| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00016/Э |
| Дугаар | 20 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Дугаржавын Д.С т холбогдох эрүүгийн 2040000000042 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Д.С
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 03 сарын 18-ны орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт Г.Г цохиж улмаар эрүүл мэндэд нь духны үстэй хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн гарын тохойны гадна дунд хэсэг, зүүн гарын 5-р хурууны гадна хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Г.Г 2020 оны 03-р сарын 23-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 03 сарын 18-ны орой 20 цагт ажлаасаа буугаад амарсан. Тэгээд цэргийн баярын өдөр болж байсан учраас М, А, С бид хамт Д.С ын гэрт очсон. Тухайн үед Д.С хамт ажлаасаа буусан. Гэхдээ Д.С ын гэрийн гадаа байдаг кантейнерт нэг шил 0.75 литрийн Едэн гэх архи, нэг том пиво хувааж ууцгаасан. Бид нар архи пивоо ууж дуусаад 21 цагийн орчимд тарах гэж байсан. Би Д.С ын хашааны гадаа байсан машин дээр нь очоод баруун хойд талын дугуй руу шээсэн. Тухайн үед М, А, С, Д.С нар хашааны гадаа, надаас бага зэрэг зайтай тамхилж байсан. Би том ачааны машин барьдаг, машиныхаа дугуй руу шээдэг зуршилтай болохоор Д.С ын машины дугуй руу шээсэн. Намайг шээгээд зогсож байхад Д.С араас ирээд “Чи одоо доромжлоод байгаарай, танай гэрт чинь ороод шээвэл ямар байх вэ, танай гэрт очиж шээнэ гэж хэлэхээр нь би тэгж болохгүй шүү, тэр чинь айлын гэр ш дээ” гэж хэлтэл тэгвэл наадах чинь миний гэр ш дээ гэж хэлээд миний араас толгойны дагз руу цохьсон. Тэгэхээр нь би урагшаа 4-н хөллөөд суусан, гараараа толгойгоо хаагаад “Одоо болио хөгшөөн” гэж хэлсэн, тэгэхэд тамхи татаж байсан С гүйж ирээд салгасан. Д.С ыг надаас холдохоор нь өндийгөөд босоход нүүр халуун оргихоор нь харахад цус гоожиж байсан, цус нь тогтохгүй байсан. Би эхнэр рүүгээ утсаар яриад дуудсан. Тэгээд эхнэр ирээд намайг хараад уурлаад, Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлж, 5 ширхэг оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/
-Гэрч А.М-ын 2020 оны 03-р сарын 24-ний өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 18-ны орой найзуудынхаа эхнэрүүдийн хамт манай гэрт байсан юм. Тухайн өдөр цэргийн баяр болж байсан болохоор нөхрүүддээ хэлэхгүй, нууцаар баярлуулах санаатай, манай гэрт хоол хийгээд хүлээж байсан. Манай нөхөр орой ажлаасаа тараад Д.С ынхаар ороод ирье, нэг ээлжинд гардаг хүмүүстэйгээ явж байна, нэг шил архи уучихаад очъё гэж хэлэхээр нь юм хэлээгүй. Тэгээд бид нарын хийж байсан хоол болчихоод Г дуудах гээд залгатал утсаа авахгүй байсан, нилээн хэдэн удаа залгуулсан. Тэгтэл өөрөө эргүүлээд залгахаар нь утсаа автал “намайг хүрээд ир, зодуулчихлаа” гэж хэлэхээр нь хэнд зодуулсан юм бэ гэж асуухад “Д.С т зодуулчихлаа, эхнэрийг нь аваад хүрээд ир” гэж хэлэхээр нь Д.С ын эхнэр Хишигдүүрэнг аваад Д.С ын гэр рүү явсан. Д.С ын гэрийн гадаа ирээд нөхөртэйгээ уулзахад нүүр нь тэр чигээрэй цус болчихсон байхаар нь эмнэлэг рүү аваад явсан. Намайг очиход хамт архи уусан хүмүүс нь байхгүй, явчихсан байсан. Д.С ын ээж нь гараад ирчихсэн, машины дугуй руу шээсэн гээд намайг загнаад байсан. Д.С ч гэсэн согтуу манай нөхөр рүү дайраад байхаар нь арай гэж салгаад нөхрөө машинд суулгаад эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд Г толгой нь хагарсан байсан, шарханд 5 ширхэг оёдол тавьж өгсөн. Г бид 2-ыг эмнэлэг дээр байхад Д.С ын эхнэр нь яриад цагдаа дээр ирчихсэн байна, машин руу шээсэнд гомдолтой байна, цагдаа дээр ир гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхрийнхөө шарханд оёдол тавиулаад сууж байхад цагдаагаас ирлээ гээд Д.С , эхнэртэйгээ хамт ирээд хэрүүл хийгээд байсан. Мөн Д.С ын ээж нь ирчихсэн намайг загнаад байхаар нь миний уур хүрээд “манай нөхөр зодуулчихаад байхад, ямар нэгэн юм яриагүй байхад өөдөөс загнаад байхаар нь миний уур хүрсэн, тэгээд цагдаад очоод дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/
-Гэрч Ц.Ц-ы 2020 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн: “Манайх Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт хашаанд хүү Д.С ынхтай хамт 2 гэрээрээ байдаг. Манайх Д.С ын хашаанд байдаг бөгөөд 2019 оны зунаас хойш тэр хашаанд байгаа юм. 2020 оны 03 сарын 18-ны өглөө манай хүү ажилдаа гараад орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа бууж ирэхийг нь мэдсэн. Гэхдээ ажлынхаа хүмүүстэй хамт ирснийг мэдээгүй. Би гэртээ байж байгаад гадагшаа гарсан чинь хашааны гадаа Д.С , Г 2 хоорондоо муудсан байсан. Манай хүү Г цохьчихсон байсан. Тэгэхээр нь юу болсон бэ гээд асуухад Г нь манай хүү Д.С ын машины дугуй руу шээсэн гэж байсан, энэнээс болж хоорондоо муудсан” гэж байсан. Тэгээд Г эмнэлэг рүү яваад, би хүүтэйгээ хамт цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/
-Гэрч Н.Х-ын 2020 оны 03-р сарын 27-ны өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 18-ны өдөр болдог цэргийн баяраар нөхрөө баярлуулах гээд найз М хамт тэдний гэрт хоол унд хийж байсан. Манай нөхөр, Г 2 найзууд, бид нар гэр бүлийн найзууд болохоор М бид 2 нөхрүүдээ баяруулах санаатай байсан. Г, Д.С 2 өглөө ажилдаа гараад орой ажлаасаа бууж байсан юм. М бид 2 дэлгүүрээс хүнсний зүйл бэлдээд, хоолоо хийж дуусаад орой 21 цаг өнгөрч байхад хоол болохоор нь Г, Д.С 2-ыг авах гээд Д.С ын гэрт М хамт очсон чинь Д.С , Г 2 хоорондоо муудаад Г зодсон байхаар нь би “Юу болсон юм бэ” гэж асуухад Д.С Г миний машины дугуй руу шээхээр нь уурлаад цохьсон юм” гэж хэлсэн. Тухайн үед Г, Д.С 2-оос өөр хүн байгаагүй, хамт байсан хүмүүс нь явсан гэж байсан. Г духны орчмоос цус гарч байсан. Тэгээд М Г эмнэлэг рүү аваад явсан. Харин Д.С , хадам ээж бид 3 араас нь эмнэлэг дээр очоод, цагдаа руу хамт явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
-Гэрч Э.С ын 2020 оны 03-р сарын 28-ны өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 18-ны орой 20 цаг гээд ажлаасаа буугаад нэг ээлжинд хамт гардаг Д.С , Г, А, М нарын хамт Д.С ын гэр рүү явахаар болсон. 2020 оны 03 сарын 18-ны өдөр буюу цэргийн баярын өдөр болж байгаа учраас бид нар ганц шил архи уугаад таръя гэж яриад Д.С ын хашааны гадна талын дугуй засварт орж сууцгаасан. Тэнд бид нар нэг шил 0.75 литрийн Едэн, 2.5 литрийн пиво хувааж уугаад гарцгаасан. Бид нарыг архи ууж байсан газраасаа гараад иртэл хашааны гадаа байсан Д.С ын машины хойд талын дугуй руу Г шээгээд зогсож байсан. Тэгэхэд Д.С очоод Г “Машины дугуй руу шээлээ” гэж хэрэлдэж маргалдсан. Тэгснээ гэнэт хоорондоо барьцалдаад авсан. Тэгэхээр нь би гүйж очоод голоор нь орж салгасан. Тэр 2-ыг салгахад Г нүүр нь цус болсон байсан. Төд удалгүй Г эхнэр, Д.С ын эхнэр 2 хамт ирэхээр нь М, Амартүвшин бид 3 тэндээс яваад өгсөн. Тэд нар хоорондоо уулзаад үлдсэн. Тэр орой дахиж Г, Д.С 2-той уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/
-Гэрч Г.Амартүвшингийн 2020 оны 03-р сарын 29-ний өдөр өгсөн: “Би Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн авто тээврийн цехийн жолооч хийдэг бөгөөд 2020 оны 03 сарын 18-ны өглөө ажилдаа гараад орой 20 цаг гээд ажлаасаа буусан. Хамт нэг ээлжинд гардаг Д.С , Г, С , М нарын хамт Д.С ын гэр рүү явж цэргийн баярын өдөр болж байгаа учраас ганц шил архи уухаар болсон. Бид нар Д.С ын хашааны гадаа байдаг дугуй засварын кантейнерт нэг шил 0.75 литрийн Едэн гэх архи, 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Архи пивоо ууж дуусаад харихаар болж гарцгаасан, тэгэхэд Г түрүүлээд ганцаараа гарсан. Г гарсаны дараа араас нь гарсан чинь Г, Д.С 2 хоорондоо муудаад Г Д.С цохьсон байсан. Г толгойноос цус гарч байсан. Тэгэхээр нь юу болсон гэж асуухад Г нь Д.С ын машины дугуй шээсэн гэж байсан. Төд удалгүй Г эхнэр, Д.С ын эхнэр 2 хамт ирэхээр нь М, С бид 3 тэндээс яваад өгсөн. Тэд нар хоорондоо уулзаад үлдсэн. Тэр орой дахиж Г, Д.С 2-той уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 34/
-Гэрч Л.Мөнх-Эрдэнийн 2020 оны 03-р сарын 29-ний өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 18-ны орой 20 цаг гээд ажлаасаа буугаад хамт нэг ээлжинд гардаг Д.С , Г, С , Амартүвшин нарын хамт Д.С ын гэр рүү очиж цэргийн баярын өдөр тэмдэглэж ганц шил архи уухаар болсон. Бид нар Д.С ын хашааны гадаа байдаг дугуй засварын кантейнерт нэг шил 0.75 литрийн Едэн гэх архи, 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Архи пивоо ууж дуусаад тарж харихаар болж кантейнераас гарцгаасан, тэгэхэд Г түрүүлээд ганцаараа гарсан. Араас нь дагаад гарсан чинь Г, Д.С ын машины дугуй руу шээж байсан. Тэгэхэд Д.С уурлаад Г муудаж байсан. Д.С , Г 2-ыг хоорондоо муудахад С очоод салгасан. Г толгойноос цус гарч гоожсон байсан. Тэрнээс хойш удаагүй байхад Г эхнэр, Д.С ын эхнэр 2 хамт ирэхээр нь А, С бид 3 тэндээс явсан. Тэр орой дахиж Г, Д.С 2-той уулзаагүй, тэд нар хашааны гадаа үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 23-ны өдрийн №28 тоот:
1.Г.Г биед духны үстэй хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн гарын тохойны гадна дунд хэсэг, зүүн гарын 5-р хурууны гадна хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 11-12/,
-Яллагдагч Д.С ын 2020 оны 03-р сарын 26-ны өдөр өгсөн: “2020 оны 03 сарын 18-ны орой ажлаасаа тараад хамт нэг ээлжинд гардаг М, А, Г, С нарын хамт гэртээ ирсэн. Тухайн өдөр цэргийн баярын өдөр болж байсан учраас ажлынхаа хамт олонд нэг шил архи, нэг том пивотой авч өгсөн юм. Бид нар манай хашааны гадаа ирж зогсоод хашааны гадаа байдаг дугуй засварын кантейнерт орж архи, пивоо хувааж уусан. Бид нар архи, пивоо ууж дуусаад тарцгаах болсон. Тэгээд архи ууж байсан кантейнераас манай ажлынхан гараад явсан, би араас нь хогоо хаяж цэвэрлэх гээд уусан архины шил, пивоны саваа аваад сүүлд нь гараад хогийн поошгинд хийх гээд гарсан чинь Г миний машины буруу талын хойд талын дугуй руу шээгээд зогсож байсан. Тэгэхээр нь барьж байгаа хогоо кантейнерийн үүдэнд газар тавиад Г рүү очоод “Чи яаж байгаа юм бэ хөгшөөн гэж асуухад өөдөөс шээж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би дахиад “Чиний машин руу эсхүл гэр рүү чинь шээвэл чи уурлах уу” гэж асуухад Г мэдээж би уурлана гэж хэлээд, тэгээд чи яах юм гээд над руу харахаар нь “Тэгвэл миний ч гэсэн уур хүрч байна” гээд Г толгой руу нь ганц удаа цохьсон. Тэгээд Г бид 2 барилцаад авсан, тэгэхэд С гүйж ирээд салгасан. Дахиж Г бид 2 хоорондоо зууралдаж, зодолдоогүй. Тэгээд удаагүй байтал манай эхнэр, Г эхнэр 2 хамт ирсэн. Тэгэхэд манай ажлын М, А, С 3 яваад өгсөн. Хашааны гадаа Г бид 2 хоорондоо маргалдаж байгаад Г эмнэлэг рүү, би цагдаа руу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/
-Хохирогч Г.Г-ийн: “Миний бие ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 17/
-Шүүгдэгч Д.С ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Г цохьсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Шүүгдэгч Д.С нь 2020 оны 03 сарын 18-ны орой 21 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Хангайн 5-502 тоот хашааны гадна Г.Г цохиж улмаар эрүүл мэндэд нь духны үстэй хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэг, зүүн гарын тохойны гадна дунд хэсэг, зүүн гарын 5-р хурууны гадна хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Г, гэрч А.М, Ц.Ц, Н.Х, Э.С , Г.А, Л.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 23-ны өдрийн №28 тоот шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Г.Г бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 23-ны өдрийн №28 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Г биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын
хяналтын прокуророос шүүгдэгч Д.С т холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Д.С , хохирогч Г.Г нарын хууль бус, зүй бус үйлдэл, архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.С т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Г биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.
Хохирогч Г.Г нь “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Д.С нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Д.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.С нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Д.С ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Г, гэрч А.М , Ц.Ц, Н.Х, Э.С , Г.А, Л.М нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С ын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл,
36.1 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10,
36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Д.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ