Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 102

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар С.Сугар,

Шүүгдэгч С.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Шэд холбогдох 2030000000142  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй,  ам бүл 2,  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, .... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, С.Ш.   

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч С.Ш нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Шаргын 2-3 тоотод оршин суух иргэн Ц.Огийн гэрт 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Ц.Бг зодож, эрүүл мэндэд нь “духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч С.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Ц.Б бид хоёр хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Ц.Б эхлээд намайг цохихоор нь би зөрүүлээд галын хайчаар цохисон.  Би уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Нэхэмжилсэн зүйл байхгүй.  Энэ галын хайч нь Ц.Бг хайч мөн , Ц.Огийн галын хайч юм. Би ажилгүй учир торгуулийн ялыг арван сарын хугацаанд төлье...гэв.

 

- Яллагдагч С.Шийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2020 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 08-09 цагийн үед Баруун-Урт сумын 7 дугаар баг Шаргын 3-2 тоотод байдаг танил ах Отгонхүүгийн гэрээр ортол Отгонхүү ах, Бат-Арслан, мөн миний танихгүй хоёр залуутай хамт архи ууж байсан. Би гэрээсээ гарахдаа гэртээ байсан “Ерөөл” нэртэй 0.75 литрийн тал архитай орж тэрийгээ хувааж уусан юм. Нэг мэдсэн чинь миний танихгүй хоёр залуу гараад явсан бөгөөд би Ц.Бтай маргалдаад байх шиг байсан. Үүнээс болж намайг Бат-Арслан нэг удаа цохихоор нь би аргалын авдар дотор байсан галын хайч аваад айлгах гээд хий цохих гэтэл дух хэсгийг нь галын хайчны үзүүр хэсгээр зүссэн. Тэгээд би яваад өгсөн.Галын хайчаар цохих үед уг гэмтэл учирсан болохоор би хүлээн зөвшөөрч байна.Миний зүгээс гаргах санал хүсэлт байхгүй. Ц.Б нь надад ямар нэгэн гомдол саналгүй, мөн нэхэмжлэх зүйлгүй гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-28/,

 

- Хохирогч Ц.Бгийн: Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой Отгонхүү ахын гэрт хоносон юм. Өглөө сэрээд байж байтал 09 цагийн орчимд С.Ш нь 0.75 литрийн “Хараа” нэртэй задалсан архитай ганцаараа орж ирсэн. Би тухайн үед гэрийн эзэн Отгонбаатар, Наранбаатар, Амартүвшин нарын хамт архи ууж байсан. Бүгдээрээ нийлээд хамт архи уусан бөгөөд уусан архиндаа согтож тасарсан байсан. Нэг мэдсэн чинь би С.Штэй маргалдаж муудаад байх шиг байсан бөгөөд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ явж гэрээсээ түргэн дуудаж үзүүлсэн.Би өөрөө бол санаж мэдэхгүй байгаа юм. Хамт байсан Отгонхүү ах, С.Ш галын хайчаар толгой руу цохисон гэж хэлсэн. Шинэсүх ч гэсэн өөрөө цохисон талаараа надад хэлсэн.Толгойдоо 5 оёдол хийлгэсэн. Одоо эдгэрч байгаа. Миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. С.Ш ах надаас уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

 

- Гэрч Ц.Огийн: Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой Б.Бат-Арслангийн хамт архи уугаад өглөө сэрээд удаагүй байж байтал манайхаар хааяа орж ирдэг С.Ш нь нэг шил архитай орж ирсэн юм. Тэр архийг хувааж уугаад байж байтал С.Ш, Ц.Б хоёр хоорондоо маргалдаж муудсан. Нэг мэдсэн чинь С.Ш нь манай гэрийн галын хайчийг аваад Ц.Бгийн толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд С.Ш гараад явсан. Өөр болсон асуудал байхгүй. Би тухайн үед их согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/

 

- Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2020.04.01. /хх- 06-07/

 

- Яаралтай тусламжийн хуудас №1887 /хх-ийн 18-19/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 176 дугаартай: 1. Ц.Бгийн биед духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх- 16-17/, 

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 7/210 дугаартай тодорхойлолт /хх- 30/

 

- Шүүгдэгч С.Шийн Иргэний үнэмлэхийн хуулбар/хх- 31/

- Шүүгдэгч  С.Шийн Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 29/

 

- Шүүгдэгч С.Шэд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 33/

 

- С.Шийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “... Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай ” хүсэлт /хх-38/

 

-  “ Ялын төрөл хэмжээний талаарх “ прокурорын 48 дугаартай санал /хх-40/ 

 

- Хохирогч Ц.Бд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх- 34/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Ш нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Шаргын 2-3 тоотод оршин суух иргэн Ц.Огийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Бтай маргаан үүсгэн, түүний толгойд галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь “духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт бүхий ” хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:  

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “ Ц.Б бид хоёр хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Ц.Б эхлээд намайг цохихоор нь би зөрүүлээд галын хайчаар цохисон.  Би уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Нэхэмжилсэн зүйл байхгүй.  Энэ галын хайч нь Ц.Бг хайч мөн , Ц.Огийн галын хайч юм...” гэх, 

хохирогч Ц.Бгийн “ Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой Отгонхүү ахын гэрт хоносон юм. Өглөө сэрээд байтал 09 цагийн орчимд С.Ш нь гаднаас 0.75 литрийн “Хараа” нэртэй задалсан архитай ганцаараа орж ирсэн. Би тухайн үед гэрийн эзэн Отгонбаатар, Наранбаатар, Амартүвшин нарын хамт архи ууж байсан. Бүгдээрээ нийлээд хамт архи уусан бөгөөд уусан архиндаа согтож тасарсан байсан. Нэг мэдсэн чинь би С.Штэй маргалдаж муудаад байх шиг байсан бөгөөд миний толгойноос цус гараад тогтохгүй байсан. Тэгээд би гэр рүүгээ явж гэрээсээ түргэн дуудаж үзүүлсэн.Би өөрөө бол санаж мэдэхгүй байгаа юм. Хамт байсан Отгонхүү ах С.Ш галын хайчаар толгой руу цохисон гэж хэлсэн. Шинэсүх ч гэсэн өөрөө цохисон талаараа надад хэлсэн.Толгойдоо 5 оёдол хийлгэсэн ” гэх,

гэрч Ц.Огийн“ Би 2020 оны 03 дугаар сарын 30-ны орой Б.Бат-Арслангийн хамт архи уугаад өглөө сэрээд удаагүй байтал манайхаар хааяа орж ирдэг С.Ш нь нэг шил архитай орж ирсэн юм. Тэр архийг хувааж уугаад байж байтал С.Ш, Ц.Б хоёр хоорондоо маргалдаж муудсан юм. Нэг мэдсэн чинь С.Ш нь манай гэрийн галын хайчийг аваад Ц.Бгийн толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд С.Ш гараад явсан ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 176 дугаартай “1. Ц.Бгийн биед духны зүүн дээд хэсэгт зүсэгдсэн шарх, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, 

эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

Хэргийн дээрх баримтаар шүүгдэгч С.Ш, хохирогч Ц.Б нар хамт согтууруулах ундааны зүйл уух үедээ харилцан маргалдан, С.Ш нь хохирогч Ц.Бгийн өөрийг цохисон үйлдлээр шалтаглан түүний толгойд галын хайчаар цохиж гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг галын хайчаар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учруулж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын маргааны улмаас хохирогчийг галын хайчаар санаатайгаар цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ. 

Шүүгдэгч С.Шийн, хохирогч Ц.Бг галын хайчаар цохиж эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

С.Шийн үйлдлийн улмаас хохирогч Ц.Бгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “ Миний зүгээс гаргах санал хүсэлт болон нэхэмжлэх зүйл байхгүй. С.Ш ах надаас уучлалт гуйсан” гэж хэрэгт мэдүүлжээ. 

 Иймд шүүгдэгч С.Шийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Ш нь хохирогчийн өөрийг нь эхэлж цохисон зүй бус үйлдлийн улмаас шалтгаалан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Тодруулбал, тухайн хэрэг гарахад хохирогч Ц.Бгийн согтуурсан, С.Шийг эхэлж хүч хэрэглэн цохиж маргааныг эхлүүлсэн хууль бус үйлдэл нөлөөлсөн байгааг дурдъя. 

 

Прокуророос С.Шэд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч С.Шийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.Б хохирол нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.  

 

Иймд С.Шэд холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч С.Шийн “ Би ажилгүй учир торгуулийн ялыг арван сарын хугацаанд төлөх боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлтийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно “ гэх хуульчилсан бөгөөд С.Ш нь ам бүл хоёул, эхтэйгээ хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй ба түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ ажлын хэсэг 44 сантиметрийн урттай, ажлын хэсгийн урт 24 сантиметр, бариул хэсгийн урт 20 сантиметр, ажлын хэсэг болон бариул хэсгийг заагласан боолт, эрэг хэсэгтээ хар төмрөөр хийсэн үзүүр хэсэг нь хурц ирмэгтэй, ажлын хэсгийн гол хэсэгт гагнуураар гагнасан мөртэй ямар нэгэн бичиг үсэггүй галын хайч”-ийг хууль ёсны эзэмшигч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багийн иргэн Ц.Од буцаан олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.  

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С.Шийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Шэд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Шүүхийн шатанд ялтан С.Шэд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Ш энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ 44 см-ийн урттай, ажлын хэсэг 24 см, бариул хэсэг 20 см-ийн урттай, ажлын хэсэг болон бариул хэсгийг заагласан боолт, эрэг хэсэгтээ хар төмрөөр хийсэн үзүүр хэсэг нь хурц ирмэгтэй, ажлын хэсгийн гол хэсэгт гагнуураар гагнасан мөртэй, ямар нэгэн бичиг үсэггүй галын хайч”-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын 7 дугаар багийн иргэн Ц.Од /ЛЮ68070216/ буцаан олгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

  

 

 

            

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.НАСАНБУЯН