| Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинзоригийн Баярмаа |
| Хэргийн индекс | 120/2017/0020/З |
| Дугаар | 120/ШШ2018/0011 |
| Огноо | 2018-04-16 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 120/ШШ2018/0011
2018 оны 04 сарын 16 өдөр 120/ШШ2018/00011 Өмнөговь аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Б.*******гийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн *******,*******д холбогдох “*******, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6/36 дугаар тушаалыг үндэслэлгүй болохыг тогтоож, хүчингүй болгох, Монгол улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сард төрийн албан хаагчдад олгосон нэг удаагийн буцалтгүй тэтгэмж 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг нөхөн олгохыг *******, аялал жуулчлалын газрын даргад даалгах (2017 оны төсвийн жил төрийн албан хаагчид олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөг олгохыг *******, аялал жуулчлалын газарт даалгах гэж шүүх хуралдаанд тодруулсан) шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6/36 тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан.
Сахилгын шийтгэл ногдуулахын өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгууллагын шуурхай хуралдаан дээр газрын дарга Б.*******: “...Засгийн газраас 2017 оны хагас жилийн байдлаар тогтоол, шийдвэр үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй гаргасан гэж Өмнөговь аймгийг дүгнэсэн.
Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр аймгийн Засаг даргад ажил
сайжруулах, хариуцлага тооцох үүрэг өгөгдсөн дагуу надад сануулах арга хэмжээ авсан бөгөөд арга хэмжээ авсан аймгийн Засаг даргын захирамжийн 2 дахь заалтыг үндэслэн хэрэгжилт муу гаргасан холбогдох албан хаагчдад хариуцлага тооцох шийдвэр гаргаж байна.” гэсэн.
*******, аялал жуулчлалын газрын дарга Б.******* надад арга хэмжээ авахдаа сонсох ажиллагаан дээр яригдаж хэлэлцэгдсэн миний хариуцлагагүй хандсан гэх нотлогдоогүй асуудлыг үндэслэн шийдвэр гаргасан байна.
Үүнээс гадна сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын 1 дэх хэсэгт сонсох ажиллагаан дээр яригдаагүй “үндэсний хөтөлбөрийг хяналтад аваагүй, хэрэгжилтийг 2017 оны хагас жилээр хангалтгүй биелүүлсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй” гэсэн үндэслэл бичсэн байгаа нь тухайн шийдвэрт хамааралгүй юм. Ийм алдаа ч миний бие гаргаагүй.
Бид Засгийн газрын болон Засаг даргын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхээр зайлшгүй хийгдэх ажлуудыг эрэмбэлэн төлөвлөж, аймгийн үндсэн чиглэлд тусгуулах саналыг Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст хүргүүлдэг боловч бидэнтэй хэлэлцдэггүй, шууд хасдаг, яагаад хассан тухайгаа бидэнд хэлдэггүй, асуухаар бие биедээ түлхэж байгаад Засаг даргын зөвлөлийн хурлаар мэдэгдэхгүйгээр оруулаад батлуулчихдаг.
Үндсэн чиглэлд тусгуулах ажлынхаа төлөө байгууллагын дарга санаа тавьж хөөцөлддөггүй, мэргэжилтнүүд хөөцөлдөөд явахаар хэл ам хийлээ, мэргэжилтэнтэй харьцахгүй гэж хэлдэг.
Ийм байтал Төрийн албаны салбар зөвлөл миний өргөдөл гомдлын шаардлагыг хангалгүй, арга хэмжээ авахуулсан шийдвэр нь зөв гэж 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолоор шийдвэрлэсэнд мөн гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж миний хууль ёсны эрх ашгийг хангаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.*******: шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмнөговь аймгаас Засгийн газарт 2016 оны жилийн эцсээр тайлагнасан үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилт, 2017 оны хагас жилээр тайлагнасан Засгийн газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн биелэлттэй Засгийн газар танилцан 35 дугаар хуралдаанаараа Үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хамгийн муу гаргасан аймгийн нэг Өмнөговь аймаг гэж мэдэгдсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргад ажил сайжруулах, хариуцлага тооцох чиглэлийг Засгийн газраас өгсөн.
Үүний дагуу тайлан мэдээг хянаагүй Засгийн газарт хүргүүлсэн үндэслэлээр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Баянмөнх болон Б.******* надад аймгийн Засаг дарга сахилгын шийтгэл ногдуулсан.
Манай байгууллагатай холбоотой үндэсний хөтөлбөр, засгийн газрын тогтоол
шийдвэрийн хэрэгжилтийг тайлагнасан байдлыг шалгахад манай газрын мэргэжилтэн Б.******* Тост тосон бумбын нурууны хамгаалалтыг эрхлэх, Байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох тухай 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Засгийн газрын 91 дүгээр тогтоолын заагдсан Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг баталсантай холбогдуулан хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах тухай засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг гаргахдаа хэрэгжилтгүй гэж буруу тайлагнасан.
Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийх нийтлэг журам”-ыг баталсан. Тус журмын 6.3-д хэрэгжилтийн үнэлгээг гаргах аргачлалд хэрэгжилтгүй гэсэн тайлбар байхгүй бөгөөд хэрэгжээгүй, хэрэгжилт хангалтгүй, хэрэгжих шатанд, бүрэн хэрэгжсэн гэсэн тайлбар байдаг бөгөөд тус мэргэжилтэн хэрэгжилтийг аргачлалын дагуу гаргаагүй, буруу тайлагнасан болно.
Аргачлалын дагуу тайлагнасан бол бэлтгэл ажлыг хийж хэрэгжүүлсэн боловч төсөв хөрөнгө батлагдаагүй учраас “Хэрэгжилт хангалтгүй” буюу 30 хувьтай гаргаxaap байсан. Учир нь хамгаалалтын захиргаа байгуулах төсөв гарган аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлд Хамгаалалтын захиргаа
байгуулах санал оруулсан хэдий ч хөрөнгө мөнгө батлагдаагүй юм.
Гэхдээ орон нутгийн төсөвт хөрөнгө тусгагдаагүй ч “Саус гоби сэндс” ХХК уурхайн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд өөрийн хөрөнгөөр Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тэмдэгжүүлэх зорилгоор геодезийн хэмжилт хийж, хилийн цэсийн 22 багана, 5 самбарыг 45 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байсан ажлыг мэргэжилтэн Б.******* мэдэж байсан ба өөрийнх нь хариуцсан ажил юм. Иймд үндсэн чиглэлд санал оруулсан хэдий ч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөв баталж мөн “Саус гоби сэндс” ХХК энэ ажлыг хийж гүйцэтгэж байгаа мэдээллийг бичиж болох байсан ч асуудлыг бичилгүй ганц хэрэгжилтгүй гэж буруу тайлагнасан.
Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх нийтлэг журам”-ын 6 дугаар хавсралтаар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт тайлагнах хүснэгтэд хэрэгжилт хангалтгүй болон хэрэгжээгүй заалтын тасарч буй болон удааширч буй шалтгаан нөхцөлийг бичих багана байгаа бөгөөд мэргэжилтэн Б.*******д хэрэгжээгүй нөхцөл байдал тайлбарыг заавал бичнэ гэхээр би мэдэхгүй, сонсоогүй гэж эсэргүүцэл илэрхийлдэг.
Тус мэргэжилтэн хэрэгжилт гаргаж байгаагүй, Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ хийх нийтлэг журмыг мэдэхгүй ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт гаргахаас зайлс хийж би гаргах ёсгүй бодлогын хэлтсийн ажил гэх мэтээр хангалтгүй ажиллаж байгаа нь харагдаж байгаа.
Байгууллагын хагас жилийн тайланг *******, аялал жуулчлалын яаманд хүргүүлдэг хугацаанд багтаж тайланг явуулсны дараа байгууллагад үлдэх хувьд нөхөж ажлаа оруулсан. Хугацаатай тайланг ганц хүний ажилдаа хандах сэтгэлгүй хандлагаас болж тайлан хоцроохыг хүсээгүй тул Б.*******гийн хариуцсан ажил болох уул уурхай, нөхөн сэргээлттэй холбоотой бүлэг заалтыг хасаж тайланг яаманд миний бие гарын үсэг зурж хүргүүлсэн. Сүүлд нь нөхөж хүргүүлсэн гэдэг нь худал юм.
Аймгийн “Бид хамтдаа” хөтөлбөрийн тайланг бодлогын хэлтсийн хийх ажил гэж хийгээгүй зэргээр өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ажиллагаагүй.
Дээрх үндэслэлүүдээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Б.******* нь өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх тал дээр маш хойрго ханддаг мэргэжилтэн бөгөөд өмнө нь 2016 онд өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан хэдий ч алдаа дутагдлаа огт засахгүй, удирдах, удирдуулах ёс зүйгүй ажиллаж байгаа болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмнөговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн б/36 дугаар тушаалаар[1] Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, бусад дүрэм, журмыг үндэслэн тус газрын газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.*******д “ Засгийн газрын тогтоол шийдвэр, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж 2017 оны эхний хагас жилийн үнэлгээгээр хангалтгүй дүгнэгдсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, ажлаа тайлагнаагүй” гэж сануулах сахилгын шийтгэл хүлээлгэжээ.
Нэхэмжлэгч Б.******* нь “...ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээний дагуу албан үүргээ хангалттай биелүүлж ажилласан, хугацаатай албаны тайлан, мэдээ гаргах ажлыг цаг тухайд нь хийдэг, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт гаргах чиг үүргийг өөр ажилтан хариуцдаг бөгөөд тушаал гаргахдаа сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, энэхүү хууль бус шийдвэрээс шалтгаалан ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөгийг авч чадаагүй” гэсэн үндэслэлээр *******, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн б/36 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2017 оны төсвийн жил төрийн албан хаагчид олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөг олгохыг *******, аялал жуулчлалын газарт даалгах (2 дахь шаардлагаа шүүх хуралдаанд тодруулсан) нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.1 “сануулах”, 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан, үүнийг зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөж байна.
Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын хоёрын 4-д “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг уг баримт материалтай танилцаж тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан журмыг хариуцагч хангаж ажиллаагүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
Тухайлбал дээрх тушаалыг гаргах үндэслэл болох ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан албан үүргээ Б.******* гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хэд хоногийн хугацаа хэтрүүлсэн, энэ зөрчлүүдийг хэзээ гаргасан зэргийг шалгаж тогтоосон ямар нэгэн баримт байхгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй...” гэдэгт хууль тогтоомж болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгох бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь дээд шатны ямар албан тушаалтны албан үүрэгтэй нь холбоотой өгсөн ямар үүрэг даалгаврыг биелүүлээгүй, хариуцагчийн “...үндэсний хөтөлбөр, Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг гаргахдаа холбогдох журмыг баримтлаагүй, хэрэгжилтгүй гэж буруу тайлагнасан...” гэх тайлбар Б.*******гийн ажил үүрэг, ажлын байрны зорилт, чиг үүрэгтэй хэрхэн холбогдож байгаа нь тодорхойгүй, үндэслэл муутай байна.
Мөн “Өмнөговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар[2] эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах ажлыг хангалтгүй биелүүлж, 2017 оны эхний хагас жилийн үнэлгээ хангалтгүй дүгнэгдсэн гэж *******, аялал жуулчлалын газрын дарга Б.*******д сануулах сахилгын шийтгэл ногдуулан, хоёр дахь заалтаар хариуцсан чиг үүргийн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хангалтгүй биелүүлж байгаа албан хаагчдад хариуцлага тооцохыг үүрэг болгосон тул сануулах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл мөн” гэж хариуцагч маргаж байгаа боловч “хангалтгүй” үнэлгээ авсан нь бүхэлдээ газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтний “ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан хэрэгжүүлбэл зохих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотой” гэж шууд буруутгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Б.*******гийн ажил үүрэг, ажлын байрны зорилт, чиг үүрэгтэй хэрхэн холбогдож байгаа, тухайн мэргэжилтний хариуцсан ажил ямар төвшинд байгаа, ямар үндэслэлээр чадваржуулах, чадавхижуулах асуудал захирамжид тусгасан зэрэг нь тодорхой бус байна.
Иймд аймгийн Засаг даргын захирамжид дурдагдсан *******, аялал жуулчлалын газрын газрын алдаа, дутагдлыг нэхэмжлэгчид хамааруулан, түүнийг албан үүргээ хэрэгжүүлээгүй, хангалтгүй дүгнэгдсэн гэж сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “миний ажлын байрны чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй асуудлаар сахилгын шийтгэл ногдуулсан, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг тусгайлан хариуцдаг мэргэжилтэнтэй бөгөөд түүнд мөн энэ асуудалд холбогдуулж сахилгын шийтгэл ногдуулсан” гэж маргаж байгаа нь үндэслэлтэй ба Өмнөговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын даргын 2016 оны а/10 дугаар тушаалаар[3] шинэчлэн батлагдсан тус газрын ажлын байрны чиг үүрэг, маргаан бүхий сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд дурдсан тус газрын газар, газрын хэвлий, түүний баялгийн ашиглалт, нөхөн сэргээлт, байгаль орчны үнэлгээ, хүний нөөц хариуцсан мэргэжилтэнд ажлын байрны тодорхойлолт[4], аялал жуулчлал, тайлан мэдээ, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт[5], сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал[6] зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Нөгөөтээгүүр хариуцагч дээр дурдсанаар сахилгын шийтгэл ногдуулах хангалттай үндэслэл байгаа эсэхийг зохих журмын дагуу шалган тогтоогоогүй тул маргаж буй сахилгын шийтгэл ногдуулсан захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг оролцогчид хүргүүлээгүй, байгууллагын ажилтнуудын шуурхай хуралдаанд сонсох ажиллагаа явуулсан[7] байх тул нэхэмжлэгчийн хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлтэй.
Дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн б/36 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Их Хурлын 2017 оны 67 дугаар тогтоолоор 2017 оны төсвийн жил төрийн албан хаагчид 300000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгохоор тогтоож, Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар уг урамшууллыг сахилгын шийтгэл хүлээсэн бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчид олгохгүй байхаар шийдвэрлэсэн байна.[8]
Нэхэмжлэгч Б.*******д маргаан бүхий захиргааны актаар сахилгын шийтгэл хүлээсэн үндэслэлээр уг ажлын үр дүнгийн урамшуулал олгоогүй байна.[9]
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар төрийн албан хаагч нь цалин хөлс, урамшил авах баталгаагаар хангагдах тул үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулж, ажлын үр дүнгийн урамшуулалд олгоогүй 300000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д нөхөн олгох үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, 26.9, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн *******, аялал жуулчлалын газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн б/36 дугаар тушаалыг хүчингүй болгон, нэхэмжлэгч Б.*******д 2017 оны төсвийн жил төрийн албан хаагчид олгосон ажлын үр дүнгийн урамшуулал 300000 төгрөгийг нөхөн олгохыг *******, аялал жуулчлалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРМАА
1. Хавтаст хэргийн 5 дугаар хуудас
2. Хавтаст хэргийн 16 дугаар хуудас
3. Хавтаст хэргийн 91 дүгээр хуудас
4. Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
5. Хавтаст хэргийн 100-102 дугаар хуудас
6. Хавтаст хэргийн 127 дугаар хуудас
7. Хавтаст хэргийн 24-30 дугаар хуудас
8. Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас
9. Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас