Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 104

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,  

Өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Сд холбогдох 2030000990113 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй,бүрэн дунд боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын 2 дугаар баг Өвдөгийн хошуу гэх газар оршин суух хаягтай, Г.С

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.С нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хуягт” гэх газраас 2019 оны 03 дугаар сард иргэн Г.Шын 1 тооны буюу адууг хулгайлж, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Шын хээр гүү хэний адуунд байсан юм. 2019 оны 03 дугаар сард Ганбаяр ахын уяаны морьдтой өөрийнхөө маханд өгөх адуутай хамт ачиж ирээд өгсөн. Г.Ш намайг орны гүү өгөөрэй гэж хэлсэн. Шын гүү унагалах гүү байсан учраас би Шад сарваатай гүү өгсөн. Одоо нэхэмжилж байгаа зүйл байгаа байхгүй. Гэм бурууг ойлгож, хүлээн зөвшөөрч байна байна, маргаан байхгүй. Би нялх хүүхэдтэй... гэв.

 

2030000990113  дугаартай хавтаст хэргээс:

 

- Яллагдагч Г.Сын: Манай төрсөн ах Чын охинтой суусан хүргэн Б нь Штай зөв талын ташаан дээрээ 5 нүдний өлзий утсан тамгатай хээр зүсмийн байдсан адууны наймаа хийсэн юм. Тэгээд би тэр байдсыг Бгийн тэр адуу гэж бодоод 209 оны 03 дугаар сард Н.Гын хамт миний өөрийн эзэмшлийн 62-62 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх Гөлөгсайхан гэх хүний боинд өгсөн. Надад Бгийн адууг захиран зарцуулах эрх бий. Б ам бүл тусдаа бүртгэлтэй. Би Шыг Бтэй наймаа хийсэн гэж бодоод тэр адууг махалчихсан юм. Шад орон адуунд нь унагатай гүү өгнө гэж тохиролцсон...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/,

 

- Хохирогч Г.Шын: Манайх Дарьганга сумын 2 дугаар баг “Эрээн толгой” гэх газар нутагладаг, манай адуу мал Гурван хөдөөгийн нууранд ус уудаг байсан юм. 2018 оны зун миний хээр зүсмийн “ташаан дээрээ таван  нүдний өлзий утас” тамгатай гүү Хын адуунд орсон байсан. Адуугаа авах гэхэд Хын малчин байсан Б гэх залуу миний хээр гүүг авъя гэж гуйж байсан. Тухайн үед нь орон адууг нь өгвөл ав гэсэн боловч надад адуугаа өгөөгүй. Би 2018 оны намар цэрэгт яваад 2019 оны намар цэргээс ирж адуугаа бөөгнүүлж Хын адуунаас “таван  нүдний өлзий утсан” тамгатай хүрэн гүүгээ авах гэхэд байгаагүй.  Бтэй утсаар ярьж хээр гүүгээ асуухад Дорнод аймгийн Халх гол суманд ажилд орсон, чиний хээр гүү Хын адуунд байгаа гэж хэлсэн, Тэгэхээр нь би ойр орчмын адуугаар хайгаад олоогүй. Харин Мөнхтөр ах надад Хын дүү С чиний хээр гүүг хавар хүнд зарсан гэж хэлэхээр нь би Стай уулзахад миний хээр гүүг махалж зарсан, оронд нь  өөр адуу өгье, цагдаад битгий хэлээрэй гэж гуйгаад байсан. С надтай 12 дугаар сард уулзсан тэрнээс хойш уулзаагүй, миний хохирлыг барагдуулаагүй байгаа. Хээр гүүгээ төлүүлнэ, гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,

 

- Хохирогч Г.Шын шүүхэд гаргасан “... иргэн Саас 2020.03.22-нд хууран тамгатай сартай хүрэн гүү, хүрэн сарваатай хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй ” гэх тодорхойлолт,

 

- Гэрч Н.Гын: “...Сын гэр Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг Хагт гэх газар хаваржиж байхад би 2019 оны 03 дугаар сарын 02-ны үед Хын адуунаас өөрийн 3 адууг тэжээлд оруулахаар очсон 2019 оны 03 дугаар сарын 02-ны үед Хын адуунаас өөрийн 3 адууг тэжээлд оруулахаар очсон. Би Сын Маяти маркийн машиныг гуйж аймаг яваад ирье гэхэд С маханд адуу өгнө, цуг явъя гээд  2019 оны 03  дугаар  сарын 04-ны өдөр орой 17 цагийн үед  С маханд өгөх адуугаа хонгор азаргатай адуунаас зээрд гүү, хонгор гүү, хээр гүү, хүрэн гүү, /үлдсэн 3 тооны адууны зүсийг санахгүй байна/ нийт 7 тооны адууг С гэрийнхээ гадаа барьсан. Нийтдээ 12 тооны адууг ачиж аймагт үүрээр 4 цагийн үед ирсэн. Сын маханд өгөх 7 тооны адууг шууд Баян тал гэх бойны хашаанд 5 цагийн үед буулгаад үлдээсэн. Би өглөө нь Баян тал бойны захирал Эрдэнэбаатар ахтай утсаар ярьж 7 адуу үлдээсэн хэзээ бойнд орох уу гэж өөрийнхөө нэр дээр бүртгүүлж, Сын Хаан банкны дансыг бичүүлсэн. С “А” үсгэн тамга дардаг гэхдээ эхнэр авч тусдаа гарахаасаа өмнө ах дүү нартайгаа адилхан тууран тамга дардаг байсан гэж ярьж байсан. Хээр гүү  нь байсан ямар тамгатайг нь хараагүй. С бид 2 л  байсан, өөр хүн байгаагүй. Хэний гүү гэдгийг мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

 - Гэрч Н.Бгийн: Би Сын ээжийн дүү Монхор гэх айлын малыг хариулдаг байсан. 2018 оны хавар манай хүрэн азаргатай адуунд Шын 5 нүдний өлзий утсан тамгатай хээр гүү нийлсэн байсныг би тухайн үед нь Шаас надад энэ гүүгээ зарчих гэхэд Ш юм яриагүй, Ш цэрэгт яваад гүүгээ авч чадаагүй. 2019 оны намар би Дорнод аймгийн Халх гол суманд цэргийн ангид гэрээт хилчин болоод явсан. Би Штай холбогдож гүүгээ аваарай, Хын адуунд байгаа гэж хэлсэн. Ш хээр гүү алга болсон байна гэж хэлсэн. Дараа нь миний гүүг С маханд өгсөн байна гэж ярьсан. Хээр гүү алга болсон гэхэд нь би Стай 3 удаа ярьж асуухад мэдэхгүй гэж байсан. Миний ажиллаж байгаа застав утасны сүлжээ байхгүй, бид нар утсаар ярих хэрэг болбол уулан дээр гарч ярьдаг, тийм болохоор С надтай утсаар ярих боломж байхгүй. Би өөрөө 3 удаа ярьсан. Сд миний 6 тооны адууг захиран зарцуулах эрх байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 23-ны үед ээлжийн амралтаа аваад Дорнод аймагт явж байхад С над руу 90250448  утаснаас залгаж хээр гүүг өөрийнхөө гүү гэж хэл, миний адууг манай эхнэрийн ах С захиран зарцуулах эрхтэй гэж хэлээрэй гэхээр нь би чадахгүй, үнэн юмыг үнэнээр нь хэлнэ гэж хэлэхэд дахин яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/, 

 

- “Линзийн өгөөж” ХХК-ний Ү/20/03/16 дугаартай шинжээчийн ” хохирогч Г.Шын соёолон насны хээр гүү 600.000 төгрөг “  гэх дүгнэлт /хх-ийн15-22/,

 

- Г.Сын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45/

 

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 76-77/

 

- Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 5/28 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 73-74/

 

- “Линзийн өгөөж“ ХХК-ны /20/03/173 дугаартай “ 62-62 УНЭ улсын дугаартай Хюндэй маяти маркийн тээврийн хэрэгсэл 2.467.000 төгрөг “ гэх дүгнэлт / хх-62-72/

 

- Г.Сын Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх- 34/,

 

-Г.Сын Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх- 35/

 

- Г.Сын Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 36/

 

-Г.Сын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-46-52/

 

-Г.Сын Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 оны тооллогын баримт /хх-ийн 53-55/

 

- Т.Бийн Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39- 43/

 

-Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 56-57/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.С нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ Хуягт ” гэх газраас иргэн Г.Шын хүрэн зүсмийн соёолон насны адууг хулгайлж 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд: 

шүүгдэгч Г.Сын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “ Манай хүргэн Б нь Штай зөв талын ташаан дээрээ 5 нүдний өлзий утсан тамгатай хээр зүсмийн байдсан адууны наймаа хийсэн юм. Тэгээд би тэр байдсыг Бгийн тэр адуу гэж бодоод 2019 оны 03 дугаар сард Н.Гын хамт миний өөрийн эзэмшлийн 62-62 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байх Гөлөгсайхан гэх хүний бойнд өгсөн ” гэх, 

хохирогч Г.Шын:  2018 оны зун миний хээр зүсмийн “ташаан дээрээ таван  нүдний өлзий утас” тамгатай гүү Хын адуунд орсон байсан тэгээд адуугаа авах гэхэд Хын малчин байсан Б миний хээр гүүг авъя гэж гуйж байсан, тухайн үед нь орон адууг өгвөл ав гэсэн боловч надад адуугаа өгөөгүй. Би 2018 оны намар цэрэгт яваад 2019 оны намар цэргээс Хын адуунаас хүрэн гүүгээ авах гэхэд байгаагүй. Бтэй утсаар ярьж хээр гүүгээ асуухад Дорнод аймгийн Халх гол суманд ажилд орсон, чиний хээр гүү Хын адуунд байгаа гэж хэлсэн. Харин Мөнхтөр ах надад Хын дүү С чиний хээр гүүг хавар хүнд зарсан гэж хэлэхээр нь би Стай уулзахад миний хээр гүүг махалж зарсан,  оронд нь  өөр адуу өгье, цагдаад битгий хэлээрэй гэж гуйгаад байсан ” гэх, 

гэрч Н.Гын “ Сын гэр Дарьганга сумын 2 дугаар багийн Хагт гэх газар хаваржиж байхад би 2019 оны 03 дугаар сарын 02-ны үед Хын адуунаас өөрийн 3 адууг тэжээлд оруулахаар очсон. Би Сын Маяти маркийн машиныг гуйж аймаг яваад ирье гэхэд С маханд адуу өгнө, цуг явъя гээд  2019 оны 03  дугаар  сарын 04-ний 17 цагийн үед  С маханд өгөх адуугаа хонгор азаргатай адуунаас зээрд гүү, хонгор гүү, хээр гүү , хүрэн гүү, /үлдсэн 3 тооны адууны зүсийг санахгүй байна/ нийт 7 тооны адууг С гэрийнхээ гадаа барьсан. Хээр гүү нь байсан ямар тамгатайг нь хараагүй. ” гэх, 

гэрч Н.Бгийн “...Сын ээжийн дүү Монхор гэх айлын малыг хариулдаг байсан. 2018 оны хавар манай хүрэн азаргатай адуунд Шын 5 нүдний өлзий утсан тамгатай хээр гүү нийлсэн байсныг би тухайн үед нь Шаас надад энэ гүүгээ зарчих гэхэд Ш юм яриагүй, Ш цэрэгт яваад гүүгээ авч чадаагүй. 2019 оны намар би Дорнод аймгийн Халх гол суманд цэргийн ангид гэрээт хилчин болоод явсан. Би Штай холбогдож гүүгээ аваарай, Хын адуунд байгаа гэж хэлсэн. Ш хээр гүү алга болсон байна гэж хэлсэн. Дараа нь миний гүүг С маханд өгсөн байна гэж ярьсан. Сд миний 6 тооны адууг захиран зарцуулах эрх байхгүй. 2020 оны 03 дугаар сарын 23-ны үед ээлжийн амралтаа аваад Дорнод аймагт явж байхад С над руу 90250448  утаснаас залгаж хээр гүүг өөрийнхөө гүү гэж хэл, миний адууг манай эхнэрийн ах С захиран зарцуулах эрхтэй гэж хэлээрэй гэхээр нь би чадахгүй, үнэнээр нь хэлнэ гэж хэлэхэд дахин яриагүй” гэх мэдүүлгүүд, 

“Линзийн өгөөж” ХХК-ний Ү/20/03/16 дугаартай шинжээчийн ” хохирогч Г.Шын соёолон насны хээр гүү 600.000 төгрөг “  гэх дүгнэлт,

Г.Сын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг болно. 

 

Хэргийн баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Г.С нь зарж борлуулан ашиг олох буюу амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийнх нь адуунд байсан хээр гүүг бусдын буюу Г.Шын өмчлөлийнх гэдгийг мэдсээр атлаа  зарж борлуулсан үйл баримт тогтоогдох бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. 

Тэрээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа мөнгө олох зорилгоор бусдын өмчлөлийн адууг өөрийнхөө адуунаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад зарж борлуулан хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна. 

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.Сыг тээврийн хэрэгсэл ашиглан гэж дурдаагүй атлаа улсын яллагч шүүх хуралдаанд “ Г.С нь  2019 оны 03 дугаар сард иргэн Г.Шын 1 тооны буюу адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 6262 УНВ улсын дугаартай тээврийг хэрэгслийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгуулах “ гэх дүгнэлт  гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, мөн хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

 

Учир нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэхэд тээврийн хэрэгсэл ашигласан болохыг тогтоохдоо тухайн гэмт хэргийг үйлдэхэд буюу тодорхой материаллаг эд зүйлсийг зөөвөрлөх, тээвэрлэхэд уг тээврийн хэрэгсэл зайлшгүй хэрэглэгдэх шинж чанартай байсан эсэх, уг материаллаг зүйлсийн жин, хэмжээ, тоо ширхэг, тодорхой биет байдал зэргээс шалтгаалан тээврийн хэрэгсэлгүйгээр гэмт хэрэг үйлдэгдэх боломжгүй байсан гэдгийг тогтоох бөгөөд мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулан ойлгох ба харин шүүгдэгч Г.Сын хувьд дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу тэрээр өмнө нь өөрийн адуунд ирж нийлсэн, жил орчим хариулгатай байсан адууг зарж борлуулахаар авсныг тухайн гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэлгүй болно.

 

2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “  гэж заасныг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “ зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэж өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал,  2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “ хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх” ялыг хасаж өөрчилсөн нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт орсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно“, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй“ гэж заасны дагуу шүүгдэгч Г.С 2019 оны 3 дугаар сард бусдын малыг хулгайлсан үйлдлийг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Дээр дурдсан хууль буцаан хэрэглэхгүй үндэслэлд хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дордуулж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад аливаа хэм хэмжээг багтаан ойлгох бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөлт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрүүгийн хариуцлагыг шинээр тогтоож буй явдал ба энэ тохиолдолд гэмт хэрэгт шинээр тооцохоор заасан хэм, хэмжээг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт хэрэглэх нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болохыг дурдъя. 

 

Иймд шүүгдэгч Г.Сын 2019 оны 3 дугаар сард хохирогч Г.Шын соёолон насны хээр гүүг хулгайлсан үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Баттогтохыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

 

Г.Сын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнэлгээг мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч тогтоол гарган хөрөнгийн үнэлгээ гаргах тусгай зөвшөөрөл бүхий “Линзийн өгөөж” ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр тогтоолгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно “, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор шинжилгээ хийлгэнэ “ гэж заасан зохицуулалтанд нийцэх бөгөөд хууль зөрчөөгүй байна. 

“ Линзийн өгөөж “ ХХК-ны шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Шын ташаан дээрээ таван нүдний өлзий утас тамгатай, соёолон насны хээр зүсмийн гүүг 600.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Шад 1 адууны буюу 600.000 төгрөгийн хохиролд Г.С нь сарваатай гүүг биет байдлаар өгч хохирлыг нөхөн төлсөн нь хохирогчийн “ Саас 2020.03.22-нд хууран тамгатай сартай хүрэн гүү, хүрэн сарваатай хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй ” гэх тодорхойлолтоор нотлогдоно. 

 

Шүүгдэгч Г.С болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар шинжээчийн дээрх дүгнэлт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Сын гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах, түүний үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно ” гэх зохицуулалтанд нийцэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна ” гэх шударга ёсны зарчимд харшлахгүй болно.

 

Харин шүүгдэгч Г.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно ” гэсэн зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж шүүх үзнэ.

 

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно ” гэсэн зохицуулалтын “ тогтоож болно “ гэснийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар “ тогтооно ” гэж өөрчлөн найруулсан бөгөөд энэ зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалт болох тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно “, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй “ гэж заасны дагуу шүүгдэгч Г.Сын 2019 оны 03 дугаар сард иргэн Г.Шын гүүг хулгайлсан үйлдэлд тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Сыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзээгүй, мөн тэрээр бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлийн 62-62 УНЭ улсын дугаартай Хюндэй Маяти 1 загварын машиныг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/28 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй,хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдъя.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г. Сыг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Сыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Сд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

4. Шүүгдэгч Г.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт хураагдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Шад учирсан 600.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

5. Хэрэгт шүүгдэгч Г.Сын эзэмшлийн 62-62 УНЭ улсын дугаартай Хюндэй Маяти 1 загварын машиныг битүүмжилсэн Прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 5/28 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хүчингүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН