| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00735/и |
| Дугаар | 736 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 736
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 18-12 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй,ОТ66111368 регистрийн дугаартай, Шаавай овогтой Норжинсүрэнгийн Өлзийтогтохын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Өлзийтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Өлзийтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1966 онд төрсөн, 52 настай. Увс аймгийн Тарилан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад 16 настайгаасаа буюу 1981 оноос малчин болж, 1985 он хүртэл хонь, ямаа маллаж байсан. Одоо нас өндөр болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн учраас Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний тус нэгдэлд 1981 оноос 1985 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Өлзийтогтох нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:
- Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажиллаж байсан Норжинсүрэн овогтой Өлзийтогтохын 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,
- Гэрч Д.Мундаажийн шүүхэд өгсөн: Би 1968 оноос 1970 оны хооронд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд зоотехникчээр ажиллаж байгаад 1970 оноос 1973 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс 1973 оны намар халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1983 оныг дуустал зоотехникчээр, 1983 оноос 1994 оныг дуустал Туяа нэгдлийн Тарвагатай бригадын даргаар ажиллаж байсан тул Н.Өлзийтогтохын ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байгаа юм. Н.Өлзийтогтох нь 1981 оноос 16 настайгаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Н.Өлзийтогтох нь нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг дуустал Тариалан сумын Туяа нэгдлийн Бургастай бригадад малчнаар ажилласан. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ш.Цээлэйгийн шүүхэд өгсөн: Н.Өлзийтогтох нь аав, ээжтэйгээ Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1981 оноос эхлэн малчин болж, Тээлийн боом, Нуурын хөвөө, Хорхойтын зааг, Хайч, Дүүрэн гэх газруудаар мал маллаж байсан. Н.Өлзийтогтох нь Тариалан сумын Алгаа гэх хүнтэй гэр бүл болон тусдаа гарсан ч мөн нэгдэлдээ үргэлжлүүлэн мал маллаж нэгдэл тарах хүртэл буюу 1992 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Би 1977 оноос 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан гэх мэдүүлэг,
- Гэрч Ш.Цээлэйгийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, гэрч Д.Мундаажийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд зоотехникч, Тарвагатай бригадын даргаар томилогдож байсан тухай тус нэгдлийн даргын 1973 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 13 тоот тушаал, мөн даргын 1983 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 93 тоот тушаал, Тариалан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 52 тоот тогтоолын хуулбар зэрэг баримтууд тус тус авагджээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь 1985 оныг дуустал хугацаанд Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолтод 1985 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байх тул шүүх тухайн нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хэрэгт авагдсан Архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Н.Өлзийтогтохын 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Өлзийтогтохын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаавай овогтой Норжинсүрэнгийн Өлзийтогтохын 1981 оны 1 дүгээр сараас 1985 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар нийт 4 /дөрөв/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Өлзийтогтохын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА