Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 761

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 47 дугаар гудамж, 45 тоотод оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, ЦГ67032200 регистрийн дугаартай, Галзад овогтой Гэлэгсэнгээгийн Минжээхүүгийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Г.Минжээхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1967 онд төрсөн, 50 настай. Би 1983 онд дунд сургуулиа төгсөөд үйлдвэрлэлд хувиарлагдаж, Увс аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээг удирдах газрын Хими цэвэрлэгээний угаалгын тасагт хувцас, цагаан хэрэгсэл индүүдэгчээр анх ажилд орсон. Уг газар 1990 оны 10 дугаар сард хувьчлагдахад Ёл хоршоо ББХК болж үйл ажиллагаагаа явуулж байсан ба тус аж ахуйгаас 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн болно. Миний бичиг баримт тэтгэвэрт гарах шаардлага хангахгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариу өгсөн юм. Иймд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Минжээхүү нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 133 тоот лавлагаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний удирдах газрын даргын тушаал, цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Гэлэгсэнгээ овогтой Минжээхүүгийн 5 жилийн цалинг шүүн үзэх боломжгүй байна гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 27 тоот Ажилд томилох тухай тушаал, мөн Увс аймгийн Үйлдвэр үйлчилгээний Ёл ББХ хоршооны даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот тушаалууд эх хувиараа авагдсан байгаа бөгөөд уг тушаалуудаас үзэхэд нэхэмжлэгч Г.Минжээхүүг 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газрын Химийн угаалгын хувцас, цагаан хэрэглэл индүүдэгчээр авч, 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Ёл ББХХоршооны Химийн угаалгын хувцас, цагаан хэрэглэл индүүдэгчийн ажлаас чөлөөлсөн байна.

           Мөн Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/481 тоот тодорхойлолтод: Ёл хоршоо ББХХ нь 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн нь үнэн болно гэжээ.

          Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Үйлдвэр үйлчилгээний Ёл ББХ хоршооны даргын 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 тоот тушаал, Увс аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1/481 тоот тодорхойлолт зэргээс үзэхэд 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар нь зохион байгуулалтын өөрчлөлтөд орж, Ёл ББХ хоршоо болсон нь тогтоогдож байна.

           Үүнээс гадна шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Ядамсүрэн, Р.Сүхбаатар нарыг гэрчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба гэрч Г.Ядамсүрэн: Би Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний Барилга засварт 1983 оноос эхлэн гагнуучрнаар 1990 он хүртэл ажилласан. Г.Минжээхүү бид хоёр үе тэнгийн хүмүүс юмаа. Г.Минжээхүү нь Нийтийн ахуй үйлчилгээний хими цэвэрлэгээнд 1983 оноос 1990 оныг дуустал индүүдэгчээр ажиллаж байсан. 1990 онд Нийтийн ахуй үйлчилгээ хувьчлагдаж тарсан. Нийтийн ахуй үйлчилгээний хими цэвэрлэгээ нь 1990 оны 10 дугаар сард Ёл хоршоо болсон ба Г.Минжээхүү нь уг хоршоонд үргэлжлүүлэн 1992 оныг дуустал ажилласан. Хими цэвэрлэгээ нь нэг индүүдэгч, хоёр угаагчтай ажиллаж байсан. Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргаар н.Давааням, н.Ядмаа гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Р.Сүхбаатар: Г.Минжээхүү нь намайг 1980 онд Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний комбинатад цагаан хэрэглэл, хими цэвэрлэгээний жолоочоор ажилд ороход уг байгууллагад индүүдэгчээр ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн бид хамтдаа нэг байгууллагад ажиллах болсон. Би 1989 оныг дуустал тус байгууллагад ажиллаж байгаад Нийтийн ахуй үйлчилээний газар луу жолоочоор үргэлжлүүлэн ажилласан. Г.Минжээхүү нь Нийтийн ахуй үйлчилгээний хими цэвэрлэгээнд 1983 оноос 1990 оныг дуустал индүүдэгчээр ажиллаж байсан. 1990 онд Нийтийн ахуй үйлчилгээ хувьчлагдаж тарсан. Нийтийн ахуй үйлчилгээний хими цэвэрлэгээ нь 1990 оны 10 дугаар сард Ёл хоршоо болсон. Г.Минжээхүү нь уг хоршоонд үргэлжлүүлэн 1992 оныг дуустал ажилласан. Бид нэгнээ сайн мэднэ, хамт нэг байгууллагад ажиллаж байсан болохоор. Хими цэвэрлэгээ нь нэг индүүдэгч, хоёр угаагчтай ажиллаж байсан. Увс аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын даргаар Ц.Давааням, Комбинатын даргаар Б.Ядмаа гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэх мэдүүлгийг тус тус өгсөн ба гэрчүүдийн иргэний үнэмлэхний хуулбар болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт тус тус авагджээ.

         Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн, Г.Минжээхүүгийн 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар, 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ёл Бүрэн бус хариуцлагатай хоршоонд тус тус химийн угаалгын хувцас, цагаан хэрэглэл индүүдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Минжээхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Галзад овогтой Гэлэгсэнгээгийн Минжээхүүгийн 1983 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээг удирдах газар, 1992 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Ёл Бүрэн бус хариуцлагатай хоршоонд тус тус химийн угаалгын хувцас, цагаан хэрэглэл индүүдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Минжээхүүгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА