| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2020/0101/э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2020-04-22 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 99
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
улсын яллагчаар хяналтын прокурор Э.Хосбаяр,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Бод яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930005510077 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багийн “ Б ” гэх газарт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Н.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Н.Б нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бо” гэх газраас 2019 оны 10 дугаар сард иргэн Э.Мын 8 тооны буюу олон тооны адууг уналга ашиглан хулгайлж, бусдад 4.775.000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хавцал” гэх газраас 2019 оны 08 дугаар сард иргэн Б.Эын 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2.430.000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тал булаг” гэх газраас 2019 оны 07 дугаар сард иргэн С.Дын 3 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 2.085.000 төгрөгийн хохирол учруулсан,
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэ овоо” гэх газраас 2019 оны 12 дугаар сард иргэн Х.Аийн 3 тооны даагыг хулгайлж, 1.402.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Н.Бын шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би тухайн адуунуудыг авсан нь үнэн. Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Бо” гэх газраас 2019 оны 10 дугаар сард Э.Мын 8 тооны хулгайлсан. Хээр гүүг айлын хашаанд хийгээд барьсан. Эдгээр адуунаас зургааг нь зарсан. Үлдсэн хоёр адууг эзэнд нь буцааж өгсөн. Би хоёр адууных нь оронд тугалтай үнээ өгсөн. 4 адууны хохирлыг барагдуулаагүй байгаа. Үлдсэн хохирлыг төлнө. Би Шинэбаярт сарваатай гүүг нь мотоциклоос өгөөд, 500.000 төгрөг нэмж авсан. Шинэбаярын нэхэмжилсэн 500.000 төгрөгийг төлнө. Би Эрдэнэжаргалын адуунаас 3 адууг нь авсан. Өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюунг маркийн мотоцикл унаж явсан. Хохирлыг нь барагдуулна. С.Дын 3 тооны адууг хулгайлахдаа Э.Мыг адууг зараад авсан мотоциклтойгоо явсан. Х.Аийн 3 даага таарахаар нь авсан. Хоёрыг нь мэдэхгүй.Зам дээрээс ганцаараа явж авсан. Энэ адуунуудыг Д.Х гэдэг хүнд өгч байсан, Б цехэд өгдөг байсан. Би урьдчилаад нь Д.Хээс мөнгө авчихсан байсан. Үлдсэн мөнгөө гар дээр бэлнээр болон дансаар шилжүүлээд авдаг байсан.Ар гэрийн амьдрал хэцүү байсан тул мал авсан. Олсон мөнгөө тухайн үед эхнэр, хүүхдэдээ өгдөг байсан. Гэрлэлтээ албан ёсоор цуцлуулаагүй байгаа. Одоо хамтран амьдрагчтай болоод нэг хүүхэдтэй болсон. Хохирлуудаа төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.
1930005510077 дугаартай хавтаст хэргээс:
- Хохирогч Э.Мын: Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг “Тэгшийн бригад”-д нутагладаг юм. 2019 оны 10 дугаар сарын 10-даар адуугаа хариулалгүй нэг өдөр болоод эргэхэд манай адуунаас хамар цагаан хүрэн халзан азаргатай хөндөлтэй онги тамгатай 8 тооны адуу алга болсон байсан. Миний алдсан адуунууд хөндөлтэй онги тамгатай хамар хүрэн халзан азарга, хүрэн бүдүүн гүү, хонгор бүдүүн гүү унагатайгаа, хонгор халзан байдас, хээр зээрд даага, саран тамгатай хонгор бүдүүн гүү, халиун байдас зэрэг адуунууд байгаа юм. Миний алдсан 8 тооны адууны гүүнүүд нь бүгд унагалахаар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
- Гэрч Б.Шын: 2019 оны 10 дугаар сарын 10-даар ачааны машин зогсдог зогсоол дээр ө 32-85 сүа улсын дугаартай Пронтер маркийн автомашинтай зогсож байхад Б гэгч нь ирээд Б цех рүү адуу буулгуулах гэсэн юм гээд намайг аваад голын баруун дээр айлын гадаа очоод хонины хашаанд дахь 4 тооны адуунаас хээр адуу, хүрэн халзан адуу хоёрыг нь ачиж “Б” гэх цех дээр буулгуулсан. Тэгээд нөгөө үлдээсэн хонгор гүүг хүрэн унагатай нь өөртөө унаа болгочих юмсан, унаагүй хэцүү байна гэхээр нь “ надад мотоцикль байгаа, үзэх үү “ гээд Төмөртэйн 14-01 тоот хашаанд очиж үзчихээд Б нь унагатай хонгор гүүгээ 1.200.000 төгрөгөөр, миний мотоциклийг 700.000 төгрөгөөр бодож, зөрүүнд би Бод 500.000 төгрөг нэмж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
- Гэрч Д.Хийн: Би 2019 оны 10 дугаар сарын эхээр аймгийн төв Б гэх залуугаас дээрх 4 тооны адууг авч “Дөрвөн гэгээн эрдэнэ” гэх мал нядалгааны газарт нядлуулсан юм. Энэ адуунуудын мөнгө 1.900.000 төгрөгийг Бод өмнө нь өгсөн байсан мөнгөний өрөндөө авсан юм. Надад Б нь өөрийнхөө хөдөө гэрээс авч ирсэн адуунууд гэж хэлж байсан” гэх /хх- 15-17/
- Гэрчүүдийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 18-19/
- Н.Бын Хаан банкны Дипозит дансны хуулга /хх- 52-53/
- Д.Хийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-55-73/
- Линзийн өгөөж “ ХХК-ны /20/03/40 дугаартай “ хөндөлтэй онги тамгатай хамар хүрэн халзан азарга 815.000 төгрөг, хүрэн бүдүүн гүү, хонгор бүдүүн, саран тамгатай хонгор бүдүүн гүү тус бүр 7250.00 төгрөг, хонгор халзан байдас, халиун байдас тус бүр 525.000, хээр зээрд даага, даага тус бүр 365.500, ний- 4.775.000 төгрөг “ гэх дүгнэлт/хх-22- 32/,
- Яллагдагч Н.Бын: Би 2019 оны 09 дүгээр сарын дундуур Мөнххаан сумын 2 дугаар баг “Бургаст” гэх газарт байх өөрийн 3 хүүхдээ эргэж очсон юм. Маргааш нь Мөнххаан сумын “Бургаст” гэх газраас ертөнцийн зүгээр баруун тийш ойрхон 8 тооны адуу бэлчиж байхаар нь тэнд ойрхон байх саравчинд явган хөөн хашиж хээр гүүг нь барьж унаад бусад адууг нь тууж аймгийн төвийн хойно байх танихгүй айлын хашаанд оруулж орхисон юм. Тэр айлын эзэн “энэ юун адуунууд юм” гэж асуухаар нь би “алдсан адуугаа олсон юм өнөө шөнөдөө танай хашаанд хонуулчихъя” гэхэд зөвшөөрсөн. Дээрх адуунуудыг зүс насаар нь хэлбэл 1. Давхар хөндөлтэй, онги тамгатай хүрэн халзан азарга, 2. Давхар хөндөлтэй, онги тамгатай хээр гүү, 3. Давхар хөндөлтэй, онги тамгатай хонгор гүү, 4. Давхар хөндөлтэй, онги тамгатай хонгор гүү, 5. Давхар хөндөлтэй, онги тамгатай хүрэн сарваа, 6. Саран тамгатай хонгор гүү, 7. Саран тамгатай халиун байдас, 8. Давхар хөндөлтэй, онги тамгатай хүрэн халзан байдас зэрэг адуунууд байсан. Би тухайн өдрөө 2 хонгор гүү, халиун байдас, хүрэн халзан байдас зэрэг нийт 4 адууг хөтөлж Хэрлэн гэх ченжид зарж борлуулсан. Үлдсэн 4 тооны адуунаас халзан азарга, хээр гүүг Б цехэд амьдаар нь борлуулах санаатай аймгийн төвийн зогсоол дээр ачааны машинтай танихгүй залуутай уулзаж бой руу 2 адуу буулгаад өгөөч гэтэл зөвшөөрсөн ба бид хоёр тэндээс хөдөлж нөгөө айл дээр очоод тухайн 2 адууг ачиж Б цехэд борлуулсан ба 1.800.000 төгрөг болсон. Тэгээд би тэр залууд ажлын хөлс гэж 30.000 төгрөг өгсөн. Мөн би тэр залуугаас Их хурд маркийн улаан өнгийн мотоциклийг үлдсэн 2 адуу болох хонгор гүү, хээр сарваагаар сольж наймаа хийсэн юм. Сүүлд би 2020 оны 01 дүгээр сард цагдаад баригдсаныхаа дараа тухайн хүний мотоциклыг буцаан өгч хонгор гүү хээр сарвааг хохирогч Мөнхбаатар гэх хүнд буцаагаад өгсөн. Мөн Мөнхбаатарт би өөрийн нас бие гүйцсэн бяруутай тугалтай үнээг өгсөн. Мөнхбаатарын хохирлыг бол бүрэн барагдуулаагүй байгаа юм. Би хүний мал хулгайлсан үйлдэлдээ харамсаж гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-40-42/,
- Хохирогч Х.Аийн: Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг Эрдэнэ овоо гэх газраас 13 тооны адуу алдаад олохгүй байсан. 2020 оны 01 сарын эхээр манай адуу “Эрдэнэ овоо”-ны ард доор ирчихсэн байхаар очиж үзэхэд 8 тооны адуу байсан бөгөөд бор хонгор даага 2, хээр даага 1, хар даага, цавьдар халзан даага тус бүр 5 даага дутуу байсан юм. Дээрх дааганууд нь бүгдээрээ гурван нүдний чандмань сартай тамгатай адуүнууд юм. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумынхаа хэсгийн төлөөлөгчид бүртгүүлчихээд байж байтал 2 хоногийн дараа төлөөлөгч ирээд адууны зураг хараадах гэхээр нь манай хүү Эрдэнэсүх очиж үзээд “ хонгор даага, хээр даага, хар дааганы зураг байна, манай алга болсон 5 дааганы гурав нь байна “ гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-82-83/,
-Гэрч Ч.Дийн: Би 2019 оны 12 дугаар сарын эхээр намайг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд зогсоол дээр зогсож байх үед нэг намхан шар залуу ирээд аймгийн зүүн талын бойны урд талаас 3 адуу ачаад өгөөч гээд бид хоёр миний цэнхэр өнгийн Портер маркийн 24-47 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй аймгийн зүүн талд байх Жийдаагийн бойны урд талд байх хашаатай пүнзтэй айлын хашаан дахь 3 даагыг ачиж Гөлгөөгийн бой болох Дөрвөн гэгээн эрдэнэ мал нядалгааны газарт очиж буулгасан. Тэр залуу данс аваад үлдсэн, орой 40.000 төгрөг дансанд орсон байсан. Би өөрийнхөө машинаар халтуур хийж амьдралаа залгуулдаг хүн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 89/,
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-91/
- Прокурорын 2020.03.10-ны өдрийн 5/24 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоол /хх-ийн 92-93/
- Линзийн өгөөж “ ХХК-ны /20/03/129 дугаартай “ улаан өнгийн Их хурд маркийн мотоциклийн үнэлгээ 405.000 төгрөг “ гэх дүгнэлт/хх-95-102/,
- Линзийн өгөөж “ ХХК-ны /20/03/36 дугаартай “ шүдлэн байдас 467.500 төгрөг, 3 байдас 1.402.500 төгрөг “ гэх дүгнэлт/хх-106-113/,
- Яллагдагч Н.Бын: Би хамтран амьдрагч Саруултуяагийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумнаас хойшоо 15 км зайд байх газарт Доржпалам гэх хүний 700 гаран тооны бог малыг маллаж амьдарч байгаа юм. 12 дугаар сарын 13-ны орой өөрийн улсын дугааргүй Даюунг маркийн улаан өнгийн мотоцикльтойгоо явж аймгийн төвөөс урагшаа 30 гаран км зайд төв зам дагуу байсан нэг азарга адуунаас 3 даагыг аймгийн төврүү тасдаад хөөж аймгийн төвийн зүүн урагшаа 7 км зайд байх эзгүй айлын гадаа байх хашаанд хашсан. Аймгийн төвөөс Портер хөлсөлж орой 19 цагийн үед оруулаад өөрийн өр тавьсан Хэрлэн гэх ченж хүүхэн рүү яриад адуу өгье гэж хэлсэн чинь Гөлгөөгийн бой руу оруулчих гээд хэлэхээр нь Гөлгөөгийн бойруу аваачаад хашаанд нь хашаад орхисон. Маргааш нь Хэрлэн гэх хүүхэн намайг гэрээс очиж аваад бид хамтдаа Гөлгөөгийн бой руу очиж би 3-н даагаа зааж өгсөн. Хэрлэн 13 цагийн үед над руу яриад нядлуулчихсан гэхээр нь надад мөнгөний хэрэг байна гэсэн чинь надад 100.000 төгрөг ав гэхээр нь очиж 100,000 төгрөгийг авсан. Хэдэн цагийн дараа 400.000 төгрөгийн авахад миний Хэрлэнгээс зээлсэн мөнгө 1.100.000 төгрөгийн өр байсан. Миний хөдөөнөөс хөөж ирсэн дааганууд хонгор даага, ташаан толгой гуя хэсэгтээ 2 удаа сартай чандмань тамга дарсан халтар даага, буруу талын гуян дээрээ онги тамга дарсан хээр даага, ташаан толгой гуя хэсэгтээ 2 удаа сартай чандмань тамга дарсан дааганууд байсан...гэх мэдүүлэг /хх-122-123/
- Хохирогч С.Дын: Би 2019 оны 07 дугаар сарын 28-ны үед Мөнххаан сумын нутаг “Тал булаг”-ын уурхайн араас бэлчээрээс давхар саран тамгатай зээрд азарга, давхар саран тамгатай цагаан бор гүү, давхар саран тамгатай бор байдас зэрэг нийт 3 тооны адуугаа алдсан. Би өөрийн алдсан 3 тооны адууныхаа зээрд азаргыг 50 хувийн эрлийз азарга гэж Түмэнцогт сумын харьяат Хүрэлбаатарын Анхбаяр гэх хүнээс 3.000.000 төгрөгөөр худалдаж аваад хурдан адуу төрүүлэх зорилгоор цуг байсан бор гүүг бор байдастай хураалгачихаад байж байгаад алдчихаад байгаа нь тэр. Би хавчиг болох байсан азаргаа авсан үнэ болох 3.000.000, бүдүүн гүүгээ 2.000.000, байдсан гүүгээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 133-134/,
- Гэрч Б.Сгийн: Би Бтой 2018 оны 10 дугаар сараас хойш нийлээд хамт амьдарч байгаа юм. Б нь надтай нийлснээс хойш ер нь л мөнгө төгрөг элбэг байдаг. Хаанаас авдаг болохыг нь асуухаар би өөрийнхөө ээжээс өөрийн гэсэн малнаасаа аваад борлуулдаг. Би өөрийн гэсэн малтай хүн юм байгаа биз дээ гээд өөдөөс уурлаад байдаг юм. Би тэгээд өөрийнхөө адуу малыг борлуулж байгаа юм байна гэж бодсон. Надад 2 удаа сэжигтэй үйлдэл мэдэгдэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 13-ны үеэр Улаанбаатар хотод хагалгаанд ороход Б араас очно гэж үлдчихээд архидаад байхаар нь би залгаад яагаад архидаад байгаа талаар нь асуухад Б надад согтуудаа “би хүний адуу маханд өгчихсөн” гэж хэлж байсан юм. Тэгээд би эрүүлд нь “чи хулгай хийгээд байгаа юм уу? Чи надад тэгж хэлсэн” гэж хэлэхээр “чи согтуу хүний үгээр үг хийлээ, би юу гэж хулгай хийж байдаг юм” гэсэн. 2019 оны 09 дүгээр сард би өөрийнхөө биеийг үзүүлнэ гээд Улаанбаатар явна гэхэд ээж рүү очиж морио адуугаар солиод мөнгө болгочихоод ирлээ гэж байсан. Би өөрийг нь бараг адуу мал байхгүйг нь мэдэх юм чинь буруу зүйл хийгээд байх шиг байна даа л гэж бодож байсан…” гэх мэдүүлэг /хх-139-141/,
-Гэрч Д.Хийн:2019 оны 07 дугаар сарын 20-д гаргаад Н.Бын эхнэр Саруултуяа нь хагалгаанд орох гэж байна 2.000.000 төгрөг зээлээч манайх малтай, адуу өгье гэж хэлэхэд нь 1.800.000 төгрөг шилжүүлсэн дараа нь дахиад мөнгө дутаад байна гэхээр нь 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн зээрд азарга, бор гүү, бор сарваа нь нийт 1.479.500 төгрөг болсон бөгөөд үлдэгдэл 2.120.000 үлдсэн юм. Дараа нь хэдэн хоногийн дараа Б нь мөн 3 тооны адуу авчирч өгсөн бөгөөд тэр мөнгө нь 2.862.000 төгрөг болсон юм. Тэгээд Б надад өргүй болсон юм.. гэх мэдүүлэг /хх-ийн 142/
-Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 144-145/
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын 2020.03.10-ны өдрийн 5/25 дугаартай тогтоол /хх-ийн 146-147/
- Линзийн өгөөж “ ХХК-ны /20/03/130 дугаартай “ ногоон өнгийн Даюунг маркийн мотоциклийн үнэлгээ- 390.000 төгрөг “ гэх дүгнэлт/хх-149-156/,
- Линзийн өгөөж “ ХХК-ны Ү/20/03/38 дугаартай “ нас гүйцсэн соёолон үрээ 810.000 төгрөг, нас гүйцсэн соёолон гүү 725.000 төгрөг, шүдлэн байдас 550.000 , нийт 2.085.000 төгрөг “ гэх дүгнэлт /хх-160-168/,
- Яллагдагч Н.Бын: 2019 оны 07 сард эхнэр Саруултуяагийн бие өвдөөд байхаар нь хулгай хийж мөнгө олох санаатай өөрийн Даюунг маркийн мотоциклтой Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг “Тал булаг”-ын уурхайн хойд доороос саран тамгатай зээрд азарга, саран тамгатай бор гүү, саран тамгатай бор сарвааг мотоциклтойгоо хөөж аймгийн төв рүү 15 цагийн үед оруулж ирээд шууд Гөлгөөгийн бойнд аваачиж өгөхөд Хэрлэнчимэг нь тэнд байсан юм. Тухайн үед би Хэрлэнчимэгийг таньдаггүй байсан юм. Тэгээд Хэрлэн намайг дагуулж яваад авах гэж байгаа 3 адуугаа Гөлгөөгийн бойнд оруулж Хэрлэн бид хоёр хоорондоо тохирч багцаалдаад би Хэрлэнчимэгээс 1.800.000 төгрөг авсан. Тухайн үед би хулгайн адуу болохоор хурдхан шиг өгчихье гэж бодоод хилийг нь бол хараагүй. Тэрнээс хойш Хэрлэнчимэгийг таньдаг болсон юм. Тухайн мөнгөө миний данс руу шилжүүлсэн юм. Хэрлэнчимэг тамгыг нь бичиж авч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 177-178/,
- Хохирогч Б.Эын: Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Хавцал” гэх газраас адууныхаа бэлчээрээс Очир тамгатай хонгор морь, хээр морь, хүрэн морь,хар морь, хонгор шүдлэн үрээ, сартай зуузай тамгатай хээр морь зэрэг нийт 6 тооны адуугаа алдсан юм. Тухайн үедээ ямар нэгэн хулгайн ул мөр олоогүй болохоор алдуул болчихлоо гэж бодоод одоог болтол олохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм. Би дээрх адуунуудаа тухайн үед бүдүүн адуу 1.500.000 төгрөгийн ханштай байсан. Би дээрх 3 адуугаа нэг бүрийг нь 1.500.000 төгрөгөөр үнэлж нийтэд нь 4.500.000 төгрөгөөр үнэлж байна. Миний адуунууд унаагүй хуралчихсан тарган адуунууд байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 188-189/
- Гэрч Д.Хийн: Би танил дүү болох Саруулын нөхөр Бод 2019 оны 07 дугаар сарын 24-нд 1.800.000 төгрөг эмчилгээнд хэрэглэх гээд байна зээлээч гээд байхаар нь энэ их мөнгийг та нар буцаагаад яаж өгөх юм бэ? гэж асуухад өөрийнхөө малнаас өгнө гэж хэлэхээр нь би итгээд дээрх 1.800.000 төгрөгийг Бын дансаар өгсөн юм. Тэгээд энэ зээлсэн мөнгөө надад буцааж өгч байгаа гэж 2019 оны 08 дугаар сарын 12-13-ны үед очир тамгатай 3 тооны адуу хөдөөнөөс аваад ирлээ гэж хэлэхээр нь хулгайн адуу мал биш биз дээ гэж асуухад өөрийн адуугаа авч ирсэн гэсэн юм. Би малыг нь авахдаа гэрчтэй ажил хийнэ гэж бодоод “Дөрвөн гэгээн эрдэнэ” мал махны газарт оруулж нядлуулсан юм. Очир тамгатай 3 адуу нь нийлээд 2.800.000 төгрөг болоод би Боос адуунуудыг нь 2.500.000 төгрөгөөр бодож авсан болохоор илүү гарсан мөнгөнөөс нь Бод буцаагаад 200.000 төгрөг өгсөн. Б өөрөө надад нийт 3.600.000 төгрөгний өртэй байсан бөгөөд үлдэгдэл мөнгөндөө эргээд адуу авч ирж өгнө гэж хэлж байсан юм. Бараан зүсмийн нэг адуу нь 150 кг гаран татаж байсан шиг санаж байна. Яг ямар адуу байсан талаар нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 195-196/,
- Линзийн өгөөж “ ХХК-ны Ү/20/03/38 дугаартай “ нас гүйцсэн соёолон үрээ 810.000 төгрөг, 3 адуу нийт- 2.430.000 төгрөг “ гэх дүгнэлт/хх-200-207/,
- Яллагдагч Н.Бын: Манай эхнэр Саруултуяа 2019 оны 07 дугаар сард Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан байсан үе бөгөөд би Хэрлэн гэх махны ченжээс 1.800.000 төгрөг адуу өгнө гэж хэлээд зээлсэн. 2019 оны 08 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгийн төд дээр байх гэртээ ирээд өөрийн улаан өнгийн улсын дугааргүй Даюунг маркийн мотоцикльтой Мөнххаан сумын төвөөс баруун тийш “Баянцагаан" гэх газраас очир тамгатай 3 тооны адуу хулгайлж Сүхбаатар аймгийн төв рүү 15 цагийн үед орж ирээд Хэрлэн рүү залгаад дүү нь нөгөө мөнгөө өгөх гэсэн юм хэдэн адуу аваад ирлээ гэхэд Гөлгөөгийн бойн дээр аваад ир гэхээр нь шууд хөөгөөд очиход тус бойн дээр Хэрлэнчимэг нь өөрөө байсан бид хоёр тохироод 2.200.000 төгрөгт Хэрлэнчимэгт өгсөн. Надад Хэрлэнчимэг нь 400.000 төгрөг өгсөн ба 1.800.000 төгрөгийг нь өрөндөө өгсөн. Миний хулгайлсан адуунууд нь очир тамгатай хүрэн морь, очир тамгатай хонгор морь, очир тамгатай хээр морь зэрэг адуунууд байсан юм. Хэрлэнчимэг тамгыг нь бичиж авч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 216-217/
- Н.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43/
- Н.Бын Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 44/
- Н.Бын Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 45/
- Н.Бын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 46-47/
- Н.Бын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/ хх- 49/,
- Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ.2020.03.17. зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Бо” гэх газраас Э.Мын давхар хөндөлтэй онги тамгатай хүрэн халзан азарга, хээр гүү, унагатай хонгор гүү, хонгор гүү, хүрэн сарваа, хонгор халзан байдас, саран тамгатай хонгор гүү, халиун байдас, нийт 8 тооны адууг хулгайлж 4.775.000 төгрөгийн,
2019 оны 08 дугаар сард өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюунг загварын мотоциклийг ашиглан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутаг “Хавцал” гэх газраас Б.Эын очир тамгатай хүрэн морь, хонгор морь, хээр морь, нийт 3 тооны адууг хулгайлж 2.430.000 төгрөгийн,
2019 оны 07 дугаар сард ногоон өнгийн Даюунг загварын мотоциклийг ашиглан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн “Тал булаг” гэх газраас С.Дын давхар саран тамгатай зээрд азарга, цагаан бор гүү, бор байдас зэрэг 3 тооны адууг хулгайлж 2.085.000 төгрөгийн,
2019 оны 12 дугаар сард улаан өнгийн Их хурд загварын мотоциклийг ашиглан Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг “Эрдэнэ овоо” гэх газраас Х.Аийн гурван нүдний чандмань сартай тамгатай бор хонгор даага, хээр даага, хар даагыг хулгайлж, 1.402.500 төгрөгийн хохирол учруулан, олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Би тухайн адуунуудыг авсан нь үнэн. 2019 оны 10 дугаар сард Э.Мын 8 тооны хулгайлсан. Хээр гүүг айлын хашаанд хийгээд барьсан. Эдгээр адуунаас зургааг нь зарсан. Үлдсэн хоёр адууг эзэнд нь буцааж өгсөн. Эрдэнэжаргалын адуунаас 3 адуу авсан. Өөрийн эзэмшлийн ногоон өнгийн Даюунг маркийн мотоциклийг унаж явсан. С.Дын 3 тооны адууг хулгайлахдаа Э.Мын адууг зараад авсан мотоциклтойгоо явсан. Х.Аийн 3 даага таарахаар нь авсан. Хоёрыг нь мэдэхгүй.Зам дээрээс ганцаараа явж авсан. Энэ адуунуудыг Д.Х гэдэг хүнд өгч байсан, Б цехэд өгдөг байсан. Би урьдчилаад нь Д.Хээс мөнгө авчихсан байсан. Үлдсэн мөнгөө гар дээр бэлнээр болон дансаар шилжүүлээд авдаг байсан.Ар гэрийн амьдрал хэцүү байсан тул мал авсан. Олсон мөнгөө тухайн үед эхнэр, хүүхдэдээ өгдөг байсан. Хохирлуудаа төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэх,
хохирогч Э.Мын “ Би Уулбаян сумын 3 дугаар багийн “Тэгшийн бригад”-д нутагладаг ба 2019 оны 10 дугаар сарын 10-даар адуугаа хариулалгүй нэг өдөр болоод эргэхэд манай адуунаас хөндөлтэй онги тамгатай хамар хүрэн халзан азарга, хүрэн бүдүүн гүү, хонгор бүдүүн гүү унагатайгаа, хонгор халзан байдас, хээр зээрд даага, саран тамгатай хонгор бүдүүн гүү, халиун байдас, нийт 8 тооны адуу алдсан ” гэх,
Линзийн өгөөж “ ХХК-ны 20/03/40 дугаартай “Э.Мын 8 тооны адуу- 4.775.000 төгрөг “ гэх дүгнэлт,
гэрч Б.Шын “ Би 2019 оны 10 дугаар сарын 10-даар аймгийн төв дээр ачааны машин зогсдог зогсоол дээр өөрийн 32-85 сүа улсын дугаартай Пронтер маркийн машинтай зогсож байхад Б гэгч нь ирээд Б цех рүү адуу буулгуулах гэсэн юм гээд намайг аваад голын баруун дээрх айлын гадаа очоод хонины хашаанд байсан 4 адуунаас хээр адуу, хүрэн халзан адуу хоёрыг нь миний машинд ачиж “Б” гэх цех дээр буулгуулсан. Адууг буулгаж өгөөд явж байхад үлдээсэн хонгор гүүг хүрэн унагатай нь өөртөө унаа болгочих юмсан, унаагүй хэцүү байна гэхээр нь би “ надад мотоцикль байгаа үзэх үү “ гэж асуухад үзье гээд манай хашаанд очиж үзсэн. Бид үнэ өртөг тохирохдоо Б нь унагатай хонгор гүүгээ 1.200.000 төгрөгт, миний мотоциклийг 700.000 төгрөгөөр бодож, би зөрүүнд Бод 500.000 төгрөг нэмж өгсөн ” гэх,
Линзийн өгөөж “ ХХК-ны 20/03/40 дугаартай “ хөндөлтэй онги тамгатай хамар хүрэн халзан азарга 815.000 төгрөг, хүрэн бүдүүн гүү, хонгор бүдүүн, саран тамгатай хонгор бүдүүн гүү тус бүр 7250.00 төгрөг, хонгор халзан байдас, халиун байдас тус бүр 525.000, хээр зээрд даага, даага тус бүр 365.500, нийт 4.775.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Х.Аийн “ Би 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар сумын 3 дугаар баг “Эрдэнэ овоо” гэх газраас 13 тооны адуу алдсан. 2020 оны 01 сарын эхээр “Эрдэнэ овоо”-ны ард доор адуугаа олж үзэхэд адуунаас 8 тооны адуу байсан бөгөөд бор хонгор даага 2, хээр даага, хар даага, цавьдар халзан даага буюу 5 даага дутуу байсан. Дээрх дааганууд нь бүгдээрээ гурван нүдний чандмань сартай тамгатай адуүнууд юм. 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сумынхаа хэсгийн төлөөлөгч ирээд адууны зураг хараадах гэхээр нь манай хүү Эрдэнэсүх очиж үзээд хонгор даага, хээр даага, хар дааганы зураг байна, манай алга болсон 5 дааганы гурав нь байна гэсэн ” гэх,
гэрч Ч.Дийн “ намайг 2019 оны 12 дугаар сарын эхээр зогсоол дээр зогсож байх үед нэг намхан шар залуу ирээд 3 адуу ачаад өгөөч гэхэд зөвшөөрч миний цэнхэр өнгийн Портер маркийн 24-47 СҮА улсын дугаартай машинтай Жийдаагийн бойны урд талд байх хашаатай пүнзтэй айлын хашаанд байсан 3 даагыг ачиж Дөрвөн гэгээн эрдэнэ мал нядалгааны газарт очиж буулгасан. Тэр залуу орой нь 40.000 төгрөг дансанд хийсэн байсан ” гэх,
Линзийн өгөөж “ ХХК-ны 20/03/129 дугаартай “ улаан өнгийн Их хурд маркийн мотоциклийн үнэлгээ 405.000 төгрөг “ гэх дүгнэлт,
Линзийн өгөөж “ ХХК-ны 20/03/36 дугаартай “ шүдлэн байдас 467.500 төгрөг, 3 байдас 1.402.500 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч С.Дын “ Би 2019 оны 07 дугаар сарын 28-ны үед “Тал булаг”-ын уурхайн араас, бэлчээрээс давхар саран тамгатай зээрд азарга, цагаан бор гүү, бор байдас зэрэг 3 тооны адуугаа алдсан ” гэх,
гэрч Б.Сгийн “ Би Бтой 2018 оны 10 дугаар сараас хойш хамт амьдарч байгаа юм. Б нь надтай нийлснээс хойш ер нь л мөнгө төгрөг элбэг байдаг. Хаанаас авдаг болохыг нь асуухаар би өөрийнхөө ээжээс өөрийн гэсэн малнаасаа аваад борлуулдаг. Би өөрийн гэсэн малтай хүн юм байгаа биз дээ гээд өөдөөс уурлаад байдаг. Надад 2 удаа сэжигтэй үйлдэл мэдэгдэж байсан. 2019 оны 07 дугаар сарын 13-ны үеэр Улаанбаатар хотод хагалгаанд ороход Б араас очно гэж үлдчихээд архидаад байхаар нь асуухад согтуудаа “би хүний адуу маханд өгчихсөн” гэж хэлж байсан юм. Би эрүүлд нь “чи хулгай хийгээд байгаа юм уу,чи надад тэгж хэлсэн” гэж хэлэхээр “чи согтуу хүний үгээр үг хийлээ, би юу гэж хулгай хийж байдаг юм ” гэж байсан. Дараа нь 2019 оны 09 дүгээр сард би өөрийнхөө биеийг үзүүлнэ гээд Улаанбаатар хот явна гэж байхад ээж рүү очиж морио адуугаар солиод мөнгө болгочихоод ирлээ гэж байсан. Би өөрийг нь бараг адуу мал байхгүйг нь мэдэх юм чинь буруу зүйл хийгээд байх шиг байна даа л гэж бодож байсан” гэх,
гэрч Д.Хийн “ 2019 оны 07 дугаар сарын 20-д гаргаад Н.Б нь “ эхнэр Саруултуяа нь хагалгаанд орох гэж байна, 2.000.000 төгрөг зээлээч, манайх малтай, адуу өгье “ гэж хэлэхэд нь 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахиад мөнгө дутаад байна гэхээр 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн зээрд азарга, бор гүү, бор сарваа нь нийт 1.479.500 төгрөг болсон бөгөөд үлдэгдэл 2.120.000 үлдсэн юм. Дараа нь хэдэн хоногийн дараа Б нь мөн 3 тооны адуу авчирч өгсөн бөгөөд тэр мөнгө нь 2.862.000 төгрөг болсон юм. Тэгээд Б надад өргүй болсон юм.. гэх,
Линзийн өгөөж “ ХХК-ны 20/03/130 дугаартай “ ногоон өнгийн Даюунг маркийн мотоциклийн үнэлгээ- 390.000 төгрөг “ гэх дүгнэлт,
Линзийн өгөөж “ ХХК-ны Ү/20/03/38 дугаартай “ нас гүйцсэн соёолон үрээ 810.000 төгрөг, нас гүйцсэн соёолон гүү 725.000 төгрөг, шүдлэн байдас 550.000 , нийт 2.085.000 төгрөг “ гэх дүгнэлт,
хохирогч Б.Эын “ Би 2019 оны 07 дугаар сарын сүүлээр “Хавцал” гэх газраас адууныхаа бэлчээрээс Очир тамгатай хонгор морь,хээр морь,хүрэн морь,хар морь, хонгор шүдлэн үрээ,Сартай зуузай тамгатай хээр морь зэрэг нийт 6 тооны адуугаа алдсан юм. Миний адуунууд унаагүй хуралчихсан тарган адуунууд байсан юм” гэх,
гэрч Д.Хийн “ Би өөрийн танил дүү болох Саруулын нөхөр Бод эмчилгээнд хэрэглэх гээд байна зээлээч гээд байхаар нь энэ их мөнгийг та нар буцаагаад яаж өгөх юм бэ гэж асуухад өөрийнхөө малнаас өгнө гэж хэлэхээр нь итгээд 2019 оны 07 дугаар сарын 24-нд 1.800.000 төгрөгийг Бын дансаар өгсөн. Энэ зээлсэн мөнгөө надад буцааж өгч байгаа гэж 2019 оны 08 дугаар сарын 12-13-ны үед очир тамгатай 3 тооны адуу хөдөөнөөс аваад ирлээ гэж хэлэхээр нь хулгайн адуу мал биш биз дээ гэж асуухад өөрийн адуугаа авч ирсэн гэсэн юм. Би малыг нь авахдаа гэрчтэй ажил хийнэ гэж бодоод “Дөрвөн гэгээн эрдэнэ” мал махны газарт оруулж нядлуулсан юм ” гэх,
Линзийн өгөөж “ ХХК-ны Ү/20/03/39 дугаартай “ нас гүйцсэн соёолон үрээ 810.000 төгрөг, 3 адуу нийт- 2.430.000 төгрөг “ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хамаарна.
Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Н.Б нь эхнэр Саруултуяагийн эмчилгээнд зарцуулах мөнгө олох болон өөрийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн эзэмшлийн мотоциклийг ашиглан бусдын адууг хулгайлсан нь хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба шүүгдэгч Н.Бын хувьд иргэн Э.Мын 8 адуу, С.Дын 3 адуу, Б.Эын 3 адууг авахдаа биеэр шууд явж очих, авч явах боломжгүй эд хөрөнгөд хүрэх, бод малын жин, хэмжээ, биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр адууг хөөж, туух, барих боломжгүй учраас мотоцикль ашигласан байх бөгөөд дээрх гэмт хэргүүдийг үйлдэхэд тээврийн хэрэгсэл нь зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсныг дурдъя.
Харин Н.Б нь иргэн Э.Мын 8 адууг гэрийн ойр бэлчээрээр ирэхэд адуунд явганаар очиж адууг тууж хашаанд хашиж, уг адуунаас хээр зүсмийн гүүг барьж унан, бусад адууг нь тууж аймгийн төв рүү оруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, захиран зарцуулах боломж бүрдүүлснээр уг хэрэг төгсдөг ба Н.Бын хувьд бусдын адууг авах санаа зорилгоор хөөж хашаанд хашсанаар уг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн хийгээд хулгайлах үйлдэл төгссөний дараа тухайн адуунаас унаж бусад адууг хөөж явсныг мал хулгайлах гэмт хэрэгт уналга ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр нь бусдын өмчлөлийн эд зүйлийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор адууг бэлчээрээс нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч нарын өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.
2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Бусдын олон тоон олон тооны мал хулгайлсан бол бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “ 2.Энэ гэмт хэргийг: 2.1.олон тооны мал хулгайлж; 2.2.бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж өөрчлөн найруулан, мөн зүйлийн тайлбарт “ Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” гэж өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ 2.2. бүлэглэж; 2.3.улсын хилээр нэвтрүүлж; 2.4.машин механизм ашиглаж; 2.5.ноцтой хохирол, хор уршиг учруулж; 2.6.гойд ашиг шимт малыг хулгайлсан” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүн нэмэгдэж, “олон тооны мал” гэдэгт “ найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно “ гэж тайлбарыг өөрчилсөн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт орсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно“, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж заасны дагуу шүүгдэгч Н.Бын 2019 оны 7-12 дугаар саруудад бусдын олон тооны малыг хулгайлсан үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй болно.
Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээг багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болон тайлбарт оруулсан өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болохыг дурдъя.
Иймд шүүгдэгч Н.Бын 2019 оны 7-12 дугаар саруудад хохирогч Э.Мын 8 адуу, Х.Аийн 3 даага, Б.Эын 3 морь, С.Дын 3 адуу, нийт 17 бод малыг хулгайлсан үйлдлүүд нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Быг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “ олон тооны мал “ гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно “ гэж тодорхойлжээ.
Н.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ “ гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна.
“ Линзийн өгөөж “ ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Мын хөндөлтэй онги тамгатай хамар хүрэн халзан азаргыг 815.000 төгрөг, хүрэн бүдүүн гүү, хонгор бүдүүн, саран тамгатай хонгор бүдүүн гүү тус бүрийг 7250.00 төгрөг, хонгор халзан байдас, халиун байдас тус бүрийг 525.000, хээр зээрд даага, даага тус бүрийг 365.500 төгрөг, нийт 4.775.000 төгрөгөөр, С.Дын нас гүйцсэн соёолон үрээг 810.000 төгрөг, нас гүйцсэн соёолон гүүг 725.000 төгрөг, шүдлэн байдсыг 550.000, нийт 2.085.000 төгрөгөөр, Х.Аийн шүдлэн байдас 467.500 төгрөг, 3 байдсыг 1.402.500 төгрөгөөр, Б.Эын нас гүйцсэн соёолон үрээ 810.000 төгрөг, 3 адууг- 2.430.000 төгрөгөөр, төгрөгөөр тус тус үнэлсэн бөгөөд уг үнэлгээний талаар шүүгдэгч болон хохирогч нар маргаагүй болно.
Дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б нь гэмт хэргийн улмаас хохирогч Э.Мт учирсан нас гүйцсэн 2 гүүний хохирол 1.450.000 төгрөг, 2 дааганы 735.000 төгрөгийн хохирлыг тус тус нөхөн төлж, үлдэгдэл 4 адууны хохирлыг төлөөгүй байх тул түүнээс азарганы үнэ 815.000 төгрөг, хээр гүүний үнэ 725.000 төгрөг, хонгор халзан байдасны үнэ 525.000 төгрөг, халиун байдасны үнэ 525.000 төгрөг, нийт 2.590.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Мт, мөн бусад хохирогч нарт учирсан хохирлыг барагдуулаагүй байх тул 2.085.000 төгрөг гаргуулж хохирогч С.Дт, 2.430.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Эд, 1.402.500 төгрөг гаргуулж Х.Ад тус тус олгохоор тогтоолоо.
Н.Б нь Э.Мын 8 тооны адууг хулгайлж, 1 тооны унагатай гүүг Б.Шын Их хурд маркийн мотоциклиор сольж, зөрүүнд 500.000 төгрөгийг авсан бөгөөд одоо түүнд өгсөн унагатай гүүг буцаан авч мотоциклийг эргүүлэн өгсөн боловч түүнээс зөрүүнд авсан 500.000 төгрөгийг буцааж өгөөгүй болох нь түүний болон гэрч Б.Ш нарын мэдүүлгээр хэрэгт нотлогдож байна.
Иймд шүүх Б.Шыг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 137 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тул Н.Боос 500.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Шт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Н.Бын зарим хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Н.Б нь амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор уналга, тээврийн хэрэгсэл ашиглан 4 удаагийн үйлдлээр 17 тооны адууг хулгайлж бусдад нийт 10.692.500 төгрөгийн хохирол учруулсан, зарим хохирол нөхөн төлөгдөөгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иймд шүүх дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишигийн шүүх хуралдаанд гаргасан “ Н.Б нь ам бүл тавуулаа амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй. Ажил, хөдөлмөр хийхийг урьтал болголгүйгээр гэмт хэрэг үйлдсэнд нь үйлчлүүлэгчийнхээ өмнө маш их харамсаж байна. Тиймээс миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзаад тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү “ гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Н.Б нь дээрх мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Даюунг болон иргэн Б.Шаас худалдан авсан улсын дугааргүй Их хурд загварын мотоциклийг тус тус ашигласан бөгөөд Б.Шаас худалдан авсан уг мотоциклийг түүнд буцаан өгсөн нь хэрэгт нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого ” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж заасныг үндэслэвэл шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан дээрх мотоциклууд нь хуульд заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник, хэрэгсэлд хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувь ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.
Н.Б нь гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Их хурд загварын мотоциклийг бусдын эзэмшилд буюу иргэн Б.Шт буцаан өгсөн байх тул уг мотоциклийн үнэд 405.000 төгрөг гаргуулж, мөн түүний эзэмшлийн улсын дугааргүй Даюунг загварын мотоциклийг хурааж, зарж борлуулан, мөнгийг хохирогч нарын хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахаар тогтооно.
“Линзийн өгөөж” ХХК-ны /20/03/129 дугаартай дүгнэлтээр Н.Бын эзэмшлийн “Даюунг” загварын мотоциклийг 390.000 төгрөг, Б.Шын эзэмшлийн улсын дугааргүй Их хурд загварын мотоциклийг 405.000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Шүүх шүүгдэгч Н.Боос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Даюунг” загварын мотоциклийг улсын орлогод оруулахаар тогтоосон тул уг мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/25 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” Прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Б.Шын эзэмшлийн Их хурд загварын мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/24 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” Прокурорын тогтоолыг хүчингүй болгоно.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй бөгөөд шүүгдэгч Н.Бод энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н. Быг олон тооны мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бод оногдуулсан 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боос 2.590.000 төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Э.Мт, 2.085.000 төгрөг гаргуулан Баруун-Урт сумын 1 дүгээр багийн иргэн хохирогч С.Дт, 1.402.500 төгрөг гаргуулж Сүхбаатар сумын 3 дугаар багийн иргэн хохирогч Х.Ад, 2.430.000 төгрөг гаргуулж Мөнххаан сумын 5 дугаар багийн иргэн хохирогч Б.Эд, 500.000 төгрөг гаргуулж Баруун-Урт сумын 4 дүгээр багийн иргэн иргэний нэхэмжлэгч Б.Шт тус тус олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Боос гэмт хэрэг үйлдэхдээ улсын дугааргүй Их хурд загварын мотоциклийн үнэд 405.000 төгрөгийг гаргуулан, мөн түүний эзэмшлийн 390.000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугааргүй Даюунг загварын мотоциклийг хурааж, мөнгийг хохирогч нарт учирсан хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Н.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй бөгөөд хохирогч Э.Мын 2 гүү, 2 дааганы хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч Н.Бын эзэмшлийн улсын дугааргүй Даюунг загварын мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/25 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, Б.Шын эзэмшлийн улсын дугааргүй Их хурд загварын мотоциклийг битүүмжилсэн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/24 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай ” Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН