болон уг гэрээний дагуу маргаан бүхий орон сууцыг Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарын өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгч нь энэ талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороололын Хасбаатарын гудамжны 43 дугаар байрны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарыг бүртгэсэн улсын бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...ах С.Амарсанаа нь манай гэр бүлд зориулж тус орон сууцыг хөнгөлөлттэй үнээр авах эрхээ шилжүүлсэн, мөн тус болох 30 хувийн урьдчилгааны төлбөр болох 2012 оны 03 дугаар сарын 31-ны өдөр төлсөн 8,198,417 төгрөгийг С.Эрдэнэчимэг төлсөн, 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 13,000,000 төгрөгийг Т.Сүхбат, С.Эрдэнэчимэг нар дундаасаа гаргаж төлсөн...” тайлбарлан Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.2, 126.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлж байна.
Нэхэмжлэгч тал нь байрны үлдэгдэл төлбөр болох 49,000,000 төгрөгийг хариуцагч Ч.Энэбиш төлсөн болохыг хүлээн зөвшөөрч маргадаггүй.
Мөн маргаан бүхий Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43 дугаар байрны 20 тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг 100,000,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Лэндс ХХК-ийн үнэлгээг талууд хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч нар нь “...С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат нар нь 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Маргаан бүхий байрны үнийг 100 хувь хариуцагч Ч.Энэбиш төлсөн, хэдийгээр урьдчилгаа 30 хувь болох 21,198,417 төгрөгийг С.Эрдэнэчимэг гэсэн нэрээр тушаасан боловч тэр мөнгийг Ч.Энэбиш гаргасан. Уг байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхийн тулд 2012 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 12.000.000 төгрөгийг Б.Цогоос зээлсэн, 2016 оны 08 дугаар сарын 30-ний өдөр Голомт банкнаас цалингийн зээл авч байж төлсөн. Ингээд үлдэгдэл 49,000,000 төгрөгийг төлөхийн тулд би банкнаас зээл авах гэсэн боловч миний нэр дээр зээл гарах боломжгүй тул хүү Т.Сүхбат 1 дүгээр зээлдэгчээр, миний бие хамтран зээлдэгчээр орж, өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 81 тоот 3 өрөө байраа барьцаалж, Капитал банкнаас зээл авч төлж дуусгаад дараа нь барьцаанд тавьсан байраа зарж банкны зээлээ төлж дуусгасан...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нарын энэхүү тайлбар нь “Батбүрдэл” ХХК-аас Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт гаргасан2014 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 029 дугаартай “Ч.Энэбиш төлбөрийг бүрэн барагдуулсан тул гэрчилгээ гаргаж өгнө үү” гэсэн хүсэлт, гэрлэгчдийн гэрлэлтийн гэрчилгээ, Капитал банкны 49.270.000 төгрөгийг Т.Сүхбат төлсөн гэх мемориал баримт, Капитал банкны 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Ч.Энэбишийн байрны урьдчилгаанд 8.475.000 төгрөгийг Т.Сүхбатын данс руу шилжүүлсэн гэх дансны хуулга, 2013 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Т.Сүхбат, Ч.Энэбиш нарын Капитал банктай хийсэн Зээлийн болон Барьцааны гэрээ, Ч.Энэбишийн кредит картын хуулга, гэрч н.Арназулын мэдүүлэг болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна /хх-162-195, 177/2/, 89-96/2//.
Нэхэмжлэгч тал хариуцагч талын дээрх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадахгүй байх тул “...ах С.Амарсанаа нь тус орон сууцыг хөнгөлөлттэй үнээр авах эрхээ шилжүүлсэн, мөн тус байрны урьдчилгаа болох 30 хувийн урьдчилгааны төлбөрийг Т.Сүхбат, С.Эрдэнэчимэг нар төлсөн...” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн маргаан бүхий байрыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт эд хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэжээ.
Иймд С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат нарын гэрлэлтийг улсын бүртгэлд 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн байдал, маргаан бүхий байрны үнийг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат нарын гэрлэлт улсын бүртгэлд бүртгэгдэхээс өмнө төлж дууссан, улмаар маргаан бүхий байрны анхны өмчлөгчөөр Ч.Энэбиш бүртгэгдсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатарын гудамж, 43 дугаар байрны 20 тоот орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгийн хариуцагч Т.Сүхбат, Ч.Энэбиш, Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр, 20 тоот орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг орон сууцнаас нэхэмжлэгчид болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Эрдэнэчимэгийн хариуцагч Т.Сүхбат Ч.Энэбиш, Ц.Төрболд, Ж.Өнөржаргал нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 4 дүгээр хороололын 43 дугаар байрны 20 тоот орон сууцыг С.Эрдэнэчимэг, Т.Сүхбат, С.Чингүүн нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг орон сууцнаас нэхэмжлэгчид болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА