Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 735

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Зэлийн гол баг, 3-8 тоотод оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй,ОО59080378 регистрийн дугаартай, Цагаагчууд овогтой Бавуудоржийн Цогтоогийн,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Цогтоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цогтоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1959 онд төрсөн, 59 настай. 1977 оноос 1980 оны хооронд цэргийн алба хаасан. 1980 оны 12 дугаар сараас эхлэн 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй, Таван тэс ХХК-нд тасралтгүй тракторчноор ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн учраас аймгийн Архивын тасгаас ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтыг гаргуулж авсан тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй, Таван тэс ХХК-нд 1980 оны 12 дугаар сараас 1994 оныг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цогтоо нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй, Таван тэс ХХК-д тракторчноор ажиллаж байсан Бавуудоржийн Цогтоогийн 1980 оны 12 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

- Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 95 тоот Ажилд авах тухай тушаалд: 64-97 номерын тракторын жолоочоор ажиллаж байсан Даш овогтой Доржсүрэнг өөрийн нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, мөн өдрөөс эхлэн тракторын жолоочоор Бавуудорж овогтой Цогтоог авч ажиллуулсугай. ... Дарга П.Цэвээн гэжээ,

- Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 29 тоот Ажилчид шагнах тухай тушаалд: ... 4.Төлөвлөгөөгөө 105 хувиас дээш хувиар биелүүлсэн нэр бүхий 30 техникчийг тус бүр 75 төгрөгөөр шагнаж, нэрсийг 4 дүгээр хавсралтаар баталсугай. ... гээд 4 дүгээр хавсралтын 117 дугаарт Цогтоо-75 төгрөг гэжээ,

- Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 72 тоот лавлагаанд: Тэсийн тэжээлийн аж ахуй УҮГ нь 1991 оны 12 дугаар сарын 28-нд Таван тэс ХК болж өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ,

- Гэрч Р.Баатар-Уулын шүүхэд өгсөн: Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйдтракточин, хадуурчин, тармурчнаар ажиллаж байгаад 1979 онд цэргийн албанд явж, 1982 онд халагдаж ирээд, мөн байгууллагадаа үргэлжүүлэн Хадлангийн 2 дугаар /Цагаан бураа/ бригадад 1994 оныг дуустал ажилласан юм. Б.Цогтоо нь намайг 1982 онд цэргээс халагдаж ирэхэд 1980 онд ажилд орсон гэсэн тусгай салаанд трагкторын жолоочоор ажиллаж байсан. Б.Цогтоо нь 1994 оныг дуустал уг байгууллагадаа трагкторын жолоочоор ажилласан. Бид үе тэнгийн хүмүүс учраас нэгнээ сайн мэднэ. Тэжээлийн аж ахуй нь нийт 5 бригад, 2 салаа болон өвс тэжээл бэлтгэдэг байсан. Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн Таван тэс хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг байгууллага байсан юм. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,

- Гэрч Ж.Гэндэнгийн шүүхэд өгсөн: Би 1977 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйдтракточин, хадуурчнаар 1994 оныг дуустал хугацаанд ажилласан юм. Б.Цогтоо нь 1980 оноос манай байгууллагын хадлангийн Хөх аралын салонд 1994 оныг дуустал тээврийн трактор барьж байсан. Б.Цогтоогийн аав нь Бавуудорж гэх хүн тус аж ахуйд жолоочоор ажиллаж байсан, Зүүнговь сумаас шилжиж ирсэн хүмүүс юмаа. Би Хадлангийн 1 дүгээр бригадад ажиллаж байсан. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оноос эхлэн Таван тэс хувьцаат компани болон ажиллаж байгаад 1994 оныг дуустал ажиллаад хувьчлагдсан. Тэсийн тэжээлийн аж ахуй нь баруун 5 аймгийн өвс тэжээлийн фонд бэлтгэдэг байгууллага байсан юм. Жилдээ 300 гаргуй тоонн өвс, тэжээл бэлгэдэг байсан. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн гэх хүмүүс ажиллаж байсан юм гэх мэдүүлэг,

- Гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 тоот, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 тоот шийдвэрүүдийн хуулбар зэрэг баримтууд болно.

Хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараар Б.Цогтоогийн 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Цогтоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаагчууд овогтой Бавуудоржийн Цогтоогийн 1980 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Таван тэс ХК-д тус тус тракторчноор нийт 14 /арван дөрөв/ жил 22 /хорин хоёр/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Цогтоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА