Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 24

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн 2040000460039 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, төмөр замчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын, замын 3 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 1, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С.Б

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, Дэнж хороололд иргэн А.Г цохиж, улмаар эрүүл мэндэд нь баруун нүдний алимны доргилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны дунд хэсэг болон баруун өвдөгний хэсгүүдийн зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр С.Б нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг, дахь гэрийнхээ үүдэнд хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн А.Г  маргалдан улмаар түүний эрх чөлөөнд халдан биед нь баруун нүдний алимны доргилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо. Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:  

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн өдөр Х, М бид гурав ажлаасаа тараад манай гэрт очиж 2-3 шил архи ууя гэж ярилцсан. Гэрт байж байхад хоёр эмэгтэй гаднаас орж ирээд удалгүй явсан. Тэгтэл гаднаас хоёр залуу нэг эмэгтэй орж ирээд нөгөө хоёр эмэгтэйг асуусан. Тэд анх орж ирэхдээ хаалга үүд хүчтэй балбаж, өшиглөхөөр нь миний  уур хүрсэн. Тэгээд Б нь М маргалдаад чирээд гарахаар нь би дагаад гарсан. Тэр үед Г  гэдэг залуу урдуур дайрч орж ирээд намайг үстээд түлхэхээр нь би босч ирээд 2-3 удаа нүүрэн тус газар нь цохисон” гэв.

Шүүгдэгч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...орой 21 цаг өнгөрч байхад гаднаас Бор-Өндөр сумын харьяат Б Г  нар нь 1 эмэгтэйгийн хамтаар манай гэрт нилээд халамцуу орж ирээд Н Ж нарыг асуусан. Тухайн үед Б Г  нар нь манай гэрт зүгээр орж ирээгүй, гэрийн хаалга, үүдийг хүчтэй балбаж өшиглөөд байхаар нь найз Б хаалга тайлуулахад тэд орж ирсэн юм. Тэгэхээр нь би уурлаж айлд орж ирэхдээ аятайхан орж ирэхэд яадаг юм гэж уурласан. Тэгсэн тэд Н Ж нарыг хайгаад явж байна, энд байна гэсэн гэхээр нь байхгүй, явчихсан гэдгийг хэлэхэд юунаас болсныг мэдэхгүй Б нь М маргалдаж гэрээс зуураад гарсан. Энэ үед би хойноос нь гарч тэр хоёрыг салгах гэхэд Б хамт явж байсан Г  нь миний урдуур орж түлхээд байхаар нь миний уур хүрээд Г ийн нүүрэн тус газар 2-3 удаа гараа зангидаж байгаад цохичихсон юм...” гэх мэдүүлэг /хх-н 30-31 хуу/

Хохирогч А.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр найз Б болон О эгч хоёртой өдөр 17 цагийн үед уулзаж архи ууж байгаад Бор-Өндөр сумын 3 дугаар баг Дэнж хороолол руу таксигаар айл руу явсан. Би хэн гэдэг айлд очих гэж байгааг мэдээгүй. О эгч л дагуулж явсан. Ингээд бид гурав нэг байшинтай айлд ороход дотор нь гурван залуу архи уугаад сууж байсан. Би тухайн үед 3-4 шил архи уусан байсан болохоор нилээд согтсон байсан. Нэг мэдэхэд бид нарын дунд хэрүүл маргаан үүсэж бид хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгсэн тэр айлд байсан дунд зэргийн нуруутай ажлын хувцастай нэг залуу над руу дайрч, миний нүүр ам руу цохиж эхэлсэн. Энэ үед би ухаан алдаж унасан юм шиг байна лээ. Би газар унасан байдалтай сэргэсэн. Намайг сэрэхэд хүмүүс хоорондоо маргалдаж муудалцахаа больсон байсан. ..Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй. Өөрт учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэж, мөнгө төгрөг зарцуулаагүй, иймд надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг цохиж зодсон гэх Б  гэх залуу надаас ирж уучлалт гуйсан. Би Б г уучилсан тул цаашид гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-н 8-9 хуу/

Гэрч С.Мөнх-Эрдэнийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...орж ирсэн хүмүүс хаалга балбаад байхаар нь би гарч онгойлгож өгсөн. Тэд орж ирээд анх орж ирсэн хоёр эмэгтэйг асууж сураглаад байхаар нь орж ирчихээд гараад явсан гэж хэлэхэд тэд итгэхгүй уурлаж байгаад бидний маргаан үүссэн. Тэгсэн нэг залуу нь намайг гэрээс чирээд гарахад миний хойноос Б  гарч ирсэн. Ингээд намайг тэр залуутай зууралдаад зогсож байхад Б  хажуугаар орж ирээд тэр залуутай муудалцаж зодолдсон. Тухайн үед би нилээд согтуу дээр нь гадаа харанхуй байсан болохоор юу болоод байгааг сайн харж чадаагүй. Энэ зодоон нь хоромхон зуур болж өнгөрсөн” гэх мэдүүлэг /хх-н 14 хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай

  1. А.Г ийн биед баруун нүдний алимны доргилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духны дунд хэсэг болон баруун өвдөгний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх баруун нүдний алимны доргилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
  4. Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22-23 хуу/  зэрэг бичгийн нотлох баримт болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийг зодож гэмтэл учруулсан болохоо өөрөө мэдүүлсэн, хохирогч нь зодуулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзэж шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Г ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон ба шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч С.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсэн хэр нь тэрээр хохирогч А.Г ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.

Хохирогч А.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчид гомдол, саналгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэхүү тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогчийн хэн алины эрх зүйн мэдлэг дутмаг, бие биенээ хүндлэх, хүлээцтэй хандах чадвар сул байдлаас үүдэлтэй байна. 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгийн торгох ял оногдуулах” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу хуульд заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх ага хэмжээг тогтоол хүчин төгөлдөр хэвээр үргэлжлүүллээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.4 дүгээр

зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг

тус тус удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

  1. Шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

ДАРГАЛАГЧ                                       Р.БАТБАЯР