| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2020/00014/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Саруул
Шинжээч Ж.Ариунзаяа
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б холбогдох 2040000370009 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн, яс үндэс халх, 40 настай, эрэгтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39 дүгээр байрны 36 тоотод оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд гагнуурчин ажилтай, Л.Б
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Л.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Цээл рестораны гадаа согтуугаар талийгаач Д.Б маргалдан зодолдож, улмаар түүний нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч Л.Б нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах “Цээл” рестораны гадаа талийгаач Д.Б маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...25-ны орой ажлаасаа 16 цагийн үед буугаад гэртээ ирэхэд эхнэр хоол цай бэлдээд ширээ зассан байсан. Найз О той 1 шил архи хувааж уусны дараа найз О дахиж 1 шил архи авч хувааж уусан. Байгууллагын нийллэгт гэнэт ормоор санагдаад эхнэрээс 100.000 төгрөг авч, 18 цаг өнгөрөөгөөд гэрээс гарч нийллэгэнд очсон. 55.000 төгрөгөөр таксаа авч, үлдэгдэл 45.000 төгрөгөө түрийвчиндээ үлдээсэн. Такс өгсөн хүн дунд талын ширээнд очиж суу гэж хэлэхэд нь очиж суухад талийгаач Д.Б ах чи энд суухгүй гэж хэлэхэд нь намайг энд суу гэж хэлсэн гээд таксаа харуулаад маргалдаж байгаад больсон. Би нэг ширээнд суугаад ажлынхантайгаа архи ууж суугаад, түүнээс цааш юм санахгүй байгаа юм” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С шүүхийн хэлэлцүүлэгт: “...25-ны өдөр манай нөхөр Д.Б, баярын өдөр нь байсан тул 2 найзтайгаа 1 шил архи хувааж уучихаад найзууд нь гараад явчихсан. Тэрнээс хойш нилээн амарч байгаад 15 цагт баярын хуралдаа гарахдаа согтуу байгаагүй, 18 цагийн үед хурал дуусгаад орж ирэхдээ гэртээ 3 хүнтэй орж ирээд 0.75-н нэг шил архи хувааж уугаад нийллэгэндээ явсан. Би 19 цагт найзынхаа төрсөн өдөрт яваад 00 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр маань гэртээ ирчихсэн, орон дээрээ суучихсан өмнө ширээн дээрээ 1 шил /Viva/ архи дөнгөж задлаад тавьчихсан, 1 хундага уусан бололтой байсан. Өмсөж явсан цамц нь цус болчихсон, баруун нүд нь аньж хавдчихсан, нүүрэн дээр нь урагдсан шархтай буйдан дээрээ сууж байсан. Намайг орж очиход О ийн найз нь намайг зодчихлоо ш дээ гэж хэлэхэд нь шууд л Б гэж мэдсэн. Манай хүргэн О той, Б нь гэр бүлийн найзууд, хамт ажилладаг юм. Тухайн үед би чи чинь яаж байгаа юм бэ, хүн амьтантай зодолдоод гээд хувцсыг нь тайлаад толгой дор нь дэр тавьж дэрлүүлээд буйдан дээр нь унтуулсан. Би өөрөө газраар ор засаад хэвтсэн. Өглөө 07 цагийн үед сэрэхэд манай хүн босчихсон урд өдөр нь ууж байгаад үлдээж орхисон архинаас рүнкэнд хийгээд ууж байсан. Тэгээд намайг сэрхэд чи надад архи хийгээд өг гэж хэлэхэд нь би тэр архинаас 2 хундага хийж өгсөн. Тэгээд манай хүн буцаад буйдан дээрээ хэвтэж байгаад 2-3 минутын дараа буйдангаас босоод газар зассан ор руу явах гэж байгаад ойчоод өгсөн. Би тэр чигээр нь хэвтүүлээд хөнжил нөмрүүлээд бид 2 унтаад өгсөн. Тэгээд өглөө 09 цаг 10 минутын үед нөхрийгөө сэрээх гэтэл хөдлөхгүй, огт амьсгалахгүй байгаа нь мэдэгдсэн. Нэрээр нь дуудаад сэрээх гээд хацар руу нь алгадсан боловч амьсгал хураачихсан байсан. Би гарч гүйгээд дүүгээ дуудсан, мөн түргэн тусламж, цагдаа дуудсан. Би юу нэхэмжлэхээ мэдэхгүй л байна, ер нь бол би гомдолтой л байна, манай хүн юу юугүй үхээд өгөхөөр хүн байгаагүй, архи бага зэрэг уудаг байсан, хүн болгонтой тэгж айхтар муудалцаад байдаггүй, үнэнч шударга л хүн байсан. Шударга зангаасаа болоод л ийм зүйл болсон. Зодсонд нь гомдож байна, би их харамсаж байна” гэв.
Шинжээч Ж.Ариунзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: “Дүгнэлт дээр тусгасан байгаа. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэргийн гэмтэл бол 28 хоног хүртэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна гэсэн заалт байдаг тул хөнгөн гэмтэл үхлийн шалтгаанд нөлөөлөхгүй. Шинжээч цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гаргахдаа хэд хэдэн эмнэлзүйн шинж тэмдэг, өөрчлөлтүүд, мөн нэмэлт шинжилгээнүүд хийгддэг. Үүнд: 1-рт шүүх химийн шинжилгээ, 2-рт эд эсийн шинжилгээ хийгддэг. Химийн шинжилгээ нь тухайн хүний цус, шээс, ходоодны шингэн, цөсний шингэнээс дээж авч шинжилгээ хийдэг. Энэ шинжилгээгээр 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Химийн шинжилгээний 554 дугаартай хариунд цусанд 2.4 промилли, ходоодны шингэн, цөсний шингэнд тус тус 3.1 промилли спиртийн агууламж илэрсэн. 2.4 промилли агууламж дунд зэрэг, гурваас дээш хүнд зэргийн согтолт болдог. Үүнээс гадна эд эсийн шинжилгээ хийгддэг. Химийн болон эд эсийн шинжилгээг Улаанбаатар хотод Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай лабораторт хийдэг. Задлан шинжилгээгээр архины цочмог хордлогын үед илэрдэг сонгомол шинжүүд илэрсэн. Тухайлбал нойр булчирхайд голомтот цус харвалт, ходоодны салстанд тархмал улайлт, цэгчилсэн цус харвалт, элэг нилээд өөхлөлтэй, уушгиний дэлбээ хооронд цэгчилсэн цус харвалт зэрэг шинжүүд илэрсэн. Энэ нь нүдэнд ил харагдах шинжүүд байсан. Эд эсийн шинжилгээгээр дараах шинжүүд илэрсэн Үүнд элэгний өөхөн хувирал, бөөрний сувганцрын голомтот үхжил, нойр булчирхайн цус харвалт үхжил, ходоодны салстын улайлт зэрэг нь архины цочмог хордлогын үед л илэрдэг сонгомол шинжүүд юм. Дээрээс нь химийн шинжилгээгээр цусанд, ходоодонд, шээсэнд илэрсэн шинжүүд юм. Эдгээрийг үндэслээд талийгаачийг спиртийн цочмог хордлогоор нас барсан гэж үзэж дүгнэлт гаргасан” гэв.
Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би цехийнхээ шинэ жилийн баярт орохоор болоод хувцсаа бэлдэж өмсөөд 18 цаг өнгөрч байхад "Цээл" ресторанд очоод бэлэн мөнгөө өгөөд таксаа авсан чинь зохион байгуулж байсан хүмүүс намайг голын урт ширээнд суулгасан. Миний суусан ширээнд талийгаач Д.Б ах сууж байсан. Намайг уг ширээн дээр очоод суухад талийгаач Д.Б ах намайг "чи энэ ширээнд суух ёстой юм уу" гэж асуухаар нь би өөдөөс нь "чи мэддэг юм уу" гэж хэлээд бид 2 хоорондоо маргалдсан. Би Д.Б ахтай маргалдаж эхэлснээ санаж байна, тэгээд яг юу юу гэж хэлж маргалдаж байснаа санахгүй байна. Миний санаж байгаагаар тэр ширээн дээр архи уугаад сууж байсан, хэнтэй хамт сууж байснаа бас санахгүй байгаа, ямар ч байсан архи уугаад сууж байсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй, нэг сэрхэд өглөө болсон, гэртээ ирээд унтаж байсан. Би 2019 оны 12 дугаар сарын 26-ны 06 цагт гэрээсээ гараад ажилдаа явсан. Намайг ажил дээрээ очиход надтай хамт ажилладаг Б "Таньтай өчигдөр муудаад байсан ах нас барсан байна" гэж хэлсэн. Тэгэхэд манай хуурай соронзон баяжуулахын дарга Гантөмөр намайг ажлаас буулгаж гэрт хүргэж өгсөн. Би хэнтэй хаана ямар байдлаар муудсанаа мэдэхгүй байгаа, ямар ч байсан анх шинэ шилийн баяртаа оролцохоор очоод голын ширээнд суугаад талийгаач Д.Б ахтай маргалдаж байснаа санаж байна. Өөр зүйл санахгүй байна. Би хэнээр гэртээ хүргүүлснээ мэдэхгүй байгаа. Маргааш өглөө ажил дээр очоод байхад Б намайг хүргэж өгсөн гэж хэлсэн. Талийгаачийг хэн гэрт нь хүргэж өгснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-н 93-94 хуу/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн уурхайчдын баярын хурал 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Бор-Өндөр сумын соёлын төвд 15 цагаас болсон. Уг арга хэмжээнд манай нөхөр оролцсон. Баярын хуралд суугаад орой гэртээ ирэхдээ хамт ажилладаг Ө, А, С нартай хамт ирээд нэг шил Эдэн архи хувааж ууж дуусаад 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 18 цагаас Баргилт цехийн шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор хамт гараад явсан. Би гэртээ ганцаараа үлдээд орой 19 цагаас найзынхаа төрсөн өдөрт оролцохоор Гуа тээг баар луу явахаар гэрээсээ гарсан. Би найзынхаа төрсөн өдрийн баярт оролцож дуусаад Гуа тээгийг хаахад гараад гэртээ 24 цаг гэхэд ороход манай нөхөр ирчихсэн ганцаараа том өрөөний буйдан дээр баярт орохоор явахдаа өмсөж явсан хувцастайгаа сууж байсан. Намайг гэртээ ороход нөхөр маань О ийн найз нь намайг зодчихлоо гэж хэлэхээр нь очоод хартал баруун талын нүд нь хавагнасан байсан, мөн хацар хэсэг нь хавдсан байсан. Хамраас нь цус гоожиж өмсөж явсан хувцас нь цус болсон байсан. Тэгэхээр нь би нөхрөөсөө өөр янз бүрийн юм асуулгүй, хувцсыг тайлаад сууж байсан буйдан орон дээр нь хэвтүүлээд хөнжлөөр нь хучаад унтуулсан. Манай нөхрийн сууж байсан буйдан орны урд талд байдаг жижиг цагаан ширээн дээр Вива гэх нэртэй архи задлаад дээрээс нь жоохон уусан бололтой байсан, мөн нэг танихгүй түрийвч, гар утас 2 байсан, тэгэхээр нь тэр архийг нь аваад гал тогооны шүүгээний урд талын компьютерийн доод талын тавцан дээр тавьсан. Мөн гар утас, түрийвч хоёрыг аваад Вива архины хажууд тавьсан. Ингээд би өөрөө том өрөөндөө ороо засаад ганцаараа газраар унтсан. Намайг унтаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд манай нөхөр сэрчихсэн үлдээсэн архинаасаа хундагалаад ууж байсан. Намайг сэрэхэд архи хийгээд өг гэж хэлэхээр нь би босоод Эдэн архинаас 2 хундага хийж өгөхөд уучихаад унтахаар буцаад хэвтсэн, би ч гэсэн эргэж хэвтээд унтсан байсан. Тэгтэл өглөө 07 цаг өнгөрч байхад манай нөхөр унтаж байсан орон дээрээсээ унахаар нь би сэрсэн. Би босоод нөхрөө өөрийнхөө ор луу татаж ойртуулаад дэрийг нь тавьж өгөөд хөнжлөөр нь хучсан. Тэгээд хэвтээд би унтчихсан байсан, унтаж байгаад 09 цаг 10 минут гээд сэрээд нөхрөө харсан чинь бие нь нэг л эвгүй, бие нь хөдлөхгүй байхаар нь нэрээр нь дуудаад, гараас нь татахад хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь гэрээсээ гарч гүйгээд Б дуудсан ...би гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-н 98 хуу/
Насанд хүрээгүй гэрч А.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх Бор-Өндөр сумын 2 дугаар баг 45 дугаар байрны 105 тоотод байдаг бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой гэртээ ээж, дүү нарынхаа хамт байж байсан чинь ээж намайг яваад Д.Б ахыгаа гэрт нь оруулаад өг гээд явуулсан. Д.Б ахын гэрийн түлхүүрийн нэг нь манайд байдаг байсан болохоор тэр түлхүүрийг аваад гэрээсээ гарч 44 дүгээр байр луу явсан. Намайг 44 дүгээр байранд очоод Д.Б ахын гэрийн орц руу орсон 2 давхарт Д.Б ах, нэг ахтай хамт шатан дээр сууж байхаар нь би гэрийнх нь хаалгыг онгойлгож өгөөд тэр хоёрыг дотогш оруулсан. Намайг Баатархуягийн ахын гэр лүү орох гэхэд хамт явж байсан танихгүй ах "намайг байж бай, ах нь ороод Д.Б ахыг нь унтуулчихъя" гэж хэлэхээр нь би гэр лүүгээ харьсан. Намайг Б гэрийн хаалганы цоожийг нээх гэж байхад Д.Б ах надад "ах нь зодуулчихлаа" гэж хэлэхээр нь харсан чинь хамраас нь цус гарсан байсан, өмсөж явсан хувцасны энгэр, гар хуруу нь цус болчихсон байсан. Мөн баруун нүд нь хавдсан байсан. Тухайн үед байрны орцны гэрэл ассан байсан учраас би Д.Б ахыг сайн харсан. Тэгээд би гэртээ ирээд ээжид Д.Б ахыг хүнд зодуулсан байна гэж хэлсэн юм. Би талийгаач ахтай хамт ирсэн хүнийг танихгүй, өмнө нь харж байгаагүй хүн байсан. Ямар ч байсан намхан, үрчлээтэй нүүртэй ах байсан бөгөөд өмссөн хувцсыг нь харахад шинэ жилийн баярын арга хэмжээнд ороогүй бололтой байсан. Хар куртик өмсөөд энгэрээ цахилгаандсан байсан болохоор дээгүүрээ өмсөж байсан хувцсыг нь хараагүй. Харин доогуураа жинсэн өмд өмссөн байх шиг байсан. Д.Б ах надад хэнтэй зодолдож, муудсан, хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Би ч гэсэн асуугаагүй. Д.Б ах бол юу ч бариагүй байсан. Гадуураа куртикгүй, пиджактайгаа явж байсан. Харин хамт явж байсан хүний куртикний халаасанд юу байсныг мэдэхгүй, гарт нь ямар нэгэн зүйл байгаагүй. Д.Б ах гэр лүүгээ орж байсан ахтай хоорондоо хэрэлдэж маргалдаагүй, зүгээр байсан. Д.Б ахын хамраас цус гоожсон байсан. Гоожсон цус нь өмсөж явсан пиджак, цамцных нь энгэрээр урссан байсан. Мөн баруун нүд нь хавдаж, тагларсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй” гэх мэдүүлэг /хх-н 37 хуу/
Гэрч А.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш 15 цаг 20 минутанд эхнэртэйгээ хамт гэрээсээ гарч Бор-Өндөр сумын 1 дүгээр баг 39 дүгээр байранд найз Б гэрт ирсэн юм. Энэ өдөр уурхайчдын баярын өдөр байсан болохоор баярын хуралд оролцоод найзтайгаа хамт баяраа тэмдэглэх гээд гэрээр нь очсон. Эхнэр бид 2-ын Б гэрт ороход Б ганцаараа байсан. Эхнэр бид 2 тэдний гэрт ороод, уулзаад сууж байхад ширээн дээрээ нэг шил 0.5 литрийн "Өвөл" гэх нэртэй архийг баярын юм гээд задлаад хувааж уусан. Уг архинаас Б бид 2 ууж, манай эхнэр ганц нэгэн хундага л уусан. Энэ архийг уугаад сууж байхад гаднаас Б эхнэр нь ганцаараа орж ирсэн. Б бид 2 ууж байсан архиа дуусгаад би нэг шил архи авъя гэж хэлээд Б эхнэрийг дэлгүүр лүү явуулж нэг шил 0.5 литрийн "Өвөл" гэх нэртэй архи авчруулж хувааж уусан. Б бид 2 миний авсан архийг ууж дуусаад би эхнэртэйгээ хамт тэдний гэрээс 17 цаг 20 минутанд гарсан. Энэ өдөр 18 цагаас "Фрэйндс" бааранд манай цехийн шинэ жилийн баяр болох ёстой байсан, мөн "Цээл" ресторанд Баргилт цехийн шинэ жилийн баярын арга хэмжээ болох ёстой байсан. Б гэртээ эхнэртэйгээ хамт үлдсэн бөгөөд шинэ жилийн баяртаа оролцохоор явна гэж байсан. Эхнэр бид хоёрын Б гэрээс гараад салаад явсан, манай эхнэр ажил руугаа хүүхдээ авах гээд явсан, харин би гэр лүүгээ хувцсаа сольж өмсөхөөр явсан. Тэгээд орой баярын арга хэмжээндээ оролцоод гэртээ очиж унтаж амарсан. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө талийгаачийг нас барсан гэдгийг мэдсэн. 2019 оны 12 дугаар сарын 25-ны орой талийгаач болон Баянбаттай уулзаагүй. Талийгаачийг хэн зодсоныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 40-41 хуу/
Гэрч Р.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Арга хэмжээ эхлэхээс өмнө талийгаач Д.Б ах, Б , Ган-Эрдэнэ бид хэд түрүүлээд ирсэн байсан. Намайг босоод 00-ын өрөө ороод бие засаад эргээд ширээн дээрээ очиход манай ширээн дээр Б ирж Б ахтай юм яриад сууж байсан. Тэгтэл талийгаач Д.Б ах Б "чиний суух ширээ энэ мөн юм уу, энэ ширээнд суух нэрэнд байгаа юм уу" гэж асуухад Б өөдөөс нь "таксаа сая үүднээс авлаа, таксаа авсан юм чинь хаана ч суусан яахав ээ, найзынхаа хажууд сууя" гэж хэлсэн. Б хамт сууя гэсэн найз нь Б ах юм. Энэ ширээний суудалны асуудлаас болж талийгаач Д.Б ах, Б 2 хоорондоо маргалдсан. Б гаднаас орж ирэхдээ л архи уучихсан, согтуу орж ирсэн. Б Д.Б ах хоёрыг хоорондоо маргалдаж байхад нь Б ах одоо боль боль, яах гэж маргалдаад байгаа юм гэж болиулж байсан. Тэгтэл Б үгэнд нь орохгүй Д.Б ахыг хэл амаар доромжлоод, банди уурхайчин гэж хэлэхэд Д.Б уурлаад байсан. Тэгэхэд Д.Б ах Б чи уурхай мэдэх юм уу гэж асуугаад байсан. Тэгж байгаад тэр 2 хоорондоо маргалдахаа больсон. Удалгүй хоол ирээд ширээн дээр сууж байгаад хоолоо идэцгээсэн. Хоолоо идчихээд би 00 руу явж ирээд ширээндээ суухад Б байхгүй, манай ширээнээс босоод хажуу талын ширээн дээр очоод суусан байсан. Тэгж байхад гаднаас үйлдвэрийн захирал баярын хэмжээнд оролцохоор орж ирэхэд Б эргээд манай ширээнд миний дэргэд суусан. Миний дэргэд сууж байхдаа хамт сууж байсан хүмүүсийг "уурхай мэдэхгүй байж, уурхай ярилаа" гэж надад хэлэхээр нь би дуугай бай, өдий насны хүн байж архи уугаад тавьтаргүй байхаа болиоч гэж хэлэхэд за за гээд нөгөө тийшээ хараад суусан. ...Талийгаачийг хэн гэрт нь хүргэж өгснийг мэдээгүй. Харин Б Б хүргэж өгсөн гэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 44-45 хуу/
Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 25-ны орой 18 цагаас Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехийн шинэ жилийн баярын арга хэмжээ "Цээл" ресторанд 18 цагаас болсон. Уг арга хэмжээнд оролцохоор 18 цаг 10 минутанд ганцаараа очоод өөрийн хуваарилагдсан ширээнд очиж суусан. Би 2 дугаартай ширээнд нилээн олуулаа суухаар хуваарилагдсан байсан. Намайг цээл ресторанд орж ирээд ширээндээ суухад ихэнх нь ирээд сууж байсан. Мөн Б ах ирчихсэн манай ширээнд хамт сууж байсан. Арга хэмжээ эхэлсэн хойно манай ширээнд сууж байсан Б ах, талийгаач Д.Б ах 2 хоорондоо хэрэлдээд байсан. Миний сонссоноор Д.Б ах Б ахад "би чамайг бодвол олон жил ажилласан, чамайг бацаан байхад би уурхайд ажиллаж байсан" гэж хэлж байхыг нь сонссон. Тэгээд тэр 2 хоорондоо хэрэлдэж маргалдах нь гайгүй болоод сууж байсан. Би ч удахгүй босоод явчихсан. Тэгж байгаад арга хэмжээ эхлээд нилээн удсан хойно Б ах гаднаас пиджакгүй, цамцтайгаа орж ирсэн. цамцных энгэр нь задгай, гараараа өмдөө барьчихсан байсан, Б ахын хамрын доод талаар цус болсон зогсож байхыг нь харсан. Тэрнээс хойш Б ахыг яасныг хараагүй, дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 46 хуу/
Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уурхайчдын баяр болоод 15 цагаас Бор-Өндөр сумын соёлын төвд баярын хурал болсон бөгөөд би баярын хуралд оролцсон. Мөн орой 18 цагаас манай цехийн шинэ жилийн баярын арга хэмжээ Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байдаг "Цээл" ресторанд болсон. Баргилт цехийн шинэ жилийн баярын зохион байгуулах ажлыг комиссын гишүүдийн хамт хариуцаж байсан. Би 18 цаг 20 минутын үед шинэ жилийн баярын арга хэмжээ болох газраа ирж ороход үйл ажиллагаа эхлэх гэж байсан. Шинэ жилийн баярын арга хэмжээ эхлэхийн өмнө Б ганцаараа орж ирээд талийгаачийн сууж байсан ширээн дээр очиж суусан. Би тэд нараас тусдаа өөр ширээнд сууж байсан болохоор яг юу болоод байсныг нь мэдээгүй. Баярын арга хэмжээ эхлээд явж байхад миний тооцоогоор 20 цаг 20 минутын үед хүмүүс зааланд бүжиглэж байх үеэр би гадагшаа гарсан чинь үүдний хэсэгт Б ах, талийгаач Д.Б ах 2 хоорондоо муудаад зодолдож байсан. Тэгэхээр нь би голоор нь орж салгаад, хажууд нь тамхи татсан. Тэр 2 салаад дахиж хоорондоо зодолдоогүй болохоор би тамхиа татчихаад эргээд орсон. Тухайн үед талийгаач Д.Б ахын нүд нь хөхөрсөн юм шиг болсон байсан, хаанаас нь гэдгийг нь мэдэхгүй, ямар ч байсан цус гарч гоожсон байсан. Б ахын нүүр, хацар орчим шалбарсан юм шиг байсан, мөн цус гоожсон байсан. Би тамхилчихаад тэр хоёрыг хоорондоо юм яриад, маргалдаад, зодолдохгүй гайгүй болохоор нь үлдээгээд дотогшоо орсон. Намайг дотогшоо ороод байж байхад Б ах гаднаас орж ирээд дахиад хүнтэй муудах гээд хүн хүн рүү агсраад байхаар нь би дагуулаад гарсан. Тэгээд Б дуудаад Б ахыг гэр лүү нь хүргүүлэхээр явуулсан. Талийгаач Д.Б ах эргэж орж ирж байгаа харагдаагүй.Талийгаач Д.Б ахыг Цээл рестораны үүдэнд Б ах зодсон. Тэр 2 хоорондоо зодолдож байсан. Д.Б ахын нэг нүд нь хөхөрсөн байсан, Б ахын хацар, нүүр хэсэг нь шалбарсан байсан. Би тэр хоёрыг зодолдож байхад нь голоор нь орж салгасан. ...Талийгаач Д.Б ах шинэ жилийн баярт оролцохоор ирэх үедээ биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Мөн ширээн дээр сууж байхыг нь харсан, тэгэхэд талийгаачид учирсан гэмтэл шарх байгаагүй. Б цохиулсны дараа баруун нүд нь хавдаж хөхөрсөн байх. Би талийгаачийг нас барсан гэдгийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өглөө ажил дээрээ очоод мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай
1. Талийгаачийн цогцост баруун нүдний дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсэг, зүүн хацрын төвгөр хэсэг, баруун гарын сарвууны ар дээд хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой ба баруун нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь хөнгөн зэргийн, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, үхэлд нөлөөлөөгүй гэмтлүүд болно.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
5. Талийгаачийн цусанд 2.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь дунд зэргийн согтолтын хэмжээ болно.
6. Талийгаач нь спиртийн цочмог хордлогоор нас баржээ гэх дүгнэлт /хх-н 64-67 хуу/
Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-11 хуу/
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 13 хуу/
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан хувцаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 15-18 хуу/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-н 21 хуу/
Б аас хураан авсан хувцаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 22-25 хуу/
Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гар утас, түрийвчинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 26-28 хуу/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, талийгаач нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь талийгаачийн нүүрэн тус газар цохисны улмаас талийгаачийн биед гэмтэл учирсан, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон, талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт болон бусад нотлох баримтаар талийгаачийг нас барахаас өмнө түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон, тус гэмтэл нь талийгаачийн нас барсан үйл баримттай шалтгаант холбоогүй байх тул шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгчийг хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэв.
Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С нь шүүгдэгчид гомдолтой гэх боловч түүнээс тодорхой нэхэмжилсэн зүйлгүй, энэ талаарх баримтгүй байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж шийтгэхээр тогтов.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Д.Баатархуягийн хар саарал өнгийн пиджак, хар саарал өнгийн өмд, хөх ягаан өнгийн срочикон цамц, шар өнгийн ширэн тэлээ, нөт-ийн баримтын цаас зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.С-д, шүүгдэгч Б самсунг маркийн гар утас, хүрэн өнгийн түрийвч, 5000 төгрөгийн дэвсгэрт 9 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, Монголросцветмет 45 жил гэсэн бичиглэлтэй энгэрийн тэмдэг зэргийг шүүгдэгч Б-д тус тус буцаан олгож, шүүгдэгчийн хар өнгийн пиджак, хар хөх өнгийн брюк, срочикон цамц зэргийг устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
ДАРГАЛАГЧ Р.БАТБАЯР