| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/03587/И/ |
| Дугаар | 00445 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 00445
Н.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06961 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Н.Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.И, Ц.П нарт холбогдох
И.Иаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоотод байрлах хашаа, хувийн сууц гаргуулах,
Ц.Паас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1213А тоотод байрлах хашаа гаргуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгч Н.Эын гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагч: Ц.П,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Мөнхбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний 2000 онд 600 ам.доллараар бариулсан хашаа, байшинг манай манаач Ж.Баттөмөр нь нэг л хашааг дотор нь 3 хуваан цувуулж зарсан. Энэ эрүүгийн гэмт үйлдлүүдийг зогсоох гэж анх цагдаад 2004 онд хандаж, 2005 онд Баянзүрх дүүргийн шүүхийн 685 дугаар шийдвэрээр хууль бус наймааг таслан зогсоосон. Гэтэл дараагийн яллагдагч И.И, яллагдагч Ц.П нарын хашааны хууль бус наймаа маргаантай гэж хэлсээр байхад явагдсан. Хариуцагч И.Иын талаар: Нэхэмжлэгч Н.Э би 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагт манай хашааг худалдаж авсан гэх хариуцагч И.Иыг өөрийн эзэмшлийн “Сонота-3” загварын 00-00 УБМ дугаартай машиндаа суулгаж, хашааг минь зараад хойд талд байдаг уулын аманд нүүж очсон манаач Ж.Баттөмөрийн гэрийг заалгаж намайг зодолдоход хариуцагч И.И дундуур орж салгасан юм. Өмчийн эзэн Н.Э би 2009 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт иргэн И.Иын гэрт очиж маргаантай хашаа гэдгийг хэлсээр байхад 4 жилийн дараа 2013 оны 4 дүгээр сарын 22-нд бусдын өмч хөрөнгийг хууль бусаар, санаатай өмчилж авсан нь эрүүгийн ноцтой гэмт үйлдэл юм. Хариуцагч Ц.Пын талаар: Яллагдагч К.ЭЖын манаач Ж.Баттөмөрөөс хашааг худалдаж авсан гэх хууль бус үйлдлийг таслан зогсоосон, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 685 дугаар шийдвэрийг мэдсээр байж нуун дарагдуулсан. Уг шийдвэрийг нуун дарагдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Батболдыг олон жил амьдарсан хашаагаа өмчилж авахад дэмжлэг үзүүлнэ үү гэж залилсан. 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн кадастрын зураглал дээр Б.Ц 1213А “маргаантай” гэж тэмдэглэгдсэн. Б.Ц, Ц.П нар нь манай хашаанд нэг ч өдөр амьдраагүй бөгөөд Б.Ц гэдэг хүний Баянзүрх дүүргийн газрын албанд хандсан 2004 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн өргөдөлд “маргаантай” гэж тэмдэглэгдсэн. Хариуцагч Ц.П нь аавынхаа дээр дурдсан залилангийн хууль бус үйлдлүүдийг мэдсээр байж нэхэмжлэгч Н.Э миний хашаануудыг буюу ааваасаа 1213А тоот хашааг бэлгэнд, иргэн К.ЭЖын 121ЗБ тоот хашааг худалдаж авсан. Нэхэмжлэгч Н.Э би хариуцагч И.И, Ц.П нартай худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй учраас иргэн И.И, иргэн Ц.П нарт эрүүгийн 2014250000328 тоот хэрэг үүссэн. Иймд И.И, Ц.П нарын хууль бус эзэмшлээс хашаа, байшинг минь гаргуулж өгнө үү. Би 2014 оны 9 дүгээр сараас эхлээд цагдаад хандаад өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар явж байна. ЭЖ гэдэг хүн Улсын Их Хурлын гишүүн Батболдод хандаж газрыг өмчилж авахад дэмжлэг үзүүлнэ үү гэж цохолт хийлгэсэн байдаг. Улсын Их Хурлын гишүүний цохолтоор залилангийн эх үүсвэр эхэлсэн. Эдгээр хүмүүсийн залилангийн үйлдлийг цагдаа, прокурор, шүүх илрүүлж чадаагүй, үүнийг ямар ч шүүгч олж хараагүй. Энэ ЭЖ гэдэг хүний гэмт үйлдлийг илрүүлж чадаагүй, миний эрхийг зөрчөөд байгаа юм. Гэмт үйлдэл үйлдэж байсныг үнэлж өгөхийг хүсэж байна. Захиргааны хэргийн шүүх системээрээ нурсан. Миний ганцхан хэргийг шийдэж чадахгүй байгаа. Би хохирогч гэдэг нэртэй боловч гэм хор нь арилдаггүй. 2009 онд И.И маргаантай гэсэн газрыг нуун дарж байгаад өөрийнхөө нэр дээр болгосон. Хорооны Засаг даргын тодорхойлолтыг хууль бусаар хийсэн. И.И, Ц нарыг газрыг худалдан авсан нь зөв гээд захиргааны хэргийн шүүх шийдсэн. Би шүүхэд гомдож явдаг. Ганц миний хэргийг үнэн зөв шийдэж чаддаггүй. Манаач нас барсан учраас үхсэн хүн үг хэлж чадахгүй учраас баахан доромжлуулж байна. Би бүх хуулийн байгууллагаар явж байна. Би Үндсэн хуулийн цэцээр ороогүй, гал командаар ороогүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэжээ.
Хариуцагч И.И шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоотын 543 м.кв хашааг Ж.Батбаяр гэдэг хүнээс 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр худалдан авсан. Ингэхдээ дүүргийн газрын албанд Ж.Батбаярын хамт очиж бүртгэл, кадастрын зураг зэргийг нь шалгаж үзсэн. Энэ үед уг хашаанд газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа хүн байхгүй өөрийн нэрээр хүсэлтээ гаргаад авч болно гэж газрын албанаас зөвлөсний дагуу мөнгөө төлж хашааг авсан. 2009 оны 7 дугаар сард Баянзүрх дүүргийн газрын албанд газар эзэмших тухай хүсэлтээ өгч дүүргийн Засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 415 дугаар захирамж гарч би уг газрыг хууль тогтоомжийн дагуу эзэмших болсон. Мөн газраа өмчилж авах өргөдлөө дүүргийн газрын албаар уламжлан Нийслэлийн Засаг даргад тавьснаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн А/414 дүгээр захирамж гарч өмчлөх эрхтэй болсон. Энэ бүх үйл баримтын талаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Н.Эын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг дарга, дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг үүсч, энэ хэрэгт би гуравдагч этгээдээр оролцсон. Хэргийг шат, шатны шүүхээр хянан хэлэлцээд миний газар өмчлөх эрхийг хэвээр үлдээсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д, “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоосон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байдаг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт “Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэж тус тус заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү …”. Газартай холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэчихсэн. И.И 2009 онд энэ хашааг худалдаж авсан юм. Солонгос явж олсон мөнгөөрөө хашаа байсан авсан гээд нэхэмжлэгч яриад байна. Ж.Баттөмөр гэдэг хүн нас барчихаар ийм юм яриад яваад байдаг юм. Амьд сэрүүн дээр нь авсан бичиг байдаг. Тэр хүнийг нас барчихаар миний юм байсан гээд байгаа юм. Хөндлөнгийн гэрчийн мэдүүлгүүд байгаа. 600 ам.доллар өгөөд тэр хүнээр бариулсан гэдгээ яаж нотлох юм бэ, Ж.Баттөмөр амьд сэрүүндээ хуулийн байгууллагад мэдүүлэг өгөхдөө “...Н.Эын оролцоо байхгүй...” гэж мэдүүлэг өгсөн байдаг, энэ нь тогтоогддог. И.Ит холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр байдаг. Нотлох баримт судлахад харагдана. Шүүх дахиад энэ асуудлыг шийдэж байна. Шүүх хэн, хэзээ, хэнд яаж олгогдсон талаар бүгдийг нь судлаад шийдвэр гаргасан. Н.Э ганцаараа үнэн ярьдаг, бусад нь худлаа ярьдаг юм шиг нэхэмжлэгч яриад байдаг юм. Шүүхээр нэгэнт хэлэлцэгдсэн үйл баримтыг дахиж хэлэлцэхгүй. Энэ хүн өөрийнхөө өмч гэдгийг нотолж чадахгүй байна. Хашааг өөрөө барьсан хүний мэдүүлэг хэрэгт байгаа. Шүүхийн шийдвэрийг худлаа гээд байгаа юм. Би энийг ойлгохгүй байгаа юм. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү …” гэжээ.
Хариуцагч Ц.П шүүхэд гаргасан тайлбартаа: 2004 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны 12-13 а, б тоот газрыг миний аав Б.Ц найз К.ЭЖ нар нь Ж.Баттөмөр гэдэг хүнээс ямар нэгэн бичиг баримтгүй байхад нь авсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албаар шалгуулахад уг газар хэний ч өмчлөлд байгаагүй учраас миний аав Б.Ц, К.ЭЖ нар нь Баянзүрх дүүргийн газрын албанд хуульд заасан журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлэн өгснөөр Нийслэлийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 03 тоот захирамж гарч, Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны сургуулийн 121За тоотыг Б.Цд, 1213б тоотыг К.ЭЖд өмчлүүлэх шийдвэр гаргасан. Ийнхүү Б.Ц, К.ЭЖ нар нь дээрх газруудыг улсын бүртгэлд бүртгүүлж өөрийн өмчлөл болгон баталгаажуулж авсан. Үүний дараа миний аав Б.Ц 2007 онд бэлэглэлийн гэрээ байгуулж, охин Ц.П надад бэлэглэснээр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Сургуулийн 1213А тоот хашаа миний өмчлөлийнх болж 000089951 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ гарч ирсэн. Гэтэл энэ Н.Э гэгч этгээд үхсэн хүн үг хэлэхгүй гэдэг шиг Ж.Баттөмөрийн нас барсны дараа үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьсаар өдийг хүрсэн. Н.Э тухайн хашааг Ж.Баттөмөрөөр 600 ам.доллар шилжүүлж бариулсан гэж тайлбарлаж байгаа ч энэ нь баримтаар нотлогдохгүй байгаа бөгөөд энэ газар дээр Н.Эын эзэмшил, өмчлөл үүсээгүй байхад Ж.Баттөмөр гэдэг хүн амьдарч байсан. Өнөөдөр Н.Э ямар үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан өмчлөгч болчихдог юм бэ. Бид Н.Этай наймаа хийгээгүй, К.Баттөмөртэй наймаа хийсэн. Иймд нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.И, Ц.П нарт холбогдуулан гаргасан И.Иаас Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоот хашаа, байшин гаргуулах, Ц.Паас Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Сургуулийн 1212А тоот хашаа гаргуулах тухай нэхэмжлэгч Н.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Э миний Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандаж гаргасан “... таны томилсон шүүгч нар чинь хууль эрх зүйн мэдлэг нимгэн, буруу шийдвэр гаргаж бусдыг хохироож байна, нэр бүхий шүүгч нарын авлига, ашиг сонирхлын зөрчлүүдийг Авилгатай тэмцэх газар шалгуулж өгөхийг хүсье” гэсэн гомдлын хариу 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн ТГ/545 /хх-ийн 243/, Шүүхийн ёс зүйн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 193 тогтоолд /хх-ийн 15/, мөн нэхэмжлэгч Н.Э би, шүүгч Д.Батцэцэгээс татгалзсанд өс хонзон санаж, шүүгчийн үүрэг тангарагаа умартан, зөвхөн эрх мэдлээ хэтрүүлэн эдэлж 06961 шийдвэртээ нэхэмжлэгч Н.Э намайг тодорхойлох гол гол зүйлүүдийг орхиж, миний эсрэг зүйлүүдийг түүж бичсэн байна. Өөрөөр хэлбэл 06961 шийдвэрт тэгш байх зарчим алдагдаж, зөвхөн нэг талыг барьсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтад нийцээгүй 06961 шийдвэрт гомдолтой байна. Хэргийн гол үйл баримт буюу болсон процесс: Нэхэмжлэгч Н.Э би ээждээ 600 ам.долларыг өгч явуулаад, хашаа байшин бариулаарай гэснийг үндэслэж, миний ээж Ж.Дүгэржав нь 2000 оны 3 дугаар сард Баянзүрх дүүргийн Улиастайн хорооны засаг даргад 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй, бусдад 10 л цусаа өгсөн “Хүндэт донор” гэсэн 2 тодорхойлолттойгоор газар хүсэж хандаад одоогийн байгаа хашааны газрыг Улиастайн хорооны засаг даргатай биечлэн газар дээр нь хамт ирж, заалгуулан авч байсан. Нэхэмжлэгч Н.Э би ээжтэйгээ утсаар ярьж, “Солонгос улсаас 5 ш авто машин авсан. Та 40 тонн даацтай том автомашин хашаан дотор ороод, ачсан автомашинуудаа буулгаад эргээд гарахаар том хашаа бариулаарай” гэж захиалж бариулсан хашаа байшин юм. Хашаа байшинг харж байсан манаач Ж.Баттөмөр нь Чехословак улсын Братслав хотод Биеийн тамирын дээд сургуульд 8 жил суралцаж “Магистр” цол хамгаалаад ирсэн боловч “архичин” болсон учраас Монголд ирээд “Мон-Алитус” Биеийн тамирын дээд сургуульд 1 жил багшилсан /хх-ийн 27/, өөр ажил хийж үзээгүй. Ингээд 1999 онд манаач Ж.Баттөмөрийг эхнэр Болормаа, охин Халиунаа нар нь салж явсан тул манаач Ж.Баттөмөр нь гэр оронгүй учраас манай ээжийн гэрт ээжтэй маань цуг амьдардаг байсан. Улиастайн хашаа байшинг барих үед манаач Ж.Баттөмөр нь ажилгүй байсан учраас ээж маань “Чамайг зүгээр тэжээж чадахгүй, чи явж тэр хашаа, байшин барихад тусал” гэж хэлээд тэр олон хүмүүстэй цуг хашаа байшинг бариулсан нь үнэн юм. Мөн манаач Ж.Баттөмөрийн хөлсийг бэлнээр өгч болдоггүй, өгвөл бүх мөнгөөрөө архи уудаг учраас ээж маань хоол, хувцас, авто сургуулийн бүх хөлсийг нь төлдөг байсан. Мөн нэхэмжлэгч Н.Э миний эзэмшлийн Газ 24-10 загварын 01-29 УБН дугаартай автомашиныг өгөх гээд нэр шилжүүлэх үед манаач Ж.Баттөмөр нь нэхэмжлэгч Н.Э миний Солонгос улсаас оруулж ирсэн авто сэлбэгнээс 4 удаа хулгайлж зараад архи уусан тул дээрх машиныг өгөөгүй юм. Энэ 4 удаагийн хулгайг цагдаагаар шалгуулж чадаагүй учраас манаач Ж.Баттөмөр нь цааш нь даварч нэг хашааг дотор нь 3 хуваагаад цувуулаад зараад эхэлсэн. Ингээд манаач Ж.Баттөмөрийн 4 удаагийн хулгай, 2 удаагийн хашаа зарсан залилан, нийт 6 удаагийн эрүүгийн гэмт үйлдлүүдийг шалгаж өгөөч, шийдвэрлэж өгөөч гээд Монгол Улсын төрийн болон хууль хяналтын бүх байгууллагуудаар тасралтгүй 12 жил явж байна. Мөн манаач Ж.Баттөмөр нь хашаа байшин барих ямар ч санхүүгийн чадваргүй гэдгийг өнөөдөр ч олон хүн гэрчилнэ. Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2012 дугаар шийдвэрийг /хх-ийн 88/, Нийслэлийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1106 дугаар магадлалаар /хх-ийн 89/ хүчингүй болгосон. Шүүгч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гэж юу байдгийг мэддэггүй бололтой. Хавтаст хэрэгт байгаа Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 685 шийдвэр /хх-ийн 15/, тус шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 909 дүгээр шийдвэр /хх-ийн 92/ шийдвэрт хэргийн оролцогч нараас давж заалдах гомдол гаргаагүй учраас өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Энэ 2 шүүхийн шийдвэрийг шүүгч Д.Солонго хянаж шийдвэрлэсэн бөгөөд хоёр өөр утгатай шийдвэр гарсан. Хариуцагч нарын залилангийн арга, дараалал маш нарийн процесстэй явагддаг. Үүнд: Баянзүрх дүүргийн газрын алба нь 2003 онд үүсэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэтэл манаач Ж.Баттөмөр нь 2004 оны 9 дүгээр сард хашааг маань К.ЭЖд хууль бусаар зарсан. Ингээд Баянзүрх дүүргийн газрын албанд К.ЭЖ, Б.Ц нар нь 2004 оны 10 сард, манаач Ж.Баттөмөр 2004 оны 11 дүгээр сард, нэхэмжлэгч Н.Э би 2004 оны 12 дугаар сард тус тус өргөдөл өгсөн. Гэтэл газрын алба 3 өргөдлийг бүгдийг нь “маргаантай” шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гээд аваагүй. Дээрх хугацаанаас үзэхэд нэхэмжлэгч Н.Э би хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн газрын албанд өргөдлөө өгсөн нь үнэн юм. Учир нь өмчийн эзэн Н.Э “миний байшин шавардлага хийх дутуу байсан”. Гэтэл өмчийн эзэн Н.Э, манаач Ж.Баттөмөр бидний нэр дээр байдаггүй өмч хөрөнгийг хаа хамаагүй Төв аймгийн Алтанбулаг сумаас ирсэн К.ЭЖ, Увс аймгийн Тэс сумаас ирсэн Б.Ц нарт бусдын өмчийг хууль бусаар өмчлүүлсэн нь Баянзүрх дүүргийн Газрын албаныханы ашиг сонирхлын зөрчил дээд цэгтээ хүрсэн гэдгийг тод харуулж байгаа юм. Залилангуудын дараалал нь:
Гэтэл Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг нь Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх заалтад хамруулж байгаа байдал, шүүгч Г.Амаржаргалангийн “нэхэмжлэгч Н.Эын дурдсан объектын хувьд өмчлөх эрхийг хуульд заасан журмаар олж аваагүй, анхдагч өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн” гэжээ. Хариуцагч нар нь дээрх 6 удаагийн залилан буюу эрүүгийн гэмт үйлдлүүдийг үйлдэж, анхдагч өмчлөгч болсон байхад хариуцагч нарыг хууль ёсны анхдагч өмчлөгч нар байна гэж дүгнээд байгаа шүүгчийн маш сонин тэр дотоод итгэлийг гайхаж байна. Маш их гомдолтой байна.
Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 06961 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Э миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье…” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч И.Иаас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1212 тоотод байрлах хашаа, хувийн сууц гаргуулах, Ц.Паас Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Сургуулийн 1213А тоотод байрлах хашаа гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4-т зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь өмчлөлийн буюу эзэмшлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх буюу эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байна.
Хуулийн дээрх зохицуулалтаар шаардлага гаргаж буй этгээд нь эд хөрөнгийг өмчлөх эрхтэй байхаас гадна шаардлага тавигдаж буй этгээдийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсон байхыг хуулийн дээрхи зохицуулалтаар шаарддаг болно.
Нэхэмжлэгч Н.Э нь маргааны зүйл болох газар, хашаа, хувийн сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүйгээс гадна уг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгаа гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно.
Түүнчлэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хохирогч болон сэжигтэнээр байцаасан тэмдэглэл, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, гэрчийн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотлох баримтат мэдээллийг агуулаагүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх боловч шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт “1213А тоот” гэхийг “1212А тоот” гэж зөрүүтэй бичсэнийг залруулан өөрчлөх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06961 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “… 1212А …” гэснийг “1213А” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД
Г.ДАВААДОРЖ