| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00711/и |
| Дугаар | 729 |
| Огноо | 2016-01-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 729
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр баг, 7-11 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, ОЮ65041069 регистрийн дугаартай, Харагчууд овогтой Цэдэвийн Цээнээгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цээнээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цээнээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1965 онд төрсөн. 1980 оны 10 дугаар сараас 1983 оны 8 дугаар сарын хооронд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт шил угаагчаар ажиллаж байсан үеийн ажилд орсон, гарсан тушаал, цалингийн тодорхойлолт зэрэг баримт олдохгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Одоо хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэрт гарах болзол хагасан учраас тухайн ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цээнээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 294 тоот лавлагаанд: Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1980-1983 оны тушаалыг шүүн үзэхэд Ц.Цээнээгийн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй нь үнэн. Мөн Нэгдсэн эмнэлгийн 1980-1983 оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй тул Ц.Цээнээгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна гэжээ,
- 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Нямаагаас Ц.Цээнээд олгосон 041077 тоот хөдөлмөрийн дэвтэрт: 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт шил угаагчаар ажилд орж, уг ажлаас чөлөөлсөн тухай бичилт хийгдсэн,
- Гэрч Б.Эрдэнээгийн шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Дотрын тасагт 1978 оноос 2012 оныг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Ц.Цээнээ нь 1980 оноос Нэгдсэн эмнэлэгийн Ариутгалын тасагт үйлчлэгч, шил угаагчаар ажилд орж, 1983 оны дундуур сургуульд суралцахаар ажлаас гарч байсан. Би Дотрын тасагт ээлжинд гарахдаа Ариутгалын тасгаас хөвөн, шариг гэх мэтийн хэрэгсэлээ авдаг байсан учраас Ц.Цээнээг мэдэж байна. Сувилагч бид нар ээлжээр, Ариутгалын тасгийн ажилчид өдөр бүр ажилладаг байсан. Тэр үед нэг удаагийн багаж хэрэгсэл гэж байхгүй, багаж хэрэгсэлийг бүгдийг нь гурван дамжилгаар угаан, сорил тавин ариутгадаг байсан учраас маш хариуцлагатай ажил хийдэг байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ц.Гизгээгийн шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Ариутгалын тасагт 1976 оноос 2003 он хүртэл ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг тус эмнэлэгт ажиллаж байхад Ц.Цээнээ нь 1980 оноос эмнэлэгийн Ариутгалын тасагт үйлчлэгч, шил угаагчаар ажилд орж, 1983 оны 8 дугаар хүртэл буюу 3 жил бид хамтдаа ажиллаад сургуульд суралцахаар ажлаас гарч байсан. Би Ариутгалын тасагт ариутгагчаар ажиллаж байсан учраас Ц.Цээнээгийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байна. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дараар тухайн үед Б.Нямаа гэх хүн ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Эрдэнээгийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 227 тоот шийдвэр, мөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ц.Гизгээгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд болно.
Хэдийгээр Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн 1980-1983 оны архивын баримтуудаас Ц.Цээнээтэй холбоотой баримт, материал олдохгүй байгаа боловч хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт нь гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбарт дурдсан мэдээлэлтэй тохирч байх тул тухайн хөдөлмөрийн дэвтрийг шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч Ц.Цээнээгийн 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт шил угаагчаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ц.Цээнээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харагчууд овогтой Цэдэвийн Цээнээгийн 1980 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ариутгалын тасагт шил угаагчаар нийт 2 /хоёр/ жил 10 /арав/ сар 18 /арван найм/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цээнээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА