Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 00444

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын  20-ны  өдрийн 181/ШШ2016/01623 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: “МДТОФ”  ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 6 387 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Махбал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Мөнхцогт,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Махбал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би төрсөн охин М.Цэнд-Аюушийг гэр оронтой болгох зорилгоор 2011 оны 12 сарын 5-ны өдөр “Мдтоф” ХХК-тай Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Дархан цогцолборын 303 айлын орон сууцны 14 давхрын, 258 тоот орон сууцыг, 1 м.кв-ыг нь 1 250 000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ хийсэн. Байрны м.кв гэрээнд заасан хэмжээндээ хүрэхгүй байна гэсэн яриа гарахаар нь хэмжилт хийх эрх бүхий хүмүүст дуудлага өгч хэмжилт хийлгэхэд 36 м.кв-аас 5,11 м.кв дутуу байсан ба үнийн зөрүүд 6 387 500 төгрөгийг илүү авсан байсан. Дамдинсүрэн гэж хүн хохирсон бүх хүмүүсийг цуглуулж гаднаас нотариат авч ирээд та нарын хохирол барагдсаны дараа “Мдтоф” ХХК-иас ирэх мөнгөнөөс авна гэж тохироод урьдчилгаанд 185 000 төгрөгийг авсан бөгөөд нэг жилийн хугацаа хэрэгтэй гэсэн. 2015 оны 9 сард таараад асуутал Улсын дээд шүүх дээр байгаа хүлээж бай гэсэн. Танай шүүхээс Дамдинсүрэнг хуралдаа суугаагүй шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж явуулсан бичгийг 2015 оны 12 сарын 23-нд манай хүүхдэд өгсөн байсан. Ингээд дахин танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч “Мдтоф” ХХК-аас хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхцогт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний 2011 оны 12 сарын 5-ны өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний 6.3 дахь заалтад орон сууцны нийт талбайн хэмжээг тэнхлэгээр тооцсон болно гэж заасныг харилцан хүлээн зөвшөөрч талууд гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч “Мдтоф” ХХК-иас 6 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Цэнд-Аюушийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 1 сарын 11-ний өдөр төлсөн 120 701 төгрөгийн 117 150 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, шинжээчийн ажлын хөлсөнд 70 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан “Тоонот гранд” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Махбал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Орон сууцанд 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр MNS 6058:2009 гэсэн стандартын дагуу хэмжилт хийлгэхэд 30,89 м.кв байсан бөгөөд 5,11 м.кв-аар дутуу байсан. Тухайн үед орон сууцны зөрүүний талаар шийдвэрлүүлэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон Сууц өмчлөгчдийн холбоонд хандсан. Дараа нь шүүхэд хандаж өөрийгөө төлөөлүүлэхээр н.Дамдинсүрэнд итгэмжлэл өгсөн. Гэтэл Н.Дамдинсүрэн нь “Мдтоф” ХХК-д ажилд орж, бидний асуудлыг хуйвалдааны журмаар хүчингүй болгосон гэж үзэж байна. Тухайн үед шүүхэд орон сууцны зөрүүд шинжээч томилуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байсаар 2016 оны 12 сарын дундуур шинжээч дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд орон сууц 5,66 м.кв-аар дутуу болох нь  тогтоогдсон. Гэтэл шүүх орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д бичигдсэн хүснэгтийг харгалзан үзэхгүйгээр “6.3-д бичигдсэн тэнхлэгээр тооцсон болно” гэх учир нь олдохгүй далд утгатай үгийг хэрэглэсэн нь хэрвээ энэ талаар маргаан гарвал хариуцагчийг 6.3-д зааснаар залилсан хэргээсээ мултран гарах аргыг  урдаас төлөвлөсөн байхад  шүүх гэмт хэрэг хохирол учруулсан компанийг хамгаалж хохирогч бидний эсрэг хууль зөрчсөн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Бид гэрээний 2.1-д заасны дагуу дотор хэмжилтийг Монгол Улсад мөрдөж байгаа стандартын дагуу MNS 6058:2009 хэмжилтээр зөрүү гарсан 5,66 м.кв-ын үнийг тооцон үзэхэд 6 614 830 төгрөг болсон. Өрөөний дотор талын м.кв-ын хэмжээг тэнхлэгээр хэмжинэ гэсэн хэмжигдэхүүн монголд байхгүй учраас хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ийм хэмжээ байдаггүй гэдгийг бид сайн мэдсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хянан үзэж, орон сууцны зөрүү 5,66 м.квын дулааны мөнгө сар бүр илүү төлөгдөж хохирсоор байгаа асуудлыг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                                  ХЯНАВАЛ:

                                                                                                                                                  

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

  Нэхэмжлэгч М.Цэнд-Аюуш нь хариуцагч “МДТОФ” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн гэх 6 387 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэжээ.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 

 Учир нь, зохигчдын хоорондох эрх зүйн маргааны гол зүйл болох ажлын үр дүнгийн доголдол буюу орон сууцны м.кв зөрүүтэй эсэх асуудлыг тодруулахаар анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШЗ2016/09595 дугаар захирамжаар “Тоонот гранд” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /хх-ийн 42-44 дүгээр тал/

 

 Анхан шатны шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна. Тодруулбал: Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан, хэргийн оролцогч нартай ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, энэ ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулахаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заажээ.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2016/01623 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2017/00694 дүгээр захирамжаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ                                     

                                                          ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД                                                                                                           

                                                                                                          Г.ДАВААДОРЖ