Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 991

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,                            

улсын яллагч Д.Ариунжаргал,

шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.д холбогдох эрүүгийн 1906 07156 0882 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол улсын иргэн 1986 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 4-220 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г.Н, регистрийн дугаар

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Эра” зочид буудлаас иргэн Г.Гантөгсийн “Самсунг галакси эс-10” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.112.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Хохирол төлбөрт 800.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэх 312.000 төгрөгийг ойрын хугацаанд нөхөн төлөхөө илэрхийлж байна” гэв.

Хохирогч Г.Гантөгс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шөнийн 02 цагийн орчимд Төмрөөтэй хамтдаа 10 дугаар хороололд байрлах “Стелла” шөнийн цэнгээний газарт орж үйлчлүүлсэн юм. Тэр шөнийн цэнгээний газарт ороход үүдэнд 5000 төгрөгийн такс төлдөг бөгөөд бэлэн мөнгөөр биш картаар уншуулж таксаа төлдөг юм байна лээ. Энэ журмын дагуу би найзтайгаа картаа уншуулж таксаа төлөөд дотогш орсон. Тэнд виски уугаад бүжиглэж байгаад нэг эмэгтэйтэй танилцсан. Тэгтэл тэр эмэгтэй хамт яваа 7 эмэгтэйтэйгээ танилцуулсан. Би найзтайгаа тэр хүүхнүүдээс 2 хүүхэнтэй нь хамтдаа шөнийн 4 цагийн орчимд уг шөнийн цэнгээний газраас гараад такси бариад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эра зочид буудалд ороод өөр өөр өрөөнд хос хосоороо орцгоосон юм. Өрөөндөө бөөндөө цугларч байгаад хүн бүрийн нэг шил пиво ууцгаагаад өрөө өрөөндөө орцгоосон. Өрөөндөө орж унтаад өглөө босоод хартал нөгөө хүүхэн байхгүй байсан бөгөөд миний ширээн дээр байсан Самсунг эс-10 маркын гар утас байхгүй болчихсон байсан. Уг газрын хяналтын камерын бичлэг шүүж үзтэл манай өрөө рүү гадны өөр хүн ороогүй өглөөний 9 цаг өнгөрч байхад өрөөнөөс гарч яваа нь бичигдсэн байсан." гэх мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч Ц.Цогбадрах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай ломбарданд Г.Н гэгч нь Самсунг галакси эс-10 маркын гар утсыг өөрийн бичиг баримтаараа 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан бөгөөд уг утсыг авахгүй гэрээнд заасан хугацаа өнгөрсөн тул гэрээнд заагдсан нөхцөлийн дагуу худалдахын тулд охин Ц.Зул-Эрдэнийн сим картыг хийж шалгасан юм.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Яллагдагч Г.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын эхээр найзуудын хамт бааранд орохоор болж 10 дугаар хороололд байдаг Стилла нэртэй бааранд орсон. Тэгээд тэндээ байж байхдаа 2 залуутай танилцсан юм. Тэгээд бааранд байж байхад манай найзууд яваад Дашмаа, Отгонцэцэг бид 3 нөгөө залуучуудтай хамт үлдсэн. Баарнаас яг хэдэн цагийн үед гарсаныг нь санахгүй байна ямар ч байсан баар нь хаагаад гарсан санагдаж байна. Гэтэл нөгөө залуу Сансар орж караокед сууя гээд бид нийлээд такси бариад арслантай гүүрний ойролцоо ирээд нөгөө залуу энэний 2 давхар караоке байгаа оръё гээд цуг орцгоох гэж байхад Дашмаа юу гэж энд караоке байдын бэ, би орохгүй гээд яваад өгсөн. Тэгээд Отгонцэцэг бид 2 нөгөө залуучуудтай цуг ортол буудал байсан. Тэгээд буудалдаа ороод ууцгаасан. Отгонцэцэг хэзээ явсаныг нь санахгүй байна ямар ч байсан явсан байсан. Бид нар 2 ортой нэг өрөө авцгаасан би уул нь хонохгүй явна маргааш өглөө нь ажилтай гэж байсан боловч тасраад унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь сэрэхэд би нөгөө залуутай хамт сэрсэн. Тэгээд би гарахдаа нөгөө залууг сэрээх гэхэд сэрэхгүй болохоор нь яараад гараад явсан ингэхдээ өөрийн утсыг авч байсан гэж бодоод нэг утас аваад гарсан юм. Би өглөө 7 цаг 40 минутанд ажилдаа очих ёстой байсан боловч бараг 10 цагийн орчимд ажил дээрээ очсон. Тэгээд ажил дээрээ очиход өөр хүний утас болохыг мэдсэн. Тэгээд би утсыг өөр дээрээ 7 хоног орчимм байлгаж байгаад өөрийн бичиг баримтаар ломбарданд 700.000 төгрөгөөр тавиад 652.000 төгрөгөөр банкны зээлээ төлөөд үлдэгдлийг нь өөртөө хэрэглэсэн.” гэх мэдүүлэг /хх-н 58/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ тайлан /хх-н 13-14/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 22/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 21/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо “Эра” зочид буудлаас иргэн Г.Гантөгсийн “Самсунг галакси эс-10” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авч 1.112.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан болох нь

Хохирогч Г.Гантөгсийн: "... Би найзтайгаа тэр хүүхнүүдээс 2 хүүхэнтэй нь хамтдаа шөнийн 4 цагийн орчимд уг шөнийн цэнгээний газраас гараад такси бариад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Эра зочид буудалд ороод хүн бүрийн нэг шил пиво ууцгаагаад өрөө өрөөндөө орцгоосон. Өрөөндөө орж унтаад өглөө босоод хартал нөгөө хүүхэн байхгүй байсан бөгөөд миний ширээн дээр байсан Самсунг эс-10 маркын гар утас байхгүй болчихсон байсан. Уг газрын хяналтын камерын бичлэг шүүж үзтэл манай өрөө рүү гадны өөр хүн ороогүй өглөөний 9 цаг өнгөрч байхад өрөөнөөс гарч яваа нь бичигдсэн байсан." гэх мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч Ц.Цогбадрахын “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай ломбарданд Г.Н гэгч нь Самсунг галакси эс-10 маркын гар утсыг өөрийн бичиг баримтаараа 700.000 төгрөгийн барьцаанд тавьсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 15-16/, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Г.Номин-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.112.000 төгрөгөөс 800.000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 312.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Г.Н бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Нд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Номин- Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

   4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Нэс 312.000 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гантөгсөд олгосугай.

   5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

  1. . Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР