Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 97

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагч Э.Хосбаяр, 

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бод холбогдох 2030001340144 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр ... тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй М.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу цагдаагийн алба хаагч Г.Бгийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж зодсон гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 03 дугаар сарын 18-ны өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн.Тухайн өдөр гурвуулаа хоёр шил архи хувааж уусан. Г.Бгийн биед хацрын зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу. Би хохирогч Г.Бгаас уучлалт гуйсан. Фудболкны 40.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Прокурортой тохирсон 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна. Би одоогоор ажилгүй байгаа, мөн  эхнэр их сургуулиа төгссөн, ажилгүй, гэртээ байгаа. Би цөөн тооны хэдэн малтай. Ноолуур гарахаар мөнгө олоод төлнө...гэв.

 

- Яллагдагч М.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн 10-3 тоот дахь гэртээ байж байхад манай найз болох Э, А нар машинтай ирж намайг авч, бид сумын төвөөс хойш 3 км орчим зайд байх Эийн гэрт архи уухаар явсан. Бид нар замдаа “Тамир” нэртэй хүнсний дэлгүүр рүү орж 2.5 литрийн хэмжээтэй “Сэрүүн” гэх пиво 2 ширхэг, 0.75 литрийн “Эдэн” архи 2 ширхэг, 5 ширхэг кола ундаа аваад цааш явсан. Тэгээд гэрт нь очоод авсан зүйлсээ ууж дуусгасан бөгөөд манай найз болох Ганцогт намайг ирж аваад гэрт хүргэж өгөөд явсан юм. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан учраас цааш нь юу болсон талаар санахгүй тасарчихсан байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

- Хохирогч Г.Бгийн: Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цаг 51 минутын үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багт байх Цагдаагийн хэсгээс 5 дугаар байшин руу гэр рүүгээ явж байх замд 24 айлын орон сууцны урд талд согтуу хүн орилж хашгирч, хажуугаар нь зөрсөн автомашины цонхыг нь цохиж танхайраад байхаар нь би очиж “Амрыг эрье, энд юу болоод байна” гэж хэлэхэд “Чи хэн бэ? пизда минь” гэж хэлсэн юм. Тухайн үед суманд ямар ч тог байхгүй, үзэгдэх орчин хангалтгүй байсан. Би өөр рүүгээ гэрэл тусгаад би сумын цагдаа Б байна гэхэд салаавч гаргаад “чиний цагдаа байх хамаагүй” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү цохисон юм. Тэгэхээр нь би энгэрийн камераа асаагаад видео бичлэг хийж байх үед манай цагдаагийн хэсгээс хэсгийн мөрдөгч, дэслэгч Б.Э, олон нийтийн цагдаа Г.Э нар ирсэн. Би намайг цохисон хүнийг цагдаагийн хэсэг рүү авч явах гэтэл ах нь бололтой нэг хүн, найз болон эхнэр нь миний гарнаас ирээд зулгааж, надад саад болж байхад нь нөгөө залуу намайг дахиад хэд хэд нүүр хэсэг рүү цохисон юм. Тэгээд би хэсгийн мөрдөгч, дэслэгч Эийн хамт түүнийг ах болон найзтай нь хамт эргүүлийн 24-96 СҮА улсын дугаартай приус-20 маркийн эргүүлийн автомашинд суулгаад цагдаагийн хэсэг рүү авч явсан бөгөөд цагдаагийн хэсэг дээр очоод тухайн согтуу иргэнийг сандал дээр суулгаад тайвшруулаад байж байтал намайг хараалын үгээр доромжилж, над руу ирээд гар далайж цохих гэхээр нь би мэх хэрэглэж гарыг нь ард нь гавласан юм. Ингээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу залгаж болсон асуудлын талаар мэдэгдсэн. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн бололтой байсан. Өөрийгөө хянаж чадахгүй байсан. Би тухайн иргэнийг огт харж байгаагүй. Өмнө нь муудалцсан зүйл байхгүй. Би түүнийг цохиж, зодсон асуудал байхгүй. Харин цагдаагийн хэсэг рүү авч очоод байж байтал намайг цохих гээд ирэхээр нь би хуульд заасны дагуу мэх хэрэглэж гарыг нь ард нь гавласан юм. Надад учирсан гэмтэл, шарх байхгүй. Нүүрний баруун, зүүн шанаа хэсэгт бага зэрэг өвдөж байна. Би албан үүргээ гүйцэтгэж байхад намайг хэл, амаар доромжилж, нүүр хэсэг хүү хэд хэдэн удаа цохисон асуудалд гомдолтой байна. Мөн миний фудболкийг урсан учир тухайн хувцасны хохирлыг нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг /хх-4-5/,

 

 

- Гэрч М.Тын: Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р баг 24 айлын орон сууцны 12 тоот гэртээ хүүхэдтэйгээ байж байхад манай 2 дүү болох Д, Э нар хүүхдийн памперс авахаар манай гэрт орж ирсэн. Тэр хоёр “ Б ах гэрийн чинь гадна согтуу байдалтай зогсож байна” гэхээр нь би гарсан чинь манай гэрээс зүүн тийш 20 метр зайд байх спорт заалны хажууд манай нөхөр Б нь найз Эийн хамт согтуу зогсож байсан. Би тэр 2 дээр очоод нөхрийгөө гэртээ орох уу гэж асуухад намайг таних ч үгүй байдалтай байж байсан. Тэгээд байж байсан чинь ах нь болох Батзаяа хүрч ирээд бид 2 дагуулаад Быг гэрийн гадна авч ирээд зогсож байсан чинь нэг хүн ирээд гэрэл тусгаад “Энд юу болоод байна” гэхээр нь “Бид нар дүүгээ аваад гэртээ орох гэж байна, манай дүү согтуу байна” гэсэн юм. Тухайн үед суманд тог тасарсан хав харанхуй байсан. Гэрэл тусахаар нь хартал тэр хүн цагдаа байсан. Тэгээд гэнэт л бужигналдаад би нөхрийгөө араас нь тэврээд байж байсан, төлөөлөгч цагдаа хүрч ирээд тэр 2 манай нөхрийг ахтай нь хамт аваад явсан юм. Манай нөхөр маш их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан. Манай нөхөр маш чангаар хашгираад байсан юм. Би нөхрийгөө тэгж хашхирч байхыг анх удаагаа харсан бөгөөд тухайн үед айгаад уйлсан. Би муудалцаж, зодолдсон зүйл ажиглаж чадаагүй юм. Мөн би ард нь нөхрийгөө зуураад л зогсож байсан болохоор харж чадаагүй байх. Ямар ч байсан тэнд байсан хүмүүс цагдаа нар гээд бүгд бужигналдаж, хөдөлгөөн нь хурдсаж, дуу нь чанга болж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 /, 

 

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/

 

- Шинжилгээнд ирүүлсэн фудболкны зураг /хх-16-17/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн фудболкны 2, 3 дахь товч тасарсан, энгэрийн давхарлага хэсэгт 7.5  см хэмжээтэй хөндлөн байрлалтай ханзралт, баруун ханцуйн урд дотор хэсэгт 21.5 см хэмжээтэй ханзралтууд байна. Уг ханзралтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд байна...гэжээ. /хх-ийн 15/,

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 42-3/793 дугаартай “ Иргэний нэхэмжлэгч томилох тухай “ албан бичиг /хх- 61/,

- Иргэний нэхэмжлэгч Ц.Аын: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаа Г.Бг 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой албан үүргээ гүйцэтгэж байх үед нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдан албаны дүрэмт хувцас /поло фудболк/-ыг урсан байна. Иймд тухайн хувцсыг манай цагдаагийн байгууллагаас нэхэмжилж байна. Энэ хувцас нь өмнөх загварынх бөгөөд одоо Цагдаагийн ерөнхий газрын хангалт үйлчилгээний газраас ийм хар өнгийн загварын поло фудболк өгөхгүй байгаа юм. Тийм учраас цагдаагийн байгууллагын дүрэмт хувцсыг оёдог “М” гэх нэртэй газраар тухайн фудболкыг хийлгэнэ. Энэ фудболкыг хийлгэх үнэ нь 40.000 төгрөг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 7/,

 

- Иргэний нэхэмжлэгчээс Сүхбаатар аймгийн Прокурорын газарт тодорхойлолт. 2020.04.09. /хх- 62/

 

- Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаартай тушаал /хх-52/

 

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүний их эмч Ц.Алтансүхийн тодорхойлолт /хх-ийн 36/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай дүгнэлтэнд: Г.Бгийн биед хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ. /хх-ийн 21/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэнд: Г.Бгаас авсан гэх цусанд этилийн спирт илрээгүй” гэжээ /хх-ийн 33/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтэнд: М.Боос авсан гэх цусанд 1.2 промилли этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 29/

 

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хүний их эмч Лхагвадоржийн Ганцэцэгийн тодорхойлолт /хх-ийн 37/

 

- Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаартай дүгнэлтэнд: М.Бын биед гэмтэл тогтоогдсонгүй...гэжээ. /хх-ийн 25/

 

- М.Бын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 48/ 

 

-М.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/

 

- Шүүгдэгч М.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 50/ 

 

- М.Бын зөрчилд холбогдсон талаарх лавлагаа /хх-51/

 

- М.Боос тус аймгийн цагдаагийн газарт 40.000 төгрөг төлсөн Зарлагын баримт /хх-53/

 

- М.Бод Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-55/

 

- М.Бын Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ”  хүсэлт /хх-54, 63/

 

- Хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын санал /хх-65/

 

- М.Бын депозит дансны харилцагчийн монгол хуулга зэрэг нотлох баримтууд болно.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Б нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 23 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хууль сахиулагч буюу тус сумын хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Г.Бгийн тавьсан шаардлагыг эсэргүүцэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж цохиж зодсон болох нь:  

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ 03 дугаар сарын 18-ны өдөр архи хэтрүүлэн хэрэглэсэн.Тухайн өдөр гурвуулаа хоёр шил архи хувааж уусан. Г.Бгийн биед хацрын зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтэл учруулсанаа зөвшөөрч байна. Тухайн үед болсон асуудлыг санахгүй байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, миний буруу. Би хохирогч Г.Бгаас уучлалт гуйсан. Фудболкны 40.000 төгрөгийн хохирлыг төлсөн ” гэх,  

хохирогч Г.Бгийн “ Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой 22 цаг 51 минутын үед Түмэнцогт сумын 3 дугаар багт байх Цагдаагийн хэсгээс 5 дугаар байшин руу гэр рүүгээ явж байх замд 24 айлын орон сууцны урд талд согтуу хүн орилж хашгирч, хажуугаар нь зөрсөн автомашины цонхыг нь цохиж танхайраад байхаар нь би очиж “Амрыг эрье, энд юу болоод байна” гэж хэлэхэд “Чи хэн бэ? пизда минь” гэж хэлсэн юм. Тухайн үед суманд ямар ч тог байхгүй, үзэгдэх орчин хангалтгүй байсан. Би өөр рүүгээ гэрэл тусгаад би сумын цагдаа Б байна гэхэд салаавч гаргаад “чиний цагдаа байх хамаагүй” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү цохисон юм. Тэгэхээр нь би энгэрийн камераа асаагаад видео бичлэг хийж байх үед манай цагдаагийн хэсгээс хэсгийн мөрдөгч, дэслэгч Б.Э, олон нийтийн цагдаа Г.Э нар ирсэн. Би намайг цохисон хүнийг цагдаагийн хэсэг рүү авч явах гэтэл ах нь бололтой нэг хүн, найз болон эхнэр нь миний гарнаас ирээд зулгааж, надад саад болж байхад нь нөгөө залуу намайг дахиад хэд хэд нүүр хэсэг рүү цохисон юм. Тэгээд би хэсгийн мөрдөгч, дэслэгч Эийн хамт түүнийг ах болон найзтай нь хамт эргүүлийн 24-96 СҮА улсын дугаартай приус-20 маркийн эргүүлийн автомашинд суулгаад цагдаагийн хэсэг рүү авч явсан бөгөөд цагдаагийн хэсэг дээр очоод тухайн согтуу иргэнийг сандал дээр суулгаад тайвшруулаад байж байтал намайг хараалын үгээр доромжилж, над руу ирээд гар далайж цохих гэхээр нь би мэх хэрэглэж гарыг нь ард нь гавласан юм. Ингээд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утас руу залгаж болсон асуудлын талаар мэдэгдсэн. Тухайн иргэн согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн бололтой байсан. Өөрийгөө хянаж чадахгүй байсан. Надад учирсан гэмтэл, шарх байхгүй. Нүүрний баруун, зүүн шанаа хэсэгт бага зэрэг өвдөж байна. миний фудболкийг урсан учир тухайн хувцасны хохирлыг нөхөн төлүүлмээр байна...гэх мэдүүлэг гэх,

иргэний нэхэмжлэгч Ц.Аын “ Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын хэсгийн цагдаа Г.Бг 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой албан үүргээ гүйцэтгэж байх үед нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдан албаны дүрэмт хувцас /поло фудболк/-ыг урсан байна. Иймд тухайн хувцсыг манай цагдаагийн байгууллагаас нэхэмжилж байна. Энэ хувцас нь өмнөх загварынх бөгөөд ийм хар өнгийн загварын поло фудболк өгөхгүй байгаа тул цагдаагийн байгууллагын дүрэмт хувцсыг оёдог “М” гэх нэртэй газраар хийлгэнэ. Энэ фудболкийг хийлгэх үнэ нь 40.000 төгрөг юм ” гэх, 

гэрч М.Тын “ Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны орой гэртээ байхад манай хоёр дүү Д, Э нар манай гэрт орж ирээд “ Б ах гэрийн чинь гадна согтуу байдалтай зогсож байна” гэхээр нь би гарсан чинь спорт заалны хажууд манай нөхөр Б нь найз Эийн хамт согтуу зогсож байсан. Би тэр 2 дээр очоод нөхрийгөө гэртээ орох уу гэж асуухад намайг таних ч үгүй байдалтай байж байсан. Тэгээд ах нь болох Батзаяа хүрч ирээд бид хоёр Быг гэрийн гадна авч ирээд зогсож байсан чинь нэг хүн ирээд гэрэл тусгаад “Энд юу болоод байна” гэхээр нь “Бид нар дүүгээ аваад гэртээ орох гэж байна, манай дүү согтуу байна ” гэсэн юм. Гэрэл тусахаар нь хартал тэр хүн цагдаа байсан. Тэгээд гэнэт л бужигналдаад би нөхрийгөө араас нь тэврээд байж байсан, төлөөлөгч цагдаа хүрч ирээд тэр 2 манай нөхрийг ахтай нь хамт аваад явсан. Манай нөхөр маш их хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой байсан. Манай нөхөр маш чангаар хашгираад байсан юм. Ямар ч байсан тэнд байсан хүмүүс, цагдаа нар гээд бүгд бужигналдаж, хөдөлгөөн нь хурдсаж, дуу нь чанга болж байсан...гэх гэх мэдүүлгүүд, Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 48 дугаартай ” Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн фудболкны 2, 3 дахь товч тасарсан, энгэрийн давхарлага хэсэгт 7.5  см хэмжээтэй хөндлөн байрлалтай ханзралт, баруун ханцуйн урд дотор хэсэгт 21.5 см хэмжээтэй ханзралтууд байна. Уг ханзралтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралтууд байна” гэх дүгнэлт,,

шинжээчийн 154 дугаартай “ Г.Бгийн биед хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй “ гэх дүгнэлт, 

шинжээчийн 32 дугаартай “  М.Боос авсан гэх цусанд 1.2 промилли этилийн спирт илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн дээрх баримтаар М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гудамж тайлбайд орилж хашгиран, хажуугаар нь зөрөх автомашины цонхыг нь цохиж танхайрч, хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах чиг үүргийн дагуу очиж түүний үйлдлийг таслан зогсоохоор шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч Г.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн нүүрэнд цохиж, түүний өмсөж явсан албаны фудболкыг урж гэмтээсэн үйл баримт тогтоогдоно.

 

Хууль сахиулагч гэдэгт цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох бөгөөд энэ хэргийн хохирогч Г.Б нь Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/82 дугаартай тушаалаар тухайн өдрөөс тус аймгийн Түмэнцогт суманд хэсгийн цагдаагаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан холбогдох тушаалаар нотлогдоно.

 

М.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр цагдаагийн албан хаагчийг ажил, албан үүргийн дагуу хууль ёсны шаардлага тавих эрхтэй, мөн албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор эсэргүүцэх, саад учруулж болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа түүний хууль ёсны үйл ажиллагааг санаатайгаар эсэргүүцэж, биед нь халдаж, албаны хувцасыг урж эд хөрөнгөд нь зориуд хохирол учруулжээ. 

Уг гэмт үйлдэгдэхэд шүүгдэгчийн хэт согтуурсан үйл баримт нөлөөлсөн байгааг дурдъя.

Шүүгдэгч М.Бын, хохирогч болох цагдаагийн алба хаагч Г.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн цохиж зодсон  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцэх гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

М.Б нь, хохирогч Г.Бгийн өмсөж байсан албаны дүрэмт хувцас /поло фудболк/-ыг урсан бөгөөд тэрээр уг фудволкны үнэ 40.000 төгрөгийг төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Аын “ Г.Бгийн албан үүрэг биелүүлэхтэй холбогдуулан биед халдаж албаны дүрэмт хувцасыг урсан асуудалд учирсан хохирлын төлбөр 40.000 төгрөгийг М.Б барагдуулсан тул нэхэмжлэх зүйл болсон, гомдол саналгүй болно”  гэх хүсэлтээр нотлогдоно.

 

Иймд шүүгдэгч М.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

М.Бын гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос М.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч М.Бын үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол, саналгүй гэсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд М.Бод холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч М.Бын шүүх хуралдаанд гаргасан “ Би одоогоор ажилгүй байгаа, мөн  эхнэр их сургуулиа төгссөн, ажилгүй, гэртээ байгаа. Прокурортой тохирсон 2.700.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналтай байна ” гэх ” гэх хүсэлтүүдийг хангах үндэстэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд шүүгдэгч М.Бод оногдуулсан торгуулийн хэмжээ, түүний одоогоор ажил эрхлээгүй байгаа болон хөрөнгийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М. Быг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Бод оногдуулсан 2700.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд ялтан М.Бод таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч М.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б болон иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.А нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.НАСАНБУЯН