| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00741/и |
| Дугаар | 734 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 734
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Хяргас сумын Булганхангай багт оршин суух, 1965 онд төрсөн, эмэгтэй, ОС65122901 регистрийн дугаартай, Илжигэн овогтой Зандрагчаагийн Долгорсүрэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1965 онд төрсөн, 51 настай. Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 16 настай буюу 1981 оноос саальчин, малчнаар 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан болно. Өндөр насны тэтгэвэрт гарах болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн байна. Иймд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Сүхбаатарын зам нэгдэлд 1981 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Увс аймгийн Хяргас сумын Булганхангай багт ганц биеэр мал маллан амьдардаг. Ар гэрт малаа харах хүнгүй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хурал хийж, миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Долгорсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан Загдрагчаа овогтой Долгорсүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Ч.Оюунцэцэгийн шүүхэд өгсөн: З.Долгорсүрэн бид нар намтдаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан учраас нэгнээ мэднэ. Би 1981 оноос 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. З.Долгорсүрэн нь мөн 1981 оноос 1990 оныг дуустал нэгдэлд малчнаар ажилласан. З.Долгорсүрэн бид хоёр үе тэнгийн хүмүүс юмаа. З.Долгорсүрэн одоо ч Цагаанхайрхан сумын Хунт бригадад мал маллан амьдарч байгаа. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар н.Хоожин, н.Цэрэндорж гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Б.Хашхүүгийн шүүхэд өгсөн: Би 1975 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажилд орон ажиллаж байгаад тус сумын Сүхбаатарын зам нэгдэлд 2 жил ажиллаад буцаад Модны үйлдвэртээ 2002 он хүртэл ажилласан. З.Долгорсүрэнгийн аав Зандрагчаагийнх манайхтай айл, хошоо байсан учраас би сайн мэдэж байна. З.Долгорсүрэн нь 1981 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж аав, ээжийн хамтаар Сүхбаатарын зам нэгдэлд саальчнаар ажилласан. З.Долгорсүрэн нь 1981 оноос эхлэн 1990 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл Сүхбаатарын зам нэгдэлд саальчнаар ажилласан. Одоо З.Долгорсүрэн нь Увс аймгийн Хяргас сумын нутагт мал маллан амьдарч байна. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргаар н.Хоожин, н.Цэрэндорж гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ч.Оюунцэцэгийн иргэний үнэмлэхний лавлагаа болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1004 тоот шийдвэр, гэрч Б.Хашхүүгийн иргэний үнэмлэхний хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд тус тус авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нэхэмжлэгч З.Долгорсүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар З.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Илжигэн овогтой Зандрагчаагийн Долгорсүрэнгийн 1981 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар нийт 9 /ес/ жил 6 /зургаа/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч З.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА