| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0904/Э |
| Дугаар | 975 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 975
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ц.Гантулгабат,
шүүгдэгч С.О /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.От холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 00782 0948 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн С.О, 1979 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Баялаг Ундраа” худалдааны төвд махны бэлтгэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эх 45-2291 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:
Шүүгдэгч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн АТМ дотроос иргэн Я.Өлзийжаргалын 475.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 457.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч С.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. АТМ-с авсан мөнгөөрөө зээлийн төлбөрийг төлсөн. Хохирлыг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Я.Өлзийжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг Ундраа төвийн 4 давхрын Хаан банкны АТМ дээрээс 475.000 төгрөг авах гэж байгаад гарахгүй байхаар нь яваад өгсөн. Тэгээд удалгүй утсан дээр данснаас 475.000 төгрөгийн зарлага гарсан байсан мэдээлэл ирсэн. Тэгээд Хаан банк руу залгаж асуухад миний дараа АТМ-ээр үйлчлүүлсэн хүн аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,
Яллагдагч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би мөнгийг аваад өөрийн Апол гэх нэртэй Банк бус санхүүгийн байгууллагад байх авто автомашины зээлэндээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/
Иргэн Я.Өлзийжаргалынн цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 5/, иргэн Я.Өлзийжаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 6, 40-44/, Хаан банкны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 29/3274 дугаартай албан бичиг, хавсралт 1 ширхэг сиди /хх-ийн 18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч С.О нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баялаг Ундраа” худалдааны төвийн АТМ дотроос иргэн Я.Өлзийжаргалын 475.000 төгрөгийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 457.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
Хохирогч Я.Өлзийжаргалын: “...2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Баялаг Ундраа төвийн 4 давхрын Хаан банкны АТМ дээрээс 475.000 төгрөг авах гэж байгаад гарахгүй байхаар нь яваад өгсөн. Тэгээд удалгүй утсан дээр данснаас 475.000 төгрөгийн зарлага гарсан байсан мэдээлэл ирсэн. Тэгээд Хаан банк руу залгаж асуухад миний дараа АТМ-ээр үйлчлүүлсэн хүн аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч С.От төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Я.Өлзийжаргал нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч С.От хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж баримт өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С.Оийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар С.От 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл С.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР