| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 105/2017/0400/Э |
| Дугаар | 907 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ч.Алтансүх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 907
Э.Э , Д.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Алтансүх,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишигийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцлээр Э.Э , Д.Э нарт холбогдох 2017 2501 1316 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Арвинсан овгийн Э.Э, 1990 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 19 дүгээр гудамжны 470Б тоотод оршин суух,
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 351 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:НР90061262/,
2. Олхонуд овгийн Д.Э, 1989 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 8 дугаар гудамжны 296 тоотод оршин суух,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт зааснаар ялыг өршөөн хэлтрүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:УХ89100503/,
Э.Э , Д.Э нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лян хө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Л.-н өмсөж явсан куртикний халааснаас бэлэн 630.000 төгрөгийг шунахайн сэдэлтээр хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Э , Д.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Э.Э , Д.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э , Д.Э нарт 2 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э , Д.Э нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 2 жил хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Э.Э , Д.Э нарыг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Э , Д.Э нар нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э , Д.Э нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г шүүхийн шийдвэрийн давж заалдах хугацаа дуусахад устгаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор О.Алтангэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна.
Гэтэл шүүх шийтгэх тогтоолоор Э.Э , Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнссэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэлээ гэж үзэж байна. Иймд Э.Э , Д.Э нарт холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “хорих ял оногдуулахгүйгэээр тэнсэх” гэсэн өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн ...” гэжээ.
Прокурор Ч.Алтансүх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн гол үндэслэл нь 2 жилийн хорих ял оногдуулсан атлаа оногдуулсан хорих ялаа тэнссэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан нөхцөл байдлыг хангасан тохиолдолд хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан. Тийм учраас хорих ял оногдуулаад тэнссэн нь буруу байна гэж үзэж шийтгэх тогтоолыг зөвтгүүлэхээр эсэргүүцэл бичсэн ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянав.
Э.Э , Д.Э нар нь бүлэглэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лян хө” зоогийн газарт үйлчлүүлж байсан хохирогч Л.Бат-Өлзийгийн өмсөж явсан куртикний халааснаас бэлэн 630.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Бат-Өлзийгийн мэдүүлсэн “... Миний бие 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед эхнэр болон хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лян хө” зоогийн газарт орж хоол идсэн. Бид 4-ийг хоол идээд сууж байхад миний харалдаа арын ширээнд нэг эмэгтэй хүрч ирээд сандлаараа шахаад суусан. Тухайн үед яагаад шахаад байгаа юм бол гэж бодсон мөртлөө нээх юм санаагүй юм. Уг эмэгтэйн урдаас нь нэг эмэгтэй хүрч ирж суусан. Тэгснээ тэр 2 удалгүй гараад явчихсан. Уг 2 эмэгтэй хоол захиалаагүй гараад явсан учраас надад сэжигтэй санагдаад сандал дээр тохоод орхисон байсан куртикнийхээ халаасыг үзтэл дотор талын халаасанд байсан 630.000 төгрөг алга болчихсон байсан. Хяналтын камерийн бичлэгийг үзсэн чинь тэр 2 эмэгтэйн миний ард суусан эмэгтэй нь куртикний халаасыг тэмтэрч байгаад мөнгийг минь аваад гарч байгаа харагдаж байсан ...” /хх-16-18/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мөнхнасангийн мэдүүлсэн “... Манай нөхрийн харалдаа арын ширээнд 1 эмэгтэй хүрч ирээд суусан. Мөн уг эмэгтэйн урдаас хараад 1 эмэгтэй бас хүрч ирээд суусан. Би тэр үед юу ч бодолгүй гар утсаа оролдож байсан юм. Тэгтэл манай нөхөр босч ирээд “би мөнгөө алдчихлаа” гээд халаасаа үзээд байсан. Тэгэхэд нөгөө 2 эмэгтэй аль хэдийн гараад явчихсан байсан ...” /хх-23-24/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ганбаярын мэдүүлсэн “... Хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд урьд нь халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдож байсан Д.Э , Э.Эрдэнмөнх нар нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой байсан. Уг хоёр хүн урьд нь халаасны хулгайн гэмт хэрэг хийгээд шоронд хоригдож байсан. Манай халаасны хэлтэс дээр бүртгэлтэй хүмүүс юм. Урьд нь хэрэгт холбогдохдоо бас бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан. Дээрх 2 хүний хулгайн гэмт хэрэг үйлдэх арга нь янз бүрийн кафе болон хоолны газраар явж нэг нь анхаарал сарниулж байгаад нөгөө нь бусдын эд зүйлийг нь авдаг юм ...” /хх-25-26/ гэх мэдүүлгүүд,
эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, тогтоол /хх-9, 12, 13/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-14-15/, хохирлын мөнгө хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-10/, эд мөрийн баримт /хх-11/, Э.Э , Д.Э нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э , Д.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдөөгүй байна.
Анхан шатны шүүх, прокуророос Э.Э , Д.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин шүүх, шүүгдэгч Э.Э , Д.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “оногдуулсан хорих ялыг тэнсэх” тухай ойлголт, хэм хэмжээ тусгагдаагүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “ ... таван жил хүртэл хугацаагаар тэнсэж ...” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж тодорхой зааж хуульчилсныг 2002 оны Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт зохицуулагдсан “тэнсэх” гэсэн эрүүгийн хариуцлагын төрөлтэй адилтган төсөөтэй хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Мөн шүүгдэгч Э.Э , Д.Э нар нь урьд хулгайн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан боловч шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуульд “ялтайд тооцогдох хугацаа” буюу “ялтай байдал” гэх ойлголт хасагдсан байна.
Иймд Э.Э , Д.Э нарыг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан зэрэг шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, мөн албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ талаар дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 44 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 645 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Арвинсан овогт Эрдэнэбаатарын Эрдэнэмөнх, Олхонуд овогт Доржпүрэвийн Энхзаяа нарт 2 /хоёр/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Арвинсан овгийн Эрдэнэбаатарын Эрдэнэмөнх, Олхонуд овгийн Доржпүрэвийн Энхзаяа нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэсэн өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Э , Д.Э нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.” гэж,
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авагдсан этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлэх хугацаа, хуваарийг нарийвчлан тогтоож, биелэлтэд хяналт тавихыг даалгасугай.” гэж,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э , Д.Э нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ОЮУНЧУЛУУН
Ж.ЭРДЭНЭЧИМЭГ