Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 19

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

Улсын яллагч Н.Амаржаргал

Хохирогч Э.Э

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох 1940001930016 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 2 дугаар хороо оршин суух, урьд улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Х.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Х.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, оршин суух иргэн Э.Э эзгүй байхад түүний зөвшөөрөлгүйгээр орон байранд хууль бусаар нэвтрэн орж, улмаар гэрийн цоожийг эвдлэн сольж өөр цоож хийж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                      Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр Х.Б нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг тоотод оршин суух Э.Э зөвшөөрөлгүйгээр түүний орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй, гэм бураагаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Э “Би 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энэ нүүж орсон. Тэгээд дипломынхоо урьдчилсан хамгаалалтад орох гээд Дархан-Уул аймаг руу явсан. Явахдаа өөрийн охиныг хамаатныхаа охины хамт Р  гээд дүүдээ үлдээгээд явсан. Тэгээд шалгалтандаа орох гээд байж байтал нэг дугаараас “гичий минь, эргүү авгай минь, энэ манай байр, зайлаарай” гээд элдэв бусаар доромжилсон. Дүү рүүгээ залгаад асуусан чинь “мэдэхгүй нэг танихгүй эмэгтэй ирээд янз бүрээр яриад байна” гэсэн. Тэгэхээр нь И гээд үеэл эгчийгээ очоод харчих гэсэн чинь “танайхыг аймаар болгочихсон байна, нэг хүүхэн ирээд загнаад байна” гэж ярьсан. Тэгээд цагдаад хандсан. Миний хувьд адилхан эмэгтэй хүн юм чинь гэж бодоод уучлалт гуйвал больё гэж бодсон боловч надаас уучлалт гуйгаагүй, хэл амаар доромжилсоор байсан. Би энэ хүнээс Дархан-Уул аймгаас Бор-Өндөр суманд ирж буцах зардал болох 120.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Шүүгдэгч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “Би энэ үйлдлээ хэрэг болно гэж бодоогүй, учир нь Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2015 оноос хойш буюу нөхөр У  үйлдвэрлэлийн осолд орсноос хойш байрны асуудал байсан учир би энэ байраа бусдад алдахгүй гэсэн үүднээс ийм үйлдэл гаргасан. ...Намайг очиход нэг эмэгтэй байсан. Тэгсэн тэр эмэгтэй байраа цоожлоод явчихаар нь “ямар учраас миний байранд дураараа орсон юм гээд уурлаж би цоожилсон цоожийг нь эвдээд орчихсон. Би уг эвдэж орсон цоожийг нь хаясан. Ингээд би дэлгүүр явж шинэ цоож авч хийсэн” гэх мэдүүлэг        /хх-н 78-79 хуу/

Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ”Би Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн Баргилт цехэд цахилгаанчнаар 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би байгууллагынхаа удирдлагад хандаж байр, орон сууцаар хангуулах талаар өргөдөл гаргахад удирдлагын зүгээс надад Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр 1-18 тоотод 1 өрөө байрыг Орон сууц эзэмших гэрээ байгуулж 2018 оны 07 дугаар сард олгосон. Ингээд би уг байранд өөрийн охин болон дүүгийн хамтаар амьдрах болсон. Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дипломынхоо урьдчилсан хамгаалалтыг хамгаалахаар Дархан-Уул аймаг руу үйлдвэрийн захиргаанаас 1 сарын цалингүй чөлөө аваад явахдаа гэртээ охин, 2 дүүгийн хамт үлдээгээд явсан. Намайг Дархан-Уул аймаг явахаас өмнө уурхайн зүгээс манайхыг уг нийтийн байрны 04 тоотод шилжүүлэн оруулсан юм. Намайг 04 тоотод шилжин ороход манай цехэд хамт ажилладаг Д  гэдэг залуу түрээсээр амьдарч байсан юм. Ингээд Д  уг байрыг суллаж өгөхөд нь би орсон юм. Ингээд намайг Дархан-Уул аймагт байхад буюу 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр манай үеэл эгч И над руу залгаж нэг танихгүй эмэгтэй танай гэрт орчихсон хамаг юмыг чинь гаргаж шидээд байна, биднийг очихоор “та нар зайлцгаа, энэ чинь миний гэр” гэж хэлээд орилж чарлаад байна гэж утсаар мэдэгдсэн. Тэгэхээр нь би Бор-Өндөр сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн утас руу залгаж энэ талаар мэдэгдсэн. Ингээд би энэ асуудлыг шийдүүлэхээр Бор-Өндөр суманд ирэхэд Б  гэх эмэгтэй нь манай гэрийн цоожийг эвдэж хаяад шинэ цоож хийчихсэн байсан. Ингээд би тухайн цаг хугацаанаас гэртээ орж чадаагүй. Учир нь Б  намайг гэртээ оруулахгүй, цоожилж явчихаад түлхүүр өгөхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11 хуу/

Гэрч Д.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр 1-04 тоотод байх үеэл дүү болох Э гэрээс хүүхдийг нь очиж авахаар 15 цаг өнгөрч байх үед очсон. Учир нь Э Дархан-Уул аймаг руу сургуульдаа шалгалтаа өгөхөөр явсан байсан учир хүүхдийг нь авахаар очиход Э гэрт нь нэг танихгүй тайрмал үстэй, жижигхэн биетэй эмэгтэй хаалганых нь цоожийг эвдээд орчихсон байсан. Би өдөр хүүхдийг нь хичээлд нь 13 цагт явуулчихаад гэрээс нь гарахдаа Э гэрийнх нь хаалгыг цоожлоод гарсан байсан юм. Тэгсэн өдөр 15 цагийн үед очиход хаалганых нь цоожийг эвдээд шинэ цоож хийчихсэн, дотор нь нэг эмэгтэй орчихсон байсан. Намайг Э гэрт ороход уг эмэгтэй энэ миний байр, энэ юмнуудаа аваад гар гэх мэтээр намайг хөөгөөд байсан. Би ч тухайн үед учрыг нь олоогүй болохоор тэр эмэгтэйтэй харилцаагүй чимээгүй буцаад гараад явсан. Намайг байх хугацаанд тэр эмэгтэй ихэд уурлаж муухай ааш араншин гаргаж Э гэрээс эд хогшил буюу тогоо савыг нь гаргаж чулуудаад байсан...” гэх мэдүүлэг / хх-н 62 хуу/

Гэрч Д.Р гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...И эгч над руу 17 цагийн үед залгаад танай гэрт нэг хүүхэн орчихсон байна гар гээд байна, ямар учиртай юм бэ, би хүүхдүүдийг нь чинь аваад гэрлүү явлаа шүү гэхээр нь би “тэг тэг” би өөрөө учрыг нь олъё гээд даргаасаа чөлөө аваад Э эгчийн гэрт ирэхэд өмнө нь надтай нэг ээлжинд ажилладаг байсан Б  гэдэг эгч Э эгчийн гэрт орчихсон хамаг эд зүйлийг гадаа нь гаргачихсан, хаалганы цоожийг эвдэж солиод шинэ цоож хийчихсэн байсан ...Ингээд би маргааш нь Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн захиргаан дээр очиж энэ талаар асууж тодруулж Э Б  хоёрын хэн нь амьдрах ёстой юм бэ? гэхэд уурхайн зүгээс Б д энэ байр ямар ч хамаагүй, энэ байр нь Э  цохолттой байгаа, бид гэрээг нь гаргаад өгье гээд надад уг нийтийн байрны 1-04 тоот байрны гэрээг өгсөн. Уг гэрээн дээр эзэмшигчээр Э нэр байсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-18 хуу/ зэрэг болно.

Мөрдөгч дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заажээ. Энэхүү зохицуулалтаас үзэхэд орон байрны халдашгүй байдал хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг хэсэг бөгөөд энэхүү эрхийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан байна. Энэ зүйл, хэсэгт оршин суугчийн зөвшөөрөлгүй орон байранд нэвтэрснээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрх зөрчигдсөнд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба тухайн нөхцөл байдалд орон байранд хүн байсан эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Шүүгдэгч нь тухайн орон сууцыг нөхөр бид хоёрт үйлдвэрээс өгсөн учраас бусдад алдахгүй гэсэн үүднээс орон байранд нэвтрэн орсон гэж мэдүүлж байх боловч түүнд эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр бусдын эзэмшилд байгаа орон сууцанд дур мэдэн нэвтрэн орох эрх олгогдоогүй гэж үзнэ. 

Иймд шүүгдэгчийг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу Дархан-Уул аймгаас Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирж, буцах зардал гэж шүүгдэгчээс 120.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд дээрх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүхээс шүүгдэгчийг “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  5. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэх 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Х.Б д урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР