| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2020/00021/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-04-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ичинхорол |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Улсын яллагч Б.Ичинхорол
Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М.Ц холбогдох эрүүгийн 1940002210043 дугаартай хэргийг 2020 оны 04 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд 32 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М.Ц
Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 135000 төгрөгний эд хөрөнгө хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч М.Ц нь 2019 оны 12 сарын 10-ны орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг оршин суух Г.Т гэрт орж дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг авч, бага хэмжээний буюу 135000 төгрөгийн хохирол учруулан, хүн байнга амьдрах орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, хөрөнгө хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Г.Т 2019 оны 12 сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Надад гэрчийн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. 2019 оны 12 сарын 10-ны өдөр надтай уулзахаар манай гэрт ирэх ёстой хүн байгаагүй. Манай гэрээр хүн орж гараад байдаггүй. Мөнгөн аягаа олоод авчихвал гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/
-Хохирогч Г.Т 2020 оны 03 сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтад дахин өгсөн: “Би тэр өдөр ажлаасаа буугаад орой 19 цагийн үед гэртээ харьсан. Би гэртээ ороод өдөр тутам хэрэглэдэг дунд гарын мөнгөн аягандаа халуун ус уучихаад ширээн дээр үлдээгээд хажуу хөрш болох өөрийн төрсөн дүү Бямбасүрэнгийн гэрт орж чанасан махнаас жаахан идчихээд гарч гэртээ орох гэтэл манай гэрийн гадна үүдний таампарны хаалга онгорхой мөн тамхины утаа үнэртэж байсан. Тэгэхээр нь гэрт хүн орж ирсэн байна гэж бодоод гэр рүү ороод харахад хүн байгаагүй. Ингээд би гэртээ ороод халуун ус уухаар ус буцалгагчны дэргэд тавьсан мөнгөн аягаа авах гэсэн чинь байхгүй байсан. Тэгэхээр нь би гэрт хүн орж ирээд мөнгөн аягыг маань аваад гарчихлаа гээд цагдаагийн байгууллагад хандсан. Ингээд би цагдаагийн байгууллагад мэдэгдчихээд буцаж гарахад манай хашааны хаалгаар нэг арзгар ултай гуталны мөр бололтой мөр тодоор үүсч манай гэр рүү ороод буцаж гарсан мөр байсан. Тухайн үед гадаа салхигүй цас бударч байсан. Тэгэхээр нь би уг мөрийг арилгачих байх гээд дээр нь цаасан хайрцаг тавьж цагдаагийн байгууллагад энэ талаар хэлсэн. Би Мандахын Цоодол гэдэг залууг мэднэ. М.Ц нь гудамж талбайд таарах үед архи хэрэглэсэн байдалтай явж байдаг. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би алдсан дунд гарын мөнгөн аягаа эргүүлж авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20/
-Гэрч Г.Т 2012 оны 12 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 12 сарын 10-ны өдөр ажил дээрээ байж байгаад 20 цагийн үед гэртээ хариад ус буцалгаж уугаад аягаа ширээнд дээр тавьж орхичихоод манай хашаанд байх дүү Бямбасүрэнгийнд орж хоол идчихээд буцаад гэр рүүгээ орох гээд явж байтал манай гэрийн үүдний хаалга онгорхой байсан. Тухайн үед тоогоогүй ба гэртээ ороод буцалсан ус уух гээд аягаа хартал алга болчихсон гэрээс тамхи үнэртээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би мөнгөн аягаа жилийн өмнө 135.000 төгрөгөөр худалдан авч байсан. Миний аяга дунд гарын орчин үеийн аяга, дотор талдаа цай уусаар байгаад нэлээн харалчихсан мөн дотор талдаа бага зэрэг хонхорхойтой гадна талаараа хээтэй, яг ямар хээ байгааг дүрсэлж чадахгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 22/
-Гэрч Ц.М 2019 оны 12 сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2019 оны 12 сарын 10-ны өдөр 20 цагийн үед нөхөр Бямбасүрэнгийн хамт адууны мах чанаад байж байтал гаднаас Тогооч эгч орж ирээд цай уугаад мах идчихээд ойролцоогоор 10-15 минут болчихоод гарсан. Удалгүй манай гэрт орж ирээд танай гэрт орж ирэхийнхээ өмнө буцалсан ус уугаад ширээн дээр тавьсан мөнгөн аяга алга болчихсон байна. Гэрийн хаалга онгорхой гэр дотор тамхи татсан хүн орж ирсэн юм шиг байна. Гэрээс тамхи үнэртээд байна гэж хэлсэн. Тогооч эгчийг манай гэрт хоол идээд байж байхад манай гэрт гаднаас орж ирсэн хүн байхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
-Гэрч Л.Ө 2020 оны 03 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2019 оны 12 сарын 10-ны өдрийн 21 цагийн үед гэртээ ганцаараа байж байтал Цоодол гэх зүс таних залуу орж ирээд эгч дүү нь аягаа зарах гэсэн юм гээд дотор тал нь нэлээн харлачихсан нэлээн том мөнгөн аяга өврөөсөө гаргаж ирсэн. Тэгэхээр нь наадах чинь хулгайн юм биш биз, юу бариад яваад байгаа юм чи, надад худалдаж авах мөнгө байхгүй гэхэд энэ миний өөрийн мөнгөн аяга, ямар ч асуудал байхгүй, ядаж нэг шил архинд барьцаанд тавьчихья гэхээр нь надад худалдаж байгаа архи байхгүй. Манай нөхрийн худалдаж авсан найзынхаа төрсөн өдөрт авч орох гэж байгаа 0.75 литрийн Хараа архи байна гэхэд маргааш өглөө дүү нь эрт ирээд архийг чинь буцаагаад өгөөд мөнгөн аягаа авчихна гэж гуйсаар байгаад аягаа үлдээгээд нөхрийн маань авсан байсан архийг аваад явсан. Тэрнээс хойш манай гэрээр дахиж ирээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/
-Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “Мөнгөн аяга 135.000 төгрөг” /хх-ийн 36/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 сарын 22-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтэд байх 7, 8 дугаартай гутлын мөрийн зах ирмэг тод, масштабын шугамын хэмжээнээс харагдахуйц дүрслэгдсэн байх тул оношлогооны шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжлэгдэж буй 7, 8 дугаартай гутлын мөрүүд нь ойролцоогоор 39 размерийн гутлаар үүсгэгдсэн, мөр үүсгэгч нь 165 см өндөртэй хүн байж болно” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-42/
-Яллагдагч М.Ц 2020 оны 03 сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2019 оны 12 сарын 10-ны өдөр архи аваад нүдэн хочит Бааяа, ногоон хочит Бумаа нартай архи уусан. Ингээд Бааяа, Бумаа нарын дагуулж очсон айлд архи уусан. Би уг айлд тэд нартай ууж байгаад тасарсан байсан. Нэг сэрэхэд Бор-Өндөр сумын Цагдаагийн хэлтсийн урд талд байх 3 давхар цэнхэр өнгийн нийтийн байрны гадна довжоон дээр суугаа байдалтай бүрий болж байх үед сэргэсэн. Тухайн үед цаг хэд болж байхыг мэдэхгүй байна. Би сэрээд тамхи татахаар өөрийнхөө өмсөж явсан улаан өнгийн куртикны халаасыг нэгжиж үзэхэд куртикны баруун гар талын халаасанд гараа хийтэл нэг аяга байхаар нь гаргаад иртэл нэг мөнгөн аяга байсан. Би тухайн үед уг аяганы хийц, загвар, хэмжээ болон содон шинж тэмдгийг анзаараагүй. Би уг мөнгөн аягыг гэрээрээ архи согтууруулах ундааны зүйл зардаг Өлзийбаяр гэх эгчийнд ороод мөнгөн аягаа 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг, Club LD нэртэй 2 ширхэг тамхины барьцаанд тавьсан. Тэгсэн Өлзийбаяр эгч уг аягаа маргааш 12 цаг гэж авахгүй бол зарагдана шүү гэж байсан. Ингээд би ганцаараа уг архийг уугаад гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-иийн 56/
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авах тухай тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, хураан авсан мөнгөн аяганы гэрэл зураг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 03-14/
-Шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би мэдүүлэг өгнө. Би өмгөөлөгч авахгүйгээр өөрт холбогдсон хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Монгол хэл, бичиг үсэг мэднэ. Миний бие хохирогч Г.Т мөнгөн аягыг хулгайлсан нь үнэн. Уг мөнгөн аягийг нэг шил архи, 2 ширхэг тамхины барьцаанд Л.Ө гэдэг хүнд тавьсан. Уг архийг ганцаараа уусан. Мөнгөн аягыг 135000 төгрөгөөр үнэлсэн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгөн аягыг нь хохирогчид буцаагаад өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүгдэгч М.Ц нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
Хохирогч Г.Т,гэрч Ц.М, Л.Ө,шүүгдэгч М.Ц нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал М.Ц нь 2019 оны 12 сарын 10-ны орой 20 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Геологийн 11-07 тоотод оршин суух Г.Т гэрт нэвтрэн орж, дунд гарын мөнгөн аяга 1 ширхгийг авч, бага хэмжээний буюу 135000 төгрөгийн хохирол учруулан, хүн байнга амьдрах орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Ц холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Улсын яллагч нь “шүүх хуралдаанд гэрч Л.Өлзийбаярыг оролцуулах тухай” хүсэлтээсээ татгалзсан тул гэрч Л.Өлзийбаярыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.Ц “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 135000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн шунахайн сэдэлттэй, шууд санаатай, түүний хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж шүүх үзэв.
Согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх өөр нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хэргээс үзэхэд хохирогч Г.Т нь хулгайд алдсан эд зүйлээ 135000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК нь уг мөнгөн аягийг 135000 төгрөгөөр үнэлснийг хохирогч, шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн байна.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ.
Хуулийн “тайлбар” хэсэг нь тухайн хуулийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хуультай адил хүчин төгөлдөр байна.
Хэдийгээр шүүгдэгч М.Ц бусдад учруулсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хамаарч байгаа боловч бусдын орон байранд нэвтрэн орж үйлдэгдсэнээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч М.Ц нь гэмт хэргийн улмаас хохирогч Г.Т 135000 төгрөгний мөнгөн аяга хулгайлж, 135000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Шүүгдэгч М.Ц нь 135000 төгрөгний мөнгөн аягийг хохирогч Г.Т буцааж өгсөн болох нь хохирогч Г.Т мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ц нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 135000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч М.Ц эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч М.Ц нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Ц үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэлгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Ц үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хорих ялаас чөлөөлөх, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хулгайд алдагдсан мөнгөн аягийг эд мөрийн баримтаар хурааж, хохирогч Г.Т хүлээлгэн өгсөн байх тул энэ хэрэгт өөр хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй болно.
Шүүгдэгч М.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2
дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ц-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 135000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 1.3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ц 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч М.Ц нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Ц авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ