| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00712/и |
| Дугаар | 727 |
| Огноо | 2016-11-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 727
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОС66101007 регистрийн дугаартай, Бух овогтой Ванягийн Жавхлангийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасагт 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн оёдолчноор орсон. Учир нь би 7 дугаар ангиа төгсөөд шууд ажил хөдөлмөр эрхлэх шаардлага байсан тул тэр оны зун 7 дугаар сарын сүүл, наадмын дараа ажилд орж байсан юм. Ингээд би 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байгаад хувийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэртээ бичилт хийлгэхээр уг Ахуй үйлчилгээний удирдах ажилчинд өгсөн боловч 1989 оны 5 дугаар сард гал түймрийн аюулаас болоод олон хүнд хохирол учирсан. Иймд Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн бичиг баримт болон Цагаанхайрхан сумын Ахуй үйлчилгээний төвийн бичиг баримт олдохгүй байгаа тул 1981 оны 1 дүгээр сараас 1986 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасагт, мөн 1987 оны 1 дүгээр сараас 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Цагаанхайрхан сумын Ахуй үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Жавхлан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 36 тоот Ажилчин ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Оёдолчин Х.Байгалмаа, В.Жавхлан нарын хүсэлтийг хүлээн аваад тушаах нь: 1. Өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан оёдолчин Халзан овогтой Байгалмааг 4 сарын 2-ноор, оёдолчин Ваня овогтой Жавхланг 4 сарын 5-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. ... Дарга С.Буянжаргал гэжээ,
- Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 124 тоот лавлагаанд: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Ваня овогтой Жавхлангийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна гэжээ,
- Гэрч Т.Дулмаагийн шүүхэд өгсөн: В.Жавхлан нь намайг Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасагт эрхлэгчээр ажиллаж байхад 1981 оны 1 дүгээр сард 8-р ангиа төгсөн, илгээлтээр оёдолчин болж ирж байсан. Би 1969 оноос эхлэн 1990 оныг дуусталхугацаанд тус тасаг болон Цагаанхайрхан сумын Ахуй үйлчилгээний төвд эрхлэгчээр ажиллаж байсан учраас ажилчдаа сайн мэднэ. Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасаг нь 1987 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төв болж өргөжиж, үйл ажиллагаа явуулж байсан. В.Жавхлан нь мөн 1990 оныг дуустал оёдолчноор ажилласан.В.Жавхлангийн ээж нь Бичээ гэх хүн манай байгууллагад галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч П.Дуламжавын шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасагт 1979 оны 10 дугаар сараас 1990 оны 5 дугаар сар хүртэл ажилласан. В.Жавхлан нь 1981 оны 1 дүгээр сараас эхлэн 1990 оны 5 дугаар сар хүртэл хугацаанд оёдолчноор ажилласан. В.Жавхлан бид хоёр нэг байгууллагад хамт оёдолчноор ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. В.Жавхлан нь одоо ч Цагаанхайрхан сумандаа хувиараа дээл, гутал гэх мэтийн оёдлын ажил хийдэг. В.Жавхлангийн ээж нь Бичээ гэх хүн манай байгууллагад галч, цэвэрлэгчээр ажиллаж байсан. Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасаг нь 1987 онд өргөжиж, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төв болон өөрчлөгдөж байсан. Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасгийн эрхлэгчээр Т.Дулмаа, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргаар С.Буянжаргал гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Г.Дулмаагийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч П.Дуламжавын ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 266 тоот шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Хэдийгээр хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн лавлагаагаар Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасаг болон Цагаанхайрхан сумын Ахуй үйлчилгээний төвийн баримт бичгүүд шилжиж ирээгүй, нэхэмжлэгч В.Жавхлангийн тухайн байгууллагуудад ажиллаж байсныг нотлох баримтууд байхгүй гэх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 36 тоот Ажилчин ажлаас чөлөөлөх тухай тушаал, гэрч Г.Дулмаа, П.Дуламжав нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, мөн гэрч П.Дуламжавын ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 266 тоот шийдвэр зэргээс үзэхэд нэхэмжлэгч В.Жавхлангийн Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасаг болон Цагаанхайрхан сумын Ахуй үйлчилгээний төвд 1981-1990 оны хооронд оёдолчноор ажиллаж байсан байдал нь нотлогдож байгаагаас гадна Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасаг нь 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төв болсон нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч нь 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвийн даргын 1990 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 36 тоот Ажилчин ажлаас чөлөөлөх тухай тушаалаар түүнийг 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлсөн байх тул шүүх тухайн нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч В.Жавхлангийн 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасагт, 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар В.Жавхлангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бух овогтой Ванягийн Жавхлангийн 1981 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Ахуй үйлчилгээний төвийн харьяа Цагаанхайрхан сум дахь Оёдлын тасагт, 1987 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төвд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч В.Жавхлангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА