Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 910

 

Б.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Батбаярын бичсэн эсэргүүцлээр Б.Дд холбогдох 1707001580027 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

          О овогт  Б.Д, 1970 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, охин, зээ нарын хамт Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15 дугаар гудамж, 2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: УД70112908/,

          Б.Д нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршандын 15 дугаар гудамж, 2 тоот хашаанд байх өөрийн гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ өөрийн нөхөр болох П.Атэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн үйлдэлд Багахангай, Налайх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Дг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урт модон иштэй хутга 1 ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Дд буцаан олгож, Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Батбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: “... Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ”, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол цагаатгах тогтоол гаргана” гэсэн заалттай. Харин энэ хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд авагдсан дараахь нотлох баримтаар; хохирогч П.Аийн “... гэнэтхэн гал тогооны шүүгээний доороос ногоо арилгадаг, ишийг нь цагаан уяагаар уясан хутга аваад “чимээгүй, хохь чинь шүү” гэхээр нь “чи яаж чадах юм” гээд хутгыг нь авахаар очоод гарнаас нь бариад ноцолдоход миний цээжин дээр хатгагдсан байсан. Тэгээд л цус гараад эхлэхэд манай эхнэр сандараад ...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.О-ийн “... хажуу айл буюу Өвөршандын 15-2 тоотод оршин суух айлын эгч манай гэрийн гаднаас хашааны завсраар хэнээ, хэнээ гээд намайг дуудаад байхаар нь гараад уулзтал эгчдээ түргэн дуудаад өгөөч эгч нь нөхрөө хутгалчихлаа гэж хэлэхээр нь би 103-т дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Дгийн “... бид хоёр мөнгөнөөс болж нилээн маргалдаж байгаад би уурандаа гал тогооны шүүгээний доор байсан ногоо арилгадаг хутгыг аваад Алтангэрэлийг чимээгүй бай гэсэн. Дуугүй болохгүй үглээд байхаар нь дөхөж очоод цээж рүү нь айлгах зорилготой чичэхэд хатгасан байсан. Тэгтэл цус гараад явчихаар нь эмнэлэг дуудах гэтэл утас нэгжгүй байсан болохоор хамар хашааныхаа хүнийг дуудахад нэг охин гарч ирэхээр нь эмнэлэг дуудаад өгөөч гэж утсаар нь залгуулаад гэртээ ороод цусыг нь тогтоохоор цамц хувцсаар нь шархыг нь дараад байж байтал түргэн тусламжийн автомашин ирээд шууд эмнэлэг рүү авч яваад шархыг нь боогоод байж байтал цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд хийсэн...” гэсэн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн гаргасан “А-ийн биед цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт мөн прокурорын яллах дүгнэлтээр гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаарх саналтай танилцаж зөвшөөрөн гарын үсэг зурсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хохирогч, шүүгдэгч нар мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлгээ бататган ярьж шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заагдсан аргагүй хамгаалалт, баривчлах таслан зогсоох зорилгоор халдах, гарцаагүй байдалд хохирол учруулах, албадлага эрхшээлд автах, үндэслэл бүхий эрсдэл, тушаал даалгавар биелүүлэх/ тогтоогдсон гэх үндэслэлүүдийг барьж Б.Дгийн согтуугаар өөрийн нөхөр П.Аийн цээжин тус газар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон байна.

2. Анхан шатны шүүхээс шинжээчийн 08шэ/432 дугаартай дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлаагүй, шинжээчийн дүгнэлтэд тэмдэг даруулж баталгаажуулаагүй, нотлох баримт хууль ёсны байх шаардлага хангаагүй тул хүчингүйд тооцсон гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал; энэ хэрэгт шинжээч эмч С.Төгсбуян хохирогч П.Аийн биед үзлэг хийж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 08шэ/432 дугаар дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлтийг бичгээр гаргаж шинжээч гарын үсэг зурна...” гэсэн зүйл, заалтуудад нийцсэн байхад шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч П.А нь учирсан гэмтлээ харуулж, шинжээч эмчид биеэрээ очиж үзүүлсэн, одоо шарх эдгэрсэн талаар мэдүүлсэн. Хэрвээ шүүх шинжээчийн 08шэ/432 дугаартай дүгнэлтээр гарсан П.Аийн биед учирсан гэмтэлд эргэлзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлд зааснаар нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх эрх нь шүүхэд бүрэн байхад хэрэгжүүлэлгүйгээр тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтыг хүчингүйд тооцсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ. Мөн шинжээчийн дээрх дүгнэлтийг хууль бус арга хэрэгсэл ашиглаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж цуглуулаагүй тул нотлох баримтаас хасах, хүчингүй болгох боломжгүй юм.

3. Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “... эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 25 см урт модон иштэй хутга нэг ширхэгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Дд буцаан олгосугай” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Тухайлбал; Эд мөрийн баримтаар хураагдсан уг хутгыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлуулалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1, 35.19 дүгээр зүйлийг зөрчсөн болно. Шүүхийн хэлэлцүүлгээр тухайн нотлох баримтаар хураагдсан хутгыг талууд танилцуулж, шүүгдэгч, хохирогчоос уг хутга хэний өмчлөлийнх болох уг хутгаар гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар асуулт асуух боломж олгогдоогүй буюу дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхааралгүйгээр орхигдуулсан. Дээрх ажиллагааг явуулаагүй, нотлох баримтыг шинжлэн судлуулаагүй байж шууд хууль ёсны эзэмшигч гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Шүүхийн хэлэлцүүлэг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэснийг зөрчсөн байна.

4. Цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Шүүгдэгч Б.Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тухайлбал; Б.Дд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байхад шүүхийн цагаатгах тогтоолын 4 дэх заалтыг Б.Д-нд гэсэн нэртэй хүнд холбогдуулан гаргажээ. Иймд Б.Дд холбогдох Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү...” гэв.    

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Б.Дг согтууруулах ундааны зүйл хэрэглэн ууж согтуурсан үедээ өөрийн нөхөр болох П.Атэй маргалдаж улмаар түүний цээжин тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 08шэ/432 дугаар шинжээчийн дүгнэлтийг хувийн болон байгууллагын тэмдэгээр баталгаажуулаагүй байгаа нь тухайн нотлох баримтыг хүчингүйд тооцох үндэслэл болох тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас харахад Б.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр П.Аийн цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.Аийн “... гэнэтхэн гал тогооны шүүгээний доороос ногоо арилгадаг, ишийг нь цагаан уяагаар уясан хутга аваад чимээгүй, хохь чинь шүү гэхээр нь чи яаж чадах юм гээд хутгыг нь авахаар очоод гарнаас нь бариад ноцолдоход миний цээжин дээр хатгагдсан байсан...” гэх, гэрч Б.О-ийн “... хажуу айлын эгч намайг дуудаад эгчдээ түргэн дуудаад өгөөч эгч нь нөхрөө хутгалчихлаа гэж хэлэхээр нь би 103-т дуудлага өгсөн...” гэх, шүүгдэгч Б.Дгийн “... Дуугүй болохгүй үглээд байхаар нь дөхөж очоод цээж рүү нь айлгах зорилготой чичэхэд хатгасан байсан...” зэрэг мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Нэгэнт хэргийн нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал илэрсэн гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Дг цагаатгасныг хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй гэж үзнэ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 08шэ/432 дугаар шинжээчийн дүгнэлтэд тэмдэг дарагдаагүй байгаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчиж байгаа хэдий боловч энэ нь хэргийн үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал биш юм.

Харин анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр даалгаж хэргийг шийдвэрлэх боломжтой байхад хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь буруу байна.

  Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд нь буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 104 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Дд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                        Д.ОЮУНЧУЛУУН