Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 762

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, дунд хороонд оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОВ56102911 регистрийн дугаартай, Чээчиг овогтой Бумбаагийн Чимэдцэдэнгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Чимэдцэдэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Чимэдцэдэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 онд төрсөн, 60 настай. Би 1980 оноос Давст сумын Алдар нэгдэлд хонь, ямаа маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд Алдар нэгдэлд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд Алдар нэгдэлд 1980 оны 1 дүээр сараас 1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Б.Чимэдцэдэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

         - Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Хандгайт бригадад малчнаар ажиллаж байсан Бумбаа овогтой Чимэдцэдэнгийн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалин-г түүвэрлэн ирүүлсэн,

           - Гэрч Т.Нямсамбуугийн шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Хандгайт 2-р бригадад 16 настайгаасаа буюу 1970 оноос эхлэн 1992 оныг дуустал мал маллан ажиллан амьдарч байсан. Б.Чимэдцэдэн нь 1974 онд цэрэгт яваад 1977 онд цэргээс халагдаж ирээд Давст сумын Алдар нэгдэлд мал маллаж эхэлсэн. Б.Чимэдцэдэнгийн аав Бумбаа гэх айлтай манайхан айл хөрш байсан учраас сайн мэднэ. Б.Чимэдцэдэн нь цэргээс халагдаж ирээд 1979 оны намар эхнэр авч, тусдаа амьдралтай болон эхнэрийн хамт Алдар нэгдэлд 1992 оны дуустал эх мал маллаж байсан. Давст сумын Алдар нэгдэл нь 1992 оны 10 дугаар сард хувьчлагдан тарсан. Увс аймагт хамгийн сүүлд тарсан нэгдэл Алдар нэгдэл юмаа. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргаар н.Гэндэн, н.Мангалжав, н.Бямбажав, н.Ганболд, н.Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

           - Гэрч Х.Цэндсүрэнгийн шүүхэд өгсөн: Би Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Хандгайт 2-р бригадад 1959 оноос эхлэн 1992 оныг дуустал эх мал маллан ажиллан амьдарч байсан. Б.Чимэдцэдэн нь 1977 онд цэргээс халагдаж ирээд Давст сумын Алдар нэгдэлд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан ба эхнэр авч, тусдаа амьдралтай болсон ч тус нэгдлийг тарах хүртэл буюу 1992 оныг дуустал эх мал маллаж байсан. Б.Чимэдцэдэнгийнх манайхтай хамаатан садангаас дутуугүй нэгнийхээ гэрээр орж гардаг юмаа. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргаар н.Гэндэн, н.Мангалжав, н.Бямбажав, н.Ганболд, н.Батжаргал гэх хүмүүс ажиллаж байсан гэх мэдүүлэг,

          - Гэрч Т.Нямсамбуугийн иргэний үнэмлэхний болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 515 тоот шийдвэрийн хуулбар, гэрч Х.Цэндсүрэнгийн иргэний үнэмлэхний лавлагаа болон түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд тус тус авагджээ.

           Хэрэгт авагдсан дээрх Архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгчийн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдал нь нотлогдож, тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Чимэдцэдэн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Чээчиг овогтой Бумбаагийн Чимэдцэдэнгийн 1980 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар нийт 10 /арав/ жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Чимэдцэдэн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА