Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 976

 

 

 

 

2020          05          26                                   2020/ШЦТ/976

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,                            

Улсын яллагч П.Даваасүрэн,

Шүүгдэгч Г.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Мад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01550 0967  дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Алтан овогт ГанхүүгийнГ.М, 1981 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэлд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Дунд тасганы 9-91 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай  

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 2020 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 225 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Батсүхийн эзэмшлийн 05-67 УБН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Д.Батсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 03 цаг 50 минутын үед миний гар утас руу цагдаагаас ярьж байна. Машин дээрээ яаралтай гарч ирнэ үү гэсэн. Би гэрээс гарч ирэхэд миний машины янданг хулгай хийх гэж байсан байна гэж надад хэлсэн. Миний машиныг дээш өргөөд яндангийн хоёр ширхэг боолтыг тайлаад газар тавьсан. Янданг нь салгаж авахад бэлэн болгосон байдалтай байсан. Миний машины янданг арай авч амжаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Ж.Эрхэм-Учрал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...М ах цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл данкраадчихсан, өөрөө доогуур нь орчихсон байсан. Тэгээд хажууд нь бид хоёр очоод яаж байгаа юм болиоч гэж хэлээд хажууд нь суухад гэнэт цагдаа гарч ирсэн. Тэгээд цагдаа нарт баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

Гэрч Г.Мөнхдөл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Эрхэм-Учрал бид хоёр М ахыг хайчихваа гээд ардаас нь хайгаад зам гараад урагшаа алхсан чинь тэр доор явж байна гээд Эрхэм-Учрал хэлэхээр нь бид хоёр ардаас нь яваад очиход М ах саарал байна уу, цагаан өнгийн приус-20 маркийн автомашины доогуур орчихсон биеийнх нь тал нь гарчихсан байхаар нь юу хийгээд байгаа юм бэ, болиоч гэж хэлээд байж байхад амрыг эрье гээд цагдаа хүрээд ирэхээр нь би айсандаа замын хойно байсан 55-99 УНЭ улсын дугаартай ахын машинд очоод суухад цагдаагийн машин ирээд бариад авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,

Яллагдагч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Өөр хэн нэгэн хамт яваагүй. Архины халуунд гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-15/, хөрөнгийн үнэлгээний “Тод үнэлгээ” ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 31/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 89/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 2020 оны 03 дугаар сарын 08-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 225 дугаар байрны гадна зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Батсүхийн эзэмшлийн 05-67 УБН улсын дугаартай Тоёота приус-20 маркийн автомашины нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.000.000 төгрөгийн хохирол учруулахыг завдсан болох нь,

Хохирогч Д.Батсүхийн: "...2020 оны 03 дугаар сарын 08-ны шөнийн 03 цаг 50 минутын үед миний гар утас руу цагдаагаас ярьж байна. Машин дээрээ яаралтай гарч ирнэ үү гэсэн. Би гэрээс гарч ирэхэд миний машины янданг хулгай хийх гэж байсан байна гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ж.Эрхэм-Учралын: “...М ах цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл данкраадчихсан, өөрөө доогуур нь орчихсон байсан. Тэгээд хажууд нь бид хоёр очоод яаж байгаа юм болиоч гэж хэлээд хажууд нь суухад гэнэт цагдаа гарч ирсэн. Тэгээд цагдаа нарт баригдсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Г.Мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Д.Батсүх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Г.Мад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мад 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Мад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР