Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 992

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

хохирогч Н.Оюунгэрэл,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ад холбогдох эрүүгийн 1906 06851 0963 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1976 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Рояал” салонд үсчин ажилтай, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39 дүгээр байр, 145 тоотод оршин суух, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй,

Л.А, регистрийн дугаар

Шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рояал” салонд үйлчлүүлсэн иргэн Н.Оюунгэрэлтэй мөнгө хулгайд алдсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, баруун гарыг нь мушгиж “баруун сарвуун чигчий хурууны дунд шивнүүрийн хугарал, тархи доргилт, баруун бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Л.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр 8 цагийн үед ажил дээрээ ажлаа хийж байтал гартаа мөнгө барьчихсан эмэгтэй хүн орж ирээд надаас сормуус хийхэд хэд вэ гэж асуусан. Тэгтэл үсээ засуулъя гээд сандал дээр суусан.  Бага насны 2 охинтой явж байсан. Тэгэхээр нь хувцсыг нь тайлуулж аваад өлгүүрт өлгөе гэж хэлэхэд өөрөө хүлээн зөвшөөрөхөөр нь хувцсыг нь өлгүүрт өлгөсөн. Тэгээд үсээ засуулчихаад аятайхан боллоо гээд гарах гэхээр нь “чи мөнгөө өгөхгүй юм уу” гэхэд халаасаа ухаж байснаа миний мөнгө байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд гарандаа барьчихсан байгаа мөнгө чинь биш юм уу гэхэд үгүй өөр мөнгө байх ёстой гээд мөнгөө хайгаад байсан. Тэгэхээр нь би мөнгөө хайхад нь тусалж өгөөд наад барьчихсан байгаа мөнгө чинь биш юм уу гэхэд бухимдаж уурлаад чи миний хувцсыг сандал дээр тавьсан учраас миний мөнгө алга болчихлоо би чамд мөнгө өгч чадахгүй гэсэн. Тэгээд манай ажлын газрын хүн болон Сайн ломбардаар үйлчлүүлж байсан олон хүн бид хоёрын муудалдаж байхыг хараад зогсож байсан. Манай ажил дотор камер байдаггүй. Тэгээд би цагдаа дуудахад цагдаа ирээд та хаана мөнгөө алдсан юм бэ гээд бид хоёрыг учраа олоход туслах гэхэд нь хохирогч эмэгтэй та нар нэг талыг барьлаа гэж маргасан. Дүүрэг дээр очиж учраа олъё гэхэд хохирогч эмэгтэй би явахгүй 100% энэ хүнийг авсан гэж бодож байна гээд намайг буруутгасан. Манай хамгийн бага хүүхэд 5 настай салхин цэцэг тусчихсан халуураад байна гээд нөхөр маань гадаа ирчихээд яаруулаад байсан учраас би яараад үүдэн дээр гарах гээд байж байсан. Би хохирогч эмэгтэйд “чи их зальтай юмаа яагаад үйлчлүүлчихээд мөнгөө төлөхгүй байгаа юм бэ” гэхэд “чи миний мөнгийг хулгай хийсэн биз дээ би чамд мөнгө өгөхгүй” гэж хэлсэн. Манай ажлын өрөөнд байхдаа өөрөө “би мөнгөө левчикэндээ хийчихдэг” гэсэн утгатай зүйл ярьсан болохоор би үүдэнд зогсож байхдаа тэр эмэгтэйг мөнгөө левчикэндээ хийчихсэн байх гэж бодоод энгэрийг нь үзсэн. Би ерөөсөө цохиж зодоогүй. Минут ч хүрэхгүй хугацаанд ийм зүйл болоод өнгөрсөн. Тэгээд би хувцасаа өмсөөд гараад явсан.” гэв.

Хохирогч Н.Оюунгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тэр өдөр “Сайн” ломбарднаас бөгжөө авах гээд хүлээж зогсохдоо мөнгө хүрэхгүй байхаар нь бэлэн мөнгөний машинаас мөнгө авах гээд зогсож байсан чинь нэг эмэгтэй үс чинь янзлуулахаар болчихсон байна гэхээр нь би “тэгье үсээ будуулахгүй тайруулъя гэхдээ эхлээд ломбарднаас бөгжөө авъя” гэсэн чинь энэ эмэгтэй үс тайрах чинь амархан шүү дээ гэсэн. Би ломбарданд өгөх мөнгөө тусад нь бариад тусад нь хадгалсан байсан нөгөө мөнгөө куртикныхээ халаас руу хийсэн. Миний үсийг янзалж өгөх гээд суулгасан чинь “чи куртикээ өгчих би гадуур хувцастай хүний үсийг янзалж чадахгүй” гэхээр нь би куртикээ өгөөд явуулсан. Үсээ засуулчихаад мөнгөө өгөх гээд хайсан чинь мөнгө маань байгаагүй. Өлгүүрт нь куртик маань байхгүй байсан. Тэгээд би куртик маань хааччихсан бэ гээд хартал үйлчлүүлэгч нар суудаг сандал дээр доошоо хараад хэвтэж байхаар нь миний куртикийг энд тавиад байхдаа яахав дээ гээд аваад халаасыг нь үзэхэд мөнгө маань куртикны халаасанд байгаагүй болохоор би цүнхэндээ хийчихсэн байх гээд үзтэл мөн байгаагүй. Би мөнгө алга болгочихлоо шүү дээ, чи миний куртикийг яагаад өлгөж болоогүй юм бэ? Би чиний үйлчлүүлэгч шүү дээ гэсэн. Чи намайг хулгайд гүтгэлээ гээд намайг хэл амаар доромжилсон. Цагдаа ирээд та хоёрыг хэсэг рүү авж явна гэхэд энэ эмэгтэй би яагаад тийшээ явдаг юм гэхэд нь цагдаа би өөрийн ажил үүргийн дагуу таниар өргөдөл бичүүлж авах ёстой гэхэд нь би гомдолгүй гэсэн өргөдөл бичиж өгсөн. Тэгээд цагдаа явсны дараа энэ эмэгтэй мөнгөө нэхэж намайг загинаад байсан. Сүүлдээ шалны мод барьж ирээд би чамайг ална гээд гар руу маань цохиж гарыг маань хажуу талд нь гаргасан 2 хүүхэд маань уйлаад хэцүү байсан. Тухайн үед хажууд байсан цагдаа үүнийг мэдэж байгаа. Би тэр өдрийн дараа шүүх шинжилгээнд үзүүлэхэд гар маань хөхөрсөн байсан. Дараа нь энэ эмэгтэй над руу залгаад би чамайг цохиж зодож гэмтэл учруулсан. Нөхөр маань өөр хүнтэй явалддаг, би өөрөө өвчтэй, ар гэрийн маань байдал хэцүү байна, чи надад туслаач гэсэн.  Би хариуд нь чадах чинээгээрээ тусална гэж хэлсэн. Тэгээд би миний гар өвдөөд байгаа, үүнийг л MRI-д үзүүлээд өгчихвөл надад өөр чамаас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. MRI хийлгэх төлбөр хамгийн багадаа 400.000 төгрөг байдаг гэсэн. Энэ эмэгтэй тэгье би 400.000 төгрөг олоод өгье гэж тохирсон өдрөөсөө хойш олон хоног алдсан. Чимээгүй болчихоор нь би хохирлоо төлүүлээгүй байж яаж чамд гомдолгүй гэж хэлэх юм бэ? Хэрэг цагдаа дээр очих юм бол шүүх рүү явна, шүүх дээр очвол бүр хүндэрдэг гэж хэлсэн. Тэгтэл энэ эмэгтэй “чи юу солиороод байгаа юм” гээд ах нь бас утсаар залгаж дарамтлаад байсан. Мөрдөгч намайг дуудаад энэ хүн миний хохирлыг төлчихвөл гомдолгүй гэж хэлэх гэж очсон чинь энэ эмэгтэй би тэр хүнд гар хүрээгүй гээд биччихсэн байхаар нь би уйлаад гарсан. Сайн ломбард руу яриад бичлэгээ олж авсан. Надад гомдолтой байна. Өвчнийхөө оношийг тодруулмаар байна. Бас намайг гүтгэсэнд нь гомдож байна.”  гэв.

Хохирогч Н.Оюунгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд цагдаа явсаны дараа намайг чи намайг хулгайд гүтгэлээ, чи үс засуулсан мөнгөө өг гэхээр нь би “чи намайг мөнгөө алдсаныг мэдэж байгаа биздээ” гэсэн чинь уурлаад миний хүзүү толгойноос барьж зулгаагаад, миний баруун гарын чигчий хурууг булаглаад гарыг минь мушгисан. Миний гарнаас зулгаагаад гарыг минь мушигаад баруун гарын чигчий хурууг булаглаж, үс хүзүүнээс зулгаасан. Үсчин дотор бол камер байхгүй байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 14/,

Гэрч О.Март мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгсэн чинь А эгч түүнд хандаж “чи ер нь мөнгөө наад левчикэндээ хийчихсэн юм биш үү” гээд үзэх гэхэд тэр эмэгтэй эсэргүүцэж А эгчийн ороолтноос бариад авсан. Ямар ч байсан гарыг нь ороолтноосоо тавиулах шиг болсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Яллагдагч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "... Тэгээд миний ороолтноос аймар чанга татаад байсан учир гарыг нь хүчээр тавиулсан. Тавиулахдаа хурууг нь дараад тавиулсан. 1 минутын дотор болсон зүйл байгаа юм. Тэгээд л би гараад явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 73/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн №450 тоот дүгнэлтэд: 

1. ШШҮХ-ийн шинжээч эмч С.Чулуунсүх нь баруун гарын чигчий хурууны хугарлыг тухайн үед оношилж чадаагүй, ШШҮХ-ийн шинжээч эмч С.Одончимэг нь тухайн үед үзлэгээр оношлогдсон тархи доргилтыг үгүйсгэж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр авахуулсан баруун сарвууны рентген зургийг тухайн үед авахуулаагүй хэмээн үгүйсгэн дүгнэлт гаргасан байна. Иймд ШШҮХ-ийн 13888 дугаартай дүгнэлт, хэргийн материалаар хийсэн шинжээч эмч С.Одончимэгийн санал зөрж гаргасан 293 дугаартай дүгнэлтүүд үндэслэлгүй байна. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баруун гарын шуу, сарвууны 2 байрлалын рентген зургаар тогтоогдож буй баруун гарын чигчий хурууны дунд шивнүүрийн бороолж буй хугарал нь анхны үзлэгээр тогтоогдсон баруун гарын чигчий хурууны гэмтэлтэй байрлалын хувьд тохирч байх тул хэргийн материалаар гаргасан шинжээч эмч Б.Ариунзул, Н.Туяа нарын гаргасан 293 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

2. 2020 оны 01 дүгээр сарын 14-ний баруун гарын шуу, сарвууны 2 байрлалын рентген зурагт баруун сарвууны чигчий хурууны бороолж буй хугарлаас өөр гэмтэл тогтоогдохгүй байна.

3. Н.Оюунгэрэлийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Н.Оюунгэрэлийн биед үүссэн тархи доргилт, баруун бугалга, баруун гарын чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байх бөгөөд 2020.01.14-ний баруун гарын шуу сарвууны 2 байрлалын рентген зурагт баруун гарын чигчий хурууны хугарал нь бороолж байх тул мөн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Н.Оюунгэрэлийн биед учирсан баруун сарвууны чигчий хурууны дунд шивнүүрийн хугарал, баруун чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархины доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун бугалганы цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 44-47/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 51/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Л.А нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рояал” салонд үйлчлүүлсэн иргэн Н.Оюунгэрэлтэй мөнгө хулгайд алдсан гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж, баруун гарыг нь мушгиж “баруун сарвуун чигчий хурууны дунд шивнүүрийн хугарал, тархи доргилт, баруун бугалганд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Н.Оюунгэрэлийн: “...Тэгээд цагдаа явсаны дараа намайг чи намайг хулгайд гүтгэлээ, чи үс засуулсан мөнгөө өг гэхээр нь би “чи намайг мөнгөө алдсаныг мэдэж байгаа биздээ” гэсэн чинь уурлаад миний хүзүү толгойноос барьж зулгаагаад, миний баруун гарын чигчий хурууг булаглаад гарыг минь мушгисан. Миний гарнаас зулгаагаад гарыг минь мушигаад баруун гарын чигчий хурууг булаглаж, үс хүзүүнээс зулгаасан. Үсчин дотор бол камер байхгүй байсан." гэсэн мэдүүлэг,

Гэрч О.Мартын: “...Тэгсэн чинь А эгч түүнд хандаж “чи ер нь мөнгөө наад левчикэндээ хийчихсэн юм биш үү” гээд үзэх гэхэд тэр эмэгтэй эсэргүүцэж А эгчийн ороолтноос бариад авсан. Ямар ч байсан гарыг нь ороолтноосоо тавиулах шиг болсон.” гэсэн мэдүүлэг,

Яллагдагч Л.Аын: "... Тэгээд миний ороолтноос аймар чанга татаад байсан учир гарыг нь хүчээр тавиулсан. Тавиулахдаа хурууг нь дараад тавиулсан. 1 минутын дотор болсон зүйл байгаа юм. Тэгээд л би гараад явсан.” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Л.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр санаатай хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Н.Оюунгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаар гаргаж ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Л.Ад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Л.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгч Л.Аын цалин орлого, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан үзэж торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Л.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Л.Ад 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Ад оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Л.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

   6. Хохирогч Н.Оюунгэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР