| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00651/и |
| Дугаар | 733 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 733
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 2 дугаар 36 айлын орон сууцны 4-36 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОБ86120806, Баазар овогтой Түмэннасангийн Нямжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 10 дугаар баг, 9-22 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ84101270, Цагаагчууд овогтой Жигжидийн Бат-Өлзийд холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Нямжав шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Ж.Бат-Өлзийтэй 2009 онд танилцаж, хамт амьдарч эхэлсэн. 2012 оны 12 дугаар сарын 31-нд хүү Н.Очир-Эрдэнэ төрсөн. 2013 оноос хойш бид хоёр хамт амьдархаа больж, холбоо тасарсан. Түүнээс хойш хүүгээ ганцаараа өсгөж өдийг хүргэсэн. Ж.Бат-Өлзий нь эхэндээ хүүтэйгээ уулзаж, холбоотой байдаг байсан боловч сүүлдээ уулзахаа больж холбоо тасарсан. Миний бие одоо хүүгээ ганцаараа өсгөж байгаа, цаашид бид хоёр нийлж хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Н.Очир-Эрдэнэд эцэг Ж.Бат-Өлзийгөөс хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Иймд миний хүүгийн аав болох Ж.Бат-Өлзийгөөс хүү Н.Очир-Эрдэнэд хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Нямжав нь хариуцагч Ж.Бат-Өлзийд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эмчийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг судлан үзэхэд хэдийгээр Т.Нямжав, Ж.Бат-Өлзий нар нь гэрлэлтээ албан ёсоор бүргүүлээгүй боловч 2009-2013 оны хооронд гэр бүлийн харилцаатай байсан, тэдний дундаас 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүү Баазар овогтой Нямжавын Очир-Эрдэнэ төрсөн болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Ж.Бат-Өлзийд нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гардуулан, танилцуулсан боловч энэ хугацаанд ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Н.Очир-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ж.Бат-Өлзийгөөр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Нямжав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ж.Бат-Өлзийгөөс хүүхдийн тэтгэлэгт ногдох 28.282 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Баазар овогтой Нямжавын Очир-Эрдэнийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Цагаагчууд овогтой Жигжидийн Бат-Өлзийгөөр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол тэдний хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Нямжав нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Ж.Бат-Өлзийгөөс 28.282 /хорин найман мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод буюу Увс аймгийн Төрийн сангийн Хаан банк дахь 150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА