| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07933/И |
| Дугаар | 211 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 211
2017 оны 01 сарын 12 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00211
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдын Д 2-52 тоотод оршин суух, Боржигон овогт Нацагийн Энхдалай /РД:УХ64110407/-гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Энхдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхдалай шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тушаал гарч тэтгэвэртээ гарч байгаа. Би Төмөр замд ажиллаж байгаад 1987 онд өөрийн хүсэлтээр гарч, 1987 оны 5 дугаар сард Солонго хувцас захиалга хоршоонд үйлчлэгчээр ажилд орсон. 1989 оны 10 дугаар сард оёдолчны курст суугаад 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээгээ гардаж аваад, мэргэжлийн оёдолчин болсон. Иймээс намайг 1987 оны 5 дугаар сараас 1989 оны 11 дүгээр сарыг хүртэлх хугацаанд Солонго хувцас захиалга хоршоонд үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Энхдалай нь 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сар хүртэл Нийтийн ахуй үйлчилгээний харьяа Солонго хувцас захиалга, засварын үйлдвэрт ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 930 дугаартай тодорхойлолтоор Солонго хувцас захиалга засварын үйлдвэр баримт шилжиж ирээгүй тул Н.Энхдалайд холбогдох баримтыг шүүн үзэж, лавлагаа гаргах боломжгүй гэсэн байх боловч шүүх хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг үнэлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хүсэлт гаргагч Н.Энхдалай нь 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сар хүртэлх хугацаанд Нийтийн ахуй үйлчилгээний харъяа Солонго хувцас захиалга засварын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5522 дугаартай оёдолчины мэргэжлийн үнэмлэх, 1989, 1988 онд ажлын хамт олонтойгоо авахуулсан фото зураг, хүсэлт гаргагч Н.Энхдалайгийн 1987-1989 оны хооронд ажиллаж, цалин авч байсан талаарх лавлагаа болон Д.Оюунчимэг, Б.Рэгзэдмаа нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, тэдний хөдөлмөрийн дэвтэр болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Боржигон овогт Нацагийн Энхдалай /РД:УХ64110407/-г “1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 сар хүртэл Нийтийн ахуй үйлчилгээний харьяа Солонго хувцас захиалга, засварын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Боржигон овогт Нацагийн Энхдалай /РД:УХ64110407/-г 1987 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Нийтийн ахуй үйлчилгээний харьяа Солонго хувцас захиалга, засварын үйлдвэрт үйлчлэгчээр ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА