Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 101

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч С.Сугар, 

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Мд холбогдох 2030000000139 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн мал ахуй эрхлэх, ам бүл 7, эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй,  М.М. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч М.М нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ж” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар иргэн Г.Дыг зодож эрүүл мэндэд нь “гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Д өглөө ирээд олон юм яриад байхаар нь би хүнээр гэр рүү нь хүргүүлсэн. Гэтэл 11 цагийн үед манайд дахин ирэхэд нь бид хоёр хоорондоо маргалдсан. Би Г.Дыг хүрзний толгойгоор мөрөн дээгүүр нь нэг удаа цохисон. Би өглөө нь Г.Дыг гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл өдөр нь дахиж ирээд маргаан үүсгэсэн. Би санаатай цохиогүй. Хохирогчид хохирлыг төлсөн үү, Бид хоёр эвлэрсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн.  Энэ хүрз нь  Г.Дыг цохисон хүрзний толгой мөн. Хүрзний толгойгоо устгуулъя. Би банкны зээлтэй. Тиймээс торгуулийн ял төлөх хугацааг уртасгаж өгнө үү...гэв.

 

- Яллагдагч М.Мын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хадам дүү Г.Д эхнэр Г.Мийн хамт манай гэрт өглөө 10 цагийн үед ирсэн. Тухайн үед Г.Д нь согтуу байсан. Тэгээд  намайг хоосон ядуу гуйлгачин гэж хэл амаар доромжлоод байхаар нь гэрийн гадаа байсан хүрзний толгой аваад цохисон. Би хохирлыг бүрэн барагдуулж Г.Дтай эвлэрсэн учир хэргийг хялбаршуулсан шийдвэрлэж өгнө үү”...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 хуудас/,

 

- Хохирогч Г.Дын: 2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед хүргэн М.Мынд эхнэр Мийн хамт очсон. Бид хоёр хэн хэн нь халамцуу байсан тэгээд хоорондоо маргаад гэрт сууж байтал М чи муу энэ янхан хүүхнээ аваад зайл гээд намайг гараад ир гээд дуудаад байхаар нь гэрээс гараад очтол М гэрээс урагшаа гүйж явсныг санаж байна. Нэг мэдсэн би ухаан алдсан байсан юу болсон талаар мэдэх зүйл байхгүй сэрсэн чинь сумын эмнэлэгт ирсэн байсан. Манай эхнэр надад ярихдаа хүрзээр цохисон гэж хэлсэн. Гадаа бид хоёрыг зодолдох үед гэрт байсан хүмүүс гарч ирсэн байх. М.М нь миний хохирлыг барагдуулж, ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад гаргах гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-10 хуудас/,

 

- Гэрч Г.Мийн: Би 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед би нөхөр Г.Дын хамт хүргэн ах М.Мын гэрт очсон. Бид хоёрыг гэрт ороход М.М нь эхнэр Түвшинжаргалтай маргалдаад сууж байсан. Тэр хоёр маргалдаад байхаар нь бид хоёр салгах санаатай сууж байхад М.М нь гаднаас орж ирээд манай нөхөр Г.Дт хандаж чи муу янхан эгчээ аваад зайл гэсэн. Энэ үед Г.Д та нарын муудаж маргах асуудалд чинь бид нарт ямар хамаатай юм бэ? гэсэн чинь М.М манай хүнийг гэрээс авч гараад хүрзээр толгойн тус газар нь хоёр удаа цохиж, мөн үсдээд шанаан тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд би тэр хоёрыг салгаад машинтай сумын төвд ирсэн. Манай хүн эмнэлэгт шууд хэвтсэн. М.М нь тэр үед согтуу байсан.  Манай нөхөр бас халамцуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

 

- Гэрч Г.Тын:   2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр манай дүү Г.Д болон бэр Г.М нар ирсэн. Тухайн үед би гэртээ унтаж байсан. Намайг сэрэхэд М.М янхан эгчийгээ аваад зайл гэж хэлсэн. Тэгээд би М.Мтай маргалдсан тэгтэл М.М гэрээс гарч манай дүү Г.Дыг дуудсан. Тэр хоёр гадаа маргалдаад байсан. Би гэрээс гараагүй. Г.Дын цус гарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 хуудас /,

 

- Баяндэлгэр сумын хүний их эмч Б.Цэнджаргалын Эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх- 20 хуудас / 

 

- Г.Дын Өвчний түүх /хх- 21-29 хуудас / 

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 161 дугаартай: 1. Г.Дын биед гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 30-31 хуудас /,

 

- “Эд мөрийн баримтаар тооцох тухай “ Мөрдөгчийн тогтоол /хх-ийн 03 хуудас/

 

- Эд мөрийн баримт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 хуудас/,

 

- М.Мын Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 46 хуудас /, 

 

- Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 60 дугаартай тодорхойлолт /хх-ийн 44 хуудас /,

 

- Шүүгдэгч М.Мын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт/хх-ийн 47-48 хуудас /,

 

- Шүүгдэгч М.Мын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 хуудас /,

 

- Шүүгдэгч М.Мын Прокурорын газарт гаргасан “ Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай ” хүсэлт /хх-ийн 53 хуудас/,  

     

  - Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай Ялын төрөл, хэмжээний талаарх санал /хх-ийн 55 хуудас / зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М М.М нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ж” гэх газарт 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар иргэн Г.Дыг зодож эрүүл мэндэд нь “гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт” бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ Г.Д өглөө ирээд олон юм яриад байхаар нь би хүнээр гэр рүү нь хүргүүлсэн. Гэтэл 11 цагийн үед манайд дахин ирэхэд нь бид хоёр хоорондоо маргалдсан. Би Г.Дыг хүрзний толгойгоор мөрөн дээгүүр нь нэг удаа цохисон. Би санаатай цохиогүй. Хохирогчид хохирлыг төлсөн. Бид хоёр эвлэрсэн. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн ” гэх, 

хохирогч Г.Дын “ 2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед хүргэн М.Мынд эхнэр Мийн хамт очсон. Бид хоёр хэн хэн нь халамцуу байсан тэгээд хоорондоо маргаад гэрт сууж байтал М чи муу энэ янхан хүүхнээ аваад зайл гээд намайг гараад ир гээд дуудаад байхаар нь гэрээс гараад очтол М гэрээс урагшаа гүйж явсныг санаж байна. Нэг мэдсэн би ухаан алдсан байсан юу болсон талаар мэдэх зүйл байхгүй сэрсэн чинь сумын эмнэлэгт ирсэн байсан. Манай эхнэр надад ярихдаа хүрзээр цохисон гэж хэлсэн. Гадаа бид хоёрыг зодолдох үед гэрт байсан хүмүүс гарч ирсэн байх. М.М нь миний хохирлыг барагдуулж, ямар нэгэн маргаангүй болсон тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Надад гаргах гомдол санал байхгүй “ гэх,

гэрч Г.Мийн “ Би 03 дугаар сарын 19-ний өглөө 10 цагийн үед би нөхөр Г.Дын хамт хүргэн ах М.Мын гэрт очсон. Бид хоёрыг гэрт ороход М.М нь эхнэр Түвшинжаргалтай маргалдаад сууж байсан. Тэр хоёр маргалдаад байхаар нь бид хоёр салгах санаатай сууж байхад М.М нь гаднаас орж ирээд манай нөхөр Г.Дт хандаж чи муу янхан эгчээ аваад зайл гэсэн. Энэ үед Г.Д та нарын муудаж маргах асуудалд чинь бид нарт ямар хамаатай юм бэ? гэсэн чинь М.М манай хүнийг гэрээс авч гараад хүрзээр толгойн тус газар нь хоёр удаа цохиж, мөн үсдээд шанаан тус газар нь хэд хэдэн удаа цохиж зодсон. Тэгээд би тэр хоёрыг салгаад машинтай сумын төвд ирсэн. Манай хүн эмнэлэгт шууд хэвтсэн. М.М нь тэр үед согтуу байсан.  Манай нөхөр бас халамцуу байсан ” гэх мэдүүлгүүд, 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын эрүүл мэндийн төвийн их эмч Б.Цэнджаргалын тодорхойлолт,

шинжээчийн 161 дугаартай “1. Г.Дын биед гэмтлийн гаралтай тархи доргилт, баруун мөр орчмын зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. 3. Учирсан гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн дээрх баримтаар М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн доторх маргааныг зохицуулах гэсэн хадам дүү Г.Дтай маргаан үүсгэн, улмаар түүний толгойн тус газарт хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг хүрзээр цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсан үедээ гэр бүлийн доторхи маргаанаас үүдэн хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч М.Мын, хохирогч Г.Дыг хүрзээр цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

М.Мын үйлдлийн улмаас хохирогч Г.Дын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс “ миний хохирлыг барагдуулсан, ямар нэгэн маргаангүй болсон Надад гаргах гомдол санал байхгүй ” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч М.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Прокуророос М.Мд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

Тухайлбал, шүүгдэгч М.Мын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд М.Мд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ төмрөөр хийгдсэн ажлын хэсэг нь 22.2 см өргөнтэй, 20.5 см урттай өргөөшөө 9 см уртаашаа 15.5 см зайд 4 см цуулалтай зэвэр бүрхэгдсэн иш хэсэг нь 13.7 см урттай дугараг хэлбэртэй дээрээсээ 2 см зайд нүхтэй, хоёр хажуудаа дээрээсээ 3.5 см зайд нүхтэй ажлын хэсэг болон иш хэсгээс цуурч ангайсан байдалтай хүрзний толгой ”-г шүүгдэгч М.М  устгуулна гэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Мд оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч М.Мд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ төмрөөр хийгдсэн ажлын хэсэг нь 22.2 см өргөнтэй, 20.5 см урттай өргөөшөө 9 см уртаашаа 15.5 см зайд 4 см цуулалтай зэвэр бүрхэгдсэн иш хэсэг нь 13.7 см урттай дугараг хэлбэртэй дээрээсээ 2 см зайд нүхтэй, хоёр хажуудаа дээрээсээ 3.5 см зайд нүхтэй ажлын хэсэг болон иш хэсгээс цуурч ангайсан байдалтай хүрзний толгой”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.  

 

6. Шүүгдэгч М.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН