Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 98

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Оюунцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй   явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т  холбогдох эрүүгийн 2036000170071 дугаартай, 178/2020/0102/Э/  индекстэй хэргийг 2020 оны 05  сарын 04-ний  өдөр  хүлээн  авч  2020 оны 05 сарын 26-ны  өдөр  хянан хэлэлцэв.

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1979 оны 12 сарын 24-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ард халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ганцаараа, Ховд аймгийн Буянт сумын Нарийн гол, 1 дүгээр багт оршин суух,  ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай,  ******* овогт ******* ******* / ******* хочтой /

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэнд тусгагдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 01 сарын 03-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 07 дугаар гудамж, 03 тоот хашааны цаанаас тоосго шидэж хашаан дотор байсан иргэн ******* толгойн тус газар тоосгоор цохиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. 

             Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Мөрдөн  шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 07-03 тоотод оршин суух, 1964 оны 04 сарын 27-ны өдөр төрсөн, 56 настай, эрэгтэй,  ард халх, боловсролгүй, мэргэжилгүй, Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижилтын газар ачигч ажилтай, ам бүл ганцаараа, ПЮ 64042712 дугаарын регистртэй / Тэмээнийхэн овогт Дамдинсүрэнгийн Нэргүйгийн өгсөн...2020 оны 01 сарын 03- ны өдөр ажлаасаа тарах гэж байхад манай ажил дээр Ю.Магсар, Б.Наранбаатар нар ирсэн. Б.Мөнхцоож бид дөрөв уулзаад манайд очсон. Манай гэрт 0,75 литрийн Тэргүүн архи уугаад сууж байхад гаднаас Д.******* / ******* / орж ирсэн. Д.******* нь Б.Наранбаатартай маргалдсан. Чи гар гээд Б.Наранбаатарын хамт гэрээс гарсан. Тэгэхээр би Б.Мөнхцоожийн хамт гэрээс гарахад тэр хоёр маргалдаад барилцаад авсан байсан. Би тэр хоёрыг салгаад Д.*******ыг гэр лүү нь явуулаад бие засахаар явж байтал миний толгой хэсэгт нэг хатуу зүйлээр цохисон. Би арагшаа савж унаад хэсэгтээ ухаангүй байсан. Гэрт ороод харахад толгойноос цус гарсан байсан. Манай охин орж ирээд эмнэлэгт хүргэсэн. Д.******* бид хоёр маргалдаж, зодолдсон асуудал байхгүй. Миний толгойн дух хэсэгт цөмөрч хагарсан. Хотод очиж хагалгаанд ороод ирсэн. Д.******* нь Б.Наранбаатарыг андуураад намайг тоосгоор цохисон байх. Намайг цохих ямар нэгэн шалтгаан байгаагүй. Надад эмчилгээний зардалд 2500000 төгрөгний зардал гарсан. Миний хохирлыг төлөөд өгвөл надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Одоогоор миний бие өвдөөд шаналгаатай байгаа...гэх мэдүүлэг / хэргийн 10-11 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Цагаанцэцэгийн өгсөн... 2020 оны 01 сарын 03- ны орой 19 цагийн үед Ю.Магсар гэдэг хүн над руу яриад “ аав чинь хүнд цохиулчихлаа, хүрээд ир” гэж хэлсэн. Би нөхөр Э.Буянхишигийн хамт ирсэн. Манай аавын толгойноос цус гоожиж байсан. Би юу болсон талаар асуухад Д.*******/ *******/ цохисон гэж хэлсэн.  Түүнийг хаашаа явсан талаар асуухад манай гэрийн дээд талд байх эгчийндээ байгаа гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Д.*******ыг дүүгийндээ байхад нь дагуулж ирсэн. Манай гэрт цагдаа ирсэн байсан. Манай аавыг эмнэлэгт хүргэж боолт хийлгэсэн. Хамт байсан Б.Наранбаатар гэдэг залуу хэлэхдээ...манай аавынд Ю.Магсар, Уугий, Б.Наранбаатар нар архи уусан. Гаднаас Д.******* согтуу орж ирээд Б.Наранбаатар, Ю.Магсар нартай маргалдсан. Д.*******ыг манай аавын дээд талын хашаанд байдаг эгчийнд нь оруулж өгөөд буцаж манай аавынд орж ирсэн. Энэ үед манай аав бие засах гээд  тэр хоёртой зөрөөд гарахад  урдаас нь Д.*******/ *******/ тоосгоор цохиод ухаан алдуулсан гэсэн. Манай аавын дух нь цөмөрсөн, Улаанбаатар хотод эмчлүүлээд ирсэн. Эмчилгээний зардалд 2500000 төгрөг гарсан...гэх мэдүүлэг / хэргийн 16-17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхцоожийн өгсөн...2020 оны 01 сарын 03-ны орой ажил тарах гээд байж байтал “хүн дуудаж байна” гээд гараад очиход Ю.Магсар, Б.Наранбаатар хоёр байсан. Бид нар мэнд мэдээд тамхи татаад сууж байгаад Д.Нэргүй ахыг дуудаад тэдний гэрт очсон. Тэнд очоод 0.75 литрийн архи хувааж уусан. Бид нарыг архи уугаад сууж байхад миний зүс танидаг, Д.*******/ хаагаа / гэдэг залуу орж ирсэн. Д.Нэргүй ах түүнийг одоо яв гэсэн. Мөн Б.Наранбаатар түүнийг яв гээд маргалдаж байгаад гэрээс гараад барилцаж авсан. Тэр хоёрыг ноцолдоод байхаар Д.Нэргүй ах, Ю.Магсар ах бид гурав тэр хоёрыг салгасан. Тэгтэл Д.******* /*******/ цааш эргээд явсан. Бид нар буцаад гэртээ орсон. Намайг бие засахаар гараад ирэхэд Д.Нэргүй ахын толгой хагарчихлаа гэж байсан. Тэгээд би яасан юу болсон талаар асуухад “хашаан дээгүүр тоосго шидээд хагалсан” гэж байсан. Эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Д.******* , Б.Наранбаатар  хоёр хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, нэг нэгэнтэйгээ барилцаж аваад бид нар салгасан. Д.******* гаднаас согтуу орж ирсэн...гэх мэдүүлэг / хэргийн 18-19 дүгээр хуудас/

Мөрдөн  байцаалтад гэрч Ю.Магсарын өгсөн...2020 оны 01 сарын 03-ны өдрийн 16 цагийн үед Б.Наранбаатартай уулзаад Хот тохижуулах газар ирж, Д.Нэргүй, Б.Мөнхцоож нартай уулзсан. Бид дөрөв Д.Нэргүй ахын гэрт ирээд 0.75 литрийн нэг шил архи ууцгаасан. Архиа уугаад сууж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирээд үүдэнд сууж байсан. Д.Нэргүй ах түүнийг  “чи гар, яв” гэж хэлж байсан. Тэгтэл нөгөө залуу явахгүй байсан. Б.Наранбаатар түүнийг “яв” гээд татаад гэрээс гаргасан. Б.Мөнхцоож,Д.Нэргүй ах бид гурав араас нь гарсан. Тэр хоёр барилцаж аваад түлхэлцэж байсныг Б.Мөнхцоож, Д.Нэргүй ах хоёр салгасан. Бид нар буцаж гэртээ ороод архиа ууж байгаад тамхи татахаар бүгдээрээ гараад  бие засаад Б.Мөнхцоожийн хамт Д.Нэргүй ах болон Б.Наранбаатар дээр яваад очиход Д.Нэргүй ах толгойгоо барьчихсан толгойноос нь цус гарч байсан. Юу болсон талаар асуухад Д.Нэргүй ах Д.*******/ *******/ цохичихлоо гэж байсан. Бид нар гэрт нь дагуулж ороод цагдаа, эмнэлэг дуудсан.Д.Нэргүй ахын дух хэсэгт цохисон байсан...гэх мэдүүлэг / хэргийн 20-21 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Наранбаатарын өгсөн...2020 оны 01 сарын 03-ны өдөр Ю.Магсартай уулзаад Хот тохижуулах газар орж Д.Нэргүй болон Б.Мөнхцоож нартай уулзсан. Бид нар Д.Нэргүй ахын гэрт ирсэн. Д.Нэргүй ахын гэрт нэг шил 0.75 литрийн архи ууцгааж байхад гаднаас нэг танихгүй залуу орж ирсэн. Тэгтэл Д.Нэргүй ах одоо яв гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрын дунд маргаан болоод байхаар нь “ чи одоо яв “ гээд гэрээс чирж гаргасан. Гадна гараад барилцаж аваад нэг нэгнээ түлхэж байтал нөгөө залуу газар унасан. Д.Нэргүй ах, Б.Мөнхцоож, Ю.Магсар нар ирээд бид хоёрыг салгасан. Намайг гэрт аваад орсон. Гэртээ ороод байж байгаад бие засахаар гэрээс гарсан. Д.Нэргүй ах хашааны тэнд очоод бие засаж  байсан. Би бие засаад эргээд харахад Д.Нэргүй ах толгойгоо бариад сууж байсан. Тэгэхээр нь “би очоод яасан бэ” гэхэд  хашааны цаанаас тоосго шидээд толгой хагалчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид нар Д.Нэргүй ахыг аваад гэрт нь оруулаад цагдаа дуудсан. Д.Нэргүй ах ******* гэх хочтой залуу цохчихлоо гэхээр нь мэдсэн.  Д.Нэргүй ахын дух хэсэгт нь цохисон байсан. Бид нар  архи уусан. Согтуу байсан...гэх мэдүүлэг / хэргийн 22-23 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020 оны 02 сарын 21-ний өдрийн 112 дугаартай...******* биед дух ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. ******* биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. ******* биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. *******  биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт / хэргийн 29-30 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 01 сарын 03-ны орой зах  орж ирээд гэртээ байж байтал манай хажуу талын айлд хүмүүс дуугараад байхаар нь яваад ороход Д.Нэргүй ах танихгүй гурван залуутай согтуу байсан. Тэгтэл нэг залуу нь надтай хэрүүл маргаан үүсгээд босч ирээд намайг боосон. Тэгээд гэрээс гарахад намайг унагаад дээрээс дэвссэн. Тэндээс салаад гэртээ ороход миний араас манай эгчийн гэрт орж ирсэн. Намайг цохиж байгаад гараад явахаар нь тэр хүмүүс рүү чиглүүлээд гарт таарсан нэг зүйл аваад шидсэн. Би зугтаад явсан. Д.Нэргүй ахын эрүүл мэндэд болгоомжгүйгээр гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед Б.Наранбаатар гэдэг залуу надтай хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Б.Наранбаатарыг цохих гээд андуураад Д.Нэргүй ахыг цохисон байсан. Дүгнэлтийг  хүлээн зөвшөөрнө. Д.Нэргүй ахын нэхэмжилж байгаа эмчилгээний зардал 2500000 төгрөгийг төлж өгнө. Тэднийд ямар нэгэн ажлыг нь хийж өгөөд төлнө. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг

 Хохирогч Д.Нэргүй...болон түүний охин Н.Цагаанцэцэг  нарын  Ховд аймгаас Улаанбаатар хот руу онгоцоор зорчсон  тасалбарын үнэ, хотоос Ховд руу  автобусаар ирсэн билетний үнэ, хохирогч *******  Гэмтэл согог судлалын  үндэсний төв, Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд төлсөн эмчилгээ болон эмийн баримт, Өвчний түүхийн хуулбар  / хэргийн 59-73 дугаар хуудас \  зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

 Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 01 сарын 03-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 07 дугаар гудамжны 03 тоот хашаанд оршин суух *******  гэрт  түүнтэй архи ууж байсан   Б.Наранбаатартай маргалдаж, гэрээс гарч хашаан дотор барилцаж авсныг  Д.Нэргүй, Б.Мөнхцоож, Ю.Магсар нар нь салгаж, Б.Наранбаатарыг ******* гэрт оруулсан. Д.Нэргүй болон Б.Наранбаатар, Б.Мөнхцоож, Ю.Магсар  нар нь ******* гэрт орж дахин архиа ууцгааж байгаад  гэрээс гарч бие засаж   байх үед нь  Д.******* нь хашааны цаанаас тоосго шидэж хохирогч ******* толгойн  тус газар нь цохисон, үүний улмаас ******* биед духны яс цөмөрсөн гэмтэл учирч улмаар   Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гавал тархины  тасагт  Д.Нэргүй нь 2020 оны 01 сарын 07-ны өдөр  духны ясны цөмөрсөн хугарлын хэлтэрхийнүүдээ  түүлгэх,  титан меш тавиулах мэс засал  хийлгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.******* нь *******д архи ууж байсан Б.Наранбаатартай маргалдсан ба тэднийг салгасан Д.Нэргүйг гэрээсээ гарч бие засаж байх үед хашааны цаанаас тоосго шидэхдээ гэмтэл учирна гэдгийг мэдэлгүй шидсэн гэж мэдүүлж байгаа болон гэрч Б.Наранбаатар,Б. Мөнхцоож, Ю.Магсар нарын...тэднийг гэртээ ороод, дахин архиа ууж байгаад бүгдээрээ бие засахаар гарч ирээд Д.Нэргүйг хашааныхаа дэргэд зогсож байх үед хашааны цаанаас  шидсэн зүйл *******  толгойн тус газар нь онож цус гарч байсан. Хэн шидсэн талаар Д.Нэргүйгээс асуухад...Д.******* /*******/ шидсэн гэсэн...гэх мэдүүлэгээс үзэхэд шүүгдэгч Д.******* нь өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэн нь гэж үзэхээр байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.*******ыг хашааны цаанаас хохирогч Д.Нэргүй рүү тоосго шидэж толгойн тус газар нь оносны улмаас  хохирогчийн  эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ... дух ясны цөмөрсөн хугарал...гэх хүнд гэмтэл учруулсан үйлдэлд...хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан...гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.*******ыг хашааны цаанаас тоосго шидэж хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь болгоомжгүй үйдлийн  улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Мянгад овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Дээрхи гэмт хэрэг нь архидан согтуурсны улмаас үйлдэгджээ. 

                    Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг:

 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Нэргүй нь эмчилгээний зардалд 2500000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Д.******* нь төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 2500000 төгрөг гаргуулан хохирогч Д.Нэргүйд олгохоор тогтов.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Мянгад овогт ******* ******* нь ял шийтгүүлж байгаагүй нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, /хэргийн 43 дугаар хуудас/ болон мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Чулуунбатын өгсөн... Манай ах Д.******* нь даруухан дуу цөөтэй, хүнд тусархаг, айл саахалтын хүнд тус болоод малыг хариулаад явдаг.  Архи согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Буянт болон Дуут суманд хөлсөөр мал малладаг... гэх мэдүүлэг, гэрч Д.Отгонмандалын өгсөн...Бид хоёр багаасаа нэг нутагт өссөн. Д.******* нь даруухан дуу цөөтэй, хүнд тусархаг, эелдэг харьцаатай, сургуульд суугаагүй, багаасаа мал маллаж байсан. Цэргийн алба хаагаагүй. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

 Улсын яллагч  дүгнэлт, тайлбартаа:  Шүүгдэгч Д.******* нь 2020 оны 01 сарын 03-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 07 дугаар гудамж 03 тоот хашааны цаанаас тоосго шидэж хохирогч ******* толгойн тус газар онож хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч нар нь   хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 2500000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан 8 сарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.*******т хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирлыг зөвшөөрсөн хэмжээгээр төлүүлэх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлт,тайлбартаа:  Шүүгдэгч Д.******* нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн   маргахгүй байна. Шүүгдэгч Д.*******ын хувьд *******д очсон, хэсэг хүмүүс архи ууж байсан, тэдэнтэй маргалдсан, зугтаж яваад тоосго шидсэн. Тоосго нь ******* толгойнд цохиж хүнд гэмтэл учруулсан.  Д.******* нь ам бүл ганцаараа, Буянт сумын Нарийн гол болон Цагаан эрэг багийн айлуудаар амьдардаг. Эрхэлсэн  ажилгүй, орлогогүй тул  хохирогчид учирсан хохирлыг хохирогчийн даалгасан хийж болох ажлыг нь хийж өгөөд төлөхөөр  тохиролцсон. Шүүгдэгч Д.*******ын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Шүүгдэгч Д.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Мянгад овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн  дүгнэлт тайлбар, шүүгдэгч хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг  харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг  шүүгдэгч Д.*******т тайлбарлан өгөв.

Эрүүгийн 2036000170071  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг,  36.5 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Мянгад овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд  хүнд хохирол болгоомжгүйгээр  учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Мянгад овогт ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 8 / найм / сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн 2036000170071  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******аас 2500000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан хохирогч Д.Нэргүйд олгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.*******т тайлбарлан өгч, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Д.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

   7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.ЦЭЦЭГМАА