Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хонгорын Энхзаяа |
Хэргийн индекс | 102/2017/00004/И |
Дугаар | 246 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 246
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, Элеганс хотхон 44/А-3 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Кредит юнион монгол” ХЗХ-ны хүсэлттэй,
Х.Мөнхшүрийг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” ХЗХоршоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: X.Мөнхшүр нь 2015 оны 01 сарын 27-ны өдөр манай хоршоотой 33/15 тоот зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр 8 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээл авсан бөгөөд зээл авснаас хойш үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч байна. Х.Мөнхшүрийн үндсэн зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 293,500 төгрөг нийт 793,500 төгрөг болсон. 2016 оны 11 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хаягийг тодруулан дахин нэхэмжлэл гаргах талаар захирамж гарсан. Х.Мөнхшүртэй холбогдож байсан дугаарууд 99267682, 95642044 түүний одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” ХЗХоршоо нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Мөнхшүрийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” ХЗХоршоо нь “Х.Мөнхшүрийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор зээлийн гэрээний үүрэгт 793,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.
Х.Мөнхшүр нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЗГ-33/15 тоот зээлийн гэрээ болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба Х.Мөнхшүр нь албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 44 дүгээр гудамж, 3/Б тоот тоот хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШЗ2016/06871 дугаартай захирамжаар тогтоогдож байна.
Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.Мөнхшүрийн оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул хүсэлт гаргагч “Кредит Юнион Монгол” ХЗХоршооны “Х.Мөнхшүрийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Кредит Юнион Монгол” ХЗХоршооны хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Хар сүрэгтэн овогт Хүрэлбаатарын Мөнхшүр /РД:ФА90020921/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Хар сүрэгтэн овогт Хүрэлбаатарын Мөнхшүр /РД:ФА90020921/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА