| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00019/Э |
| Дугаар | 22 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогч Х.Б
Шүүгдэгч Ч.Э нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Э-д холбогдох эрүүгийн 2040000230022 дугаартай хэргийг 2020 оны 03 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. Ч.Э
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 сарын 25-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” баарны гадна Х.Б зодож, улмаар эрүүл мэндэд нь цээжний баруун талын IV, V, VI-р хавирга ясны далд хугарал, дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн булгаралт, дээд, доод уруулын дотор салст болон буйлны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:
-Хохирогч Х.Б ийн 2020 оны 01 сарын 28-ны өдөр өгсөн: “Би 2020 оны 01 сарын 25-ны орой 22 цаг өнгөрч байх үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа Тээг” гэх караоке баарны үүдэнд Бор-Өндөр сумын харьяат Ч.Э гэдэг залууд зодуулж дээд 2 шүдээ хугалуулж баруун талын 2 ширхэг хавиргаа цуулуулж миний бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан. Тухайн үед би Гуа тээг баарны зааланд ганцаараа сууж байхад Ч.Э гаднаас нэг залуугийн хамтаар нилээн халамцуу орж ирсэн. Би Ч.Э таньдаг нэг байгууллагад ажилладаг болохоор сайхан сэтгэлийн үүднээс Ч.Э болон хамт явж байсан залууд нь пиво авч өгч хамт сууцгаасан. Тэгсэн Ч.Э нь удалгүй ямар нэгэн шалтгаангүй миний толгойн ар дагз хэсэг рүү алгадаж намайг өдөөд байсан. Би ч Ч.Э муудалцая гэж бодоогүй. Ингэж сууж байгаад бид 2 тамхи татахаар гарахад Ч.Э нь гадаа гарсаныхаа дараа над руу дайрч миний энгэр заамнаас зуурсан, би ч мөн өмнөөс нь зуурсан. Гэхдээ бид 2-ын дунд хэн хэнийгээ цохьсон асуудал байхгүй. Тэгж байгаад л салсан. Ингээд буцаж баар руу орж явахад Ч.Э нь намайг гэнэт л нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Тэгсэн би ухаан алдаад унасан байсан. Нэг сэрэхэд манай эхнэр болон найз нь ирчихсэн зогсож байсан. Тухайн үед ийм л зүйл болж өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6-р хуудас/
-Гэрч Х.Б ийн 2020 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн: ”Би 2020 оны 01 сарын 25-ны өдөр оройн 20 цаг өнгөрч байх үед “Гуа Тээг” гэх бааранд орсон юм. ...гаднаас Ч.Э гэх залуу нэг танихгүй залуугийн хамтаар нилээн халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд Ч.Э нь миний сууж байсан ширээн дээр ирээд хамт суусан. Тэгэхээр нь би Ч.Э болон хамт явж байсан хүнд 2-3 ширхэг шилтэй пиво авч өгсөн. Ингээд юм ярьж сууж байтал Ч.Э миний толгойн дагз хэсэгт гараараа алгадаад байсан. Тэгэхээр нь би боль гэхэд болихгүй надтай муудалцах гээд байгаа бололтой өдөөд байсан. Ингээд хэсэг хугацааны дараа гадаа тамхилахаар бид 2 хамт гарсан. Тэгсэн Ч.Э гадаа гарчихаад надтай муудалцаж улмаар бид 2 барилцаж авсан. Ингээд би Энхцогтод хандаж “За хөгшөөн 2-уулаа муудалцаад яахав ээ, больцгооё, орж сууя гэж хэлэхэд Ч.Э нь надтай зууралдахаа больж түрүүлж Гуа тээг баар руу орсон. Харин би хойноос ороход Ч.Э нь намайг хаалгаар орж байхад цамцны энгэрээс зуурч татаад миний нүүрэн тус газар 1 удаа гараараа цохьсон. Тэгсэн нүдэнд оч манарч би ухаан алдаж унасан байсан. Нэг сэрэхэд манай эхнэр дэргэд ирчихсэн, миний хамар амнаас цус гарчихсан, үүдэн дээд шүднээс 1 ширхэг шүд уначихсан, мөн 2-3 шүд хөдөлгөөнд орчихсон байсан. ...эмнэлгийн байгууллагад очиж үзүүлэхэд миний дээд үүдэн шүднээс хөдөлгөөн орсон байсан 1 шүд нь уначихсан. Ингээд би эмчид үзүүлж 2 цаг орчим хэвтэн эмчлүүлээд гэртээ харьсан. Тухайн үед миний баруун талын хавирга хэсгээр хөндүүрлээд амьсгалахад зовиуртай байсан учир би Говьсүмбэр аймаг руу явж зураг даруулахад миний баруун хавирга цууралттай байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/
-Гэрч Э.О-ийн 2020 оны 01 сарын 27-ны өдөр өгсөн: ”Би 2020 оны 01 сарын 25-ны өдөр 2 найзтайгаа “Гуа Тээг” баараны караокед суусан. Ингээд намайг караокены өрөөнд сууж байхад Гуа Тээг баарны эзэн эгч орж ирээд “Нөхөр чинь үүдэнд хүнд зодуулсан байна” гэхээр нь би гараад очиход Б Гуа Тээг баарны үүдэнд 4 хөллөж доош харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь очиж босгоход Б хамар амнаас нь цус гарсан, үүдэн дээд шүд нь хугарч унасан байдалтай байсан. Намайг Б дээр ирэхэд дэргэд нь Ч.Э нилээн согтуу байдалтай зогсож байсан. Б юу болсон талаар асуухад “Ч.Э намайг зодсон” гэж байсан. Тухайн үед манай 2 найз Б зодуулсан байхыг харсан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/
-Гэрч Т.М-ын 2020 оны 01 сарын 28-ны өдөр өгсөн: ”Би 2020 оны 01 сарын 25-ны өдөр найз О, М нарын хамтаар “Гуа тээг” караоке бааранд орсон. Бид 3 дуулж ганц 2 пиво уугаад байж байхад О нөхөр Б нь ирж бидэнд зөөгчөөр нь пиво оруулж өгөөд өөрөө зааланд ганцаараа суусан. Ингээд бидний сууж байхад баарны эзэн эгч орж ирээд О хандаж гадаа хүн нөхрийг чинь зодоод байна, гарч салгаарай” гэхээр нь би О хамтаар гарахад Гуа Тээг баарны үүдэнд Б 4 хөлөлчихсөн, доошоо харсан байдалтай ойр орчимд цус нөж болчихсон байсан. Мөн түүний дэргэд Ч.Э нилээн согтуу байдалтай зогсож байсан. Тухайн үед “Ч.Э дагуулж авч гараад камергүй газар авчраад зодчихлоо” гэж байсан. Тэрнээс Ч.Э Б 2-ыг юунаас болж хоорондоо муудалцаж зодолдох болсон эсэхийг мэдэхгүй, зодолдож байгаа нь ч хараагүй, харин зодуулсаных нь дараа нь гарч ирж мэдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/
-Гэрч А.О-ийн 2020 оны 03 сарын 09-ний өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Гуа Тээг” караоке баарыг ажиллуулдаг юм. 2020 оны 01 сарын 25-ны өдөр ажлаа 19 цаг өнгөрөөж нээхэд 3 эмэгтэй орж ирж манай караокены 03 тоот өрөөнд орж суусан юм. Энэ 3 эмэгтэйгийн дараагаар удалгүй нэг залуу ганцаараа орж ирсэн. Ингээд эхнэртээ пиво захиалчихаад өөртөө бас пиво захиалж ганцаар суусан юм. Тэгсэн гаднаас 2 залуу орж ирээд тэр залуугийн сууж байсан ширээн дээр очиж суусан. Тэд бие биенээ таньдаг бололтой анх орж ирсэн залуу сүүлд орж ирсэн 2 залууд пиво захиалж өгч байсан. Тэгсэн сүүлд орж ирсэн 2 залуугийн 1 нь эргээд гараад явсан. Ингээд үлдсэн 2 залуу пиво ууж юм ярьж сууж байгаад хамт гадагшаа гарсан. Би тухайн үед тэр 2-ыг тамхи татах гэж байна л гэж бодсон. Ингээд энэ 2-ыг гараад явсаны дараагаар би караоке баарныхаа камерыг харахад сууж байтал нөгөө 2 залуу буцаж орж ирж байгаа харагдсан. Гэхдээ анх орж ирсэн залууг сүүлд орж ирсэн залуу татаж чангаасан байдалтай орж байсан. Ингээд би заал руу орж ирэхийг нь хүлээхэд орж ирэхгүй болохоор нь яасан юм бол гэж бодоод үүдний хэсэгт очиход нөгөө 2 залуу зууралдсан байдалтай, анх орж ирсэн залуугийн хамар амнаас цус гарсан байдалтай, шалаар цус үсэрсэн газар унасан, харин нөгөөх нь дээрээс нь зуурсан байдалтай байсан. Тэгэхээр нь би эргэж ороод нөгөө залуугийн эхнэрийг дуудсан. Ингээд эхнэртэй нь хамт гарч ирэхэд нөгөө 2 зууралдсан чигтээ л байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
-Гэрч З.Ө-ийн 2020 оны 03 сарын 18-ны өдөр өгсөн: ”Би 2020 оны 01 сарын 25-ны өдөр Бор-Өндөр сумаас хойш байх Чойрын богд гэх нэртэй газарт очиж архи уусан. Би хэдэн шил архи уусанаа санахгүй байна. Ингээд бид 20 цагийн үед Чойрын богд гэх газраас Бор-Өндөр сумын төв дотор орж ирээд салцгаасан юм. Харин би Ч.Э Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гуа Тээг гэх нэртэй караоке бааранд орж юм ярьж суухаар болоод хамт орсон. Бид 2-ыг бааранд ороход баарны зааланд 1 залуу сууж байсан. Тэр залууг Ч.Э таньдаг бололтой мэнд мэдээд ширээнд суусан. Тэгсэн тэр залуу бид 2-т пиво авч өгсөн. Ингээд пивоо уугаад юм яриад сууж байтал Ч.Э нөгөө залуутай хамт баарнаас гарсан. Харин би гараагүй юм. Ингээд тэр 2 гарчихаад орж ирэхгүй байхаар нь баарнаас гарах гэтэл баарны эзэн эгч ирээд “Танай найз чинь хүнтэй маргалдаж муудалцаад байна, чи гарч яах гээд байгаа юм, наанаа сууж бай” гэхээр нь “Яасан юу болоод хүнтэй муудалцсан юм” гээд гарах гэтэл гаргаагүй юм. Ингээд би ороод ирэх болов уу гээд хүлээгээд сууж байтал орж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 28-ны өдрийн №09 тоот:
1.Х.Б ийн биед цээжний баруун талын IV, V, VI-р хавирга ясны далд хугарал, дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн булгаралт, дээд, доод уруулын дотор салст болон буйлны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх цээжний баруун талын IV, V, VI-р хавирга ясны далд хугарал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн булгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид дээд үүдэн зүүн 1, 2-р шүдний булгаралт бүхий гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна. Бусад гэмтлүүд нь нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/,
-Яллагдагч Ч.Э-ын 2020 оны 03 сарын 04-ний өдөр өгсөн: “Би 2020 оны 01 сарын 25-ны өдөр найз Ө уулзаж дэлгүүрээс 0.75 литрийн “Эдин” гэх нэртэй архи авч манай гэрт орж юм ярингаа хувааж уусан. Ингээд бид 2 уг архийг ууж дуусаад караоке орохоор эхлээд “Friends” гэх нэртэй баар руу ороход хүнгүй байсан тул Гуа Тээг гэх караоке баар руу орсон. Би тухайн үед 2-уулахнаа 0.75 литрийн архи хувааж уусан байсан болохоор нилээн согтсон байсан. Ингээд Гуа Тээг бааранд ороход нийтийн зааланд нь миний танил Х.Б сууж байсан. Ингээд Б-той уулзаад хамт нэг ширээнд суухад Б надад болон хамт явж байсан Ө бид 2-т пиво авч өгсөн. Ингээд уг пивийг уугаад би нилээн согтсон. Ингээд би юм ярьж сууж байхдаа Х.Б ийн шилэн хүзүүн дээр гараа тавихад Х.Б уурлаад байсан. Ингээд л үүнээс болж бид 2 муудалцаж эхэлсэн. Ингээд бид 2 дотор муудалцаад яахав гадаа гаръя, тамхи татая гээд Х.Б бид 2 гарсан юм. Харин Ө бид 2-той хамт гараагүй, дотор дуулаад үлдсэн. Ингээд Х.Б бид 2 гадаа гараад маргалдаж байгаад учраа олоод зодолдож муудалцахгүйгээр салаад буцаж караоке баар руу орох гээд явж байтал Х.Б нь “Чи намайг амжихгүй шүү” гэх мэтээр үг хаяад байхаар нь миний уур хүрээд Х.Б ийн нүүрэн тус газар нэг л удаа цохиход Б газар унасан. Тэгэхээр нь би Б цээжин хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн Б атиралдаад босохгүй болохоор босгох гэж зууралдаж байхад баарны эзэн нь гарч ирж намайг салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2, 33-р хуудас/
-Хохирогч Х.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримт болох Индранил дентал групп ХХК-ийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн №0109 тоот албан бичиг, Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 496 дугаартай цалингийн тодорхойлолт, шүд авахуулсан баримт 1 хуудас, замын зардал, эмчилгээний зардлын 8 хуудас баримт,
-Хохирогч Х.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Ч.Э-д цохиулсандаа гомдолтой байна. Тухайн үед 2 шүд унасан. Одоо шүдээ хийлгээгүй байгаа. Эмчилгээний зардал болох шүд хийлгэх 4 сая төгрөг, Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлсэн замын зардал, эм тарианы зардал 243.000 төгрөг, ажилгүй байсан нэг сарын хугацааны цалин 1.400.000 төгрөг нийт 5.643.000 төгрөгийг Ч.Э-оос гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч Ч.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2020 оны 01-р сарын 25-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гуа Тээг баарны үүдэн Х.Б зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үнэн. Миний бие шүд хийлгэх зардлыг өгнө. Одоогоор шүд хийлгээд зардлын баримтыг ирүүлээгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч Ч.Э нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Х.Б , гэрч Э.О Т.М, А.О, З.Ө нарын мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 28-ны өдрийн №09 тоот шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Ч.Э нь 2020 оны 01 сарын 25-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” баарны гадна хохирогч Х.Б зодож, улмаар эрүүл мэндэд нь цээжний баруун талын IV, V, VI-р хавирга ясны далд хугарал, дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн булгаралт, дээд, доод уруулын дотор салст болон буйлны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 сарын 28-ны өдрийн №09 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Х.Б ийн биед цээжний баруун талын IV, V, VI-р хавирга ясны далд хугарал, дээд үүдэн зүүн 1, 2-р шүднүүдийн булгаралт, дээд, доод уруулын дотор салст болон буйлны хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны зүүн хэсэг болон хамрын нуруу хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ч.Э холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгчийн хууль бус, зүй бус үйлдэл, шүүгдэгч, хохирогч нарын архидан согтуурсан, хувийн таарамжгүй харилцаа нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Э хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогчийн бие эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Б нь “шүд хийлгэх зардал 4 сая төгрөг, Улаанбаатар хот явсан замын зардал, эм тарианы зардал 243.000 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 1.400.000 төгрөгийг нийт 5.643.000 төгрөгийг Ч.Э гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна.
Үүнээс хохирогч Х.Б ийн Улаанбаатар хот явж эмнэлэгт үзүүлсэн замын зардлаас нотлох баримтын шаардлага хангасан шатахууны 43.000, 40.100, 16.000, 30.000, 20.500, 20.100 төгрөгийг, эм тарианы 14045, 5200 төгрөгийг нийт 188.945 төгрөгийг шүүгдэгч Ч.Э гаргуулж хохирогч Х.Б ид олгох нь зүйтэй байна.
Хохирогч Х.Б ийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлын баримт болох “Индранил дентал групп ХХК-ийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн №0109 тоот албан бичиг”-ээр шүдний эмчилгээнд 4 сая төгрөг төлөх шаардлагатай гэдэг нь нотлогдохгүй, Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн 2020 оны 01 сарын 08-ны өдрийн 496 дугаартай цалингийн тодорхойлолтоор өвчтэй байх хугацааны цалин 1.400.000 төгрөг авах боломжтой байсан гэдэг нь нотлогдохгүй байна. Харин замын зардал, эмчилгээний зардлын 8 хуудас баримтаар 188945 төгрөгийг гаргуулах боломжтой байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Хохирогч нь хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас хэдэн төгрөг дутуу авсан болох нь тодорхойгүй, нийгмийн даатгалын байгууллагаас хэдэн төгрөг авсан талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй байна.
Иймд нотлох баримтын шаардлага хангаагүй шүдний эмчилгээний 4 сая төгрөг, ажилгүй байсан хугацааны нэг сарын цалин 1.400.000 төгрөг, Улаанбаатар явсан замын зардлын 54055 /243.000-188.945=54055/ төгрөг нийт 5.454.055 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Б нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Ч.Э нэхэмжлэх эрхтэй болохыг зааж өгөх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Ч.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Ч.Э Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Э эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тусзаасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Ч.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э оногдуулсан торгох ялыг 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ч.Э нь урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э 188.945 /нэг зуун наян найман мянга есэн зуун дөчин таван/ төгрөгийг гаргуулж хохирогч Х.Б-д олгож, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Ч.Э Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ