Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 96

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,

Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Хд холбогдох 2030000860125 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 1976 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр ... тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2018/ШЦТ/68 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан Ц.Х.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19-21 цагийн цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “Б” дэлгүүрийн гадна зогсоол дээр байрлуулж тавьсан байсан иргэн Б.Огийн эзэмшлийн автомашин дотор байсан гар цүнхтэй эд зүйлсийг хулгайлж, бусдад 769.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Прокурорын уншсан мэдүүлэгтэй санал нийлж байна.Тухайн өдөр хүмүүстэй нийлээд 3-4 шил архи уусан байсан. “ У” супермаркет дэлгүүрийн хажууд хүмүүстэй нийлж архи ууж байгаад тэндээсээ салаад нарийн гудамжаар урагшаа явж байгаад “ Б” дэлгүүрийн ойролцоо очоод такси барих гэсэн юм уу мэдэхгүй байна. Нэг машины хаалга татахад онгорхой, хүн байхгүй байхаар нь цүнхийг нь аваад явсан. Цүнхэн дотор байсан түрийвчинд 6.000 төгрөг, нэг гар утас байсныг аваад цүнхийг нь далангийн хажуу тал руу шидсэн. Машины хаалгыг эвдээгүй, жолооч талын эсрэг хаалга онгорхой байсан. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэднэ. Маш их харамсаж байна. Хохирогч нарт учирсан 769.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Эхнэр У.Бы дансаар хохирлын мөнгийг шилжүүлсэн, Гомдолгүй гэж хэлсэн, уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэв.

 

2030000860125  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч Ц.Хын: Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай Баруун-Урт сумын төв автовокзалын урагш байх нарийн гудмаар алхаж “Б” дэлгүүрийн гадна зогсоол дээр байсан цагаан өнгийн суудлын автомашины нэг хаалгыг нь татсан чинь онгойсон бөгөөд дотор нь 2 ширхэг гар цүнх байхаар нь хулгайлсан юм. Тэгээд Баруун-Урт сумын 4-р баг ... тоот гэр рүүгээ алхаж байх замдаа 1 хэтэвч, гар утсыг нь аваад үлдсэнийг нь цүнхтэй нь хамт 13 дугаар дэлгүүрийн зүүн талаар байрлах далан руу шидсэн санагдаад байгаа юм. Тэгээд утсыг нь маргааш нь төвд нэг хүнд 10.000 төгрөгөөр зарсан. Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд архи авч уух санаатай хулгайлсан юм. 2 ширхэг эмэгтэй гар цүнх, дотор нь утас нэг ширхэг, хэтэвч байсан. Би тухайн үед утас, хэтэвч хоёрыг нь мөнгө болох байх гээд авчихсан юм. Өөр дотор нь юу байсныг анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 29-31/,

 

- Хохирогч Б.Огийн: Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед найз болох Дгийн хамт Баруун-Урт сумын 7-р багт байрлах “Б” дэлгүүрийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн 60-39 СҮА улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж “С” караокед орсон юм. Орой 21 цагийн үед тус караокегоос гарч ирээд машиндаа суугаад Асгат сум руу яваад гэртээ орох гээд цүнхээ авах гэтэл цүнх маань алга болсон байсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний цүнхэн дотор даралтын аппарат, чагнуур, хоёр түрийвч, бичиг баримт, ээмэг, хүзүүний зүүлт 2 ширхэг, ЛЖ маркийн гар утас тус тус байсан юм. Би алдагдсан эд зүйлсийг нөхөн төлүүлсэн. Нийт 769.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5631007912 тоот данс руу шилжүүлүүлж авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7/

 

- гэрч Н.Дгийн: Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед найзуудтайгаа Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “Б” дэлгүүрийн үүдэнд манай найз машинаа тавиад  бид хэд “С” караоке руу орсон юм. Би караоке орох үедээ найзынхаа машин дотор гар цүнхээ үлдээгээд орсон юм. Караокегоос орой 21 цагийн үед гарч ирээд автомашинд суугаад Асгат сум руу гэр рүүгээ явсан юм. Асгат суман дээр очоод машинаасаа буугаад цүнхээ авах гэсэн цүнх алга болсон байсан.  Манай найзын машины жолооч талын хаалга нь цоожлогдохгүй, эвдэрхий гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 

- 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Шинжээч томилох, шинжилгээ хийлгэх тухай /хх-ийн 13-14/,

 

- “Линзийн өгөөж”  ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэнд: монет 7,40 гр– 629.000 төгрөг, LG X гар утас - 110000 төгрөг, Nokia маркийн гар утас-30000 төгрөг.. гэжээ./хх-ийн 15-22/, 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2020.03.20-ны өдрийн 4/99 дугаартай тодорхойлолт /хх-ийн 33/,

 

- Ц.Хын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 34/,

 

- Ц.Хын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 /

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-41/

 

- Хохирогч Б.Огийн 5631007912 дугаартай дансанд 569000, 200.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримт /хх-ийн 42-43/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Х нь 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 21 цагийн цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр “ Б ” дэлгүүрийн гадна зогсоол дээр байрлуулж тавьсан байсан иргэн Б.Огийн эзэмшлийн 60-39 СҮА улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслээс түүний гар цүнхтэй эд зүйлсийг хулгайлж, бусдад 769.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

шүүгдэгч Ц.Хын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Тухайн өдөр хүмүүстэй нийлээд 3-4 шил архи уусан байсан. Усупермаркет дэлгүүрийн хажууд хүмүүстэй нийлж архи ууж байгаад тэндээсээ салаад нарийн гудамжаар урагшаа явж байгаад “ Б” дэлгүүрийн ойролцоо очоод такси барих гэсэн юм уу мэдэхгүй байна. Нэг машины хаалга татахад онгорхой, хүн байхгүй байхаар нь цүнхийг нь аваад явсан. Цүнхэн дотор байсан түрийвчинд 6.000 төгрөг, нэг гар утас байсныг аваад цүнхийг нь далангийн хажуу тал руу шидсэн.Машины хаалгыг эвдээгүй, жолооч талын эсрэг хаалга онгорхой байсан. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг мэднэ. Хохирогч нарт учирсан 769.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Эхнэр У.Бы дансаар хохирлын мөнгийг шилжүүлсэн, Гомдолгүй гэж хэлсэн, уучлалт гуйсан. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна ” гэх, 

хохирогч Б.Огийн “ 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед би найз Дгийн хамт Баруун-Урт сумын 7-р багт байрлах “Б” дэлгүүрийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн 60-39 СҮА улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг байрлуулж “С” караокед ороод 21 цагийн үед караокенаас гарч ирээд машиндаа суугаад Асгат сум руу яваад гэртээ орох гээд цүнхээ авах гэтэл цүнх маань алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний цүнхэн дотор даралтын аппарат, чагнуур, хоёр түрийвч, бичиг баримт, ээмэг, хүзүүний зүүлт 2 ширхэг, ЛЖ маркийн гар утас тус тус байсан. Би алдагдсан эд зүйлсийг нөхөн төлүүлсэн. Нийт 769.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5631007912 тоот данс руу шилжүүлүүлж авсан “ гэх,

гэрч Н.Дгийн “   2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “Б” дэлгүүрийн үүдэнд манай найз машинаа тавиад бид хэд “С” караоке руу орсон. Би караоке орох үедээ найзынхаа машинд гар цүнхээ үлдээгээд орсон юм. Караокегоос орой 21 цагийн үед гарч ирээд машиндаа суугаад Асгат сум руу гэр рүүгээ явсан. Асгат суманд очоод машинаасаа буугаад цүнхээ авах гэсэн цүнх алга болсон байсан.  Манай найзын машины жолооч талын хаалга нь цоожлогдохгүй, эвдэрхий гэсэн” гэх мэдүүлгүүд,

“Линзийн өгөөж”  ХХК-ийн шинжээчийн “ монет 7,40 гр– 629.000 төгрөг, LG X гар утас - 110000 төгрөг, Nokia маркийн гар утас-30000 төгрөг “ гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Ц.Х нь тухайн орой Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “Б” дэлгүүрийн ойролцоо явахдаа иргэн Б.Огийн эзэмшлийн машины баруун талын урд хаалгыг татахад, цоожгүй нээгдэхэд нь машины дотор байсан Б.Огийн гар цүнхийг авч, дотор нь байсан гар утас, түрийвчин дэх 6.000 төгрөгийг аван цүнхийг нь хаясан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ нь түүний “ У супермаркет дэлгүүрийн хажууд хүмүүстэй нийлж архи ууж байгаад тэндээсээ салаад нарийн гудамжаар урагшаа явж байгаад “ Б” дэлгүүрийн ойролцоо очоод такси барих гэсэн юм уу, мэдэхгүй нэг машины хаалга татахад онгорхой, хүн байхгүй байхаар нь цүнхийг нь аваад явсан. Цүнхэн дотор байсан түрийвчинд 6.000 төгрөг, нэг гар утас байсныг аваад цүнхийг нь далангийн хажуу тал руу шидсэн. Машины хаалгыг эвдээгүй, жолооч талын эсрэг хаалга онгорхой байсан “ гэх, 

мөн гэрч Н.Дгийн “2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед манай найз машинаа “Б” дэлгүүрийн үүдэнд тавиад бид хэд “С” караоке руу орсон юм. Би караоке орох үедээ найзынхаа машин дотор гар цүнхээ үлдээгээд орсон. Орой 21 цагийн үед гарч ирээд машинтайгаа Асгат сум руу явж, очоод машинаас буугаад цүнхээ авах гэсэн цүнх алга болсон байсан.  Манай найзын машины жолооч талын хаалга нь цоожлогдохгүй, эвдэрхий гэсэн ” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогджээ.

 

Тодруулбал, шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.Огийн машинаас эд зүйлийг хулгайлах санаа, зорилгыг урьдаас төлөвлөж машины хаалгыг нээж, нэвтэрсэн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй хийгээд харин тэрээр Б.Огийн машины хаалгыг татахад, цоожгүй нээгдсэнээр дотор нь байсан эд зүйлийг авах санаа, сэдэл, хулгайлах хүсэл зориг үүссэн гэж дүгнэхээр байна. 

 

Ц.Х нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа машины хаалгыг татаж онгорхой, хүнгүй байхад машинаас бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч өмчлөгчийн эрхэд зориуд хохирол учруулсан байна

 

Шүүгдэгч Ц.Хын, иргэн Б.Огийн эзэмшлийн машинаас гар цүнхтэй эд зүйлийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч Ц.Хын Н.Хүрэл-Очир болон түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

“Линзийн өгөөж ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр Б.Огийн эд зүйлсийг  монет 7,40 гр– 629.000 төгрөг, LG X гар утас - 110000 төгрөг, Nokia маркийн гар утас-30000 төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд түүнд учирсан 769.900 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн нь түүний  “Би алдагдсан эд зүйлсийг нөхөн төлүүлсэн. Нийт 769.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5631007912 тоот данс руу шилжүүлүүлж авсан ” гэх мэдүүлгээр нотлогдоно.

 

Иймд шүүгдэгч Ц.Хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Хын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор гаргаж буй “ Миний үйлчлүүлэгч Ц.Хын гэм буруугийн талаар маргаан байхгүй. Өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаардаг. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэсэн зохицуулалт байгаа.  Миний үйлчлүүлэгч нь 2018 оны  04 дүгээр сарын 06-ны 1 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Ц.Х нь согтуурсан үедээ машинаас эд зүйлийг хулгайлсан, гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан, тэрээр бусдын машинд хууль бусаар нэвтрээгүй боловч гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн хийгээд өмнө нь мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдалдаа дүгнэлт хийхгүй байгаа хувийн байдал зэргийг үндэслэвэл, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар есөн сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчим харшлахгүй болно.

 

Ц.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Хыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хыг 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хд оногдуулсан есөн сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Ц.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Од учирсан 769.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН