| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0901/Э |
| Дугаар | 969 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 969
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Ц.Ганцэцэг,
хохирогч Ч.Баяржаргал,
шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.Цэрэнбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Мд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07538 0522 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Т.М, 1996 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Сүүл даваа 1-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД: /,
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 12 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Түшиг хүнсний дэлгүүр дотор иргэн Ч.Баяржаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Т.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа” гэв.
Хохирогч Ч.Баяржаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 12 цагийн үед манай эхнэр над руу залгаад доод дэлгүүрийн хүн манай эгчийг зодсон байна гэхээр нь би очсон. Очоод өндөр худалдагч болон эгчтэйгээ хамт дэлгүүр рүү нь орсон чинь Т.М нь дотор зогсож байхад манай эгч Т.М рүү заагаад “энэ залуу намайг газар унагаагаад өшиглөсөн” гэхээр нь би очоод “чи яагаад эмэгтэй хүнийг зодож байгаа юм бэ” гэсэн чинь “хохь чинь” гэхээр нь би Т.Мг 1 удаа хөнгөн алгадсан чинь намайг мөргөсөн. Тэгээд Т.Мтэй зууралдаж байгаад “болъё” гэсэн чинь тавихгүй байсан. Шүүгдэгч Т.М биеэ барих чадваргүй санагдсан. Манай найз Дөлгөөн хүрч ирээд салгасан. Тэгээд цагдаа ирж камерын бичлэг үзсэн. Шүүгдэгч Т.М нь эмчилгээний зардалд 509.000 төгрөг төлж барагдуулсан. Мөн би 2019 оны 12 дугаар сар, 2020 оны 1 дүгээр сар ажилгүй байсан цалингаа нэхэмжилж байна. “Эм Жи Жи” эмнэлэгт хагалгаанд орох ёстой болсон. Би Эм Жи Жи эмнэлгээс 2.950.000 төгрөгөөр хагалгаанд орно. Цалингийн зөрүү нь 2019 оны 12 дугаар сарын 310.000 төгрөгийн зөрүү, 2020 оны 1 дүгээр сарын цалингийн зөрүү нь 1.700.000 төгрөгийн зөрүү гарсан. 2019 оны 12 сарын 16-наас 17-нд шилжих шөнө цохиулснаас хойш шүүгдэгч Т.М нь өөрийнхөө бурууг гэмшиж над руу залгаагүй. Аав нь над руу заалгаад “чиний гаргасан 509.000 төгрөгийг өгвөл өгье үгүй гэвэл би чамд юу ч өгөхгүй” гэж ярьсан” гэв.
Хохирогч Ч.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим хүнд зодуулсан...учир нь манай эгч Азжаргалынх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хотхоны 95/3-137 тоотод оршин суудаг юм. Тэр өдөр манай эхнэр эгчийнд байсан юм. Орой эхнэр 00 цаг өнгөрч байхад залгаад Азаа эгчийг доод талын дэлгүүрийн худалдагч газар унагаад өшиглөж зодсон байна, хүрээд ир гэсэн. Тэгээд би удалгүй ирсэн чинь эгч Азжаргал уйлсан сууж байсан. Юу болсон талаар асуухад доод дэлгүүрийн худалдагч намайг өшиглөөд гээд...тэгэхээр нь би аваад доошоо буусан...тэгээд бид хэд дэлгүүр рүү нь орсон чинь нэг залуу байсан. Тэр үед эгч надад хандан энэ залуу намайг газар унагаж өшиглөсөн, чирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи муу эмэгтэй хүнийг ямар дээрэлхүү новш вэ” гээд алгадсан чинь намайг зөрүүлээд мөргөсөн. Мөргөхөд нь миний нүүрэн тус газар хамран дээр таарсан, хамарнаас цус гараад барьцалдаад байж байхад манай найзууд гаднас ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Гэрч Ч.Азжаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 23 цагийн орчимд би өөрийн байрны доод талын дэлгүүрт орж ирж цэнэглэгч нэхсэнээс болж намайг согтуу байна гэж тэнд ажилладаг хүмүүс надтай хэрүүл маргаан үүсгээд намайг дэлгүүрээсээ түлхэж гаргаж газар унаган өшиглөсөн. Тэгээд би дараа нь гэртээ тухайн үед дүү Ч.Баяржаргалыг дуудсан чинь дүү ирээд учрыг нь олохоор хамт дэлгүүр ороод яагаад эмэгэй хүн зопож байгаа юм гэхэд тэр М нь хохьно гэсэн байдаг юм. Тэгэхээр нь манай дүү 1 удаа алгадсан чинь зөрүүлээд толгойн тус газар нь хамар хэсэгт нь мөргөсөн. Тэгээд зодолдох гээд байхад нь найз нь салгах гэж оролдоход чадаагүй. Сүүлдээ манай дүү Баяржаргал “чи тавьчих аа, би чамтай зодолдохгүй, учраа олъё” гээд салцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч Б.Буяндэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарт хотхоны 95 дугаар байрны доор байрладаг Түшиг хүнснй дэлгүүрт агуулахын өрөөнд байж байхад гаднаас үл таних эмэгтэй ороод ирсэн. Араас нөхөр орж ирээд энд гадны хүн орж болохгүй гээд...М цаанаас гарч ирж тэр эмэгтэйг гаргах үед Мг доромжлоод цохиж аваад байсан...дараа нь хэсэг хугацааны дараа дүүтэйгээ ирж зодоон үүсгэсэн. Манай ажилтан Мг дүү нь гэх залуу орж ирж цохиж авахаар нь М зөрүүлээд нэг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,
Гэрч Б.Дөлгөөн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Азжаргал нь хэрүүл маргаан үүсгээд дүү Баяржаргалыг дуудсан юм билээ, тэгээд дэлгүүрт нь би хамт орсон. Тэр үед Баяржаргал “та нар эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэж тэр М гэгчийг алгадсан чинь М нь зөрүүлээд Баяржаргалыг мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 59/,
Гэрч Б.Жаргал мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Баяржаргал нь М гэгчийг нэг удаа алгадсан. М нь зөрүүлээд нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/,
Гэрч Т.Галтхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мг Баяржаргал гэгч цохиж аваад эгч Азжаргал нь самардаад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд зөрүүлээд М нэг удаа толгойн тус газар нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65/,
Яллагдагч Т.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ч.Баяржаргалын биед мөргөж гэмтэл чруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №432 тоот дүгнэлтэд:
1. Ч.Баяржаргалын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 30-31/, яллах дүгнэлтийн хавсралт хэсэг /хх-ийн 75/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 68/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Т.М нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны орцны жижүүр М.Бат-Эрдэнэтэй хоол хүнсийг хогийн саванд хийлээ гэх шалтгааны улмаас маргалдан маргах явцдаа толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Ч.Баяржаргалын: “...2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цаг 20 минутын орчим хүнд зодуулсан...учир нь манай эгч Азжаргалынх Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарт хотхоны 95/3-137 тоотод оршин суудаг юм. Тэр өдөр манай эхнэр эгчийнд байсан юм. Орой эхнэр 00 цаг өнгөрч байхад залгаад Азаа эгчийг доод талын дэлгүүрийн худалдагч газар унагаад өшиглөж зодсон байна., хүрээд ир гэсэн. Тэгээд би удалгүй ирсэн чинь эгч Азжаргал уйлсан сууж байсан. Юу болсон талаар асуухад доод дэлгүүрийн худалдагч намайг өшиглөөд гээд...тэгэхээр нь би аваад доошоо буусан...тэгээд бид хэд дэлгүүр рүү нь орсон чинь нэг залуу байсан. Тэр үед эгч надад хандан энэ залуу намайг газар унагаж өшиглөсөн, чирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чи муу эмэгтэй хүнийг ямар дээрэлхүү новш вэ” гээд алгадсан чинь намайг зөрүүлээд мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Буяндэлгэрийн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарт хотхоны 95 дугаар байрны доор байрладаг Түшиг хүнснй дэлгүүрт агуулахын өрөөнд байж байхад гаднаас үл таних эмэгтэй ороод ирсэн. Араас нөхөр орж ирээд энд гадны хүн орж болохгүй гээд...М цаанаас гарч ирж тэр эмэгтэйг гаргах үед Мг доромжлоод цохиж аваад байсан...дараа нь хэсэг хугацааны дараа дүүтэйгээ ирж зодоон үүсгэсэн. Манай ажилтан Мг дүү нь гэх залуу орж ирж цохиж авахаар нь М зөрүүлээд нэг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Б.Дөлгөөний: “...Азжаргал нь хэрүүл маргаан үүсгээд дүү Баяржаргалыг дуудсан юм билээ, тэгээд дэлгүүрт нь би хамт орсон. Тэр үед Баяржаргал “та нар эмэгтэй хүнийг яаж байгаа юм” гэж тэр М гэгчийг алгадсан чинь М нь зөрүүлээд Баяржаргалыг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Т.Мд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Т.Мгээс гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү болох нийт 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Баяржаргалд олгохоор шүүх шийдвэрлэв.
Харин хохирогч Ч.Баяржаргал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч Т.Мд хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Т.Мд 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.М нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 509.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Мгээс 310.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.Баяржаргалд олгосугай.
6. Хохирогч Ч.Баяржаргал нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР