Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 251

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 3 дүүргийн хороо, 2 дугаар хороолол, Өөрийн байранд үйл ажиллагаа явуулдаг, “Панораматрейд” ХХК-ийн хүсэлттэй,

           Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Бямбадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч “Панорама трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Эхнэр, нөхөр болох Т.Лхагважаргал, П. Дэлгэрмөрөн нар нь “Панорама трейд” ХХК-ний захирал Д.Бямбадорж миний өмчлөлийн 250 мкв талбайтай баарыг 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн сарын түрээсийн төлбөрт 2,500,000 төгрөгийг төлж, нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ хийсэн. Гэтэл Т.Лхагважаргал, П. Дэлгэрмөрөн нар нь 2014 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл таван сарын мөнгө болох 12,500,000 төгрөгийг төлөхгүй алга болсон, би түрээсийн мөнгө болох 12,000,000 төгрөгөө авах гэтэл эдгээр хүмүүс нь хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжилж өгнө үү.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

           Хүсэлт гаргагч “Панорама трейд” ХХК нь эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан ба хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Хүсэлт гаргагч “Панорама трейд” ХХК нь “Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нарыг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа хаягийг олж, тогтоосноор 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргана” гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

       Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь “Панорама трейд” ХХК-ийн захирал Д.Бямбадоржийн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны гүйлгээний хуулга болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах зохицуулалт байх ба “Панорама трейд” ХХК нь хариуцагч нарын албан ёсны бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 67/Б байрны 13 тоот хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь  Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 184/ШЗ2016/05684 дугаартай захирамжаар тогтоогдож байна.

             Иймд эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нарын оршин суух хаяг нь тодорхойгүй байх тул  хүсэлт гаргагч “Панорама трейд” ХХК-ийн  “Т.Лхагважаргал, П.Дэлгэрмөрөн нарыг  эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:                                                                                                     

             1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар “Панораматрейд” ХХК-ийн  хүсэлтээр эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Пүрэвийн Дэлгэрмөрөн, Түвдэндоржийн Лхагважаргал нарыг эрэн сурвалжилсугай.

             2. Пүрэвийн Дэлгэрмөрөн, Түвдэндоржийн Лхагважаргал нарыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст  үүрэг  болгосугай.

             3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                               Х.ЭНХЗАЯА