| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07870/И |
| Дугаар | 248 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 248
2017 оны 01 сарын 17 өдөр
| Дугаар 102/ШШ2017/00248
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамж, 54-10 тоотод оршин суух, Уриа овогт Баасангийн Отгонжаргал /РД:ЧР80082211/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 8/а-64 тоотод оршин суух, Сод овогт Төмөрбаатарын Итгэл /РД:ЧС71020169/-д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Итгэл нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.mn” сайтаар “Японы аялалын 3 сарын виз найдвартай гаргаж өгнө” гэсэн зар гаргасан байсан. Зарын дагуу 99253953 утсаар холбогдож Т.Итгэл гэгч залуутай би уулзахад Японы виз найдвартай асуудалгүй гаргаж өгнө, надад элчинд таньдаг хүн байгаа эхлээд гадаад паспорт, цээж зураг, нэг хүний 500,000 төгрөг, нийлээд та хоёул /би нагац ахтайгаа хамт Япон явах тухайгаа ярьсан/ 1,000,000 төгрөг өгөхөд болно гэсний дагуу нагац ах Даваадоржийг дуудаж түүний хамтаар визний материалаа Т.Итгэлд өгсөн. Бид хоёрын материалыг Т.Итгэл гэгч залуу маргааш нь надад буцааж өгөөд өөрсдөө маргааш элчинд материалаа өгөөрэй. Би хүнтэйгээ ярьсан асуудалгүй виз шууд гарна гэж хэлээд маргааш виз гарсаны дараа уулзахаар тохироод явсан боловч дараа өдрөөс утсаа авахгүй алга болсон юм. Цагдаагийн байгууллагад хандсан боловч иргэний маргаан байна гэсэн хариу өгсөн болно. Б.Отгонжарал миний бие ахын өмнөөс Т.Итгэлд 500,000 төгрөг өгсөн учир нийт 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Итгэл нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Отгонжаргалын нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Визний материал бүрдүүлэх үйл явц хамгийн чухал бөгөөд Б.Отгонжаргалд хэлж анхааруулсаар байтал өөрөө банкны тодорхойлолт болон хуулбарыг хуурамчаар үйлдэж Япон Улсын элчин сайдын яаманд өгсөн. Миний зүгээс бус харилцагч талын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж виз гараагүй гэж үзэж байгаа тул нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөгийг буцаан өгөхөөс татгалзаж байна. Энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь хариуцагч Т.Итгэлд холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Итгэлээс шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч нь “...хариуцагч Т.Итгэл Япон улсруу зорчих аялалын виз найдвартай гаргаж өгнө гэж 1,000,000 төгрөгийг авсан боловч виз гараагүй тул 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулна...”гэж нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлээ тайлбарлаж байгаа бол хариуцагч нь “...Японы аялалын виз гараагүйн нэхэмжлэгч Б.Отгонжаргал нь материалаа хуурамчаар бүрдүүлсэнтэй холбоотой тул түүнээс авсан 1,000,000 төгрөгийг буцаах өгөхгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараас дүгнэхэд хариуцагч Т.Итгэл нь “Үнэгүй.mn” сайтад Япон улсын аялалын виз гаргаж өгнө гэж зар тавьж уг зарын дагуу нэхэмжлэгч Б.Отгонжаргал ирж уулзан, түүнээс 1,000,000 төгрөг авсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрч, үгүйсгэхгүй байх ба харин Б.Отгонжаргалд Япон улсруу зорчих аялалын виз гараагүйн нэхэмжлэгчээс шалтгаалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Монгол Улсын иргэнийг Япон улсруу аялах эрх /виз/ олгох эсэх асуудлыг зөвхөн Монгол Улсад суугаа Япон улсын элчин сайдын яам шийдвэрлэдэг тул хариуцагч Т.Итгэл нь Япон улсруу аялах эрх /виз/ олгох эрх, үүрэг бүхий этгээд биш юм.
Иймд хариуцагч Т.Итгэлийн нэхэмжлэгч Б.Отгонжаргалаас Япон улсруу аялах эрх авч өгнө гэж 1,000,000 төгрөг авсныг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндлэслэлтэй байх тул хариуцагч Т.Итгэлээс 1,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хариуцагч Т.Итгэлд шүүх хуралдааны товыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас”-аар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.Итгэлээс 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Итгэлээс улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Отгонжаргалд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА