| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00729/и |
| Дугаар | 728 |
| Огноо | 2016-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 728
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, Дунд хороололд оршин суух, 1958 онд төрсөн, эмэгтэй, ОП56071905 регистрийн дугаартай, Цөгрөг зуутраг овогтой Чийгтэйгийн Цэрэнхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Лхамсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 онд төрсөн, 60 настай, 4-н хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1972 оноос Ховд сумын Хөгжил нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. 2008 онд Нийгмийн даатгалын хуулиар өндөр насны тэтгэвэрээ тогтоолгон авч байтал 2016 онд Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн шалгалтаар Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажилласан хөдөлмөрийн дэвтрүүдийн бичилт зөрчилтэй, тамга тэмдэггүй байна гэж үзэн тэтгэвэр зогсоолоо. Иймд миний Ховд сумын Хөгжил нэгдэлд 1972 оны 8 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд малчнаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Цэрэнхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Чийгтэйн Цэрэнхүүгийн 1982 оны 4 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн малчнаар ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- 1977 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Ховд сумын Хөгжил нэгдлийн дарга Даваагаас олгосон 667307 тоот хөдөлмөрийн дэвтэрт 1972 оны 1 дүгээр сараас 1980 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг, Нэгдлийн дарга Жаваагаас олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг, 1991 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр нэгдлийн дарга Батхүүгээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тус тус түүвэрлэн бичсэн,
- Гэрч М.Даваажавын: Би Увс аймгийн Ховд сумын эвлэлийн хорооны даргаар 1975 оноос 1982 он хүртэл, 1982 оноос 2000 он хүртэл Ховд сумын орлогч даргаар, 2000 оноос 2005 он хүртэл Засаг даргаар тус тус ажиллаж байсан. Ч.Цэрэнхүү нь 1972 оноос 1992 оныг дуустал Ховд сумын Халиунбулаг бригадад малчнаар ажиллаж байсан. Ч.Цэрэнхүү нь аав, ээжийн хамтаар 1970 оноос малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1972 оноос эхлэн хөдөлмөрийн дэвтэр авч, цалингаа авч байсан юмаа. Ч.Цэрэнхүү нь одоо ч Ховд сумандаа мал маллан амьдарч байгаа. Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Б.Жамсран, Г.Хөхөө, Г.Батхүү, орлогч даргаар Ц.Хүүхээ гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Т.Сайндаагийн: Ч.Цэрэнхүү нь Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Халиунбулаг бригадад малчнаар 1982 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Ч.Цэрэнхүү нь 4-р ангиасаа хойш одоог хүртэл Ховд сумын Халиунбулаг багт мал маллаж байгаа. Би Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг бригадад 1968 оноос 1972 он хүртэл мал маллаж байгаад 1972 оноос 1975 он хүртэл цэргийн алба хаасан, 1975 оноос 1980 он хүртэл бригадын даргаар, 1980 оноос 1987 онд хүртэл нэгдлийн аж ахуйн нярав, 1987 оноос Халиунбулаг бригадад хэсгийн даргаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Иймд тухайн бригадын малчдыг сайн мэднэ. Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Б.Жамсран, Г.Хөхөө, Г.Батхүү, орлогч даргаар Ц.Хүүхээ гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрчүүдийн иргэний үнэмлэхний болон гэрч Т.Сайндаагийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот шийдвэрийн хуулбар, гэрч М.Даваажавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгчийн 3 ширхэг хөдөлмөрийн дэвтэрт 1972 оноос 1992 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллах үедээ авч байсан цалинг бичсэн, тухайн баримтад зарим хэсэгт нь тэмдэг дарагдсан, зарим хэсэгт дарагдаагүй зөрчил тогтоогдож байгаа ч Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, мөн гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Ч.Цэрэнхүүгийн 1972 оны 1 дүгээр сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал нь тогтоогдож байх тул тухайн хөдөлмөрийн дэвтрүүдийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 1972 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тус тус үндэслэн Ч.Цэрэнхүүгийн 1972 оны 8 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ч.Цэрэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цөгрөг зуутраг овогтой Чийгтэйгийн Цэрэнхүүгийн 1972 оны 8 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар нийт 20 /хорь/ жил 1 /нэг/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Цэрэнхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА