Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0499

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагч Ч.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2021/0023 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын Б.Э-ын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/31, Үүрэг гүйцэтгэгч томилох тухай Б/32 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Э-ыг Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.Э-ын ажилгүй байсан 112 хоногийн цалинтай тэнцэх 4.998.488 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгож,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улиастай сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: “... Б.Э нь 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргаар томилогдож 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар чөлөөлөгдсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ... хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ” ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга ... 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй” гэж хуульчилсан, улс төрийн албан тушаал юм. Улс орон даяар үүссэн корона вирус халдварт өвчний улмаас хууль тогтоомжид зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй нөхцөл байдал үүсч Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Засаг дарга Б.Э-ын бүрэн эрхийн хугацаа дууссан учир ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нийцэж байгаа гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч Б.Э-аас “Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31, Б/32 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх тухай“ нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6 дахь заалтыг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар Улиастай сумын Өлзийт багийн Засаг дарга Б.Э-ыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлөн, 31-ний өдрийн Б/32 дугаар захирамжаар Өлзийт багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Ц-ийг томилжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жардугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, ... баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно”,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно”,

26.3-д “Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй”,

28 дугаар зүйлийн 28.5-д “Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж тус тус заажээ.

Уг хуулийн заалтуудаас үзвэл сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлын саналгүйгээр багийн Засаг даргыг өөрийн санаачилгаар чөлөөлөх, томилох бүрэн эрх олгогдоогүй байна.  

Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурал багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, тус багийн Засаг даргыг чөлөөлөх, томилох зэрэг асуудлаар хуралдаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Улиастай сумын Засаг дарга нь маргаан бүхий Б/31 дүгээр захирамжаар багийн нийтийн Хурлаас санал ирээгүй байхад тус сумын Өлзийт багийн Засаг даргыг чөлөөлсөн, Б/32 дугаар захирамжаар багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг томилсон нь дээрх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “Монгол Улсад Ковид-19 цар тахал илэрсэнтэй холбогдуулан багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах боломжгүй байсан, хуульд заасан 4 жилийн хугацаа дууссан тул маргаан бүхий актууд хуульд нийцэж байгаа” гэжээ.

Маргаан бүхий актуудад Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед энэ хуулийн 10.3-т зааснаас гадна дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: ... 10.4.6. соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох;” гэж заасныг баримталсан.

Гэвч энэ нь түр хугацаанд буюу цаг үеийн байдалтай холбоотой үйлчлэх хуулийн заалт бөгөөд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан орон нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо, үндсэн зарчмыг үгүйсгэхэд хүргэх, багийн Нийтийн Хурлаас Засаг даргыг томилох, чөлөөлөх асуудлаар санал гаргах эрхийг бүр мөсөн хориглосон заалт биш юм. Энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын өмгөөлөгч Б.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                         Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ